Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 201/МА2022/00040

 

 

Мандал даатгал ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч О.Баатарсүх, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 138/ШШ2022/000776 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Мандал даатгал ХК,

Хариуцагч *******, ******* нарт холбогдох,

Даатгуулагчид төлсөн даатгалын нөхөн төлбөр 7 798 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагч *******ын өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагч *******ын өмгөөлөгч Ө.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай тээврийн хэрэгслийн даатгалын №1400107485 тоот гэрээт даатгуулагч *******ын 05-37 УАЕ улсын дугаартай Тоёота Ланд Крузер 200 маркийн автомашиныг 2020 оны 02 сарын 03-ны өдөр Дорнод аймаг, Хэрлэн сумын Өлзийт тосгоны төв замд явж байхад 78-47 ДОР улсын дугаартай Субару Импреза маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дэх заалтыг зөрчиж манай даатгуулагч *******ын тээврийн хэрэгсэлд нийт 13 389 000 төгрөгийн хохирол учруулсан байна. Манай компани энэхүү ослын улмаас даатгуулагчид учирсан 7 798 000 төгрөгийн хохирлыг барагдуулж, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг гэрээний дагуу шилжүүлж авсан. Хуульд заасны дагуу нөхөн төлбөрийг Чимэд-Очироос гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Чимэд-Очир манай байгууллагаас өөрт холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн хариу тайлбартаа Бум-Очирт 2022 оны 02 сарын 08-ны өдөр 1 500 000 төгрөг, 2020 оны 02 сарын 10-ны өдөр 460 000 төгрөг, нийт 1 960 000 төгрөгийн төлбөр төлж барагдуулсан гэсэн. Тиймээс Бум-Очирыг хамтран хариуцагчаар татан оролцуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 492.1-д зааснаар Бум-Очирыг даатгалаасаа нөхөн төлбөр авч, дээрээс нь буруутай этгээдээс давхар нөхөн төлбөр авсан буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж Бум-Очироос 1 960 000 төгрөг, Чимэд-Очироос нэхэмжлэлийн үнийн дүнгээс 1 960 000 төгрөгийг хасаж 5 838 000 төгрөгийг Иргэний хуулийн 499.1, 510.1-т зааснаар нэхэмжилсэн. Хариуцагч ******* нь манай компанийн даатгуулагчийн тээврийн хэрэгсэлд замын хөдөлгөөний дүрэм зөрчиж гэм хорын хохирол учруулсан. Уг хохиролдоо өөрийн албан журмын даатгалаас 5 сая төгрөг болон өөрийн зүгээс 1 960 000 төгрөгийг төлсөн. Хариуцагч өөрөө манай байгууллагад төлөх ёстой 5 838 000 төгрөгийн төлбөрөө хүлээн зөвшөөрч байгаа учир уг мөнгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй. Төлбөр төлөх хугацааг зааж өгөх боломжтой гэдгийг хэлье. Хариуцагч *******ын зүгээс тайлбар дээрээ Чимэд-Очироос авсан 1 960 000 төгрөг дотор хөрөнгийн үнэлгээний байгууллагаар хөрөнгө үнэлүүлсэн 540 000 төгрөг, тээврийн зардал, буудлын зардал багтсан гэж хэлж байна. Манай байгууллагаас олгосон 7 798 000 төгрөг дотор хөрөнгө үнэлгээний хөлс 540 000 төгрөг нь багтсан гэдгийг нэмж хэлмээр байна. *******ын хувьд гэм хорын хохирлоос үүдэн өөрт гарсан бусад зардлаа баримтаа бүрдүүлж Чимэд-Очироос иргэний журмаар нэхэмжлэх боломжтой байсан хэдий ч нэхэмжлээгүй. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж харагдаж байна. Тиймээс хариуцагч нараас манай байгууллагын нэхэмжилсэн нэхэмжлэлийн дүнг гаргаж өгнө үү. гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Надаас нэхэмжилж буй 7 798 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. 2020.02.03-ны өдөр зам тээврийн осол гаргаж *******ын тээврийн хэрэгсэлд гэмтэл учруулсан. Үүний дагуу 2020.02.03-ны өдөр үнэлгээний Ашид билгүүн ХХК-аар *******ын 05-37 УАЕ улсын дугаартай Ланд крузер 200 маркийн тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийлгэж, 6 369 300 төгрөгөөр тогтоосон. Ингээд Хаан даатгал-аас тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрт 4 369 300 төгрөг төлөөд, үлдсэн 2 000 000 төгрөгийг би хувиасаа төлж барагдуулсан. *******т учирсан хохирлыг барагдуулсан байхад өөр даатгалын газраас мөнгө нэхэж буйг хүлээн зөвшөөрөхгүй. гэжээ.

Хариуцагч ******* болон түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Даатгалаасаа мөнгө аваад Бум-Очирт өгсөн байсан учир хохирлыг нь төлсөн гэж бодож байсан. Даатгалаас 5 сая төгрөг авч өгсөн. Үлдэгдлийг нь өөрийн машинаа зараад төлсөн. Тиймээс хохирлыг нь төлсөн гэж ойлгож байсан. Мандал даатгалаас нэхсэн мөнгийг нь зөвшөөрнө. Өөр яахав. Яаж төлдгийг нь мэдэх юм алга.

******* нь бичиг үсэг мэдэхгүй, мөн хууль зүйн хувьд ч ямар ч ойлголт байхгүй, тайлбарлаад хэлээд байхад ч ойлгодоггүй. Тиймээс бид хоёрын хэлэх тайлбар, санал зөрүүтэй байна. Яагаад зөрүүтэй байна вэ гэхээр энэ хохирлын үнэлгээг цагдаагийн байгууллагаар шалгуулаад, тухайн үед нь эвдрэл, гэмтлийг нь тогтоогоод Ашид билгүүн гээд үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэсэн байдаг. Үнэлгээгээр Бум-Очирын тээврийн хэрэгсэлд 6 369 300 төгрөгийн хохирол учирсан гэж үнэлгээ гарсан. Тухайн үед нийт 7 эд анги эвдэрсэн гэж тогтоосон. Гэтэл түүнээс хойш Тэнцвэр Эстимэйт гэх байгууллагаар үнэлгээ гаргуулсан. Уг байгууллага үнэлгээ гаргахдаа 6 369 300 төгрөг гэсэн үнэлгээг 13 389 000 төгрөг болгосон. Энэ хоёр үнэлгээний зөрүү нь 7 019 700 төгрөг буюу бүтэн нэг нугалсан үнийн дүнгийн зөрүүтэй байсан. Үнэлгээний байгууллагууд бүгд ижилхэн судалгаа, системтэй, зах зээлийн судалгааг бүгд адилхан авдаг байх. Чухам хэдий үеийн ямар үнэлгээгээр үнэлсэн болоод ийм зөрүүтэй байгаа нь мэдэгдэхгүй. Үнэлгээ хийсэн баримтыг харахад Ашид билгүүн компани нь 7 эд анги эвдэрсэн гээд, засвар үйлчилгээний хөлсийг нэмээд 6 369 300 төгрөг гэж үнэлсэн бол Тэнцвэр Эстимэйт компани нь 16 нэр төрлийн эд зүйлийг үнэлсэн. Эвдэрсэн гэж цагдаагийн газрын тогтоосон эвдрэлийн хэмжээнээс 9 нэр төрлийн зөрүүтэй тоо гараад ирсэн. Хоёр дахин илүү үнэлгээ гарч байгаа нь үндэслэл муутай харагдаж байна. Хоёр үнэлгээний аль үнэлгээгээр нь тооцох ёстой юм. Мэдээж нэхэмжлэл гаргаж байгаа даатгалын байгууллага өөрийн гаргасан үнэлгээний дүнгээр нэхэмжлэлээ гаргах байх. Гэтэл цагдаагийн байгууллагаар албан ёсоор шалгуулаад үнэлгээ хийлгүүлсэн үнэлгээний байгууллага хоёрын үнэлгээ нь хоёр дахин зөрүүтэй байгаа нь эргэлзээ төрүүлэхүйц байгаа юм. Эрс тэс үнэлгээ гаргаад байсан учир анх хариу тайлбар өгөхдөө Чимэд-Очиртой ярилцаж байгаад зөвшөөрөхгүй байна гэж хариу тайлбар өгч байсан. Гэтэл сая үйлчлүүлэгч маань буруу ойлгосон уу, зөвшөөрч байна гээд хэлчих шиг боллоо. Нэгэнт уг асуудал шүүх хурлаар хэлэлцэгдэж байгаа учир ялгаа заагийг тодотгох нь зүйтэй. Мөн үнийн зөрүү их байгааг анхаарч үзэхийг хүсэж байна. Хөрөнгийн үнэлгээний байгууллагын үнэлгээнүүд бүрэн биш, эцсийн үнэлгээ, аль алийг нь зөв гэж үзэх боломжгүй гэдгийг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч мөн илэрхийлж байна. Ямар үнэлгээний систем ашигласан, яагаад зөрүүтэй байгааг үнэлгээний байгууллагууд тодорхой хэлээгүй. Хөрөнгийн үнэлгээний тайлан гэсэн нэртэй нэг л нотлох баримт гаргаж өгсөн. Эдгээр нөхцөл байдлыг харгалзаж үзэх нь зүйтэй. Хариуцагч Бум-Очир нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээнд хүлээн зөвшөөрөхгүй гэж хариу тайлбараа өгч, гэрч асуулгаж, тайлбар дээрээ янз бүрийн тооцоо гаргасан байдаг. Үүнтэй холбогдох ямар нэгэн баримт хэргийн материалд байхгүй, сөрөг нэхэмжлэл гаргасан асуудал байхгүй байдаг. Чимэд-Очир төлөхөөс яахав гэж байгаа болохоос, яагаад төлөх болоод байгаагаа ч ойлгохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.

Хариуцагч ******* хариу тайлбартаа: Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл, хохирлын нийт үнэлгээг Тэнцвэр эстимэйт ХХК-ийн үнэлгээчид 13 389 000 төгрөгөөр тогтоосон. Харин миний автомашинд учирсан эвдрэл гэмтлийг засварлахад үнэлгээний хөлсөнд 540 000 төгрөг, засвар үйлчилгээний төлбөрт 12 755 000 төгрөг, шатахууны зардалд 719 200 төгрөг, жолоочийн хөлсөнд 300 000 төгрөг, нийт 14 314 200 төгрөгийн зардал гарсан. Өөрөөр хэлбэл, даатгалын нөхөн төлбөрт авсан 12 798 000 төгрөгөөр Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар миний автомашинд учруулсан гэм хорыг арилгахтай холбоотой гаргасан зардал бүрэн төлөгдөөгүй. Дүгнэж хэлбэл, миний автомашинд учруулсан гэм хорын хохирлыг арилгахад зарцуулсан нийт 14 314 200 төгрөгийн зардлаас даатгалын нөхөн төлбөрт төлсөн 12 798 000 төгрөгийг хасахад үлдэгдэл зардал нь 1 516 200 төгрөг бөгөөд миний бие уг зардлыг нэхэмжлэх эрхийг Мандал даатгал ХК-д шилжүүлээгүй тул уг хохирлоо гэм хор учруулагч *******оос нэхэмжлэх бүрэн эрхтэй. Өөрөөр хэлбэл, хохирогч нь даатгалын нөхөн төлбөрөөс давсан эд хөрөнгийн хохирлоо Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.

Надад 1 960 000 төгрөгийг илүү өгсөн байна гэж яриад байна гэж ойлгож байгаа. Миний машин цоо шинэ, аваад 3 сар л унаж байсан. Даатгалтай байсан. Даатгалаас мөнгийг нь өгсөн. Тэр мөнгөөр нь машинаа засуулсан. Даатгалын мөнгө миний засварын хөлсөнд ч хүрээгүй. Би засварт нь 12 775 000 төгрөг, үнэлгээнд 540 000 төгрөг төлсөн. Энэ машиныг засуулахын тулд Улаанбаатар хот авч явсан. Хоёр талын шатахууны зардалд 290 л шатахуун зарцуулсан гэж тооцож 719 000 төгрөг болсон. Миний бие тухайн үед нуруу өвдөж байсан учир хол замд машин барьж чадахгүй байсан тул эндээс жолооч 300 000 төгрөгөөр хөлсөлж явсан. Ингээд тооцохоор 443 000 төгрөг илүү гарч байгаа. Тэр мөнгөөр нь би Улаанбаатарт очоод буудалд байрласан. Надад Улаанбаатар хотод ах дүү, хамаатан садан байхгүй. Тиймээс авч явсан жолоочтойгоо 7 хоног буудалд буусан, хоол унд идсэн. Тэр зардалд үлдсэн мөнгө нь орсон. Тиймээс төлөхгүй гэж бодож байна. Харин ч би их хохирсон. Яагаад гэхээр би цоо шинэ машинаа мөргүүлж, засвар хийсэн. Засвар хийгдсэн машиныг дараа нь зарахад хичнээн төгрөгийн алдагдал хүлээх билээ. Энэ бүгдийг би тооцоогүй. Уг асуудлыг ингээд болсон л гэж бодож байсан. Гэтэл ийм асуудал үүссэн. Тухайн үед мэдэж байсан бол баримтаа бүрдүүлээд даатгал, буруутай этгээдээс авах ёстой байсан гэж бодож байсан. Тухайн үед авсан мөнгөнүүд нь хүрсэн. Тодорхой хэмжээний мөнгө надаас гарах юм байна гэж бодож ямар нэгэн зүйл яриагүй өнгөрсөн. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь надад олгосон мөнгөнд 540 000 төгрөгийн үнэлгээний мөнгийг оруулан тооцсон гэж яриад байна. Энэ мөнгө ороогүй. Би Хаан даатгалаас 5 000 000 төгрөг, Мандал даатгалаас 7 798 000 төгрөг, нийт 12 798 000 аваад, засварын хөлсөнд 12 775 000 төгрөгийг нь төлсөн, баримтыг нь өгсөн. Үнэлгээний 540 000 төгрөгийг нь төлсөн, баримтыг өгсөн. Энэ хоёр нь нийлээд 13 315 000 төгрөг болж байгаа. Тэгэхээр даатгал миний мөнгийг бүрэн төлөөгүй, Чимэд-Очироос 1 960 000 төгрөг авсан байсан учир би өөр зүйл яриагүй. Тиймээс энэ мөнгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. гэжээ.

Иргэдийн төлөөлөгч ******* ...Нэхэмжлэгч талын хариуцагч *******оос нэхэмжилж байгаа 5 830 000 төгрөг, хариуцагч *******оос 1 962 000 төгрөгийн нэхэмжлэлийг төлөх шаардлагагүй гэж үзэж байна... гэсэн дүгнэлт гаргажээ.

 Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх:

- Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 492 дугаар зүйлийн 492.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *******оос даатгуулагчид төлсөн даатгалын нөхөн төлбөр буюу гэм хорын хохиролд 5 838 000 /таван сая найман зуун гучин найман мянга/ төгрөгийг, хариуцагч *******оос үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс үүсэх үүрэгт 1 960 000 /нэг сая есөн зуун жаран мянга/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Мандал даатгал ХК-д олгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139 718 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 108 358 /нэг зуун найман мянга гурван зуун тавин найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Мандал даатгал ХК-д олгож, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 46 310 /дөчин зургаан мянга гурван зуун арав/ төгрөгийг гаргуулан 14 950 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод оруулж, үлдэх 31 360 төгрөгийг нэхэмжлэгч Мандал даатгал ХК-д олгож,... шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо: ... Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ******* нь өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохирлыг буруутай этгээд болох *******оос нэхэмжлэх эрхтэй, ******* нь уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй юм.

Шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. гэж, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ. гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд буруутай этгээд *******оос төлбөр нэхэмжлэх даатгуулагч *******ын эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөрийн хэмжээгээр даатгагч Мандал даатгал ХК-д шилжих ба харин даатгалаар нөхөн олгогдсон нөхөн төлбөрт багтаагүй гэм хорын бусад хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар буруутай этгээд *******оос нэхэмжлэх *******ын эрх нь даатгагч Мандал даатгал ХК-д шилжихгүй юм.

Тиймээс даатгагч Мандал даатгал ХК нь Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсгийг тус тус үндэслэн даатгуулагч *******ын төлсөн даатгалын нөхөн төлбөр болох 7 798 000 төгрөгийг буруутай этгээд болох хариуцагч *******оос бүхэлд нь нэхэмжлэх ёстой бөгөөд харин даатгуулагч ******* нь уг төлбөрийг хамтран хариуцах этгээд биш болно.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагч ******* нь өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд хариуцагч *******оос 1 960 000 төгрөг Хаан даатгал ХХК-иас *******ын жолоочийн хариуцлагын даатгалын дагуу 5 000 000 төгрөг, нэхэмжлэгч Мандал даатгал ХК-иас 7 798 000 төгрөг буюу нийт 14 758 000 төгрөгийг авсан гэх үйл баримт,

Мөн хариуцагч ******* нь 12 755 000 төгрөгийг тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийлгэхэд, 540 000 төгрөгийг Тэнцвэрт эстимэйт ХХК-иар үнэлгээ хийлгэхэд, 300 000 төгрөгийг жолооч хөлслөхөд буюу нийт 13 595 000 төгрөгийг зарцуулсан гэх үйл баримт тус тус тогтоогдсон байна.

Дээрхээс үзэхэд даатгуулагч ******* нь даатгалын нөхөн төлбөрт Хаан даатгал ХХК-иас 5 000 000 төгрөг, Мандал даатгал ХК-иас 7 798 000 төгрөг, нийт 12 798 000 төгрөг авсан боловч уг мөнгө нь шүүхээр тогтоогдсон үйл баримт болох *******оос өөрийн тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийлгэх, Тэнцвэрт эстимэйт ХХК-иар үнэлгээ хийлгэх, жолооч хөлслөх зэрэгт зарцуулсан нийт 13 595 000 төгрөгийн зардалд хүрээгүй 797 000 төгрөг нэмж зарцуулсан болох нь тодорхой харагдаж байна.

Тийм учраас ******* нь өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан даатгалаар олгогдсон нөхөн төлбөр болох нийт 12 798 000 төгрөгт багтаагүй гэм хорын бусад хохирол буюу даатгалын нөхөн төлбөрөөс гадна нэмж зарцуулсан 797 000 төгрөг, автомашинаа засварлуулахаар Улаанбаатар хот руу явах болон буцаж ирэх шатахууны зардал 719 000 төгрөг, хөлсөлж явсан жолоочийн хамт 7 хоног буудалд байрлах болон хооллох зардал 443 800 төгрөг нийт 1 960 000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм хор учруулсан этгээд *******оос нэхэмжлэх эрхтэй бөгөөд ******* нь хуульд заасан үүргийнхээ дагуу 1 960 000 төгрөгийг сайн дураараа түүнд төлсөн тул ******* нь *******т холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаагүй юм.

... Энэ хэргийн тухайд нэхэмжлэгч Мандал даатгал ХК нь даатгуулагч *******т төлсөн нөхөн төлбөр 7 798 000 төгрөгийг буруутай этгээд *******оос нэхэмжлэх бус *******оос *******т гэм хорын хохиролд төлсөн 1 960 000 төгрөгийг Мандал даатгал ХК нь түүний өмнөөс нэхэмжлэх эрхгүй юм. Тийм ч учраас хариуцагч ******* нь нэхэмжлэгч Мандал даатгал ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 1 960 000 төгрөгийн эсрэг тус компанид холбогдуулан уг иргэний хэрэгт сөрөг нэхэмжлэл гаргах хууль зүйн ямар ч боломжгүй.

Зүй нь хэрэв ******* нь *******т даатгалын нөхөн төлбөрөөс гадна гэм хорын хохирол 1 960 000 төгрөг төлөх ёсгүй байсан гэж үзвэл тэрээр *******т холбогдуулан тусдаа бие даасан нэхэмжлэл гаргах, ******* нь уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй бол сөрөг нэхэмжлэл гаргах зэргээр уг маргаан шийдвэрлэгдэх ёстой юм.

Дээр дурдсан нөхцөл байдлуудыг үнэлж үзвэл хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаар гэм хорын хохиролд 1 960 000 төгрөгийг илүү авч Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл огт байхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. гэжээ.

 Хариуцагч *******ын өмгөөлөгч Ө.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Даатгалын тухай хуульд заасны дагуу даатгалын газраас Бум-Очирын төлбөрийг барагдуулсан. Мандал даатгал ХК нь иргэний хуулийн 433 дугаар зүйлд заасны дагуу буруутай этгээд болох Чимэд-Очироос уг мөнгийг бүхэлд нь нэхэмжлэх ёстой. ...Чимэд-Очир өөрөө өгсөн төлбөрийг Мандал даатгал ХК нэхэмжлэх ямар ч эрх байхгүй. Хэрэв үнэхээр 1 960 000 төгрөгийг төлөх ёсгүй байсан гэж үзвэл өөрөө нэхэмжлэл гаргах ёстой байсан юм. Иймд *******оос 7 798 000 төгрөгийг Мандал даатгал ХК-д олгож, 1 960 000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж *******оос нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. гэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн даатгуулагч Бум-Очирын машинд 13 898 000 төгрөгийн хохирол учирсан. Чимэд-Очирын хувьд ХААН даатгалаас 5 000 000 төгрөгийг гаргуулж олгосон. Иргэний хууль болон Даатгалын тухай хуульд заасны дагуу даатгалын төлбөр нэхэмжлэх эрх нь манай компанид шилжсэн. Гэтэл Чимэд-Очир нь 1 960 000 төгрөгийг Бум-очирт өгсөн гэж хэлдэг. ...Бид хохирлыг шууд Бум-Очирт олгосон байсан гэж үзэж байгаа. ...Тиймээс 1 960 000 төгрөгийг иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байгаа учир *******оос гаргуулж Мандал даатгал ХК-д олгох нь зүйтэй. Энэ бол автомашинд учирсан гэм хорын хохирол гэж үзэж байгаа. Давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэв.

Хариуцагч *******ын өмгөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдлыг үндэслэлгүй байна гэж үзсэн. 13 сая төгрөгийн хохирол учруулсан гэдгийг даатгалын газар хүлээн зөвшөөрсөн. 5 000 000 төгрөгийг Чимэд-Очир нь даатгалын газраас аваад төлсөн. Даатгалын газар нь 7 сая гаруй төгрөгийг мөн Бум-Очирт өгсөн. Гэтэл 1 960 000 төгрөгийг давхардуулж илүү авсан мөнгө гэж үзэж Бум-Очироос нэхэмжилсэн байгаа. Бид шүүхийн энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. ...Анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн. Тиймээс давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагч *******ын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Мандал даатгал ХК нь хариуцагч *******т холбогдуулан 5 838 000 төгрөг, хариуцагч *******т холбогдуулан 1 960 000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж, үндэслэлээ ...Хариуцагч Чимэд-Очир манай байгууллагаас өөрт холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн хариу тайлбартаа Бум-Очирт 2022 оны 02 сарын 08-ны өдөр 1 500 000 төгрөг, 2020 оны 02 сарын 10-ны өдөр 460 000 төгрөг, нийт 1 960 000 төгрөгийн төлбөр төлж барагдуулсан гэсэн. Тиймээс Бум-Очирыг хамтран хариуцагчаар татан оролцуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 492.1-д зааснаар Бум-Очирыг даатгалаасаа нөхөн төлбөр авч, дээрээс нь буруутай этгээдээс давхар нөхөн төлбөр авсан буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж Бум-Очироос 1 960 000 төгрөг, Чимэд-Очироос нэхэмжлэлийн үнийн дүнгээс 1 960 000 төгрөгийг хасаж 5 838 000 төгрөгийг Иргэний хуулийн 499.1, 510.1-т зааснаар нэхэмжилсэн.... гэж тайлбарлажээ. /хх 1/

3. Дээрх шаардлагыг хариуцагч ******* бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...2020.02.03-ны өдөр зам тээврийн осол гаргаж *******ын тээврийн хэрэгсэлд гэмтэл учруулсан. Үүний дагуу 2020.02.03-ны өдөр үнэлгээний Ашид билгүүн ХХК-аар *******ын 05-37 УАЕ улсын дугаартай Ланд крузер 200 маркийн тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийлгэж, 6 369 300 төгрөгөөр тогтоосон. Ингээд Хаан даатгал-аас тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрт 4 369 300 төгрөг төлөөд, үлдсэн 2 000 000 төгрөгийг би хувиасаа төлж барагдуулсан. *******т учирсан хохирлыг барагдуулсан байхад өөр даатгалын газраас мөнгө нэхэж буйг хүлээн зөвшөөрөхгүй. гэж /хх 25/,

Хариуцагч ******* ... Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл, хохирлын нийт үнэлгээг Тэнцвэр эстимэйт ХХК-ийн үнэлгээчид 13 389 000 төгрөгөөр тогтоосон. Харин миний автомашинд учирсан эвдрэл гэмтлийг засварлахад үнэлгээний хөлсөнд 540 000 төгрөг, засвар үйлчилгээний төлбөрт 12 755 000 төгрөг, шатахууны зардалд 719 200 төгрөг, жолоочийн хөлсөнд 300 000 төгрөг, нийт 14 314 200 төгрөгийн зардал гарсан. ... Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь надад олгосон мөнгөнд 540 000 төгрөгийн үнэлгээний мөнгийг оруулан тооцсон гэж яриад байна. Энэ мөнгө ороогүй. Би Хаан даатгалаас 5 000 000 төгрөг, Мандал даатгалаас 7 798 000 төгрөг, нийт 12 798 000 аваад, засварын хөлсөнд 12 775 000 төгрөгийг нь төлсөн, баримтыг нь өгсөн. Үнэлгээний 540 000 төгрөгийг нь төлсөн, баримтыг өгсөн. Энэ хоёр нь нийлээд 13 315 000 төгрөг болж байгаа. Тэгэхээр даатгал миний мөнгийг бүрэн төлөөгүй, Чимэд-Очироос 1 960 000 төгрөг авсан байсан учир би өөр зүйл яриагүй. Тиймээс энэ мөнгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.  гэж тус тус үгүйсгэн маргажээ. /хх 130-132/

4. Хэргийн үйл баримтын тухайд: Хариуцагч ******* нь 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг Хэрлэн номин төвийн урд замын хөдөлгөөнд 78-47 ДОР улсын дугаартай Субару Импреза маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дэх Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчиж, *******ын жолоодож явсан 05-37 УАЕ улсын дугаартай Тоёота Ланд Крузер-200 маркийн тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гаргаж тухайн тээврийн хэрэгсэлд эвдрэл хохирол учруулжээ. /хх 1,6-7,25,130-132/

5. Дээрх зам тээврийн ослын улмаас *******ын жолоодож явсан 05-37 УАЕ улсын дугаартай Тоёота Ланд Крузер-200 маркийн автомашинд 11 390 000 төгрөгийн эвдрэл гэмтэл, шууд бус зардалд 1 999 000 төгрөг, үнэлгээний төлбөрт 540 000 төгрөгийн зардал, нийт 13 929 000 төгрөгийн хохирол учирсан нь Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 7730 дугаар хохирлын үнэлгээ, 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримтаар тус тус тогтоогдсон байна. /хх 11-15/

6. ******* болон Мандал даатгал ХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-ээр даатгагч Мандал даатгал ХХК нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч ******* нь даатгалын хураамж төлөхөөр харилцан тохиролцсон байна. Гэрээний хугацааг 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл байхаар заасан тул даатгалын тохиолдол гэрээний хугацаанд бий болсон байна. /хх 5/

7. Даатгагч Мандал даатгал ХК нь дээрх даатгалын гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөрт нийт 7 798 000 төгрөгийг даатгуулагч *******т төлсөн нь ХААН банкны 2020 оны 03 дугаар сарын 19ий өдрийн шилжүүлгийн мэдээллээр нотлогдож байна. /хх 8/

8. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж Тэнцвэр эстимэйт ХХК-иас гаргасан үнэлгээгээр нөхөн төлбөрийн мөнгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

9. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт зааснаар даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ., Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт зааснаар даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжих юм.

10. Иймд Мандал даатгал ХК нь *******т төлсөн даатгалын нөхөн төлбөрийн 7 798 000 төгрөгийг бүрэн хэмжээгээр хариуцагч *******оос нэхэмжлэх эрхтэй байхад шүүх хариуцагч *******оос 5 838 000 төгрөг, хариуцагч *******оос 1 960 000 төгрөгийг гаргуулсан нь үндэслэл муутай болжээ.

11. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж, мөн Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт зааснаар Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ. гэж заасан байна.

12. Хариуцагч *******ын ...******* нь *******т даатгалын нөхөн төлбөрөөс гадна гэм хорын хохирол 1 960 000 төгрөг төлөх ёсгүй байсан ба *******т холбогдуулан тусдаа бие даасан нэхэмжлэл гаргах, ******* нь уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй бол сөрөг нэхэмжлэл гаргаж уг маргаан шийдвэрлэгдэх ёстой юм. гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч хангах үндэслэлтэй гэж үзэв.

13.Иймд хариуцагч *******оос даатгалын нөхөн төлбөрийн 7 798 000 төгрөгийг гаргуулж, Мандал даатгал ХК-д олгож, хариуцагч *******оос 1 960 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 310 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 19ий өдрийн 138/ШШ2022/00776 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын:

...хариуцагч *******оос даатгуулагчид төлсөн даатгалын нөхөн төлбөр буюу гэм хорын хохиролд 5 838 000 /таван сая найман зуун гучин найман мянга/ төгрөгийг, хариуцагч *******оос үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс үүсэх үүрэгт 1 960 000 /нэг сая есөн зуун жаран мянга/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Мандал даатгал ХК-д олгосугай. гэснийг ...хариуцагч *******оос даатгуулагчид төлсөн даатгалын нөхөн төлбөр буюу гэм хорын хохиролд 7 798 000 /долоон сая долоон зуун ерэн найман мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Мандал даатгал ХК-д олгож, хариуцагч *******оос 1 960 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын: ...хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 108 358 /нэг зуун найман мянга гурван зуун тавин найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Мандал даатгал ХК-д олгож, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 46 310 /дөчин зургаан мянга гурван зуун арав/ төгрөгийг гаргуулан 14 950 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод оруулж, үлдэх 31 360 төгрөгийг нэхэмжлэгч Мандал даатгал ХК-д ... гэснийг ...хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 139 718 /нэг зуун гучин есөн мянга долоон зуун найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Мандал даатгал ХК-д олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******оос давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46310 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй. 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     З.ЭНХЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                  О.БААТАРСҮХ

                                                 Ж.ДОЛГОРМАА