Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 00146

 

   Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

Хохирогч Э.Гэрэлт-Эрдэнэ,

Шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1815001460117 дугаартай, 163/2018/0131/Э индекстэй хэргийг 2018 оны 09 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Н.Г

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Н.Г нь Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг “Ар тамсаг” гэх газарт 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр тусгай зөвшөөрөлгүй, ашигт малтмалын ашиглалт, боловсруулалт явуулж байгаль экологид 1230300 /нэг сая хоёр зуун гучин мянга гурван зуу/ төгрөгний шууд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Г өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Гэрэлт-Эрдэнэ өгсөн мэдүүлэгтээ: Би Бүрэгхангай сумын Засаг даргын орлогчоор 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс ажиллаж байгаа. Манай сумын 3 дугаар багийн нутаг “Ар тамсаг” гэх газарт хууль бусаар алт угааж, боловсруулалт явуулж байгаль экологид 1230300 төгрөгний хохирол учруулсан ба хохирлыг нөхөн төлбөрийн  хамт төлж барагдуулсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

17150001980114 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Э.Гэрэлт-Эрдэнийн өгсөн: Би Бүрэгхангай сумын Засаг даргын орлогч албан тушаалтай. Манай Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт ирээд манай сумын байгаль орчины байцаагч, цагдаагийн албанаас албан хаагчдыг авч явж тус суманд үйл ажиллагаа явуулаж байгаа уул уурхайн аж ахуйн нэгж, нөхөрлөлийн үйл ажиллагааг шалгасан. Уг шалгалтаар “Ар тамсаг” гэх газарт хүмүүс хууль бусаар алт олборлож байгаад Туул гол руу шалаам нь урсаж орсон гэх мэдээллийн дагуу буцаж очсон гэж манай хүмүүс танилцуулсан. Би тухай үед тэр газар нь очоогүй болхоор сайн мэдэхгүй байна. Сураг сонсоход Н.Г гэдэг залуугийн ажиллаж байсан газар нь гэж сонссон. Би сумын хурлын төлөөлөгч нартай хамтарч тэр газруудаар явж байхад энэ нэр гараад байдаг байсан. Би таарч байгаагүй гэх мэдүүлэг  /хх-ийн 30 тал/,

Гэрч Ц.Пүрэвсүрэнгийн өгсөн: Би 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр орой 20 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумаас Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт ганцаараа “Хова” маркийн машины жолоочоор нэг сарын 1,200,000 мянган төгрөгийн цалинтай ажилд авна гэсэн зарын дагуу замын унаанд сууж очсон. Тухайн газарт очиход Зоригоо гэх залуу надтай уулзаж та энэ цагаан өнгийн “Хова” маркийн машиныг барина шүү гэж хэлсэн. Цалин мөнгөө сар сард нь авахаар болж тохироод ажиллахаар болсон. Ингээд би 2018 оны 05 дугаар сарын 25-ын өдрөөс эхлэн ажиллахаар болсон, олборлолт явагдаагүй байсан. Яг хэдэн хүн байсан талаар хэлж мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 31-ийн тал/,

Гэрч Д.Г өгсөн: Би 2018 оны 05 дугаар сарын эхээр яг хэдний өдрийг нь сайн мэдэхгүй байна. Миний урьд жил ажиллаж байсан Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт байх “Ар тамсаг” гэх газарт байх нүүдэл суудал хийх гэж байна, чи хүрээд ир гэж Н.Г /Зоригоо/ над руу утсаар ярьсан Тэгээд би Ар тамсаг руу яваад очсон.Очсооноос хойш машин тэрэг янзлаж байгаад 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Зоригоо, Магнай, Очироо бид хэд хуучин уурхай ажиллаж байсан бүсэд байгаа овоолготой шороог буудаж үзье гээд өдөр 14 цагийн орчим усан буугаар буудаж эхэлсэн. Тэгээд шороо руу усан буугаар буудаж байсан чинь 16 цагийн үед Баянмөнх гэдэг залуу миний гар утас руу залгаад далан чинь сэтэрчихсэн байна. Зургийг нь аваад facebook-д тавьчихсан байна шүү гэж хэлэхээр нь далан сэтэрч ус гарсан талаар мэдсэн. Тэгээд далан сэтэрсэнийг мэдээд янзлахаар Зоригоо ковш аваад далан руу явсан. Тэгээд би 17 цагийн үед Эрдэнэт явах ажилтай байсан болохоор Эрдэнэт яваад, буцаад 2018 оны 05 дугаар сарын 25-ны өглөө 10 цагийн үед Бүрэгхангай суманд ирэхэд миний ажил хийж байсан газарт цагдаа нар ирчихсэн үйл ажиллагаа явуулж болохгүй гээд байж байсан гэх мэдүүлэг  /хх-ийн 33 тал/,

Гэрч Б.Э өгсөн: Би Улаанбаатар хотод оршин суудаг найз Отгонтөмөрт ажил байвал надад хэлээрэй гэж урд өмнө нь хэлж байсан.Тэгээд би 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр найз Отгонтөмөрийн 99850838 тоот дугаарын утас руу эгч Батчимэгийн 99360315 тоот дугаараас залгаад ажил байна уу гэж асуухад Булган аймгийн Бүрэгхангай суманд үйл ажиллагаа явуулдаг Зоригоо гэх захиралтай алтны уурхай нүүдэл хийх гэж байгаа. Тэр компани ковшийн жолооч авна гэсэн, чи Бүрэгхангай сум руу яваад оч гэж хэлсэн. Тэгээд би Бүрэгхангай сумын нутагт үйл ажиллагаа явуулж байсан газарт 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 15 цагийн үед очсон. Очсон өдрөө би өөрийн унах ковшийн тос маслыг нь солиод маргааш нь 14 цагаас 17 цагийн хооронд угаагаад гарсан шороог дахиж угаах ажил хийсэн. Тэгээд байж байтал Зоригоо захирал далан задарсан байна намайг очиж түрж янзал гэж хэлсний дагуу би тухайн газарт нь очиж сэтэрсэн даланг нь шороогоор дүүргэж тэгшилсэн.Тэгээд маргааш нь буюу 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Бүрэгхангай сумын Цоохор морьт гэх газар луу нүүнэ гээд 2018 оны 05 дугаар сарын 24-ний орой техникүүдээ задлаад байж байтал шөнийн 02 цагийн үед Булган аймгийн Мэргэжлийн хяналт болон цагдаа нар ирсэн гэх мэдүүлэг  /хх-ийн 35 тал/,

Гэрч Ш.Зоригтбаатарын өгсөн: Би Булган аймгийн Бүрэгхангай сумын Зориг гэдэг нэртэй бүтэн нэрийг сайн мэдэхгүй залуугийн алтны уурхайн компанид 2018 оны 05 дугаар сарын 05-наас эхэлж “Howo”-ны жолоочоор ажиллаж байна.Тэгээд би 2018 оны 05 дугаар сарын 24-ний орой 17 цагийн үед миний ажилладаг компаний  захирал Зоригоо уурхайн далан задарсан байна машинаараа шороо ачиж даланг хаа гэж хэлсэн тэгээд би уурхай задарсан даланг Howo-гоор шороо асгаж сэтэрсэн байгаа даланг хаасан.Тухайн үед миний ажилладаг алтаны уурхай компани нь Булган аймгийн Бүрэгхангай сумын Давхарын ар гэх газраас техник хэрэгслээ зөөж Бүрэгхангай сумын Цоохор морьт гэх газарт очин гэр байсан  гэх мэдүүлэг /хх-ийн 36тал/

Гэрч С.Баярмагнайгийн өгсөн: Би ноднин жил Бүрэгхангай сумын Ар тамсаг гэдэг газарт Зоригоо гэдэг хүнтэй хамт 1 сар гаран ажиллаж байсан.Тэгэхэд анх таньдаг болсон.Тэгээд энэ жил намайг компаний машин техникийг нүүлгэнэ, тэгэхээр дуудна гэж байгаад 2018 оны 05 дугаар сарын 24-ны өдөр утсаар ярихаар нь тэр даруйдаа шууд очсон. Манайх Төв аймгийн Заамар суманд Ар тамсаг гэдэг газартай ойрхон байдаг. 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 13 цагийн үед би Ар тамсаг гэдэг газарт Зоригоо дээр очсон намайг очсон даруйд Зоригоо /Ганзориг/ энэ хуучин ашигласан шороог буудаад үзье чи эксковаторыг барь гэсэн Тэгээд би эксковаторыг бариад овоолготой шороон дээр бараг 17 цаг хүртэл ажиллаж байсан чинь Зоригоо үйл ажмллагаагаа зогсоо гэхээр нь ажил зогссон. Тэгээд дараа нь амралтын гэр лүү ороод унтаад өгсөн. Нэг мэдсэн чинь шөнө болчихсон, манай ажлын бүсэд мэргэжлийн хяналт болон цагдаа ирсэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 38 тал/,

Гэрч Т.Наранцацралтын өгсөн: Шалгалтын ажлын хэсэг 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр уг газарт очиход гэрээ байгуулж байгаа гээд уулзаж байсан. Та нар энд үйл ажиллагаа явуулж болохгүй гэж шаардлага тавихад манайх удахгүй нүүх гэж байгаа гэж ярьж байсан. Тэндээс цааш шалгалтаа үргэлжлүүлээд явж байхад буюу 2018 оны 05 дугаар сарын 24-ний шөнө уг газарт очиход усан буугаа хурааж байсан. Тэднийх техник гэж нэг нэг ковш эксковатор, 2 ширхэг хово байсан. Тэгээд уг болсон хэргийн талаар асуухад Н.Г гэдэг залуу харин нуурын далан задраад орой түүнээс болоод бохир ус туул гол руу урсаж орсон гэж хэлсэн. Тухайн үед бүрэлдэхүүн бүгд байсан тэгээд энэ асуудлыг цагдаагийн алба шалгахаар үлдсэн. Сумын байгаль орчины улсын байцаагч хамт үлдсэн. Бид нар тэндээс буцаад аймаг явсан.  Урт нэртэй хуульд хамаарагдсан онцгой хамгаалалтын бүсэд хамаарагдсан, орон нутгийн тусгай хэрэгцээний газар байх ёстой гэх мэдүүлэг /хх-ийн 41-43 тал/,

            Гэрч Б.Болдын өгсөн: Би одоо хувиараа газар шорооны ажил хийдэг ихэнхдээ түрээслүүлдэг. 2018 оны 4 дүгээр сарын 20-дын үеэр Н.Г нь намайг аймгийн төв дээр байхад ирж уулзаад “Болдоо ахаа танай техникүүд байгаа юу, дүү нь хөдөө ажиллах гэсэн юм. Техник олддоггүй та дүүдээ техникээсээ түрээсээр ашиглуулаач” гэж гуйгаад байсан. Тэр үед нь би “хаана ямар ажил хийх гэж байгаа юм, сарын хэдээр түрээслүүлэх юм, яаж гэрээгээ хийх юм” гэж асуусан.  Тэгээд Н.Г бид хоёрын  тухай үеийн ханшаар хийнэ гэж ярилцсан. Тэгээд бид 2 тохиролцоод Н.Г надаас 1 ширхэг  эксковатор /3000/-тай моторын хүчин чадалтай гэсэн үг 2 ширхэг /хово/ 1 ширхэг ковш тэргийг авч явсан. Харин 2 ширхэг /хово/ нь Улаанбаатар хотод банк бус санхүүгийн байгуулагын нэр дээр буюу /Жи Эс Би/ капиталын эзэмшилд байгаа. Харин эксковатор ковш 2 нь над дээр удаж байгаа. Дээрх техникүүдийг Пүрэвсүрэн овогтой Баттүвшин одоо Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа бид 2 хамтарч авсан. Дээрх техникүүдийн эксковатор,ковш хоёр нь жаахан муудсан учир зогссон байсан. Харин 2/хово/ нь өвөл 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 3 дугаар сар хүртэл Өмнөговь аймгийн Цогтцэций суманд хөрс хуулалтын ажилд түрээсээр явсан. Н.Г надруу 2018 оны 05-дугаар  сарын 23-ны үед утсаар яриад Болдоо ахаа дүү нь танай техникүүдийг угсраад хураалгасан яах вэ гэж асуухад нь би чи юу яриад байгаа юм бэ. Тэгээд хаанаас хүмүүс ирээд хаана саатуулагдсан талаар асуухад хөдөө уурхайд ажиллаж байгаад ийм асуудал боллоо гэж хэлсэн. Тухай үед нь чи надтай гэрээгүй дээр нь түрээсийн мөнгө  гэж өгөөгүй шүү өөрөө наад асуудлаа зохицуул гэж хэлсэн. Тэр үед би Улаанбатар хотод сувилалд хэвтэж байсан. Хаана юу болсон талаар сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 тал/,

      Шүүгдэгч Н.Г яллагдагчаар өгсөн: Би Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг Ар Тамсаг гэх нэртэй газарт 2017 оны 07 дугаар сарын эхнээс бичил уурхайгаар үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг Бүрэгхангай сумын Засаг даргаас зөвшөөрөл авч бичиг баримтаа бүрдүүлж, уул уурхай чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тэгээд миний үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл 2017 ондоо дууссан. Ингээд 2018 оны 04 дүгээр сарын 20-ны үед шиг санаж байна. Тухайн газартаа очиж үйл ажиллагаа явуулж техник хэрэгсэлдээ засвар үйлчилгээ явуулсан. Түүнээс хойш үйл ажиллагаа явуулалгүй засварын ажил хийж байгаад 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс уул уурхайн алт олборлолтын үйл ажиллагаа явуулах гээд ковш, эксковатор зэрэг техник ашиглаж байсан шороогоо овоолж бэлтгэж эхэлсэн. Тэгээд удалгүй цаг гарны дараа утсаар Баянмөнх гээд хүн 99118185 гэсэн дугаараас хамт ажиллаж байсан Зоригоо ахын 99348484 дугаарын утас руу та нарын үйл ажиллагаа явуулах гээд хийсэн байсан усны далангаас бохирдлогдсон ус чинь Туул гол руу урссан байна. Уг зургийг чинь Фэйспүүкд тавьсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь далангаа очиж үзэхэд шороон далан нь сэтэрч ус нь урсаад Туул голруу орсон байсан. Тэгэхээр нь ковш оруулж далангаас гарч байсан усыг шороогоор хааж тогтоосон. Бид нар үйл ажиллагаа явуулахаа болиод зогсолтын байдалтай болсон. Тэгээд маргааш нь буюу уг шөнө Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Наранцацаралт, Бүрэгхангай сумын цагдаа нар ирж шалгасан. Ийм зүйл болсон гэх мэдүүлэг /хх-ийн 109-110 тал/,

“Грийн ассесмент” ХХК-ийн байгаль орчины нөлөөллийн үнэлгээний 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн

      1. Байгаль орчны хохирлын үнэлгээг, газар эдэлбэр, газрын хэвлий, агаар, хөрсөн бүрхэвч, ургамлан нөмрөг, гадаргын усанд учруулсан хохирол гэсэн үндсэн чиглэлээр тооцсон бөгөөд байгаль орчинд учруулсан хохирол гэсэн үндсэн чиглэлээр тооцсон бөгөөд байгаль орчинд учруулсан хохирлын нийт хэмжээ 1230,300 байна.

       2. Техникийн нөхөн сэргээлтийн олборлолтын үйл ажиллагаагаар эвдэрсэн замыг тэгшлэх, хэлбэржүүлэх, эвдрэл орсон газрын гадаргууг бульдорзероор түрж тэгшлэх, үржил шимт хөрсөөр хучилт хийх гэсэн чиглэлээр тооцоход техникийн нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэхэд 392220 байна.

        3.Билологийн нөхөн сэргээлтийг техникийн нөхөн сэргээлт хийгдсэн талбайг бэлчээрийн зориулалтаар ургамалжуулах, бүрхэвч болон олон наст ургамлын үрээр ургамалжуулах ажлын зардлыг тооцсон бөгөөд биологийн нөхөн сэргээлтийн нийт зардал 359300 төгрөг байна.

        4.Олборлолтын үйл ажиллагаанаас эвдрэлд орсон газарт нөхөн сэргээлт хийх нийт зардал 777320 төгрөг байна.

        5.Олборлолтын үйл ажиллагаанаас Байгаль орчинд учруулсан хохирол, түүнийг нөхөн сэргээх болон холбогдох бусад зардалд ногдуулсан нийт төлбөрийн нэгдсэн дүн 2007620 төгрөг байна гэх дүгнэлт /хх-53-101 тал/,

     Байгаль орчинд хохирол учруулсан ба нийт 2007620 төгрөгийн нөхөн төлбөр тогтоогдож байна гэх Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт /хх-101 тал/,  хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-25 тал/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдлын талаархи нотлох баримтууд /хх-ийн 111-114 тал/,  байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн төлбөр төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Г нь Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг “Ар тамсаг” гэх газарт 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр тусгай зөвшөөрөлгүй, ашигт малтмалын ашиглалт, боловсруулалт явуулж байгаль экологид 2007620 төгрөгийн шууд болон шууд бус хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

     Хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, түүний сэдэлт шалтгаан, учирсан хор уршигийн талаар хохирогч Э.Гэрэлт-Эрдэнэ, гэрч Ц.Пүрэвсүрэн, Д.Г, Б.Эрдэнэ-Очир, Ш.Зоригтбаатар, С.Баярмагнай, Т.Наранцацралт, Б.Болд нарын хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлгүүдээр  шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгийн эх сурвалж нотлогдсон, байгал орчинд 1230300 төгрөгний хохирол учирч нийт 2007620 төгрөгийн нөхөн төлбөр тогтоогдсон тухай “Грийн ассесмент” ХХК-ийн дүгнэлт, Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

     Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжигдсэн, байгаль орчинд учирсан хохирлын талаархи дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлж шийдвэрийн үндэслэл болгов.

     Шүүгдэгч Н.Г хууль бусаар газрын хэвлийд халдсан үйлдэл нь хүрээлэн байгаа орчины эсрэг гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тоцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

      Шүүгдэгч Н.Г нь гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирол болон нөхөн төлбөрийг төлсөн, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлжээ.

      Шүүгдэгч Н.Г эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн зэрэг нөхцөл байдал болон хувийн байдлыг нь харгалзан торгуулийн ял оногдуулж, торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.     

    Энэ хэрэгт шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримт үгүй, битүүмжлэгдсэн зүйл үгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

    ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Н. Г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, боловсруулалт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Г  5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.    

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Ганзоригт оногдуулсан 5400000 төгрөгөөр торгох ялыг эхний сард 400000 /дөрвөн зуун мянга/ төгрөг, үлдэх хэсгийг сар бүр 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 11 /арван нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.  

        4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг  шүүгдэгч Н.Ганзоргт мэдэгдсүгэй.

       5. Энэ хэрэгт шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримт үгүй, битүүмжлэгдсэн зүйл үгүй болохыг тус тус дурдсугай. 

       6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

       7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

       8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                         

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ЦЭРЭНХАНД