| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэнцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 161/2018/0152/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/157 |
| Огноо | 2018-11-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Т |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 2018/ШЦТ/157
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Нарийн бичгийн дарга К.Е,
Хэлмэрч Ж.А,
Улсын яллагч А.Т,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Алтай,
Шүүгдэгч К.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Т-ийн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1813002110176 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, М овгийн К-ийн Ж, 1990 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс казах, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ээж, эхнэр, хүүхдүүдийн хамт тус аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн 18-19 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар БЖ****************
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч К.Ж нь 2 настай хүүхэд Т-дийн Б ээжийнхээ “Самсунг галакси Трент” маркийн гар утсыг барьж хашааныхаа гадна талд явж байхад нь түүний гарт 1000 төгрөг бариулж гар утсыг нь авч явч бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар дээрэмдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч К.Ж нь 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт 2 настай хүүхэд Т-ийн Бээжийнхээ “Самсунг галакси Трент” маркийн гар утсыг барьж хашааныхаа гадна талд явж байхад түүний гарт 1000 төгрөг бариулж гар утсыг нь авч явч бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар дээрэмдэж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15-р хуудас/,
- Мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /20-21 дүгээр хуудас/,
- К.Жээс Самсунг галакси тренд маркийн гар утсыг хүлээн авч эд зүйлд үзлэг хийж, хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл болон тэдгээрийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 24-25-р хуудас/,
- Эд мөрийн баримтаар тооцсон АS5165446 серийн дугаартай 1000-тын дэвсгэрт 1 ширхэг /хх-ийн 28 дугаар хуудас/,
- Аймаг дахь Цагдаагийн газрын нэгдсэн камерын төвийн хяналтын камераас хэрэгт ач холбогдол бүхий камерийн бичпэгт үзлэг хийж СД-д хуулбарлан ассан тухай тэмдэглэл /хх-ийн 22 дугаар хуудас/,
- Хохирогч буюу иргэний нэхэмжлэгч А.Н-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 12 цаг 30 минутын үед 2 настай хүү Б миний “Галакси трент” гар утсыг гартаа барьчихсан хашаан дотор тоглож байсан. Нэг харахад Б хашаан дотор байхгүй байсан. Хашаанаас гараад ирэхэд Б мотоцикльтэй хүний хажууд зогсож байсан. Тэгээд би эхлээд зүгээр зогсож байсан хүн гэж бодсон. Бийг авах гээд Б болон болон мотоцикльтой залууд дөхөж очих үед мотоцикльтэй залуу яваад өгсөн. Тэгээд би Бийг гэртээ оруулах гээд түүний гартаа барьсан утас байгаа эсэхийг харахад гар утас байхгүй 1000 /мянга/ төгрөг барьчихсан зогсож байсан. Энэ хооронд худгаас ус зөөж ирж байсан 13 настай хадам дүү маань ирж байсан. Хадам дүү болох Т-ыг дуудаж “Тэр мотоцикльтэй хүний араас яваарай. Бий гарт нь байсан утсыг аваад гарт нь 1000 төгрөг өгөөд утас аваад явсан байна” гэж хэлсэн. Энэ үед дүү Т мотоцикльтой хүний араас явган гүйсэн. Хэсэг хугацааны дараа Т мотоцикльтэй залууг барьж амжсангүй гэж гэртээ ирсэн. ...Миний хувьд уг гар утасыг бүрэн бүтэн хүлээж авлаа ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болно." гэх мэдүүлэг /хх-ийн 33- 35 дугаар хуудас/,
- Насанд хүрээгүй гэрч К.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 12 цаг 30 минутын үед худгаас ус зөөж гэртээ ирж байхад хашааны гадаа бэр эгч Н, дүү болох хоёр настай Б хоёр зогсож байсан. Тэдний хажуугаар маш хурдтай цэнхэр өнгийн цамцтай, ягаан өнгийн хамгаагалтын малгай өмссөн улаан өнгийн хятад мотоцикльтэй залуу явж өнгөрсөн. Бэр эгч Н нь надад “Тэр мотоцикльтэй залуугийн араас яваарай. Дүү болох Бий гарт байсан гар утсыг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэж аваад явчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би мотоциклтэй залуугийн араас явган гүйсэн боловч маш хурдтай явсан болохоор би барьж авч чадаагүй юм. Би тэр мотоцикльтой залууг явган Өлгий сумын 13 дугаар багийн “Дастан” шатахуун түгээх станцын уулзвар зам хүртэл араас нь хөөсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,
- Шүүгдэгч К.Жийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн: “...Хашааныхаа үүдэнд тоглож байсан насанд хүрээгүй эрэгтэй хүүхдийн гар утсыг 1000 төгрөг өгөөд асууж аваад эхнэр лүүгээ залгахад утас нь холбогдохгүй байсан бөгөөд би тэр хүүхдийн гар утсыг өгөлгүйгээр аваад явчихсан юм. Ямар нэгэн хүч хэрэглэн айлган сүрдүулж авсан зүйл байхгүй. Утсыг аваад мотоциклээ асаагаад явж байхад миний араас арван жилийн сурагч байх нэг эрэгтэй хүүхэд хөөе гэж дуудах шиг болсон. Би зогсохгүйгээр яваад өгсөн юм. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Дахин ямар нэгэн гэмт хэрэг хийхгүй. ...Утасгүй ядарч явж байсан болохоор мэдэхгүй байх гэж бодоод аваад явсан. Утасны наалт хагарсан байна гэхээр нь би 35000 төгрөг өгсөн. Тэгээд уучлалт гуйсан. Хохирогч ямар нэгэн гомдол саналгүй талаар гарын баримт бичиж өгсөн. Хуулийн дагуу хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 64-66 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөн шүүгдэгчийн хувийн байдлын талаарх Өлгий сумын 4 дүгээр багийн засаг дарга С.Б-ын “Өлгий сумын 4 дүгээр багийн оршин суугч болох Калем овогтой Жанарбек БЖ90011531 регистрийн дугаартай, ам бүл 6, ээж, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. К.Ж нь төлөв даруу зантай, урьд өмнө ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй болохыг тодорхойлов” гэх албан бичиг болон гэрч Ш.С, гэрч М.Е, гэрч С.Б нарын мэдүүлэг /хх-ийн 37-41 дүгээр хуудас/,
Шүүгдэгч К.Жийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан нотлох баримтууд байна. Өөрөөр хэлбэл хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн, үнэлэх боломжгүй, тэдгээрийг үгүйсгэх нотлох баримт байхгүй байна.
Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч буй үйлдэл бөгөөд шүүгдэгч К.Ж нь хохирогч А.Ны “Самсунг галакси Трент” маркийн гар утсыг Т.Бээс илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл нь уг гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч К.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч А.Н-д 150000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Шүүгдэгч К.Ж нь хохирогч А.Ны гар утсыг бүрэн хүлээлгэн өгч хохирогчийг хохиролгүй болгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийж, хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч К.Жт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, түүний хувийн байдал зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзав. К.Жт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч К.Жийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч К.Жийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд хуульд заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох шаардлагагүй гэж үзлээ.
Харин шүүгдэгч К.Ж нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6,9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч К.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө болох шүүгдэгч К.Жийн “Кенбо” маркийн 1465 БӨЗ улсын дугаартай мотоциклыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдсан АS5165446 серийн дугаартай 1000-тын дэвсгэрт 1 ширхгийг шүүгдэгч К.Жт өөрт нь буцаан олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч К.Жт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч К.Жийн 0181534 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, цахим иргэний үнэмлэх зэргийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тогтоолын хамт шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, мөн хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ