| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэнцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 161/2018/01148/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/152 |
| Огноо | 2018-10-29 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | М.О |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 2018/ШЦТ/152
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
нарийн бичгийн дарга К.Е,
орчуулагч, хэлмэрч Ж.А,
улсын яллагч М.О,
хохирогч С.С,
шүүгдэгчийн өмгөөлөгч А.С,
шүүгдэгч А.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Ол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Бад холбогдох 1813002420185 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, яс үндэс казах, Ж овгийн А-ын Б,1983 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй /малчин/, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар БЗ**************.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Б нь хохирогч С.Сийн нүүрэн тус газар баруун гараар нэг удаа цохиж духны ясыг нь цөмөлж түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч А.Б нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Хад булаг" гэх газарт 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өглөөний 08 цагийн үед "Хоттой хонь нийлсэн" гэх хэрүүл маргааны улмаас саахалт зусаж байсан С.Сийн нүүрэн тус газар баруун гараар нэг удаа цохиж духны ясыг нь цөмөлж түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Шүүгдэгч А.Бын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: "...Миний бие 2018 оны 06 дугаар 24-ний өдөр оройн 22 цагийн үед бэр эгч болох Т.Н-ийг Ногооннуур сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Хад булаг" гэх газарт гэрт нь хүргэж өгч, орой харанхуй болчихоор нь хоноод маргааш өглөө явхаар болсон юм. Тэгээд би 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн өглөөний 07 цагаас 08 цагийн хооронд Ногооннуур сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Хад булаг" гэх газарт миний төрсөн ах болох А.Еийн гэрт нь унтаж байхад миний бэр эгч болох Т.Н сэрээж, "С.Сийн бог мал манай бог малтай нийлсэн байна. Чи очиж хуваагаад аваад ир" гэж хэлсэн. Би босоод мотоцикльтой малаа хувааж авахаар очиход С.Сын хөрш болох Х.Хуанбай тэнд явж байсан ба Х.Х бид хоёр малнуудаа хувааж авч Х.Х гэр рүүгээ яваад өгсөн. Би гэр рүү мотоцикльтой бог малаа туугаад явж байхад миний араас С.С ирж надад хандаж "Та нар яагаад малаа нийлүүлж байгаа юм. Та нар ер нь энд яагаад зусаж байгаа юм бэ?" гэж хэлсэн би "Таньд намайг энд зуслуулахгүй байх эрх байгаа юм уу?" гэж хэлсэн. С.С надад "Чи яах гэж байгаа юм бэ?" гэж хэлээд миний цамцны захаас зүүн гараараа заамдаж аваад баруун гараараа миний нүүрэн тус газар нэг удаа цохисон. Би зөрүүлээд баруун гараараа С.Сийн нүүрэн тус газарт нэг удаа цохиход газарт унасан юм. С.С газраас босоход зүүн талын духны хэсэг нь шалбарч цус гарсан байсан. Тэгээд С.С надад "Чи яагаад намайг цохисон бэ?” гэж хэлээд газраас чулуу авч над руу 2-3 удаа шидсэн юм. Тэгээд миний бэр эгч болох Т.Нургүл ирээд салгаж авсан юм. Миний бие үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. С.Сээс уучлалт гуйж байна. Учирсан бодит хохирлыг барагдуулж өгнө. Гэвч С.Сын гэрт нэг удаа очиж уучилалт гуйсан боловч, С.С надад ямар нэгэн хариу өгөөгүй, С.Сын төрөл садангийн хүн болон хүүхдүүд нь надад дахиж манай гэрт битгий ирээрэй, таныг дахиж гэр руу оруулахгүй гэж хэлсэн. Миний бие тэрнээс хойш С.Сын гэрт очоогүй болно. Би хохирогчоос уучлалт гуйж байна, хохирогч С.Сээс уучлалт гуйх гэсэн боловч С.Сийн төрөл садангийн хүмүүс, хүүхдүүд нь уулзуулахгүй байна, уучлалт гуйх боломж олгохгүй байна. ...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлэхийг хүсэж байна. Нэг хүүхэд маань өвчтэй эмчийн хяналтанд байдаг. С.С бид хоёр худ ургийн холбоотой хүмүүс. Хохирогч С.Ст “Эмчилгээ хийлгэсэн хуудсаа өгнө үү” гэхэд надад өгөөгүй. Худ ургийн холбоотой хүмүүс учраас уучлалт гуйж 3000000 төгрөг өгсөн. Цаашид гарах асуудлыг тухайн үед шийдье гэсэн. Мөрдөн байцаагчийн хэлж байгаагаар 2500000 төгрөгийг хохирол гарсан гэсэн. Би худ ургийн холбоотой хүн учраас 3000000 төгрөг өгсөн. Хохирогч С.С уучилсан талаар бичиг хийж өгсөн. Хуулийн хөнгөлөлт үзүүлэхийг хүсэж байна. Санамсаргүй байдлаар өөрөө эхэлж цохисон учраас би эргүүлж цохисон нь үнэн.” /хх-ийн 55-57 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ гэх мэдүүлэг,
- Хохирогч С.С мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Би 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 7 цаг 30 минутын үед Ногооннуур сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Хад булаг" гэх зуслан гэртээ унтаж байхад манай хөрш болох Х.Хуанбай манай гэрт орж ирж намайг сэрээсэн. Би босоод Х.Х-аас "Юу болсон бэ?" гэж асуухад Х.Хуанбай "Таны бог мал А.Бын бог малтай нийлсэн байна" гэж хэлсэн. Би босоод шээж байхад А.Б мотоцикльтой бог малаа туугаад явж байсан. Би бог малаа хувааж авахын тулд А.Б руу очиж А.Бад хандаж "Манай бог мал танай бог малтай нийлсэн юм уу? Чи хашаанд оруулаад хуваагаад авчихгүй яасан бэ?" гэж хэлхэд А.Б "Би малаа хуваагаад авсан. Чи одоо яах гээд байгаа юм бэ?" гэж хэлэхэд би А.Бын цамцны захнаас заамдаж аваад А.Б миний нүүрэн тус газар баруун гараар нэг удаа цохиход би газарт унасан. Надад эмч нар хүнд ажил хийж болохгүй гэсэн. Би толгойндоо хүнд гэмтэл авсан. Байнга эм худалдан авч хэрэглэж, эмчийн хяналтанд байгаа юм. ...А.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрч, надаас уучлалт гуйж нийт 3.000.000 төгрөг бэлэн өгсөн. Үлдсэн хохирлыг дараа нь шүүхээр нэхэмжлэх болно. ... Эмчилгээнд 6000000 төгрөг гарсан. Үүний 3000000 төгрөгийг өгсөн. Үлдсэн мөнгийг өгөөгүй. Үлдсэн мөнгийг төлж өгвөл боллоо. Надад ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй. А.Б ямар нэгэн өс хонзонгийн асуудалтайг мэдэхгүй байна. Урьд өмнө ямар нэгэн байдлаар шүүгдэгч А.Быг өөрийг нь болон хамаатан садангуудыг заналхийлсэн, доромжилсон асуудал байхгүй.” /хх-ийн 28-36 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Гэрч Т.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн өглөөний 08 цагийн үед Ногооннуур сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Хад булаг” гэх зусланд гэрээс гадаа гарахад манай бог мал С.Сийн бог малтай нийлсэн байсан. Би А.Быг сэрээгээд "Малаа хувааж туугаад ирээрэй" гэж хэлсэн. Тэгээд А.Б босож өөрийн эзэмшилийн мотоциклтой явж малаа хувааж авч мотоцикльтой малаа туугаад ирж байхад араас нь С.С ирж А.Бад хандаж "Та нар энд яах гэж зуссаж байгаа юм бэ? Яагаад бог малаа нийлүүлсэн юм бэ?" гэж хэлсэн. А.Б "Худ энд юу байх уу?, би малаа хуваагаад авчлаа" гэж хэлсэн. С.С "Чи яах гээд байгаа юм бэ?" гэж хэлээд А.Бын цамцны захаас заамдаж авч баруун гараар нүүрэн тус газар нэг удаа цохиход А.Б зөрүүлээд С.Сийн нүүрэн тус газарт гараар нэг удаа цохисон. С.С газарт унасан юм. Тэгээд С.С газраас босож гартаа чулуу барьж А.Б руу дайрахад А.Б зугтсан ба би гүйж очоод С.Сийг барьж авсан. С.Сийн зүүн талын духны хэсгээр цус гарсан байсан. Би гэрийн хажуу талд авчирж нүүрийг нь угааж өгч гэртээ оруулж нэг аяга цай өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 37-40 дугаар хуудас/,
- Гэрч Х.Хн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...А.Бын бог мал С.Сийн бог малд нийлсэн юм. С.С босоод А.Б руу яваад очсон. Би гэрийн хажуу талд очиж байхад С.С, А.Б нар хоорондоо маргалдаж, нэг нэг рүүгээ чулуу шидэж байгаа юм шиг болсон. Тэгээд Нургүл ирж С.Сийг аваад явж нүүрийг нь гэрийнхээ хажуу талд угааж байсан. Би С.Сийн хамраас цус гарсан байх гэж бодсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Е.Бы 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гаргасан 290 дугаартай “...Иргэн С.Сийн биед духны зүүн талын хэсэгт мэс заслын оёдол тавьсан язарсан шарх, зүүн талын нүдний дээд доод зовхинд хөх ягаан өнгийн цус хуралт, тархины хүнд хэлбэрийн няцрал, духны ясны ил цөмөрсөн хугарал, духны хэсэгт хатуу хальсан доорх цусан хураа зэрэг гэмтэл тогдоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.2, 3.1.12, 3.1.3-т зааснаар амь биед аюултай амь тэмцсэн байдалтай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь оношилгоо эмчилгээний үр дүнгээс хамааран дахин тогтооно. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52 дугаар хуудас/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зэргийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-11 дүгээр хуудас/,
- Хохирогч С.Сийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас /хх-ийн 13-26 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.Бын гэм буруутай нь тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ. Өөрөөр хэлбэл яллагдагч А.Б, хохирогч С.С болон гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч А.Бад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлсэн болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч А.Б нь 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн өглөө 08 цагийн орчимд хохирогч С.Сийн эхэлж цохисон үйлдлийн улмаас зөрүүлэн түүний зүүн шанаа тус газар гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. Шүүгдэгч А.Б нь хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хэрэгт авагдсан хохирогч С.С, гэрч Т.Н, Х.Х нарын мэдүүлэг болон 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гаргасан 290 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.С нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Шүүгдэгч А.Бын үйлдлийн улмаас хохирогч С.Сийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь үнэн боловч шүүгдэгч нь уг хохирлыг санаатай учруулаагүй. Хохирогч С.С нь шүүгдэгч А.Быг эхэлж цохисон үйлдлийн улмаас түүний сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдаж түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байна. Иймд шүүгдэгч А.Бад холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж өгнө үү.” гэв.
Шүүхээс хэргийн үйл баримт, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, мэдүүлгийг тус тус хянан үзээд Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.О шүүгдэгч А.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирч байна гэж үзлээ.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг нь хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл болох шүүгдэгчийг гутаан доромжлох, хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутаах зэргээр гэмт этгээдийн санаа сэтгэлийг цочролд оруулсны улмаас гэмт этгээд түргэн зуур хариу үйлдэл хийж гэмтэл, хохирол учруулдаг шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргээс ялгагдана. Санаа сэтгэл хүчтэй цочирч давчдах байдлын урьдач нөхцөл нь хохирогчийн зүгээс шүүгдэгчийг хүндээр доромжлох хууль бус үйлдлийн хариу болж үүсдэг, цочрон давчдах шалтгаан нь үүнтэй шууд холбоотой, түргэн зуур болдог онцлогтой. Түүнчлэн хохирогчийн хууль бус үйлдлүүд нь тухайн цаг хугацаанд илэрсэн байхаас гадна удаан хугацааны туршид үргэлжилсэн байж болох бөгөөд аль ч нөхцөлд гэмт этгээдийг сэтгэл зүйн эмгэг байдалд оруулж, тийм нөхцөл байдалд орсон гэмт этгээд сэтгэл санааны хүчтэй цочролд орж хоромхон зуур өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй байдалд орсны улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахад хүргэдгээрээ санаатай үйлдэгдэх гэмт хэргээс ялгаатай.
Шүүгдэгч А.Бад холбогдох хэргийн нөхцөл байдал, үйл баримтын тухайд хохирогч С.С, шүүгдэгч А.Б нар өмнө нь хоорондоо таарамжгүй харьцаа болон бие биенээ гутаан доромжилсон, бие биедээ хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн зэрэг зүй бус харьцаа байхгүй байсан болох нь шүүгдэгч А.Б, хохирогч С.С нарын өөрсдийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Уг хэрэг нь хохирогч С.Сийн “Та нар яагаад малаа нийлүүлж байгаа юм. Та нар ер нь энд яагаад зусаж байгаа юм бэ” гэсний хариуд шүүгдэгч А.Б “Би малаа хуваагаад авсан. Чи одоо яах гээд байгаа юм. ...Танд намайг энд зусуулахгүй байх эрх байгаа юм уу.” гэснээр хоорондоо харилцан зодолдож эхэлж хохирогч С.С нь шүүгдэгч А.Быг цохисны улмаас түүнийг зөрүүлж нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл хохирогч С.С нь шүүгдэгч А.Бын сэтгэл санааг хүчтэй цочролд оруулахуйц үг хэлээгүй, доромжлоогүй, нэр хүндийг нь гутаагаагүй, заналхийлээгүй, өмнө нь тийм зүй бус байдал гаргаж байгаагүй бөгөөд тухайн нөхцөл байдлын ахуйн маргаанаас болж бие биенээ цохисны улмаас хохирогч С.Сийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна.
Иймд шүүгдэгч А.Быг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч С.С нь “...Надад энэ хэргийн улмаас 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч А.Б 3.000.000 /гурван сая/ төгрөгийн хохирол барагдуулсан. Одоо үлдсэн 3.000.000 /гурван сая/ төгрөгийг төлөөд өгвөл миний хувьд болно. Өөр ямар нэгэн гомдол саналгүй.” гэв. Хавтас хэрэгт хохирогч С.Сийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсны улмаас гарсан хохирлын талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй байх бөгөөд шүүгдэгч А.Б нь сайн дураараа 3.000.000 /гурван сая/ төгрөгийн хохирол төлсөн байна. Шүүх хуралдаанаар хохирогч С.Сийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэргийн улмаас түүнд 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн хохирол учирсан байна гэж хохирлын талаарх ямар ч нотлох баримтгүйгээр түүний гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тодорхойлох боломжгүй байна. Иймд уг үлдсэн 3.000.000 /гурван сая/ төгрөгийн хохирлын талаарх нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ. Иймээс шүүгдэгч А.Быг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Шүүгдэгч А.Бад эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:
Шүүгдэгч А.Бад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, уг үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзаж үзсэн бөгөөд түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч А.Б урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Хохирогч С.С нь шүүгдэгч А.Быг эхэлж нэг удаа цохисон бөгөөд энэ нь гэрч Х.Нургүлийн мэдүүлэг, хохирогч С.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч А.Бын мэдүүлэг болон улсын яллагчаас шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан хохирогч С.Ст шүүгдэгч А.Быг цохисон үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан тухай зөрчлийн хэргийн баримт зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч А.Б нь шүүх хохирогчийн дээрх хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Мөн шүүгдэгч А.Б нь хохирогч С.Ст гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 3.000.000 /гурван сая/ төгрөг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн.
Улсын яллагч шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ шүүгдэгч А.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10200 /арван мянга хоёр зуу/ нэгжээр торгох саналыг гаргав.
Шүүхээс шүүгдэгч А.Бад ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болон түүний хөрөнгө орлого, хувийн байдал зэргийг харгалзан торгуулийн ял оногдуулахад боломжтой гэж үзлээ. Иймд шүүгдэгч А.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 /арван мянга/ нэгж буюу 10.0000 /арван сая/ төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Бад оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, бусад орлого олох боломж зэргийг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Шүүгдэгч А.Б нь энэ тогтоолоор хохирогч С.Ст төлөх төлбөргүй бөгөөд хохирогчийн нэхэмжилж буй нэхэмжлэл нь Иргэний журмаар шийдвэрлэгдэх тул түүний эзэмшлийн 23-43 БӨА улсын дугаартай “Зил-130” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч А.Бын Е2263151 дугаартай гадаад паспорт, 01190724 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний цахим үнэмлэх зэргийг тогтоолын хамт Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй.
Мөн хэрэгт бичгийн баримтаар хавсарган ирүүлсэн хохирогч С.Сийн амбулаторийн карт, толгойн рентген зураг, тархины бичлэг бүхий 2 ширхэг CD диск зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгож, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагчаас гаргасан хохирогч С.Ст шүүгдэгч А.Быг цохисон үйлдэлд нь зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулсан тухай 6 хуудас баримт, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан шүүгдэгч А.Бын малын хөрөнгийн үнэлгээ болох 1 хуудас баримт зэргийг хэрэгт хавсарган хадгалахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, мөн хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ