Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 00149

 

  Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч Ц.Сувдаа,

шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Б холбогдох 163/2018/00142/Э индекстэй, эрүүгийн 1815002460147 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ял шийтгэлгүй, П овогт Ч.Б

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Б нь 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Д.М гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Батмөнхийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруу дээр маргахгүй, торгуулийн ялыг бүхэлд нь төлнө гэх мэдүүлэг,

1815002460147 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Д.М гийн өгсөн: 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр манай нөхөр Ч.Б гэртээ ногт зангидаад сууж байгаад “Д.Очир гэх хүнд хуц, ухна аваарай гэж хэлэх байсныг хэлээгүй”-гээс болж бид хоёр хоорондоо маргалдаж нөхөр маань намайг сураар ороолгож зүүн талын гуя хэсэг рүү хөлөөрөө өшиглөн сандлаар цохьсон. Тэр үед нөхөр маань эрүүл байсан. Одоогоор миний биеийн эрүүл мэнд гайгүй, өвдөж байгаа зүйл байхгүй байна. Манай нөхөр Ч.Б намайг өмнө нь зодож байгаагүй бөгөөд ямар нэг дарамт шахалт үзүүлж байгаагүй. Одоо гомдол, саналгүй байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 10-р тал/,

Гэрч П.Батбаатарын өгсөн: Би 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Ч.Батмөнхийнд очоод цай уугаад сууж байхад эхнэр Д.М даа “чи хуц, ухна авах талаар тухайн үед нь надад дуулгахгүй яасан юм бэ?” гэж хэлэхэд эхнэр нь “би үүнээс илүү юм хийж чадахгүй” гэж уурлахад нь Ч.Б зангидаж байсан морины ногтоороо хэд хэдэн удаа ороолгож байгаад эргээд суусан. Би тухайн үед хараад сууж байсан ба эхнэр нөхрийн хооронд ороод яахав гээд юу ч дуугараагүй. Ч.Б нь ногт зангиддаг хүн бөгөөд гартаа байсан ногтоороо эхнэрээ ороолгож байсан. Өөр ямар нэг зүйлээр цохиогүй. Намайг очиход Ч.Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Эмчилгээнд явах талаар ярьж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 12-р тал/,

Гэрч Л.Ганбаатарын өгсөн: ...Би Ч.Б гэрээр хааяадаа орж байдаг. Ер нь хэрүүл маргаан хийж байгаа зүйл мэдэгддэггүй. Намайг ороход эхнэр нь цай хийж өгч Ч.Б яриа хөөрөөтэй л сууж байдаг байсан. Энэ зун олон удаа Батмөнхийн гэрээр орсон. Зодоон цохион хийж байгааг нь хараагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/,

Насанд хүрээгүй гэрч Б.Б өгсөн: 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр аав Батмөнх, ээж Д.М  нар хоорондоо хэрэлдэж байсан. Чухам юунаас болж хоорондоо хэрэлдээд байгааг нь мэдээгүй. Намайг ороход аав зангидаж байсан ногтоороо ээжийг 2-3 удаа гуя,  нуруу орчим ороолгож байгаа харагдаж байсан. Би салгаж,”та 2 болиоч” гэж хэлээд гараад явсан. Намайг гарсанаас хойш аав, ээж 2 хоорондоо маргалдаж дахин зодолдоогүй. Манай аав тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Манай аав урьд өмнө ээжийг зодож, дарамталж байгаагүй гэх мэдүүлэг /хх-15 тал/,

Насанд хүрээгүй гэрч Б.О өгсөн: Би 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хонинд авчихаад ирэхэд ээж шовгорт, аав гэрт ногт зангидаад сууж байсан. Маргааш нь манай ах Б.Б надад хэлэхдээ “аав, ээж хоёр хоорондоо хэрэлдээд байхаар нь би орж салгасан юм. Манай аав ээжийг урьд нь зодож, дарамталж байгаагүй гэх мэдүүлэг /хх-16 тал/,

Шүүгдэгч Ч.Б яллагдагчаар өгсөн: Манай хонинд Алтан-Очир гэдэг хүн нэг хурган хуц тависан юм. 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гаднаас орж ирэхэд Алтан-Очир манай эхнэртэй утсаар ярьж айрагны хөрөнгө авах талаар ярьсаныг надад хэлэхэд би “чи нөгөө хуцыг нь Алтан-Очирт хэлсэн үү, хэзээ ирж авах гэж байна” гэхэд манай эхнэр Д.М  “би яаж мэддэгийн надад ямар хамаа байдаг юм” гэхэд нь миний уур хүрч “чи яагаад хүний хүн шиг юм яриад байгаа юм бэ” гээд тухайн хуцыг 2 өдөр бариад уясан болохоор тухайн үед уур хүрсэн. Би тэр үед гэртээ сандал дээш нь харуулан хөлөн дээр нь ногтны сур цоолоод сууж байсан юм. Миний уур хүрээд сандлаа гартаа бариад далайгаад шидээгүй эргэн суугаад ногтоо зангидаж байхад дэлгэцэн дээрээс ааруул авч над руу шидэхээр нь би босч очин зангидаж байсан унаганы ногтоор 2-3 удаа гуя болон нуруун тус газар нь ороолгосон. Тэгж байхад гаднаас хүү Б.Баасансүрэн орж ирээд бид хоёрыг болиоч та хоёр гэж хэлээд гараад явсан. Бид хоёрын хажууд П.Батбаатар л байсан өөр хүн байгаагүй юм. Бид хоёрын хооронд ямар хэргүүл маргаан байгаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/,

       Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 201 тоот:

1. Д.М гийн биед баруун бугалга, тохой, гуя, зүүн бугалга, гуяа, өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрхи гэмтэл нь мохол зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. 

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрхи гэмтэл  нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 18 тал/,

эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, тэмдэглэл /хх 3-4 тал/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-5 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаархи /хх-25-27 тал/ болон хэргийн материал танилцуулсан баримт /хх-33-33 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Б нь 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Д.М г “Д.Алтан-Очир гэх хүнд хуц, ухнаа ирж аваарай гэж хэлсэнгүй” гэх шалтгаанаар зодож бие махбодийн хэлбэрийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.

        Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.М , гэрч П.Батбаатар, насан хүрээгүй гэрч Б.Б, Б.О нарын хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан болон учирсан хор уршигийн талаар өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 201 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

         Иймд шүүгдэгч Ч.Б  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Б гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Д.М  нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

     Шүүгдэгч Ч.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, түүнд торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 Энэ хэрэгт шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

    ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч П овогт Ч. Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг хуулийн хугацаанд төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгийн  арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Б мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

        7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.ЦЭРЭНХАНД