Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2022/02049

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2022/02049

 

Н ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2022/03083 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Н ХХК

Хариуцагч: Б.Б,

Хариуцагч: Д.У нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг 72,914,960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сод-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Н ХХК нь Б.Бтэй 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 257 дугаар зээлийн гэрээг байгуулж, 50,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлүүлсэн. Зээл хугацаандаа төлөгдөх боломжгүй болсон учраас харилцан тохиролцож 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн гэрээг дахин 12 сараар сунгасан.

1.2 Нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацаанд зээлдэгч нар үндсэн зээлээс 12,565,000 төгрөгийг, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 14,450,000 төгрөгийг тус тус төлсөн. Хамтран хариуцагч Д.У нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зээлийн батлан даалтын гэрээг байгуулсан.

Иймд зээлдэгч нараас зээлийн үлдэгдэл 37,435,000 төгрөг, хүүгийн төлбөр 35,217,645 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 263,045 төгрөг, нийт 72,914,690 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б.Бийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Б.Б нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Н-тай 50,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлэхээр гэрээ байгуулсан. Гэрээний хугацаанд зээлийн хүүд 13,650,000 төгрөгийг төлсөн ба зээлээ хугацаанд нь төлж байсан.

2.2 2019 онд дэлхий нийтээр коронавирусын халдвар гарсантай холбогдуулаад гэрээг шинэчлэх санал тавьж, 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нэмэлт гэрээ байгуулсан. Тус нэмэлт гэрээгээр зээлийн үлдэгдэл 47,915,000 төгрөгийг хувааж төлөхөөр тохирсон. Тухайн гэрээнд зээлийн хүү төлөхөөр тохироогүй, зөвхөн үндсэн төлбөрөө төлөхөөр тохирсон. Үүний дагуу 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд нийт 10,480,000 төгрөгийг үндсэн зээлээсээ төлсөн. Гэтэл 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэрээгээ зөрчиж 800,000 төгрөгийг зээлийн хүү гэж авсан. 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойш Б.Б нь зээлээ зогсоогоогүй 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл зээлээ хэвийн хэмжээнд үндсэн төлбөрөө төлж байсан. Албан бичгүүд ирж хүү бодогдож эхлэхээр болсон, хүүгээ төлөхгүй бол хуулийн байгууллагад хандана гэсэн албан бичгийг явуулж эхэлсэн. Нэмэлт гэрээгээр үндэслэлгүй хүү 37,435,000 төгрөг гэж илүү хүү нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй, үндсэн төлбөрөөс үлдсэн 36,635,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

 

3. Хариуцагч Д.Уийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1 Д.У нь зээлдэгч Б.Бийн эхнэр бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 257 дугаартай үндсэн зээлийн гэрээтэй хамт Батлан даалтын гэрээ-г байгуулсан. Энэ үед би Н-д ажиллаж байсан. 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулаад 2019 оны 06 дугаар сараас 2020 оны 10 дугаар сар хүртэл 13,650,000 төгрөгийн зээлийн хүү төлсөн.

3.2 2019 онд дэлхий нийтээр коронавирус гарсан. Бид нар энэ хугацаандаа төлөлт алгасаагүй, сар бүр төлж байсан. 2020 оны 3 дугаар сард Монгол банкнаас зээлийн хүүг тооцохгүй гэсэн. Хил хаагдаж машины бизнес явуулах боломжгүй болсон. Зээлийг бизнестээ зарцуулсан, зээлээ төлөх нь бидний үүрэг тул 2020 оны 03 дугаар сард захиралтайгаа тохирч 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 257/1 тоот нэмэлт гэрээ байгуулахдаа хүү төлөхгүйгээр 47,913,000 төгрөгийн үндсэн зээлээ зээлдэгчид төлөхөөр тохирсон. Гэтэл 2020 оны 10 дугаар сард 800,000 төгрөгийг хүүгээс хасаж эхэлсэнтэй холбоотой маргаан гарсан. Д.У миний бие үндсэн зээлийн төлбөр 36,635,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 242-р зүйлийн 242.1, 451-р зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан Өийн Б, Лийн У нараас 40,310,000 төгрөг гаргуулж Н-д ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 32 604 690 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 522 524 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 359 500 төгрөг гаргуулж Нексусфинанс инвестмент ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1 Шүүх зөвхөн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай 257-1 тоот гэрээний хавсралт дахь хүснэгтийг л үндэслэл болгосон. Гэхдээ зээлийн үндсэн гэрээ буюу 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний 2.1.2 зээлийн гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хавсралтын зээлийн хүү сарын 3 хувь байна хэмээн тус тус зээлийн хүүг сарын 3 хувь гэж заасан бөгөөд эдгээр заалтыг хүчингүй болгоогүй, өөрчлөлт оруулаагүй тул зөвхөн хавсралтын хүснэгтэд хүүгийн төлөлтийг оруулаагүй нь зээлдүүлэгчийн хүү шаардах эрхийг хязгаарлах ёсгүй.

5.2 Хариуцагч Д.У нь нэхэмжлэгч компанид зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан учир бид барьцаагүйгээр зээл олгож, гэрээний графикийг өөрсдийнхөө орлоготойгоо тохируулан төлөх боломжийг олгосон ба 2019-2020 онд зөвхөн хүү төлөхөөр болсон ба харин 2020-2021 онд үндсэн зээлээ төлж дуусгаад дараа нь хүү төлөх хүсэлтийг нь мөн хүлээн авсан. Д.У нь гэрээний төслийг бэлтгэж, төлбөрийн хуваарь гаргаад, зээлдүүлэгчийг төлөөлж өөрөө гарын үсэг зурж гэрээнд дээрх өөрчлөлт оруулсан.

5.3 Түүнчлэн анхан шатны шүүх гэрээний хугацааны хүү, хэтэрсэн хугацааны хүү хоёрын шаардах эрхийн үндэслэлийг ялгаж дүгнэлт хийлгүйгээр гэрээний хугацааны хүү болон хэтэрсэн хугацааны хүүг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу бөгөөд зээлийн эргэн төлөлтийн тооцооллын алдаа гаргаж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч нар давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Б.Б, Д.У нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 37,435,000 төгрөг, зээлийн үндсэн хүү 35,217,645 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 262,045 төгрөг, нийт 72,914,960 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар 36,635,000 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

3. Н ХХК болон Б.Б нарын хооронд 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 257 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр зээлдүүлэгч Н ХХК нь 50,000,000 төгрөгийг зээлдэгч Б.Бөд нэг сарын 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлүүлэхээр тохиролцсон үйл баримт тогтоогдсон /хх 9-11/

3.1 Улмаар талууд 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 257-1 дугаартай Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ-г байгуулсан. Уг гэрээний 2.1-д зээлийн гэрээний 2.1.2-т заасан хугацааг 12 сараар сунгаж, зээлийг эргэн төлөх эцсийн хугацааг 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр болгож өөрчлөв гэж, 2.2-д зээлийн хугацаанд өөрчлөлт оруулсантай холбоотойгоор зээлийн гэрээний хавсралт №1 /зээлийн төлбөр, хүүг төлөх хуваарь/-ийг энэхүү гэрээний хавсралт №1 болгон өөрчлөхөөр талууд харилцан тохиролцов гэжээ. /хх12-13/

3.2 Зээлийн мөнгөн хөрөнгө болох 50,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэн үйл баримт, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Н ХХК болон хариуцагч Б.Б нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

3.3 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 257-1 дугаартай Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ-ний хавсралтад зээлийн хүү сарын 3 хувь гэсэн байх боловч тухайн хуваарьт хүүгийн төлөх хэмжээг заагаагүй, харин 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 257 дугаар зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 47,915,000 төгрөгийг 12 сард хувааж хэсэгчлэн эргэн төлөх хуваарийг тогтоосон гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, талууд гэрээний хугацааг дээрх байдлаар сунгахдаа хүү тохиролцон тогтоогоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...зээлийн хүүг сарын 3 хувь гэж заасан заалтыг хүчингүй болгоогүй, өөрчлөлт оруулаагүй тул хавсралтын хүснэгтэд хүүгийн төлөлтийг оруулаагүйгээр тооцоолол хийсэн нь буруу гэх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

4. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

4.1 Н ХХК нь Д.Утэй Батлан даалтын гэрээ байгуулж, уг гэрээний 2.1-т ...зээлдэгч нь тус гэрээний дагуу үндсэн зээл болон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хугацаанд нь зохих ёсоор буцааж төлнө гэдгийг батлан даагч нь энэхүү гэрээний дагуу батлан даалт гаргаж байна гэж, 2.3-т зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч нь зээлдэгчтэй хамтран хариуцна гэж заасан байх тул анхан шатны шүүх хариуцагч Д.Уийг зээлийн гэрээний үүрэгт хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзсэн нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт нийцсэн байхаас гадна хариуцагч нар энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй.

5. Харин анхан шатны шүүх зээл, хүүгийн тооцооллыг буруу хийсэн байгааг залруулах нь зүйтэй байна.

5.1 Хариуцагч нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 257 дугаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 50,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 18,300,000 төгрөг, нийт 68,300,000 төгрөг төлөх үүрэгтэйгээс гэрээний хугацаанд буюу 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд үндсэн зээлд нийт 2,085,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хооронд нийт 13,650,000 төгрөг төлсөн болох нь хэргийн 15 дугаар талд авагдсан зээлийн хүү тооцоолол-ын хүснэгтээр тогтоогдсон, хариуцагч нар уг тооцоог үгүйсгээгүй.

5.2 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ-ний дагуу хариуцагч нь 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд үндсэн зээл 47,915,000 /50,000,000 - 2,085,000/ төгрөг төлөхөөс 10,480,000 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч нь хариуцагчийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 800,000 төгрөгийг хүүгийн төлбөрт суутган тооцсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцээгүй байх тул анхан шатны шүүх дээрх 800,000 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрөөс тооцсон нь үндэслэлтэй болжээ. Өөрөөр хэлбэл, дээрх 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 257-1 дугаартай гэрээний үүрэгт хариуцагчийг үндсэн зээлийн төлбөрт 36,635,000 /47,915,000 - 10,480,000 - 800,000/ төгрөгийг төлөөгүй гэж үзнэ.

5.3 Түүнчлэн, хариуцагч нь зээлийн гэрээний хүүгийн талаар тохиролцсон 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 257 дугаар гэрээний зээлийн хүүгийн төлбөрт 4,650,000 /18,300,000 13,650,000/ төгрөг төлөөгүй болох нь зээлийн хүү тооцоолол-ын хүснэгтээр тогтоогдож байна.

6. Дээрх гэрээний 2.6-д талууд нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй талаар тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 262,045 төгрөг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

7. Иймд нэхэмжлэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл 36,635,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,650,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 262,045 төгрөг, нийт 41,547,045 төгрөгийг хариуцагч нараас шаардах эрхтэй тул хариуцагч нараас 41,547,045 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...тооцооллын алдаа гаргаж шийдвэрлэсэн гэх давж заалдах гомдлыг хангана.

Мөн анхан шатны шүүх хамтран үүрэг гүйцэтгэх үндэслэл болсон Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсгийг шийдвэрийн тогтоох хэсэгтээ баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсныг зөвтгөнө.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2022/03083 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Б, Д.У нараас 41,547,045 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 31,367,645 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтын 359,500 гэснийг 365,685 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320,973 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

М.БАЯСГАЛАН