Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2019/0008

 

2018 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2019/0008

      Улаанбаатар хот

 

 

“П” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Ц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, гуравдагч этгээд “П-А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0719 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “П” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Тендерийн үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0719 дүгээр шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 28 дугаар зүйлийн 28.7.3, 28.7.4, 29 дүгээр зүйлийн 29.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “П” ХХК-иас Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яаманд холбогдуулсан “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас зарласан “XII.5.1.9 “Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд хөгжмийн тоног төхөөрөмж нийлүүлэх” 201804292 дугаартай тендер шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоох, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас зарласан “XII.5.1.9 “Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд хөгжмийн тоног төхөөрөмж нийлүүлэх “201804292 дугаартай тендерийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны 2018 оны 06 дугаар сарын 29-ний өрийн 02 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, уг тендер шалгаруулалтад “П” ХХК-ийг шалгарсанд тооцохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “П” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Ц давж гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 12.1/ё/-д “Сүүлийн 3 жилийн хугацаанд гэрээний үүргээ ноцтой зөрчсөн эсэх талаар шүүхийн төрөлжсөн архивын лавлагаа ирүүлнэ” гэж заасны дагуу “П-А” ХХК-ийг түрээсийн гэрээний үүрэгт 85899215 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байсан болохыг тодорхойлсон Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүхийн төрөлжсөн архивын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 9305 дугаартай албан тоотыг ирүүлсэн байхад анхан шатны шүүх 2018 онд дээрх төлбөрөө бүрэн төлж барагдуулсан нь Тендерт оролцогчид өгөх зааварчилгааны 4.2.4 “Сүүлийн 3 жилий хугацаанд худалдан авах ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, эрх бүхий байгууллага тогтоосон” гэж заасантай нийцэхгүй буюу худалдан авах ажиллагаатай холбоотой алдаа гаргасан гэж үзэх боломжгүй” гэж дүгнэсэн нь хууль бус болсон гэж үзэж байна. Учир нь шүүх хуралдаан эхлэхэд гуравдагч этгээдээс “Т” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 18/63 дугаар бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлд гэж хаягласан албан бичгийг үндэслэл болгож шийдвэрлэсэн байна. Энэ албан бичгийг нэхэмжлэгч талаас нотлох баримт гэж үзэх боломжгүй талаар шүүх хуралдаан дээр хэлж мэтгэлцдэг ба учир нь үүнийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулан хэргийн материалд хавсаргаагүй, зөвхөн гуравдагч этгээдээс гаргуулж ирүүлсэн нь учир дутагдалтай. Мөн уг албан бичгийг тендер шалгаруулалт болоод дууссан байхад ямар зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлсэн нь эргэлзээ төрүүлэхээр байна. Захиалагч Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 12.1/ё/-д “Сүүлийн 3 жилийн хугацаанд гэрээний үүргээ ноцтой зөрчсөн эсэх талаар шүүхийн төрөлжсөн архивын лавлагаа ирүүлнэ” гэж тусгайлан заасан байх ба хэрэв ийнхүү ямар нэгэн гэрээний үүргээ биелүүлээгүй бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.1.4-д “Сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх тогтоосон, мөн хуулийн 12.2-т “Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхын шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана”, 12.3-т “Энэ хуулийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдсэн гэж хуульчилсан байхад үүнийг зөрчиж “П-А” ХХК-ийг хууль бусаар шалгаруулсан гэж үзэж байна.

Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6-д “нийлүүлэх барааны загвар, тодорхойлолт, эсхүл гэрэл зураг, тэдгээрийн үнэн болохыг гэрчилсэн баримт бичиг”-ийг тусгах шаардлагатай. Гэтэл мөн “П-А” ХХК нь яг ямар загварын бүтээгдэхүүн нийлүүлэх талаар огт материалдаа дурдаагүй ба үүнийг анхан шатны шүүх дүгнэхдээ хуулийн 11.1-д “Захиалагч техникийн тодорхойлолтыг бэлтгэхдээ дараахь шаардлагыг хангасан байна”, 11.1.3-д “барааны тэмдэг, нэр, хэлбэр маяг, төрөл, гарал үүсэл, үйлдвэрлэлийн арга, үйлдвэрлэгч буюу нийлүүлэгчийг тухайлан заасан шаардлага, нөхцөл тавихгүй гэжээ.

“П-А” ХХК-иас маргаан бүхий тендер сонгон шалгаруулалтад захиалагчийн шаардсан тоног төхөөрөмжийн нэр, түүний техникийн тодорхойлолт зэргийг өөрийн компанийн зүгээс санал болгож буй бараа, бүтээгдэхүүнийхээ техникийн тодорхойлолтыг зургийн хамт хавсаргасан байх бөгөөд энэ нь хуулийн 16.1.6-д нийцэж байна гэж дүгнэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Өөрөөр хэлбэл хуулийн 11 дүгээр зүйлд захиалагчийн техникийн тодорхойлолт бэлтгэх талаар хуульчилсан ба энэ нь тендерт оролцогчдод тавигдах шаардлага болох хуулийн 16.1.6-д заасан “нийлүүлэх бараа загвар”-ыг хольж хутгаж ойлгох ёсгүй юм.

Учир нь хуулийн 16.1.6-д заасан “нийлүүлэх бараа загвар” гэдэг нь тендерт оролцогч яг ямар загварын бүтээгдэхүүн нийлүүлэх талаар оролцогчид бүрдүүлэх, баримт бичигтээ тусгахыг ойлгох зохицуулалттай. Иймд анхан шатны шүүх үүний буруу тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй байна. Энэ талаар Үнэлгээний хорооны хуралдаан дээр яригддаг ба үнэлгээний хороо үүнийг мэдсээр байж хүч түрэн шийдвэрлэсэн нь хэргийн материалаас харагдаж байна.

Тендерт оролцогчид өгөх зааварчилгааны 18.1/г/-д Ижил төстэй ажил гэрээ гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо “Сүүлийн 3 жил буюу 2015, 2016, 2017 онуудын аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй бараа нийлүүлсэн байх” гэсэн шаардлагыг мөн хангаагүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл “П-А” ХХК нь зөвхөн 2017 онд л ижил төстэй ажлын гэрээний хуулбар илгээсэн ба 2015, 2016 онуудад хийсэн ажлын туршлагагүй байна.

Тендерт оролцогчид өгөх зааварчилгааны 19.1/в/-д “Барааны техникийн болон үйл ажиллагааны шинж чанарын дэлгэрэнгүй тодорхойлолтыг ирүүлэх” Үүнд нийлүүлэх гэж байгаа барааныхаа загварыг тодорхой байх ёстой. Гэтэл “П-А” ХХК ямар модель загвартай бүтээгдэхүүн нийлүүлэх гэж байгаа нь тодорхойгүй, “П-А” ХХК нь зөвхөн нийлүүлэх тоног төхөөрөмжийн зургийг хавсаргасан үйлдвэрлэгчийн каталог ирүүлээгүй байна. Энэ нь захиалагчийн техникийн тодорхойлолтод заасан үзүүлэлтийг тодорхойлж чадахгүй юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлд Техникийн чадавх болон туршлагыг үнэлэх зэрэг заалтуудыг зөрчин үнэлсэн гэж үзэж байна.

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т зааснаар “энэ хуулийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэнэ” гэж хуульчилсаар байхад “П-А” ХХК-ийг хууль бусаар уг тендерт шалгаруулсан нь манай компанийн эрх ашгийг зөрчсөөр байхад анхан шатны шүүхээс манай нэхэмжлэлийг хуулийн үндэслэлгүйгээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянахад анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч “П” ХХК-аас “тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 12.1/ё/-д “сүүлийн 3 жилийн хугацаанд гэрээний үүргээ ноцтой зөрчсөн эсэх талаар шүүхийн төрөлжсөн архивын лавлагаа ирүүлнэ”, 18.1/а/-д “үйлдвэрлэгчийн зөвшөөрөл болон гэрээт борлуулагчийн зөвшөөрөл ирүүлнэ”, 18.1/г/-д “ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх, сүүлийн 3 жил буюу 2015, 2016, 2017 онуудын аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй дүнтэй ижил төстэй бараа нийлүүлсэн байх”, 19.1/в/-д “барааны техниийн болон үйл ажиллагааны шинж чанарын дэлгэрэнгүй тодорхойлолтыг ирүүлэх” гэж заасныг зөрчсөн хэмээн маргасан байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зарласан БСШУСЯ/201804292 дугаар бүхий XIII.5.1.9 “Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд хөгжмийн тоног төхөөрөмж нийлүүлэх” төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтад хамгийн сайн үнэлэгдсэн тендерт оролцогчоор “П-А” ХХК шалгарч, харин “Пк” ХХК-д өндөр үнийн санал ирүүлсэн гэсэн үндэслэлээр татгалзсан мэдэгдэл хүргүүлжээ.

Уг мэдэгдлийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс Сангийн яам болон АТГ-т тус тус гомдол гаргасан байх бөгөөд гомдлыг хянаж үзээд Сангийн яамнаас “П-А” ХХК-ийн ирүүлсэн тендер шаардлага хангасан байх тул захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж, харин АТГ-аас тендер сонгон шалгаруулалтыг явуулахдаа албаны эрх мэдэл болон албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон нь тогтоогдохгүй гэсэн хариуг тус тус өгчээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан дээрх шаардлагууд хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

1. Хэрэгт хавсаргаж ирүүлсэн CD-д бичигдсэн Шүүхийн төрөлжсөн архивын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 9305 дугаар албан бичгээр “П-А” ХХК-д холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 85.9 сая төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байсан талаар тодорхойлолт ирүүлсэн нь ТОӨЗ-ны 4.2.4-т “сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, эрх бүхий байгууллага тогтоосон” гэдэгт хамааралгүй гэж үзсэн,

2. Студиокинг саунд энд инструмент, Медели электроникс, Эйлин мюзик нэртэй цахилгаан хөгжим, түүний дагалдах хэрэгсэл үйлдвэрлэдэг үйлдвэрлэгчийн гэрээт борлуулагчийн итгэмжлэлүүдийг баталгаат орчуулгаар орчуулан тендерийн баримт бичигт хавсарган ирүүлснийг ТОӨЗ-ны 18.1/а/-д “үйлдвэрлэгчийн зөвшөөрөл болон гэрээт борлуулагчийн зөвшөөрөл ирүүлнэ” заасан шаардлагад нийцсэн гэж үзсэн,

3. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай “П-А” ХХК 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 236.5 сая төгрөгийн гэрээ байгуулж, ижил төстэй бараа нийлүүлж байсан талаарх баримт ирүүлсэн нь ТОӨЗ-ны 18.1/г/-д сүүлийн 3 жилийн аль нэг жилд доод тал нь 200 сая төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй барааны нийлүүлэгчээр ажилласан байна гэж заасантай нийцсэн гэж үзсэн,

4. 1 дүгээр хавтаст хэргийн 189-192 дугаар хуудсанд авагдсан захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолт, нийлүүлэгчийн санал болгож буй бүтээгдэхүүний техникийн тодорхойлолт, тоног төхөөрөмжүүдийн зургийн хамт хавсаргаж ирүүлсэн баримтууд нь ТОӨЗ-ны 19.1/в/-д “барааны техникийн болон үйл ажиллагааны шинж чанарын дэлгэрэнгүй тодорхойлолтыг ирүүлэх” гэж заасан шаардлагад нийцсэн гэж үзсэн хариуцагчийн шийдвэр, үйл ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 28 дугаар зүйлийн 28.7.3-т “бүх тендерийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно”, 28.7.4-т “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ”, 29 дүгээр зүйлийн 29.1-т “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж тус тус заасантай нийцсэн байна.

Гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч “П” ХХК-ийг шалгарсанд тооцохыг хариуцагчид даалгах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0719 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                            С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                            Д.БААТАРХҮҮ