Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2018/ШЦТ/153

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Нарийн бичгийн дарга К.Е,

Улсын яллагч Х.Ө,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.С

Шүүгдэгч А.Се нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1813002890185 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн С овогт А-ийн С, 1981 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн сурган хүмүүжүүлэх ухааны тэнхимд  биеийн тамрын багш ажилтай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар БЮ************

 

Шүүгдэгч А.С-ы холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Снь хохирогч О.Ш-ыг машинд зам тавьж өгсөнгүй гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж нүүр хамар луу нь цохиж зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Шүүгдэгч А.С нь 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 12 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт шороон зам дээр О.Ш-ыг машинд зам тавьж өгсөнгүй гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж нүүр хамар луу нь цохиж зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:

            Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч цагдаагийн ахлах дэслэгч Е.Б-ы 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн   №394 дугаартай “...Иргэн О.Ш-ы биед тархи доргилт, хамрын ясны хугарал, зүүн талын нүдний дээд доод зовхи хацарны төвгөрийн хэсгийг хамарсан захаараа шаргал туяа орж шимэгдэж буй цус хуралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн   зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах шинэ гэмтлүүд байна” гэх /хх-ийн 85 дугаар хуудас/ шинжээчийн дүгнэлтээр хохирогч О.Шамелханы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдосон байна.

            Хохирогч О.Ш-ы эрүүл мэндэд учирсан дээрх хөнгөн хохирлыг шүүгдэгч А.С учруулсан болох нь:

- Шүүгдэгч А.С-ы мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр би өөрийн эзэмшлийн 0355 БӨА улсын дугаартай фургон маркийн тээврийн хэрэгслээр Өлгий сумын 3 дугаар багийн багийн нутаг дэвсгэрт байрлах шороон замаар явж байтал урд цагаан өнгийн “Аллион” маркийн тээврийн хэрэгсэл маш удаан явж миний хөдөлгөөнд саад учруулсан юм. Би яараад явж байсан тул нэлээд олон удаа сигнал дарсан боловч тухайн машин надад зам тавьж өгөхгүй хурдан явахгүй байсан бөгөөд би тэр машиныг гүйцэж түрүүлэх гэтэл надтай уралдаж зам тавьж өгөөгүй тул би хэсэг яваад тухайн машины урд гарч зогсоход тэр машины жолооч ч гэсэн зогссон юм. ...Би машинаас бууж ирээд тухайн машины жолоочтой уулзахаар очиход “Би 40 жил машин барьсан. Чам шиг бацаан юугаа мэддэг юм. Чи надтай юугаа ярих юм бэ” гэх мэтээр хэл амаар доромжилоод машинаас бууж ирээд шууд намайг заамдаж авахад би тухайн хүний зүүн талын нүүр лүү нь баруун гараараа нэг удаа алгадсан. Тэгтэл тэр хүн газраас чулуу аваад над руу шидэх гэхэд нь би хойноос нь тэвэрч авсан юм. Тэгтэл С гэдэг цагдаа ирээд салгаж авсан юм. ...Би О.Ш гуайн нэхэмжилсэн 2720000 төгрөгийг төлж барагдуулсан. Би өөрөө өндөр настай хүнийг зодож хөнгөн гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлын талаар бид хоёрт маргаан байхгүй байгаа. Улсын яллагчийн гаргасан саналтай санал нийлж байна. Төрийн албан хаагч цалингаас цалингийн хооронд амьдарч байгаа учраас торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлж өгөхийг хүсэж байна." гэх мэдүүлэг /хх-ийн 92-93 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Хохирогч О.Ш-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр охиныхоо “Аллион” маркийн цагаан өнгийн 9596 БӨТ улсын дугаартай машинаар Өлгий сумын 3 дугаар багт байдаг хамаатныхаа гэрт урилга хүргэж өгөхөөр явж байсан. Би уг айлыг олохгүй гудмаар аяархан явж байсан ба тэр үед миний араас цагаан өнгийн фургон маркийн тээврийн хэрэгсэл дохио өгч сигнал дараад тухайн машин миний урд ирж зогссон. ...Тухайн үед би машин дотор сууж байсан ба машиныхаа цонхыг буулгачихсан байсан. Тэгтэл нөгөө залуу баруун гараараа миний амны зүүн талын хэсэгт цохиход миний хамарнаас цус гарсан бөгөөд би машин дотроо цус гоожуулахгүйн тулд машины хаалгыг онгойлгоод машинаас гараад нөгөө залууг өмсөж явсан цамцнаас нь бариад “Чи аав үзээгүй ямар нохой вэ” гэж хэлээд бариад автал миний зүүн талын нүдний орчим дахин нөгөө залуу цохиход тас гэж дуугараад нүд  харанхуйлахад нь би газарт унасан. ...Сүүлд нь надаас уучлалт гуйхдаа “Уучлаарай би таныг залуу хүн гэж бодсон” гэж хэлж байсан юм. Надад А.С миний хохирлын үлдэгдэл мөнгө болох 220000 төгрөгийг мөрдөгч таны албаны өрөөнд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 19 цаг 50 минутын үед бэлнээр төлж өгсөн. Одоо надад хохирлын талаар маргаан байхгүй юм. Миний гаргаж өгсөн хохирлын баримтын хүрээнд нэхэмжлэгдсэн мөнгө бүгд төлөгдсөн юм." гэх мэдүүлэг /хх-ийн 77-80 дугаар хуудас/,

- Гэрч Х.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдрийн өглөөний 11 цагийн үед байшингаа барьж байтал гудамжинд гудамжинд нэг машин чангаар дахин дахин сигнал дараад байхаар нь хартал нэг цагаан өнгийн “Аллион” маркийн тээврийн хэрэгслийн ард цагаан өнгийн фургон машин явж байсан. Фургон маркийн машин сигнал дараад байсан юм. Тухайн цагаан фургон аллионыг гүйцэж түрүүлэх гээд байсан ба урд нь явж байсан цагаан аллион зам тавьж өгөхгүй хэт удаан явж байсан. Би аллионы жолоочийг фургоны жолоочоор тоглож байна гэж бодсон юм. Тэгж явж байгаад фургон машин сигналдаад аллионы урд зогсоход хоёр жолооч бууж ирээд “Яагаад зам тавьж өгөхгүй байна” гэж хэлээд хэсэгтээ хэрэлдээд сүүлдээ Шамелхан Серикжан руу гараа савчиж эхэлсэн. Тэгтэл С Ш-ыг цамцных нь захнаас заамдаж барьж аваад урагш татангуут нь Ш газар унасан бөгөөд босч ирэхэд Ш-ы хамарнаас нь цус гарсан байсан. Би байшингийн дээвэр дээрээс буугаад тухайн хоёр хүнийг салгаж авсан юм. Удалгүй цагдаа ирээд аваад явсан юм." гэх мэдүүлэг /хх-ийн 81 дүгээр хуудас/,

- Насанд хүрээгүй гэрч Е.М- н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өвөөгийн хамт машинтай явж байхад нэг машин бидний машины урд ирж зогсоод машинаасаа буугаад машины цонхоор өвөөгийн нүүр рүү цохиод өвөөгийн хамарнаас нь цус гараад тэр хүн дахин өвөөг машинаас буулгаж дахин нүүр лүү  цохиход өвөөгийн хацар нь улайгаад хамар нь муруйсан юм. Тэгээд өвөөгийн хувцас нь тоос болсон байсан тул би уйлсан. Тэгээд эмнэлэг рүү аваад явсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 82 дугаар хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч А.С-ы дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.С-ы бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Ш-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

            Иймд шүүгдэгч А.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.Ш-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 2720000 /хоёр сая долоон зуун хорин мянга/ төгрөгийг шүүгдэгч А.С төлж барагдуулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч А.С-ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

  1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч А.С урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

            Иймд шүүгдэгч А.С-ы үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, зэргийг харгалзан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.

            Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 450 нэгжийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч А.С нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.

Шүүгдэгч А.С-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримт болох 01190757 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, Е 0916425 дугаартай гадаад паспорт зэргийг тогтоолын хамт Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9 дэх хэсэг, мөн хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

 

ТОГТООХ нь :

  1. Шүүгдэгч С овогт А-йн С-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Энэ хэрэгт шүүгдэгч А.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шүүгдэгч А.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч А.С-ы 01190757 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, Е 0916425 дугаартай гадаад паспорт зэргийг  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тогтоолын хамт Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
  8.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 П.ДОРЖБАЛ