Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 00145

 

   Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч Ц.Сувдаа,

шүүгдэгч Н.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Н.Т холбогдох 163/2018/0139/Э индекстэй, эрүүгийн 1815002430144 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Мандах овогт Н.Т

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Т нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны шөнө Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр багийн нутагт **-** ОРА улсын дугаартай “NISSAN ADVAN” маркийн тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч М.Т эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Түвдэндоржийн өгсөн: Өмнө өнсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

 

 1815002430144 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч М.Т өгсөн: Би 2018 оны 08 сарын 10-ны өдөр найз Түвдэндоржийн хамт Хөвсгөл аймгаас Орхон аймгийн чиглэлд явж байгаад замын хажуу руу онхолдож биедээ гэмтэл авсан.Тухай үед манай найз Н.Т машин жолоодож явсан, би хажууд нь урд суудал дээр суугаад бид хоёр хоёулахнаа явж байсан. Замын хажуугаар явж байсан хонь зам руу гүйж орж ирээд манай найз сандрахдаа замын хажуу руу орж онхолдсон. Уг ослын улмаас миний аарцаг ясанд цууралт үүссэн байсан, би Орхон аймгийн эмнэлэгт 5 хоног хэвтэн эмчлүүлж эмнэлгээс гарсан. Одоо миний бие харьцангүй сайн байгаа, гэртээ хэвтрийн дэглэм  барьж байгаа. Өөр ямар нэг гэмтэл байхгүй, биеийн байдал сайн байгаа. Түвдэндоржийн биед гэмтэл үүсээгүй зүгээр байсан. Н.Т бид хоёрын явж байсан тээврийн хэрэгсэл нь Түвдэндоржийн ахынх нь машин байсан. Н.Т бид хоёр хамт Түвдэндоржийн ээжийг Хөвсгөлд хүргэж өгөөд буцаж явж байгаад “Баатарван” амралт өнгөрөөд явж байгаад онхолдсон. Машин урдуур хонь орж ирээд Н.Т сандраад замын зүүн талруу дараад орчихсон юм.Тухай үед 80 гаран км цагийн хурдтай явсан тээврийн хэрэгсэлд ямар нэг эвдрэл гэмтэл байхгүй, сайн машин байсан гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/, 

Гэрч З.Мөнхбатын өгсөн: М.Т  нь манай хүү бөгөөд манайх 3 хүүхэдтэй. М.Т   манай том хүү байгаа юм. М.Т  аваарт орсон талаар мэдэж байгаа, тухай үед би Архангай аймагт явж байгаад аваарт ороод Эрдэнэтийн эмнэлэгт байна гэж сонсоод хоёр хоногийн дараа Архангайгаас ирж уулзсан. Эрдэнэтийн эмнэлэгт хэвтэж байсан ташаан толгойгоор нь өвдөөд байна гэж байсан, биеийн байдал нь сайн байсан. Тэгээд 5 хоног хэвтэж эмчлүүлээд гарсан одоо гэртээ хэвтрийн дэглэм барьж байгаа. Босч явна биеийн байдал нь зүгээр байгаа. Ослынх нь талаар сайн мэдэхгүй байна замын хажуу руу онхолдсон гэж байсан. Түвдэндоржийг танина. М.Т ын сайн найз нь байгаа юм, садан төрлийн холбоо байхгүй. Түвдэндоржтой хамт явж байгаад осолд орсон байсан. Эрдэнэ-Очирыг сайн танихгүй. Түвдэндоржийн ах нь гэж байсан. М.Т ын биеийн байдал сайн байгаа цаашид эмчилгээ хийлгэх шаардлага байхгүй, цуурсан яс нь эдгэж байгаа. Эм уугаад байгаа. Эрдэнэ-Очир Н.Т нарын зүгээс эм тариа, эмчилгээний зардлыг бүгдийг нь өгсөн. Бид нарын зүгээс мөнгө төгрөг гаргаагүй. Одоо бидний зүгээс гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,

Гэрч В.Байгалмаагийн өгсөн: Би Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ЭМТ-д сувилагч ажилтай бөгөөд 5 жил ажиллаж байна. 2018 оны 08 сарын 10-ны өдөр ажил дээр байсан бөгөөд өдөр 10 цаг 50 минутанд Хутаг-Өндөр сум “Баатарван” амралтын урдхан дээр аваар гарч дуудлага ирсэн.  Дуудлагын дагуу их эмч Номуундарь, эх баригч Д.Байгалмаа бид 3 очсон. Дуудлагаар очиход жолооч гээд Н.Т гэдэг залуу машины гадна хамт явсан найзыгаа хөнжил дэвсээд хэвтүүлсэн байдалтай байсан. М.Т  гэдэг залуугийн биеийн байдал хүндэвтэр, өвдөлт ихтэй, баруу хөл нь нэлээн шалбарсан, толгойдоо бас шалбархайтай, зүсэгдэж хугарч гэмтсэн илт мэдэгдэх гэмтэл байхгүй байсан. М.Т ад өвдөлт намдаах тариа хийсэн тэгээд шууд сумын төв рүү авчирч натри тариа, цус тогтоох викзол тариа хийсэн. Тэгээд шууд Орхон аймгийн нэгдсэн эмнэлэг рүү их эмч Номиндарь аваад эмнэлгийн машинтай явсан. Түвдэндоржийн хувьд сандарсан байсан, биеийн байдал нь гайгүй байсан. Тайвшруулах аналгин, димдрол хийсэн гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,

Яллагдагч Н.Т өгсөн:  2018 оны 08 сарын 10-ны өдөр шиг санаж байна. Хүргэн ах Эрдэнэ-Очирын **-** ОРА улсын дугаартай “NISSAN ADVAN” маркийн саарал өнгийн машинтай өөрийнхөө ээж Нямцэцэгийг Хөвсгөл аймаг руу хүргэж өгөөд буцаж явахдаа замын хажуу руу онхолдсон. Би Хөвсгөл рүү 08 сарын 09-ний өдөр очоод нэг хоноод буцсан бөгөөд тухайн үед найз М.Т ын хамт явсан. Хөвсгөлөөс өглөө 09 цагийн үед гараад би өөрөө машинаа бариад М.Т  миний хажууд урд суудал дээр суугаад явж байсан. Хөвсгөлөөс гараад замдаа зогсоогүй явж байгаад Их-Уул сум өнгөрөөд нэг цайны газрьн хажууд зогсож бие засаад хөдөлсөн. Өөр зогсоогүй бөгөөд Хутаг-Өндөр сумын “Баатарван” амралтын газар өнгөрөөд явж байтал замын хажууд сүрэг хонь явж байгаад машины урдуур нэг хонь гүйгээд ороод ирсэн. Тэгэхээр нь би сандраад зүүн гар тийш дараад замын хажуу руу онхолдсон. Тухайн үед би ухаан алдаад сэргэхэд машины сигнал дуугарч байсан. М.Т  машины цонхоор шидэгдээд машинаас нэлээн зайтай хэвтэж байсан. Би машинаас хаалгаа онгойлгоод гарсан бөгөөд М.Т  дээр очсон чинь М.Т  ухаангүй байсан. Тэгээд хөдөлгөж болохгүй байх гэж бодоод зам руу гүйж гараа өргөж машин зогсоогоод тусламж гуйсан тэгэхэд саарал машин байсан санагдаж байна, ямар машин байсныг санахгүй байна.  Жолооч нь Хутаг-Өндөр сум руу түргэн тусламж дуудаж өгчихөөд яваад өгсөн. Би эргээд хартал М.Т  босоод суучихсан байсан. Тэгэхээр нь би машины араас хөнжил авч М.Т ын доор дэвсээд М.Т ыг хэвтүүлсэн. Тэгээд удалгүй Хутаг-Өндөр сумаас түргэний эмч ирж М.Т  бид хоёрт тариа хийгээд Хутаг-Өндөр сумын эмнэлэг орсон. Тэгээд тэнд дусал, эмчилгээ хийлгээд Эрдэнэт рүү М.Т ыг авч явахаар болсон. Би замд нь бууж аваар болсон газар үлдсэн, удалгүй цагдаа ирсэн. М.Т ыг Орхон аймаг руу явж үзүүлэхээр бопсон. Тухайн үед М.Т ын тохой шалбарсан, биеийн байдал нь гайгүй байсан. Миний бие гайгүй зүгээр байсан. М.Т  хамгаалах бүс хэрэглээд явж байгаад осол болохын өмнөхөн хамгаалах бүсээ тайлсан байсан. Би ямар нэг архи согтууруулах ундаа хэрэглээгүй, М.Т  бид хоёр хоёулаа эрүүл байсан. Би өөрийн хийсэн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Ослын улмаас М.Т ын биед хүндэвтэр хохирол учирсан. Би М.Т ын эмчилгээ болон бусад зардлыг төлсөн байгаа, М.Т ын зүгээс ямар нэгэн гомдол, санал байхгүй гэсэн. Би нийт 2 сая гаруй төгрөг гаргаж хохирлыг барагдуулсан байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 50-52 тал/,

Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 615 дугаартай:

1.М.Т биед аарцаг ясны баруун талыг умдаг ясны хугарал, бүсэлхийн 2 дугаар нугалмын баруун хажуугийн сэртэнгийн хугарал, баруун шууны ард хэсэгт, нурууны доод хэсэгт, баруун гуяны доод хэсэг, 2 хөлийн өвдөг, баруун шилбэнд зулгаралт үүсчээ.

2. Уг гэмтлүүд нь хатуу зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Тухайн цаг хугацаанд үүссэн байхаар байна.

4. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Аарцаг ясны баруун талын умдаг ясны хугарал, бүсэлхийн 2 дугаар нугалмын баруун хажуугийн сэртэнгийн хугарал гэмтлийн зэргийн 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэргийн 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 32 тал/,

Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн 600 дугаартай:

Н.Т биед гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт /хх-ийн 44 тал/,

Булган аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн:

     1. Жолооч  Н.Т нь тээврийн хэрэгсэл жолоодох В ангилалын 1217349 дугаартай эрхийн үнэмлэхтэй, хүчинтэй байна.

           2. Жолооч Н.Т нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна.

     3. Жолооч Н.Т нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 заалт “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байна.

   4. **-** ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл техникийн хувьд бүрэн бүтэн байсан эсэхийг тогтоох боломжгүй.

   5. Уг зам тээврийн осол болсон шалтгаан нь: Жолооч Н.Т нь хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйгээс болсон байна гэх дүгнэлт /хх-46 тал/,

“Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн №18/215 тоот:

  1. **-** ОРА улсын дугаартай “NISSAN ADVAN” маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 5500000 / таван сая таван зуун мянга/ төгрөгөөр тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-22-26 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-01-02 тал/, хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол /хх-4 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тогтоол /хх-5 тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-9 тал/, согтуурал шалгасан тэмдэглэл /хх-11 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-8 тал/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 17 тал/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон түүний хувийн байдлын талаархи нотлох баримтууд /хх-53-56 тал/, хэргийн материал танилцуулсан баримт /хх-66-67 тал/ болон хохирол төлсөн баримтууд зэргийг шинжлэн судлав.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Т нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны шөнө Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр багийн нутагт **-** ОРА улсын дугаартай “NISSAN ADVAN” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч М.Т эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэгийг хуульд заасан журмын дагуу хийж үйлдсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэг үйл баримт болохын өмнөх болон яг болсон үеийн нөхцөл байдал, учирсан хор уршгийн талаар хохирогч М.Т , гэрч З.Мөнхбат, В.Байгалмаа нарын өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Н.Т яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, ослын шалтгааны тогтоосон Булган аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт, **-**ОРА улсын дугаартай “NISSAN ADVAN” маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 5500000 төгрөг болохыг тогтоосон “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар  нотлогдож тогтоогдсон байна.

       Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шүүхийн шинжилгээний болон зам тээврийн ослын шалтгааны талаархи дүгнэлтүүд, эд хөрөнгийн үнэлгээний тайланг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээчдэд хууль сануулж гаргуулсан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

  Шүүгдэгч Н.Т замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл, учирсан хор уршиг хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой байх ба автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байна.

       Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул шүүгдэгч Н.Т Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааний хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Н.Т нь мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Шүүгдэгч Н.Т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, мөн хуулийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийгэх ялаар шийтгэж, түүний оршин суугаа

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Тохижилт үйлчилгээний албанд хийлгэхээр шийдвэрлэв.

       Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Н.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгө, иргэний бичиг баримт үгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.                 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

     ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Мовогт Н. Т Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Т хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийгэх ялаар шийтгэсүгэй.

       3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг /Орхон аймгийн Баян-Өндөр сумын Тохижилт үйлчилгээний албанд/ биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Түвдэндоржид мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Н.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бичиг баримтгүй,  хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

        7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЦЭРЭНХАНД