| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2018/0136/Э |
| Дугаар | 00142 |
| Огноо | 2018-10-01 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Сувдаа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 00142
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч Ц.Сувдаа,
хохирогч Н.Ч.С ,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Илжгэн овогт Б.Б холбогдох 163/2018/0136/Э индекстэй, эрүүгийн 1815002370135 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, , И овогт Б.Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн нутаг “Элсэн тасархай” гэх газарт **-**УБП улсын дугаартай “Тоёота Клугер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй. Одоогийн байдлаар баримтаар гарсан эмчтлгээний зардал 240000 төгрөг, хот явсан замын зардлал 50000 төгрөг, нийт 290000 төгрөг төлсөн, цаашид хохирлыг төлнө гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.С өгсөн: 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн Рашаант сумын нутаг Элсэн тасархай гэх газраас 3 өндөг аваад гэртээ харих гээд явж байгаад машинтай мөргөлдсөн. Нэг мэдэхэд замын голд хэвтэж байсан. Тэгээд манай сумын эмнэлгийн машин ирээд Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлнэ гээд аваад явсан. Өвөрхангай аймгийн Нэгдсэн эмнэлэг хөлний судас тасарсан, яаралтай хот руу орж үзүүл гэсэн. Улаанбаатар хот орж үзүүлээд сумандаа ирж хөлөө шохойдуулж, суга таягтай, эм тариа ууж гэртээ 1 сар гаруй хугацаанд хэвтсэн. Надад эмчилгээний нийт зардал 230.000 гаруй төгрөг гарсан. Шүүгдэгч надад эмчилгээний зардал гэж ерөөсөө мөнгө өгөөгүй. Өдөрт би жуулчдад тэмээ унуулж дунджаар 80000 төгрөг олдог байсан. Осолд орсноос хойш орлогогүй болсон. Иймд 648000 төгрөгийн мотоцикльд учирсан хохирол, тэмээ унуулснаас олох орлого 3.500.000 төгрөг, эмчилгээний төлбөрт 230000 төгрөгийг нэхэмжилж байна. Сая сумаас 100000 төгрөгөөр машин хөлсөлж ирсэн. Иймд нийт 4.478.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
1815002370135 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Гэрч Болормаагийн өгсөн: Тухайн өдөр буюу 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн Рашаант суманд байх “Элсэн тасархай” үзчихээд нөхөр Б.Б хамт өөрсдийн эзэмшлийн **-**УБД улсын дугаартай “Тоёота Клуггер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Улаанбаатар хот руу буцах санаатай явж байсан. Шороон замаас төв засмал зам уруу гарч баруун гар талын урсгалын тэрэг чөлөөлөгдөхийг хүлээгээд баруун гар тийшээ дохио өгөөд зогсож байсан. Тэгтэл бид хоёрын зогсож байсан урсгалаар их хурдтай мотоцикль ирж байсан ба холоос хурдаа хасалгүй хурдаараа явж байгаад 4-5 метрийн зайд ирээд мотоциклио зүүн гар тийш буюу эсрэг урсгал руу дараад манай машины баруун дугуй руу мотоцикльтойгоо гулгаж орж ирээд мөргөсөн. Тэгээд би машинаасаа буугаад нөгөө мотоциклийн жолооч руу гүйхэд мотоциклийн жолооч ертөнцийн зүгээр замын урд талд элсэн дээр засмал замаас 2-3 алхамын зайд дээшээ хараад баруун талын хөлөө өргөх гээд зовиуртай “ёо-оё” гэж дуугараад хэвтэж байсан.Тэгээд араас нөхөр гарч ирэхэд тэнд байсан нутгийн иргэд “хүн дайраад алчихлаа” гээд бид 2 луу дайрч давшлан нөхрийн хоолойг боож газарт хэвтүүлэн зодсон. Би нөхрийгөө салгах гэж яваад гэдсэндээ өшиглүүлсэн.Тэгээд хэсэг бужигнаж байтал эмнэлэг болон цагдаагийн машинууд зэрэг ирсэн. Цагдаагийн машин ирэхэд тэнд тойрч бужигнаад байсан согтуу нөхдүүд тараад алга болчихсон, хэдэн эмэгтэйчүүд л үлдсэн байсан. Ингээд нөгөө залуу бид хоёрыг түргэнийхэн үзэж анхан шатны эмчилгээ хийгээд нөгөө залууг Өвөрхангай аймгийн эмнэлэг рүү, намайг манай авга ах авч Сансарын эмнэлэг рүү явсан. Өөрөө урсгал руу орохоор дохио өгөөд эсрэг урсгал дээр зогсож байхад мотоциклийн жолооч хурдтай ирж 4-5 метрийн зайд тулж ирж зүүн тийшээ дараад гулгаж ирээд манай машины баруун дугуйг мөргөсөн. Ямар ч байсан их л хурдтай явсан. Барагцаагаар 80-100 километр цагийн хурдтай явсан байх. 103 буюу эмнэлгийн фургонд анхан шатны эмчилгээ хийлгэж байхад архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Би салгах гэж ороод гэдсэндээ өшиглүүлсэн. Би тухай үед 29-30 нидельтэй жирэмсэн байсан. Нөхрийн хувьд үзүүлж харуулсан зүйл байхгүй. Би Сансарын эмнэлэгт үзүүлсэн анхан шатны эмчийн тодорхойлолт байна .Шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Тухайн хүн согтуу байсан. Согтуу байсныг би тухайн машин дотор байсан 2 эмэгтэй эмнэлгийн ажилтан нар үнэртсэн. Тухай мотоциклийн жолооч бид нартай хамт явж байсан авга ахын машинтай зөрөхдөө ална шүү гээд гараараа даллаад өнгөрсөн гэсэн. Нэмж хэлэх зүйл алга байна гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/,
Шүүгдэгч Б.Б яллагдагчаар өгсөн: Би Улаанбаатар хотод эхнэр нэг хүүхдийн хамт амьдардаг одоо хувиараа бизнес эрхэлдэг. 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 16 цагийн үед “Элсэн тасархай” орчихоод буцаж явсан бөгөөд баруунаас зүүн тийш чиглэлд шороон замаас засмал зам руу орох гэж яваад засмал руу гараад хоёр талаас машин байгаа эсэхийг хараад зогсож байтал Улаанбаатараас Архангай аймгийн чиглэлд явж байсан мотоцикль өөдөөс ирээд миний машины баруун урд хэсэг рүү гулгаж орж ирээд мөргөсөн. Тэгээд нөгөө мотоциклийн жолооч мотоцикльтойгоо замын хажуу руу шидэгдсэн. Би тухайн үед эхнэр Болормаа, мөн 2 солонгос хүнтэй явсан бөгөөд би машинаасаа буугаад мотоциклийн жолооч дээр очиход жолооч газар хэвтэж байсан, биеийн байдал нь зүгээр байсан. Тэгээд тэр хавьд байсан нутгийн хэсэг согтуу хүмүүс гарч ирээд над руу томроод хүн алчихлаа гээд дайраад байсан. Тухайн үед Архангай аймагт шүлхий өвчин гарсан гээд шалгалт хийж явсан замын 2 цагдаа ирж таараад замын зохицуулалт хийсэн тэгтэл тэр хавьд байсан шалгалтын хүмүүс яваад өгсөн. Тэр 2 цагдаа Рашаант сумаас цагдаа дуудаад Рашаантын 2 цагдаа ирж хэмжилт хийгээд шалгаж эхэлсэн. Нөгөө мотоциклийн жолооч буруу хөл нь гэмтсэн юм шиг байсан. Тэр үед Рашаантын эмч нар Архангай аймаг руу жирэмсэн хүн аваад явж байгаад таараад ирж үзээд нөгөө мотоциклийн жолоочийг аваад Өвөрхангай аймаг руу оруулж үзүүлнэ гээд аваад явсан. Тухайн үед манай эхнэр бас хамт явсан бөгөөд урд суудал дээр суугаад нөгөө 2 солонгос ард суудал дээр суугаад явж байсан. Манай эхнэр жирэмсэн учир тонус өгөөд Рашаантаас дуудагдаж ирсэн. Эмч нар мотоциклийн жолоочид үзлэг хийгээд эмчилгээ хийгээд өгөөд явуулсан, манай эхнэрийг аваад Рашаант орсон. Тийм л зүйл болсон гэх мэдүүлэг /хх-ийн 48 тал/,
Булган аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн:
1.Жолооч Б овогтой Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох В ангилалын 441516 дугаарын эрхийн үнэмлэхтэй, хүчинтэй байна.
Жолооч Бовогтой Б.Б Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9-д заалт “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтын зөрчсөн байна.
2. Жолооч Ч овогтой С нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байна. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а заалт “Жолооч тухайн тээвриййн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний болон Олон улсын эрхийн үнэмлэхтэй “ гэсэн заалт, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.в заалт “Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.
3. Зам тээврийн осол нь жолооч Б овогтой Б Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9-д заасан заалтыг зөрчиж гол замаар явсан Даюун маркийн жолооч Ч.С ад зам тавьж өгөлгүй туслах замаас гол зам руу орж “Даюун” маркийн мотоциклийг мөргөсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна гэх дүгнэлт /хх-ийн 30-31 тал/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 172 дугаартай:
1.Ч.С биед баруун шагайн гадна хавчаар ясны хугарал, баруун гуя, зүүн шагайн дотор хэсэгт цус хуралт, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
3. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх үед үүсгэгдсэн байх боломжтой байна.
4. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалт нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-39-40 тал/, улсын дугааргүй “Даюун” маркийн тээврийн хэрэгслийн эд ангийн үнэлгээг 648000 /зургаан дөчин найман мянга/ төгрөгөөр тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-44 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-01-02 тал/, хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол /хх-4 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тогтоол /хх-6 тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-10 тал/, согтуурал шалгасан тэмдэглэл /хх-17 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-13 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шүүгдэгчийн хувийн байдлын талаархи нотлох баримтууд /хх-50-54 тал/, хэргийн материал танилцуулсан баримт /хх-63-64 тал/ болон хохирол төлсөн баримтууд зэргийг шинжлэн судлав.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн нутаг “Элсэн тасархай” гэх газарт **-**УБП улсын дугаартай “Тоёота Клугер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийн 12.9 “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж туслах замын уулзварт гол замаар явсан улсын дугааргүй “Даюун” маркийн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйн улмаас зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ч.С эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учуулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэгийг хуульд заасан журмын дагуу хийж үйлдсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэг үйл баримт болохын өмнөх болон яг болсон үеийн нөхцөл байдлын талаар хохирогч Ч.С , гэрч Б.Болормаа нарын өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Б.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Булган аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн “жолооч Б.Б буруутай үйлдлээс болж зам тээврийн осол, хэрэг гарсан байна” гэх хэрэг гарах шалтгааныг тогтоосон, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтүүд, “DAYUN” маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 648000 /зургаан зуун дөчин найман/ төгрөг болохыг тогтоосон дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шүүхийн шинжилгээний болон зам тээврийн ослын шалтгааны талаархи дүгнэлтүүд, эд хөрөнгийн үнэлгээний тайланг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчдэд хууль сануулж гаргуулсан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Шүүгдэгч Б.Б замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл, учирсан хор уршиг хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой байх ба автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байна.
Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул шүүгдэгч Б.Батболдыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааний хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд эмчилгээний төлбөрт 230000 төгрөг, мотоцикльд учирсан хохиролд 648000 төгрөг, жуулчдад тэмээ унуулсанаас олох орлого 3.500.000 төгрөгийг болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардал, нийт 4.478.000 төгрөгийг нэхэмжилж байх бөгөөд хэргийн 60 дугаар талд авагдсан нотлох баримтын дагуу 240000 төгрөгийг шүүгдэгч төлсөн болох нь нотлогдож байх тул мотоцикльд учирсан хохиролд 648000 төгрөг, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн 3 ширхэг нотлох баримтаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардал 191100 төгрөг /80000₮, 16100₮, 20000₮/-ийг шүүгдэгч Б.Батболдоос гаргуулж хохирогчид олгож, жуулчдад тэмээ унуулсанаас олох орлого 3.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж буй нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн дагуу нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, мөн хуулийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын зарим хэсгийг төлж, үлдэх хэсгийг төлөхөө илэрхийлсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, түүнчлэн шүүгдэгч Б.Батболдод холбогдох хэрэг нь хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарч байгаа болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгө, иргэний бичиг баримт үгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт Б.Б Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Б 739100 /долоон зуун гучин есөн мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулж хохирогч Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр багт оршин суух Ч.С ад олгож, жуулчдад тэмээ унуулсанаас олох орлого 3.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн дагуу нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД