Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01905

 

 

 

2022 10 19 210/МА2022/01905

 

Х- УТҮГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2022/02321 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х- УТҮГ-ын хариуцагч Т- ХХК-д холбогдуулан гаргасан тусгай зөвшөөрлийн төлбөрт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Х- УТҮГ нь Т- ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх Б ангиллын зөвшөөрлийн гэрээг байгуулан, Монгол Улсын нутаг дэвсгэрт харилцаа холбооны сүлжээ, дэд бүтэц суурилуулалт, засвар үйлчилгээ тэр дундаа гадна холбооны кабель шугамын угсралт суурилуулалт, засварын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгосон. Гэрээний 6.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журмын дагуу ээлжит жилийн төлбөрийг тусгай зөвшөөрөл олгосон тухай шийдвэр гарсан өдрөөс нэг сарын өмнө зохицуулах хорооны Голомт банкны 1102626829 дансанд шилжүүлнэ гэж заасан. Гэтэл Т- ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 3 жилийн тусгай зөвшөөрлийн төлбөр 3,000,000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Иймд Т- ХХК-аас Б ангиллын зөвшөөрлийн гэрээний дагуу тусгай зөвшөөрлийн төлбөр 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Т- ХХК нь Х-той 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх Б ангиллын зөвшөөрлийн гэрээг байгуулсан байдаг. Гэрээний 6.1-т зөвшөөрөл эзэмшигч нь шинээр зөвшөөрөл авч байгаа тохиолдолд зөвшөөрлийн төлбөрийг Зохицуулах хорооноос баталсан. Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээнд зааснаар тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг олгосон тухай шийдвэр гарсан өдрөөс хойш 30 хоногийн дотор тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийн гэрээ байгуулж, Зохицуулах хорооны Голомт банкны дансанд нэхэмжлэхийн дагуу төлнө гэж заасан. Х-ноос шүүхэд гаргасан нотлох баримтаас үзэхэд Б ангилалын тусгай зөвшөөрөл нь Т- ХХК-д 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр олгогдсоноор гарчээ. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр Х-ноос гэрээний үүргийн шаардах эрх 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс үүссэн байна. Б ангилалын тусгай зөвшөөрөлд Т- ХХК-д тусгай зөвшөөрлийг 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр олгосон гэх боловч Х-ноос хугацаа хожимдуулсан, гэрээ байгуулагдсанаас хойш Т- ХХК-аас хэд хэдэн удаа тусгай зөвшөөрөл гарсан эсэх талаар асуухад зөвшөөрөл гараагүй, гармагц мэдэгдэнэ гэсэн боловч огт мэдэгдээгүй, тусгай зөвшөөрлийг гардуулж өгөөгүй байдаг. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасан. Мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж тус тус заасан. Х- нь өнөөг хүртэл гэрээний үүргийн шаардах эрхээ хэрэгжүүлж байгаагүй тусгай зөвшөөрлийг гардуулж өгөөгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, Харилцаа холбооны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.10-д зааснаар хариуцагч Т- ХХК-аас 1,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х- УТҮГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Х- УТҮГ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Т- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 28,550 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Т- ХХК болон Х- УТҮГ нь 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх Б ангиллын зөвшөөрлийн гэрээг байгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, гэрээний үндсэн дээр тусгай зөвшөөрөл эзэмшиж, тус гэрээгээр гэрээний үнийг талууд харилцан тохиролцож тогтоосон. Х-ноос ч шүүхэд нэхэмжлэлийн агуулга хэсэгт Т- ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 3 жилийн хугацаатай тусгай зөвшөөрлийн төлбөр болох 3,000,000 төгрөгийг төлж барагдуулаагүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж гэрээгээр тодорхойлогдож байгаа үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаагаа тодорхой дурьдсан атал хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгч нь буруу дүгнэж, нэхэмжлэлийн үнийн дүнгээс 1,000,000 төгрөгийг төлөх ёстой, тухайн дүнгийн хувьд нэхэмжлэгч өөрөө тодорхойлж шаардсан гэрээний үүргийн шаардлагыг хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5.Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч талын гомдлыг хангаж, мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

2.Нэхэмжлэгч Х- УТҮГ нь хариуцагч Т- ХХК-д холбогдуулан хариуцагч нь 2015-2018 оны тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй гэх үндэслэлээр 3,000,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийг манай компанид гардуулж өгөөгүй, тус зөвшөөрлийн үндсэн дээр манай компани үйл ажиллагаа явуулаагүй, мөн гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэл заан нэхэмжлэлээс татгалзжээ. /хх-ийн 1-2, 23-24-р тал/

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

4.Зохигчид 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх Б ангиллын зөвшөөрлийн гэрээ-г 3 жилийн хугацаатай байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Х- УТҮГ нь гадна холбооны кабель шугамын угсралт суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох, холбогдох дүрэм, журам, зохицуулалтын баримт бичиг, нөхцөл шаардлагын нэрсийг баталж мөрдүүлэх, хариуцагч Т- ХХК нь эзэмшиж буй зөвшөөрлийнхөө хүрээнд хэрэглэгчдийг ялгаварлахгүйгээр үйлчилгээ үзүүлэх, тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөрийг зохицуулах хорооны дансанд төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 5-9-р тал/

4.а.Нэг тал нь тодорхой төрлийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох, нөгөө тал нь зохих үнийг төлөхөөр тохиролцсон байгаагаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

4.б.Талуудын байгуулсан гэрээний 6.2-т ... тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журмын дагуу ээлжит жилийн төлбөрийг тусгай зөвшөөрөл олгосон тухай шийдвэр гарсан өдрөөс нэг сарын өмнө Зохицуулах хорооны Голомт банк дахь дансанд төлнө гэж заасан бөгөөд дээрх гэрээний хугацаа 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр дуусжээ. /хх-ийн 5-7-р тал/

4.в.Хэргийн 11 дүгээр талд 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн огноотой Б ангиллын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ авагдсан байгаагаас үзвэл дээрх хугацаанд нэхэмжлэгч Х- УТҮГ нь хариуцагч Т- ХХК-д гадна холбооны кабель шугамын угсралт суурилуулалт, засвар үйлчилгээний тусгай зөвшөөрлийг олгох шийдвэрийг гаргасан гэж үзэхээр байна.

4.г.Нэхэмжлэгч Х- УТҮГ нь хариуцагч Т- ХХК-аас 2015-2018 оны тусгай зөвшөөрлийн төлбөрт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ гэрээний хугацаа дууссанаас хойш 3 жил 11 сарын дараа буюу 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд гаргажээ. /хх-ийн 1-р тал/

4.д.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан. Гэрээний дагуу шаардлага гаргах эрх бүхий этгээд дээрх хуульд заасан хугацааг баримтлах учиртай бөгөөд уг хугацааг хэтрүүлсэн тохиолдолд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.

4.е.Нэхэмжлэгч Х- УТҮГ нь гэрээний 6.2-т заасны дагуу тусгай зөвшөөрлийн төлбөр нэхэмжилсэн байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа хамаарах мэтээр дүгнэж, хариуцагч Т- ХХК-аас 1,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х- УТҮГ-т олгуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасанд нийцээгүй, энэ талаарх хариуцагчийн татгалзал болон давж заалдах гомдол үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Х- УТҮГ нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, Иргэний хуулийн 78 дугаар зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, 79 дүгээр зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх үндэслэлгүй тул хариуцагч Т- ХХК-аас тусгай зөвшөөрлийн төлбөрт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х- УТҮГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

5.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2022/02321 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасныг баримтлан хариуцагч Т- ХХК-д холбогдуулан гаргасан тусгай зөвшөөрлийн төлбөрт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х- УТҮГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Т- ХХК-аас төлсөн 28,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

Г.ДАВААДОРЖ