Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/02014

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/02014

 

М-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Бадрах, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2022/02009 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: М

Хариуцагч: З.Т,

Хариуцагч: М.Э нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний төлбөрт 10,602,200 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 15/02 дугаартай гэрээний түрээсийн төлбөр, тооцоо хийх журмын 3.1 дэх заалтад 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал, хариуцагч З.Т, М.Э, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Анхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 З.Т, М.Э нар нь 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс У ХХН-ийн Дуу бүжгийн чуулгын бүжгийн заалыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл түрээслэн үйл ажиллагаа явуулсан. Түрээсийн үлдэгдэл тооцоогоор үлдэгдэл төлбөр 10,532,000 төгрөг, эрэн сурвалжлуулах зардал 70,200 төгрөг, нийт 10,602,200 төгрөг байх тул хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 М.Э, З.Тийн хамт 2014 оны 11 сараас эхлэн Мын соёлын ордны нийтийн бүжгийн заалыг сарын 2,000,000 төгрөгөөр түрээслэн ажиллуулахаар соёлын ордны дарга н.Бямбажавтай тохиролцон гэрээ байгуулж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Тухайн үед шууд үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан тул 2,500,000 төгрөгийн засвар хийсэн. Үйл ажиллагаа явуулж байтал 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс чуулгын дарга солигдож, н.Мэндбаяр дарга нь тус заалны түрээсийг үндэслэлгүйгээр 1 м.кв талбай 28,000 төгрөг байсныг 75 хувиар нэмж 3,706,000 төгрөг болгож алдагдалд оруулсан. Тухайн үед орлого муудаж, бид түрээсийн төлбөрөө төлөх боломжгүй байсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1 У ХНН-ын даргын 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А\108 дугаар тушаалд 1 м.кв талбайн түрээсийн үнэлгээг 12,500 төгрөг байхаар заасан. Соёлын ордноос тус заалны түрээсийн төлбөрийг нэмэгдүүлэхдээ байрны тохижилт байдлын талаар үнэлэлт, дүгнэлт хийгээгүй, түрээсийн тухайн зах зээлийн үнийг харгалзаж, харьцуулсан судалгаа хийлгүйгээр үнээ өөрсдийн үзэмжээр 85 хувиар нэмэгдүүлж хариуцагчийг хохироосон. н.Мэндбаяр дарга нь Мын даргын 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А\108 тоот тушаалыг зөрчин үндэслэлгүй үнийг дур мэдэн хэт өндрөөр тогтоосон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэмжээнд харшилсан хэлцлийг хийсэн гэж үзэж байна. Иймд гэрээний үнийн дүн өсгөсөн заалтыг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

4.1 З.Т, М.Э нар нь Мын соёлын ордны бүжгийн заалыг түрээслэх гэрээг У-ын Аялал жуулчлалын товчооны дарга Д.Мэндбаяртай 2015 оны 03 дугаар сард хийсэн. 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр түрээсийн гэрээнд нэмэлт, өөрчлөлтийг хийж, төлбөрөө төлж байсан. Улмаар 2016 оны 03 дугаар сараас Аялал жуулчлалын товчооны дарга Б.Алтан-Одтой 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс Б.Атай тус тус гэрээ байгуулж бүжгийн заалыг түрээсэлж, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үйл ажиллагаа явуулсан. 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулсан үлдэгдэл тооцоогоор 10,532,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2-т зааснаар хариуцагч З.Т, М.Э нарт холбогдох түрээсийн гэрээний төлбөрт 10,602,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М М-ын үндсэн нэхэмжлэлийг болон Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул М М болон М.Э нарын хооронд 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 15/02 дугаартай гэрээний Түрээсийн төлбөр, тооцоо хийх журмын 3.1 дэх заалтад 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай З.Т, М.Э нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч М М-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 184,585 төгрөгийг болон хариуцагч З.Т, М.Э нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1 Талуудын хооронд 2015 оны 01 дугаар сард 24 сарын хугацаатай, нэг сарын 2,000,000 төгрөгөөр З.Ттай, 2015 он 03 дугаар сард мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 9 сарын хугацаатай, нэг сарын 2,000,000 төгрөгөөр М.Этэй, 2015 оны 04 дугаар сараас нэг сарын 3,706,000 төгрөгөөр төлбөрийг тооцохоор М.Этэй, 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 1 жилийн хугацаагаар нэг сарын 3,272,000 төгрөгөөр З.Ттай, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар, наг сарын 2,000,000 төгрөгөөр З.Ттай тус тус гэрээ байгуулсан.

У ХНН нь хэдийгээр дээрх гэрээг З.Т, М.Э нартай гэрээг давхардуулан хийсэн талаар талууд маргаагүй. Хариуцагчид дээрх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулаагүй. Шүүх хуралдааны явцад хариуцагч З.Т нь үлдэгдэл төлбөртэй байгаагаа хүлээн зөвшөөрсөөр байхад шүүхээс гэрээг давхардуулан хийсэн гэж үзэж, нийт 34 сарын хугацаанд түрээсийн гэрээ үргэлжилж, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2015/02 дугаартай хоёр жилийн хугацаатай түрээсийн гэрээ, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 17/04 дугаартай нэг жилийн хугацаатай түрээсийн гэрээний түрээслэгчийн төлбөр төлөх үүрэгт нийцсэн, түрээсийн төлбөрийг бүрэн төлсөн гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Дээрх дүгнэлтээр 2015 оны 03, 04 дүгээр сард хийсэн нэмэлт гэрээ болон 2016 оны гэрээг хэрхэн дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

6.2 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 17/04/04 дугаар тооцооны үлдэгдлийн баталгаагаар 12,032,000 төгрөгийг баталгаажуулан З.Т гарын үсэг зурсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1593 дугаартай шинжээчийн дүгнэлтээр уг баримтан дээрх гарын үсэг З.Тийн гарын үсэгтэй тохирч байгаа талаарх дүгнэлтийг анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлэлгүй бөгөөд харин тооцооны үлдэгдлийн 17/03/04 дугаар баталгаанд зурсан гарын үсэг З.Тийн гарын үсэгтэй тохирохгүй байна гэсэн дүгнэлттэй хольж, нотлох баримтыг үнэлсэн нь үндэслэлгүй.

6.3 Хариуцагч нарыг эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70,200 төгрөгийн хохирлыг нэхэмжлэх шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй гэж хуулийг буруу тайлбарлан, хэрэглэсэн.

6.4 Хариуцагчийн төлбөр төлсөн орлогын баримтаар нийт 61,312,000 төгрөг төлсөн баримт байхад түрээсийн гэрээний үргэжилсэн 34 сарын хугацаанд 73,640,000 төгрөгийн төлбөрийг төлсөн гэж үзсэн үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хангаж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч нарын хариу тайлбарын агуулга:

7.1 Нэхэмжлэгч нь анх хариуцагч нартай 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Уг гэрээний 7.3-т түрээсийн гэрээг жил бүрийн эцэст 2 тал харилцан дүгнэж, цаашид гэрээг сунгах эсэх, түрээсийн төлбөрийг шинэчлэн тогтоох, өөрчлөлт орох зэрэг асуудлыг харилцан тохиролцож гэрээг шинэчлэн байгуулна гэж талууд тохиролцсон. Уг гэрээг 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөнө гэж талууд гэрээ байгуулсан. Гэтэл энэ гэрээг байгуулаад хариуцагч нар тухайн бүжгийн заалны засвар үйлчилгээг хийж үйл ажиллагаагаа явуулж эхлэхэд 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр дахин нэг түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээний төлбөрийг 2,000,000 төгрөг, хугацаа нь 2 жил байхаар өмнөх гэрээтэй адилхан нөхцөлөөр байгуулсан атлаа 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 3,706,000 төгрөг болгож нийт 85 хувиар энэхүү гэрээний үнийн дүнг өсгөж байгуулсан.

Хариуцагч нар уг гэрээнд яагаад гарын үсэг зурсан гэхээр үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болгож, 1 сарын хугацаанд засвар үйлчилгээ хийж, үйл ажиллагаа эхлэхэд үнээ нэмсэн учраас хариуцагч нар зорилго тавьсан, засвар хийсэн учраас гэрээг байгуулан ажиллуулж төлбөр мөнгийг барагдуулахыг хичээх үйлдлийн улмаас байгуулсан. 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан гэрээ өөрөө хүчин төгөлдөр байтал Иргэний хуулийн дагуу эд хөрөнгө хөлслөх, гэрээ дуусгавар болгох эсхүл гэрээг цуцлах үндэслэл болон гэрээнээс татгалзах гэх мэт хуулийн дагуу ажиллагаа хийхгүйгээр дараа дараагийн гэрээнүүдийг байгуулсан нь хууль тогтоомж зөрчсөн, гэрээний заалтыг зөрчсөн.

7.2 Анхан шатны шүүхээс эхний байгуулсан гэрээний актыг үйлдэж, төлбөр тооцооны үлдэгдэл баланс гаргаагүй атлаа дараагийн гэрээ байгуулан давхардуулсан нь Иргэний хуулийг зөрчсөн байна гэж дүгнэсэн. З.Т тооцоо нийлсэн 03/04, 04/04 дугаартай 2 акттай. 1 гарын үсэг нь З.Тийн гарын үсэг биш гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. 1 гарын үсэг нь мөн гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Гэхдээ тооцооны үлдэгдлийн баталгаанд З.Т танилцаж, хэдэн төгрөгийн түрээсийн гэрээний харилцаа үргэлжилсэн 34 сарын хугацаанд хэдэн төгрөгийн тооцоо байна гэх танилцсан байдлаар гарын үсэг зурсан болохоос үүнийг төлнө гэж хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй.

Анхан шатны шүүх 04/03 баримтыг З.Тийг хүлээн зөвшөөрч мөнгөн дүнг төлнө гэж ойлгосон гэж үзэхгүйгээр нотлох баримтын хэмжээнд үнэлж дүгнэлт хийсэн нь шүүхийн буруу биш юм. Улсын тэмдэгтийн хураамж болон түрээсийн төлбөр нэхсэн шаардлагын үндэслэлээ хариуцагч тал өөрөө Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэг гэж шүүх хуралдааны явцад тодорхойлсон. Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэг түрээслэгчийн хариуцлага түрээслүүлэгч өөрт учирсан хохирол хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болно гэж шаардлагын эрхээ өөрөө тодорхойлсон учраас шүүхийг хууль хэрэглээний хувьд хариуцагчийн талаас буруу дүгнэсэн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхгүй байна. Хэрэв хууль тогтоомжид нийцсэний дагуу 70,200 төгрөгийг нэхэмжилсэн бол шүүх хангах бүрэн боломжтой байсан.

7.3 Хэрэгт авагдсан баримтаар 61,312,000 төгрөгийн баримт байгаа. Шүүх хурал эхлэхээс өмнө хариуцагч өөрт байгаа нотлох баримтын шаардлага хангаж байгаа баримтуудаа гаргаж өгсөн. Бусад нь Мын санхүү дээр очиж тооцоо нийлж, канондож авсан нотлох баримтын шаардлага хангахааргүй хэмжээнд байна. 73,640,000 төгрөгийг төлсөн талаар нэхэмжлэгч тал маргахгүй тохиолдолд хурлаа үргэлжлүүлье, хэрэв маргавал энэхүү баримтаа нэхэмжлэгчээс гаргуулах тухай шүүх хурал эхлэхээс өмнө ярихад нэхэмжлэгч тал маргахгүй гэж тус шүүх хурал үргэлжилсэн. Дахиад хэрэгт хурлын тэмдэглэлийн 176 дугаар хуудаст авагдсан шүүх хуралдаан даргалагч 2 удаа нэхэмжлэгчээс хариуцагчийн төлсөн 73,000,640 төгрөгт танайх маргаан байна уу гэж асуухад нэхэмжлэгч тал бид уг үнийн дүнд маргаагүй. 10,000,000 төгрөгөө авъя гэх байдлаар хариу тайлбар өгсөн. Тэгэхээр хэрэг шийдэгдсэний дараа нотлох баримттай холбоотой, тухайн үедээ маргаангүй гэж тайлбарласан боловч шийдвэр гарсны дараа шүүхийн буруу мэтээр буюу шүүх нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа хийгээгүй мэтээр тайлбарлаж байгааг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шүүх процессын хувьд Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй.

7.4 Мын удирдах газрын тушаал гарсан. Уг үнийг 85 хувь буюу 3,700,000 төгрөг болгож 2 дахин нэмэгдүүлэхдээ ямар судалгаанд үндэслэн, хэний шийдвэрээр түрээсийн үнийг тогтоож байгаа талаар хариуцагч нотлох баримт бүрдүүлж өгөөгүй. Мын удирдах газраас аудитын дүгнэлт гарч, шууд үнийг тогтоосон нь өөрөө түрээслэгч нарыг алдагдалд оруулах зүйл болсон байна. Цаашид үнийг өөрчилж тогтоохдоо холбогдох баримт цуглуулж үнийг тогтоож байгаа гэсэн тухайн үеийн аудитын дүгнэлт гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

2. Нэхэмжлэгч М нь хариуцагч З.Т, М.Э нарт холбогдуулан түрээсийн гэрээний төлбөрт 10,602,200 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч ...2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 15/02 дугаартай гэрээний түрээсийн төлбөр, тооцоо хийх журмын 3.1 дэх заалтад 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүчин төгөлдөр бусд тооцуулах-аар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. М нь З.Ттай 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2015/02 дугаар түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээгээр түрээслэгч З.Т нь М-ын Дуу бүжгийн чуулганы 2 дугаар давхрын 218 м.кв талбайг нийтийн бүжиг, хөгжмийн сургалтын зориулалтаар 2 жилийн хугацаатай, нэг сарын 2,000,000 төгрөгөөр түрээслэхээр талууд тохиролцсон. /хх 13-14/

3.1 Гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч болон хариуцагч З.Т нь 16/08 дугаартай түрээсийн гэрээг байгуулсан. Гэрээгээр дээрх мөн үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1 жилийн хугацаатай, нэг сарын 3,270,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. /хх 16-17/

3.2 Нэхэмжлэгч болон хариуцагч З.Т, М.Э нар нь мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 17/04 дугаартай түрээсийн гэрээг байгуулсан. Уг гэрээгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг нэг сарын 2,000,000 төгрөгөөр 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл түрээслэхээр тохиролцсон байна. /хх 19-21/

4. Хариуцагч нар дээрх 3 гэрээний дагуу түрээсийн зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ашиглаж байсан үйл баримт болон гэрээнд хэн аль нь гарын үсэг зурсан талаар зохигч маргаагүй. Иймд дээрх 3 гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талуудын чөлөөт байдалд нийцсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2015/02 дугаар гэрээнд түрээсийн төлбөрийг нэг сарын 2,000,000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 16/08 дугаар гэрээнд нэг сарын 3,270,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 17/04 дугаар гэрээнд нэг сарын 2,000,000 төгрөг байхаар заасан нь гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй талаарх Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

5. Анхан шатны шүүх талуудын хооронд дээрх гэрээний дагуу Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв.

6. Хэргийн 122-125 дугаар талд нэхэмжлэгч болон хариуцагч М.Э нарын хооронд байгуулагдсан гэх 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 15/02 дугаартай түрээсийн гэрээ болон 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 15/02 дугаартай түрээсийн гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ авагдсан байна.

6.1 Дээрх 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 15/02 дугаартай түрээсийн гэрээг түрээслүүлэгч талаас нэхэмжлэгч, түрээслэгч талаас М.Э байгуулсан байх бөгөөд уг гэрээний зүйл нь 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2015/02 дугаартайтай, 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 16/08 дугаартай, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 17/04 дугаартай түрээсийн гэрээнүүдийн зүйлтэй нэг байх боловч түрээсийн төлбөрийг нэг сарын 2,000,000 төгрөгөөр тогтоож, 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 3.706.000 төгрөг болгож өөрчлөлт оруулахаар тусгажээ.

6.2 Нэхэмжлэгч нь дээрх байдлаар хариуцагч М.Этэй 15/02 дугаартай түрээсийн гэрээ байгуулахдаа түрээслэгч З.Ттай харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч нь М.Этэй давхардуулж байгуулсан уг гэрээний дагуу түрээсийн төлбөрийг нэмэгдүүлсэн хэмжээгээр шаардах эрхгүй гэж үзэв.

7. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Хариуцагч нар нь 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нэг сарын түрээсийн төлбөрт 2,000,000 төгрөг, мөн өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл нэг сарын түрээсийн төлбөрт 3,270,000 төгрөг, мөн өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нэг сарын түрээсийн төлбөрт 2,000,000 төгрөг буюу нийт 80,700,000 төгрөг төлөх үүрэгтэй байна. Хариуцагч нар гэрээний үүрэгт нийт 73,640,000 төгрөг төлсөн талаар нэхэмжлэгч маргаагүй. /хх 176/ Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн төлбөрийн үлдэгдэл төлбөр 7,060,000 төгрөгийг хариуцагч нараас шаардах эрхтэй. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ...үлдэгдэл түрээсийн төлбөр гаргуулах шаардлагаа нотлоогүй, ...хариуцагч нар түрээсийн төлбөрийг бүрэн төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байх бөгөөд энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангана.

Харин давж заалдах гомдлоос ...шүүх 73,640,000 төгрөгийн төлбөрийг хариуцагч төлсөн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй гэх хэсгийг хангахгүй. Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дэх хэсэгт зааснаар зохигчийн тайлбар нотлох баримт болох бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч нар гэрээний үүрэгт 73,640,000 төгрөг төлсөн талаар маргахгүй гэж тайлбар гаргасан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан тул мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нотлогдсон гэж үзнэ.

8. Хэргийн 15 дугаар талд 17/04/04 дугаартай тооцооны үлдэгдлийн баталгаа гэх нотлох баримт авагдсан. Уг баримтад нэхэмжлэгч болон хариуцагч З.Т нар 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны өгч авалцсан зүйлээ нийлж, З.Т 12,032,000 төгрөгийн өртэй талаар харилцан баталсан байна.

Нэхэмжлэгч дээрх баримтыг шаардлагын үндэслэлээ болгосон боловч уг баримтаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэл болохгүй. Учир нь, хариуцагч нь 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш түрээсийн төлбөрийг төлж байсан нь орлогын ордерийн тасалбар болон Худалдаа хөгжлийн банкны орлогын ордераар тогтоогдож байхаас гадна тухайн баримтыг хэзээ үйлдсэн, ямар хугацааг, хэрхэн хамаарч байгаа нь тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл, уг баримтын дагуу шаардаж буй үндэслэл нь бусад нотлох баримтаар эргэлзээгүй тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэл болох баримт биш гэж үзэв. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

9. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэх бөгөөд мөн зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болно. Нэхэмжлэгч нь хариуцагч нараас түрээсийн үлдэгдэл төлбөр гаргуулахаар шаардсан нь мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсгийн Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэснийг зөрчөөгүй байна.

10. 70,200 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

10.1 Анхан шатны шүүх дээрх шаардлагыг Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт заасан үндэслэлд хамааруулан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байхаас гадна уг шаардлагатай холбоотой нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж чадаагүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан дээрх түрээсийн гэрээний төлбөр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШЗ2020/12435 дугаар захирамжаар хариуцагч З.Т, М.Э нарын оршин суугаа газар тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. /хх 33-34/ Улмаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагч нарын оршин суугаа хаяг тодорхойгүй үндэслэлээр тэднийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргасан. Мөн шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 102/ШШ2020/03341 дүгээр шийдвэрээр З.Т, М.Э нарыг иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэн эрэн сурвалжилсан байх бөгөөд нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдож байна. /хх 28-34/

Нэхэмжлэгчийн дээрх улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн зардал нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэх зохицуулалт хамаарч байх тул нэхэмжлэгч нь хариуцагч нараас 70,200 төгрөгийг шаардах эрхтэй. Иймд нэхэмжлэгчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хангана.

11. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнд хариуцагч нар давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд үндэслэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

12. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч нараас нийт 7,130,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,472,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2022/02009 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2-т зааснаар хариуцагч З.Т, М.Э нарт холбогдох түрээсийн гэрээний төлбөрт 10,602,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М М-ын үндсэн нэхэмжлэлийг болон гэснийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч З.Т, М.Э нараас 7,130,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,472,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, гэж

2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184,585 төгрөг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 129,033 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184,585 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

М.БАЯСГАЛАН