Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 07

 

 

 

 

 

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
Нэхэмжлэгч: Б.Наранзаяагийн нэхэмжлэлтэй 
Хариуцагч: Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох 
2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Б.Наранзаяаг ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай” Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс хойшхи нийт ажилгүй хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Наранзаяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд, хариуцагч Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Д.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Лхамсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Наранзаяа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Б.Наранзаяа миний бие 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус Хөдөлмөрийн хэлтэст ажилласан бөгөөд Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдсөн.
Харин өнөөдрийн байдлаар тус ажлын байр хэвээрээ байгаа тул намайг төрийн жинхэнэ албанаас орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм. Мөн хариуцагч нь хариу тайлбартаа "Иргэн Б.Наранзаяаг төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтын дагуу ажлаас чөлөөлсөн үндэслэлээс гадна дараах нэмэлт нөхцөл байдлыг гаргах нь зүйтэй" гээд 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 63 дугаар тушаалаар "сануулах", 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/35 дугаар тушаалаар "Цалинг хоёр сарын 20 хувиар бууруулах" арга хэмжээ буюу нэг жилд 3 сарын дотор 2 удаа сахилгын арга хэмжээ авагдаж байжээ" гэж бичсэн байна. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д "Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно" гэж заасны дагуу иргэн Б.Наранзаяа миний бие Архангай аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/14 дүгээр ажлаас чөлөөлөх тухай тушаал гарах үед ямар нэгэн сахилгын шийтгэлгүй байсан. Иймээс 2013 онд хүлээж байсан сахилгын шийтгэлийг 2016 онд дахин авч үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Миний бие 2013 оны 4 дүгээр сараас эхлэн 2016 оны 03 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв болон бусад холбогдох газруудтай хамтран зохион байгуулсан "Хөдөлмөрийн салбарын ажилтнуудын чадавхи бэхжүүлэх, Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх бэлтгэх, Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхийг чадавхжуулах, Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэргэшсэн зөвлөх"-ийн болзолыг хангаж, тухай бүр сертификат авч, мэргэшлээ дээшлүүлж байсан болно. 
Иймд миний урьд эрхэлж байсан ажлын байрны орон тоо шинэ бүтцээр хэвээр хадгалагдаж байгаа учраас Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс хойшхи нийт ажилгүй хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хэлтсийн шинээр батлагдаж ирсэн 5 орон тооны нэг болох "Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн" гэсэн чиг үүрэг бүхий орон тоон батлагдаж ирсэн. Хуучин бүтцээр Б.Наранзаяа ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөхдөө "Төрийн албаны тухай хууль"-ийн 23 дугаар зүйл 23.4-т "Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө" гэсэн зохицуулалт, мөн хуулийн 27.2.4 дэх хэсгийг үндэслэж чөлөөлсөн нь хууль зөрчиж Б.Наранзаяаг хохироосон шийдвэр болсон. “Орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгодог. Ажлын байрны нэр өөрчлөгдсөн хэдий ч үйл ажиллагааны чиглэл, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа нь хэвээр байгаа тул тухайн тохиолдолд орон тоо хасагдсан гэх үндэслэлээр захиргааны санаачилгаар ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. 
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг баримтлаагүй, энэ хуулийн ойлголтоор Б.Наранзаяагийн тухайн ажил, албан тушаалын орон тоо хэвээр хадгалагдаж байгаа.  Бүтцийн өөрчлөлтийг харахад Болор-Эрдэнэ, Гантулга, Батжаргал нарын ажлын байрны орон тоо цомхотгосон байгаа. Хуучин бүтцийн 7, 13, 15 нь нэгдсэн байгаа. Программ хангамж шинэ бүтцээрээ Захиргаа хяналтын хэлтэст нэгдсэн. Б.Наранзаяагийн ажлын байрны орон тоо цөөрсөн асуудал байхгүй. Болор-Эрдэнэ жирэмсний амралтаа авсан гэж ярьж байна. Б.Болор-Эрдэнэ өмнөх ажлын байрандаа ажиллаж байхдаа 2016 оны 12 сарын 01-ний өдөр жирэмсэний амралтаа авсан байдаг. Болор-Эрдэнийг амралтаа авсаны дараа өөр ажилд томилсон байдаг. Болор-Эрдэнэ шинэ ажлын байранд очсоноо мэдээгүй байсан. Өмнөх ажлаас нь чөлөөлж байж дараагийн ажилд томилох ёстой. Гэтэл чөлөөлөөгүй байж ажилд томилсон байдаг. 
Шинэ бүтцээр ганцхан ажилд зуучлал гэсэн үг нэмэгдэж орж ирсэн. Энэ нь Гантулга, Болор-Эрдэнэ ажлын байрны тодорхойлолт /ажилд зуучлал/ гэсэн үг байгаа энэ 2 хүний орон тоог нэгтгэж нийлсэн байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтаас тодорхой харагдана.  Энэ гурван хүний ажлын чиг үүрэг нь шинэ бүтцийн 12 дээр хөдөлмөрийн чиг баримжаа болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн гэсэн байна. Хөдөлмөрийн хууль болон бусад холбогдох хуулинд Б.Наранзаяаг өөр ажилд томилох, ажлаас чөлөөлөх хууль эрх зүйн үндэслэл байхгүй. Б.Наранзаяаг чөлөөлөхгүйгээр Болор-Эрдэнийг томилох боломж байсан. Жишээ нь суманд ажиллаж байсан хүнийг аймагт ажилд томилсон байдаг. Мөн өмнөх ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа хөдөлмөр эрхэлэлтийг дэмжих төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн  Лхагвасүрэнг хийж байсан ажлын байрны тодорхойлолт шинэ бүтцээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн гээд яг хэвээрээ батлагдаж орж ирсэн байхад өөр ажилд шилжүүлж ажиллуулсан байдаг. Хуулийн дагуу томилж чөлөөлсөн гэж тайлбар хийж байгааг үгүйгэж байна. Эдгээр нь ажлын байрны тодорхойлолтуудаар нотлогдоно. Б.Наранзаяагийн ажлын байр хэвээр хадгалагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Д.Мөнхбат шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Иргэн Б.Наранзаяаг ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх заалтыг үндэслэн чөлөөлсөн бөгөөд энэхүү заалт нь 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр батлагдсан Монгол Улсын хуулиар “Тухайн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан” гэсэн нэмэлт орсныг дурьдах нь зүйтэй. Мөн байгууллага бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт орж орон тоо хасагдсан учир Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасан нөхцөлүүдээс тухайн үеийн боломжит сонголтыг хийж 3 сарын цалинтай тэнцэх хэжээний нэг удаагийн мөнгөн тэтгэлэгийг олгосон. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц, орон тоог батлах тухай” Б/21 дүгээр тушаалаар Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоог баталсан.
Харин шинээр зохион байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь нийт 50 орон тоотой ажиллахаар батлагдсан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар томилогдсон миний бие 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажлаа хүлээн авч, 10 дугаар сарын 03-ны өдөр хуучин Хөдөлмөрийн хэлтсийн ажлын байранд биечлэн очиж тус хэлсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Т.Аззаяаг байлцуулан хуучин хөдөлмөрийн хэлтэст ажиллаж байсан бүх албан хаагчидтай нэгбүрчлэн уулзаж бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж орон тоо хасагдсан тухай танилцуулан харилцан ярилцаж тэмдэглэл хөтөлсөн. Энэ өдрөөс хойш 35 хоногийн дараа буюу 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр орон тоо нь хасагдсан нэр бүхий төрийн албан хаагчдыг Төрийн албаны тухай хуулийн дагуу эрхэлж байсан ажлаас нь чөлөөлсөн болно. Иргэн Б.Наранзаяагийн ажлын байр орон тоо хасагдсан. Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хэлтсийн шинээр батлагдаж ирсэн 5 орон тооны нэг болох “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн” гэсэн чиг үүрэг бүхий орон тоон дээр хуучин бүтцээр 3 мэргэжилтэн буюу иргэн Баасанжавын Гантулга, Баттулгын Болор-Эрдэнэ, Баярсайханы Наранзаяа нар ажиллаж байсан. Байгууллагын даргын хувьд батлагдсан нэг орон тоон дээр дээрх 3 хүнээс тус орон тооны ажлын байрны тодорхойлолтын үндсэн шаардлагад нийцэж мэргэжил нь таарч байгаа мөн Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтын шаардлагын дагуу жирэмсэн байсан иргэн Б.Болор-Эрдэнийг сонгон орон тоон дээр нь үлдээж “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн”-ээр томилсон болно.
Бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан тул гэж хуулийн үгээр тушаалаа гаргасан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй гэв.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбаруудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Б.Наранзаяа нь Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдуулан “2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс хойшхи нийт ажилгүй хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх”-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна./х.х-н 1-2/
Дээрхи маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгч Б.Наранзаяа нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гардаж авч, тус шүүхэд шууд нэхэмжлэлээ гаргасныг шүүх хүлээн авч 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 12-нд захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж шийдвэрлэсэн болно. /х.х-н 2, 186 мэдүүлэг/
    Уг маргааны үйл баримтаас үзэхэд: Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасны дагуу Монгол Улсын Их хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийг шинэчлэн баталсны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 04 дүгээр тогтоол, 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 9 дүгээр тогтоолоор  Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар байхаар тогтоосон байна. 
Дээрхи бүтцэд нийцүүлэн Архангай аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлстийг тус аймгийн Хөдөлмөрийн хэлтэстэй нэгтгэн “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар” болгон өөрчлөн байгуулжээ.
    Тус тогтоолын дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц, орон тоо батлах тухай” Б/21 дүгээр тушаалын хавсралтаар Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталжээ. /х.х-н 200/
Үүний дагуу Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Б.Наранзаяаг ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай” Б/14 дүгээр тушаал гарснаар уг маргаан үүсжээ. /х.х-н 5/
Шүүх нэхэмжлэгч Б.Наранзаяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.  
Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д зааснаар “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” гэсэн Төрийн албаны үндсэн зарчмийг зөрчжээ. 

    1. Хариуцагч Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга нь  2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Б.Наранзаяаг ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай” Б/14 дүгээр тушаалаа гаргахдаа: “Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх заалт, 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалт .... тус тус үндэслэн байгууллагын бүтцийн өөрчлөлтөнд орж орон тоо хасагдсан тул хуучин Хөдөлмөрийн хэлтсийн зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Б.Наранзаяаг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлж, захиргааны акт гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. 
    Тухайн төрийн байгууллагын бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан эсэх талаар тодруулбал: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц, орон тоо батлах тухай” Б/21 дүгээр тушаалын хавсралтаар Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийг 5 орон тоотой баталсан бөгөөд тус хавсралтын 11 дүгээрт “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн”-ий 1 орон тоо батлагдсан байна. /х.х-н 200/ 
Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаал болох тус байгууллагын Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтний ажлын байр үгүй болсноор тухайн орон тоо хасагдсан гэж үзэх бөгөөд уг маргаан бүхий ажил, албан тушаалын орон тоо нэгээр батлагдсан ирснийг орон тоо хасагдсан гэж үзэхгүй.  

Шүүх хуралдааны явцад хариуцагч талаас: “Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хэлтсийн шинээр батлагдаж ирсэн 5 орон тооны нэг болох “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн” гэсэн чиг үүрэг бүхий орон тоон дээр хуучин бүтцээр 3 мэргэжилтэн буюу иргэн Баасанжавын Гантулга, Баттулгын Болор-Эрдэнэ, Баярсайханы Наранзаяа нар ажиллаж байсан. Нэхэмжлэгч Б.Наранзаяагийн орон тоо хасагдсан” гэж ; 
Нэхэмжлэгч талаас:  “Б.Наранзаяагийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн.  Бүтцийн өөрчлөлт орж 5 орон тооны нэг болох "Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн" орон тоо батлагдаж ирсэн. Зөвхөн  “ажилд зуучлал” гэж нэр томъёо нэмэгдсэн. Б.Болор-Эрдэнэ, Б.Гантулга нарын ажлын байрны орон тоо харин хасагдсан байгаа” гэж  мэтгэлцэж байна.
Иймд Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор батлагдсан “Ажлын байр /албан тушаалын/ -ны тодорхойлолт, боловсруулах заавар”-т зааснаар хэргийн оролцогч нарын мэтгэлцэж байгаа нэр бүхий албан хаагч нарын  /Б.Наранзаяа, Б.Болор-Эрдэнэ, Б.Гантулга/ ажил, албан тушаалыг шүүх доорхи байдлаар ажил, албан тушаалын тодорхойлолтод тусгасан чиг үүрэг, үйл ажиллагааг харьцуулж үзвэл: 
а.Архангай аймгийн Хөдөлмөрийн хэлтэст ажиллаж байсан нэхэмжлэгч Б.Наранзаяагийн ажил, албан тушаал нь “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн” чиг үүрэг нь “Орон нутгийн иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах үйлчилгээг хүрээмжтэй, чанартай шуурхай хүргэх”, /х.х-н 141-144, 149-ийн 14-т, 154/
б. Б.Болор-Эрдэнэ, Б.Гантулга нарын ажил, албан тушаал нь “Ажилд зуучлал, ажил хайгч, шинэ ажлын байр, ажилгүй иргэдийн болон ажлын байрны захиалгын бүртгэл, тайлан хариуцсан мэргэжилтэн”, чиг үүрэг нь “Ажил хайгч иргэдийг бүртгэн, ажил олгогч байгууллагуудаас ирүүлсэн ажлын байрны захилгын дагуу ажилгүй иргэдийг ажлын байранд зуучлах, шинээр бий болсон ажлын байрыг бүртгэн, мэдээллийг шинэчлэх, тайлан мэдээ гаргах” /х.х-н 129-132, 149-ийн 7-д, 13-д/ ажил үүргээ гүйцэтгэж ажиллаж байжээ. 
Шинэ бүтцээр тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн нь уг албан тушаалын гүйцэтгэх ажлын байрны тодорхойлолтод зааснаар “Орон нутгийн иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах үйлчилгээг хүрээмжтэй, чанартай шуурхай хүргэх” чиг үүргийг гүйцэтгэж ажиллахаар байгаа нь хуучин ажиллаж байсан Б.Наранзаяагийн ажил, албан тушаалын чиг үүрэг, гол үйл ажиллагаа  нь хэвээр  хадгалдаж байна гэж шүүх үзэв. /х.х-н 165-168/

Архангай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, тавигдах шаардлага нь тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг тавигдах шаардлагатай ижил байх бөгөөд өмнө нь ажиллаж байсан ажил байдлын тодорхойлолтод “үйлчилгээ” гэсэн нэр томъёо нь хасагдаж, шинэ бүтцээр  “ажилд зуучлал” гэсэн нэр томъёог маргаан бүхий  ажил, албан тушаалд нэмж баталжээ. /х.х-н 155-156/

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар төрийн байгууллага болох Архангай аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийг тус аймгийн Хөдөлмөрийн хэлтэстэй нэгтгэхдээ холбогдуулж зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн бөгөөд эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр /Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор/ Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйчилгээний газар болгосон.

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох,зөвлөгөө өгөх, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн буюу төрийн албан хаагч болох Б.Наранзаяагийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдаж үлдсэн нь өөрчлөн байгууллагдсан бүтцийн нэгжид / Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйчилгээний газар / тухайн албан тушаалтны нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй өмнөх агуулга нь хэвээр байна. 

Иймд Б.Наранзаяаг уг албан тушаалд /Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн/ үргэлжлүүлэн ажиллуулах хуулийн зохицуулалттай байхад Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйчилгээний газрын дарга нь энэ үүргээ биелүүлээгүй,  дээрхи хуулийн заалтыг зөрчсөн байна. 

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.-т “Төрийн жинхэнэ албан хаагч ....  бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө”, 
Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “ төрийн байгууллага .. өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо хасагдсан тохиолдолд .... 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасныг баримтлан орон тоо хасагдсан тул нэг удаагийн тэтгэлэг олгон төрийн албанаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь Засгийн газрын тогтоол болон Төрийн албаны тухай хуульд заасан нэхэмжлэгчийн “төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар” хангагдах эрхийг зөрчжээ. 
2. Нэхэмжлэгч Б.Наранзаяа 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд оролцож 70.4 оноо авч тэнцэн Архангай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2013 оны  03 дугаар сарын 01-ний өдрийн б/21 дүгээр тушаалаар тус хэлтсийн “Жижиг дунд үйлдвэрлэлийн  төсөл хөтөлбөр, сургалт хариуцсан мэргэжилтэн”, 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Шилжүүлэн ажиллуулах тухай” б/36 дугаар тушаалаар “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл ажилласан байна./х.х-н 42,154/
    Түүнчлэн нэхэмжлэгч Б.Наранзаяа тухайн ажил, албан тушаалдаа 3 жил, 8 сар, 2 хоног ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа мэргэжил, мэргэшлээ дээшлүүлэх сургалтанд хамаарагдаж, үр дүнгийн гэрээг байгуулж, биелэлтийг дүгнүүлж урамшуулал авч байсан нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харьяа Удирдлагын академид “Төрийн захиргааны менежмент”-ийн чиглэлээр мэргэшүүлэх, Монгол улсын Хөдөлмөрийн яамнаас 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 24-ний өдрийн хооронд зохион байгуулсан “Хөдөлмөрийн салбарын ажилтнуудын чадавхи бэхжүүлэх” сургалт, 2014 оны 04  дүгээр сарын 28-ны өдрөөс 05 дугаар сарын 02-ны өдрийн хооронд зохион байгуулсан “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх бэлтгэх” сургалт, 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 10-ны өдрийн хооронд зохион байгуулсан “ Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхийг чадавхжуулах” сургалт, “Хөдөлмөр эрхлэлтийн суурь сургалт”,“Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх”-ийн 5 модульт сургалтанд тус тус хамрагдан Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхийн мэргэшсэн зөвлөхийн гэрчилгээ авчээ. 2014 онд Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулан 90.2 оноогоор дүгнэгдэж байсан тогтоогдож байна.  /х.х-н 26-33, 59-79, 91-107/
    Иймд Б.Наранзаяаг Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн” заасан ерөнхий шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлтэй.
         3. Хариуцагч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:  “Хөдөлмөрийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар жирэмсэн байсан тул Б.Болор-Эрдэнийг сонгон орон тоон дээр нь үлдээж “ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн”-ээр томилсон гэсэн тайлбарт дараахи дүгнэлтийг өгч байна. 
    Уг маргаан нь бүтэц орон тоо өөрчлөгдөж ажлаас чөлөөлөгдсөн үйл баримт бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэг нь “ ажил олгогч жирэмсэн эмэгтэйг .... ажлаас халахыг хориглосон хуулийн зохицуулалт юм.. Ажлаас халах болон ажлаас чөлөөлөх тухай асуудал нь эрх зүйн хувьд хоёр өөр агуулгыг илэрхийлдэг.
     Учир нь: Архангай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 20016 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн б/59 дүгээр тушаалаар Б.Болор-Эрдэнэ  “ажилд зуучлал, ажил хайгч, шинэ ажлын байр, ажилгүй иргэдийн болон ажлын байрны захилгын бүртгэл, тайлан хариуцсан мэргэжилтэн” -ээр томилогдон ажиллаж байгаад тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Б.Болор-Эрдэнэд жирэмсний амралт олгох тухай” Б/25 дугаар тушаалаар өмнө эрхэлж байсан “ажилд зуучлал, шинэ ажлын байр, ажилгүй иргэдийн болон ажлын байрны бүртгэл захиалгын тайлан хариуцсан мэргэжилтэн” –ий ажил, албан тушаалаас 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн жирэмсний амралтыг олгожээ. /х.х-н124/
     Маргааш нь хариуцагч Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Ажилд томилох тухай” Б/27 дугаар тушаалаар Б.Болор-Эрдэнийг “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтнээр томилжээ. Мөн өдрөө Б/28 дугаар тушаалаар  Жирэмсний амралтаа авсан Б.Болор-Эрдэний оронд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн Х.Батжаргалыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон  байна. /х.х-н 125-127, 128/
    Эндээс дүгнэхэд Б.Болор-Эрдэнийг “ажилд зуучлал, ажил хайгч, шинэ ажлын байр, ажилгүй иргэдийн болон ажлын байрны захилгын бүртгэл, тайлан хариуцсан мэргэжилтэн” ажил, албан тушаалаас нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны жирэмсний амралт олгож чөлөөлөгдсөн нь тухайн ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдах эрх зүйн зохицуулалт үүссэн байтал маргааш өдөр нь маргаан бүхий ажил, албан тушаалд томилж, Б.Болор-Эрдэнийг чөлөөлж жирэмсний амралт олгосон эсэх нь тодорхойгүй байхад дахин маргаан бүхий ажил, албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр Ж.Батжаргалыг томилсон байх тул шүүх Б.Болор-Эрдэнийг гуравдагч этгээдээр татаагүй болно.  /х.х-н 208-209, 212-213/
    Иймд дээрхи хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Наранзаяагийн нэхэмжлэлийн шаардлага болох Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Б.Наранзаяаг ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай” Б/14 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлгэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
    5. Нэхэмжлэгчийн Б.Наранзаяагийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс хойшхи нийт ажилгүй хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 хэсэгт  зааснаар тухайн маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож урьд эрхлэж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож байгаа тул Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7 дахь хэсгийн а-д заасны дагуу хариуцагчаас 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2017 оны 02 дугаарх сарын 08-ны өдөр хүртэл 3 сар, 1 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор  буюу / 3 сар x 509948 төгрөг = 1529844 төгрөг; 1 хоног х 509948 төгрөг : 30 хоног = 16998 төгрөг/  нийт 1546842 /нэг сая таван зуун дөчин зургаан мянга найман зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх нь зүйтэй байна. /х.х-н 169-173, 202-203/
    Нэхэмжлэгч Б.Наранзаяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн  тул Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн  үйлчилгээний газраас нэхэмжлэгчийн Төрийн банкны дансруу шилжүүлсэн нэг удаагийн тэтгэлэгийг тухайн байгууллагад нэхэмжлэгч нь буцаан өгөх үүрэгтэй болохыг тэмдэглэв. /х.х-н 193-195, 201, 214-216, 223/
    Хариуцагч Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга шүүх хуралдаанд:  “Б.Наранзаяа нь хоёр удаа арга хэмжээ авагдаж байсан” гэж тайлбарлаж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрсөн болохыг дурдах нь зүйтэй байна. /х.х-н 159-160/
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийг 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйл, 108 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 


ТОГТООХ НЬ:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2.6, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийн 27.2.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.Наранзаяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Б.Наранзаяаг ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай” Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажил, албан тушаалын орон тоо хасагдаагүй байх тул урьд эрхэлж байсан Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилохыг Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгасугай. 
2.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг тус тус баримтлан Б.Наранзаяад 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлхи 3 сар, 1 хоног  ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх 1546842 /нэг сая таван зуу дөчин зургаан мянга найман зуу дөчин хоёр/ төгрөгийг олгож, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас /Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар/ 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Наранзаяад олгосугай.      

             3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийдвэрийг гардан авснаас өдрөөс хойш  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.ОДОНТУЯА