Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/01916

 

 

 

 

 

 

Л.М-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхбаяр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2022/02521 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.М-ийн хариуцагч А- ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний алданги 181,980,000 төгрөг болон үл хөдлөх хөрөнгө бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтууд гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, алдангид 43,088,450 төгрөг, ашиглалтын зардалд 2,805,000 төгрөг, нийт 45,893,450 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.М-, түүний өмгөөлөгч П.И, М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Талууд 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр, 04 дугаартай оффис, үйлчилгээний талбай худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт тухайн үед баригдаж байсан 9 давхар оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 3 дугаар давхарын голын талбайд 70 м.кв оффис үйлчилгээний талбайг 1 м.кв-ын үнийг 3,600,000 төгрөгөөр, гэрээний нийт үнэ 252,000,000 төгрөг байхаар харилцан тохирсон. Тухайн 3 давхартаа өөрийн захиалсан оффис үйлчилгээний зориулалттай талбайн хажууд нэмж 15 м.кв талбайг худалдан авч 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 07 дугаартай оффис, үйлчилгээний талбай захиалгаар бариулах гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 3 дугаар давхрын лифтний зүүн талд 15 м.кв оффис үйлчилгээний талбайг 1 м.кв-ын үнийг 5,666,000 төгрөгөөр, гэрээний нийт үнэ 85,000,000 төгрөг байхаар харилцан тохирсон. Захиалсан оффис үйлчилгээний 70 м.кв талбайн нийт үнэ 252,000,000 төгрөг, 15 м.кв талбайн нийт үнэ 85,000,000 төгрөг, нийт 337,000,000 төгрөгийг А- ХХК-ийн данс болон гүйцэтгэх захирал Ж.Шинэхүүгийн дансанд нь шилжүүлж дээрх гэрээнүүдийн нийт төлбөр тооцоог төлж дуусгасан. 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр БА 152/2021 дугаартай, барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын дүгнэлтээр барилга ашиглалтад орж, мөн өдөр 85 м.кв талбайн түлхүүрийг хүлээн авсан. Өмчлөх эрхээ баталгаажуулахад шаардлагатай бичиг баримтуудыг удаа дараа шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 07 дугаартай оффис, үйлчилгээний талбай захиалгаар бариулах гэрээ, 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 04 дугаартай оффис, үйлчилгээний талбай худалдах худалдан авах гэрээний 6.4-т заасны дагуу алдангид 181,980,000 төгрөг, өмчлөх эрхээ баталгаажуулахад шаардлагатай бүрдүүлбэл зохих бичиг баримт болох 15 м.кв талбайн төлбөр тооцоо дууссан тухай тодорхойлолт, эрх бүхий байгууллагаас олгосон дугаар, байршлын хаяг, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, үйлчилгээний талбайн зураг төсөл зэргийг А- ХХК-аас гаргуулж өгнө үү. Алдангийг 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэл 6 сар буюу 180 хоногоор тооцсон гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч болон манай компанийн хооронд 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 04 дугаартай оффис, үйлчилгээний талбай худалдах худалдан авах гэрээ, 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр оффис, үйлчилгээний талбай захиалгаар бариулах гэрээ тус тус байгуулагдсан нь үнэн. Дээрх гэрээнүүдийн дагуу манай компани Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт тухайн үед хэрэгжүүлсэн төсөл болох 9 давхар оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 3 давхарт 70 м.кв, 15 м.кв, нийт 85 м.кв талбайг 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөр тасалбар болгон барилгын ажлаа дуусган, улмаар хүлээлгэн өгөх ёстой байсан. Гэтэл Монгол Улсын Засгийн газараас 2020 оны 64, 102, 47, 188, 234, 1, 31, 70, 103, 159 дүгээр тогтоолууд батлагдан гарснаар давагдашгүй хүчин зүйлд өртөн, улмаар 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр барилгын ажлаа дуусгах боломжгүй нөхцөл байдал үүссэн юм. Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2020 оны тогтоолоор Улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 15-ны өдрийг хүртэл 4 хоног гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, 2020 оны 226 дугаар тогтоолоор 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 17 хоног сунгасан. Засгийн газрын 2020 оны 226 дугаар тогтоолоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 15 хоног, 2021 оны 27 дугаар тогтоолоор 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 23-ны өдрийг хүртэл 13 хоног, 91 дүгээр тогтоолоор 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 25-ны өдрийг хүртэл 16 хоног тус тус гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, 104 дүгээр тогтоолоор 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 14 хоног сунгасан. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 45, 118 дугаар тогтоолоор баталсан Коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалтын түвшинг тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журамд заасны дагуу болон дээрх нөхцөл байдлуудын улмаас манай компанийн үйл ажиллагаа нэлээдгүй доголдож, зогссон болно. Бид аль болох боломжит бүхий л хугацаагаар барилгын төслөө ашиглалтад оруулах, барилгын ажлаа дуусгах тухайгаа бүхий л талбай захиалагч нарт мэдэгдэж байсан ба үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч тал нэг ч удаа гомдол болон шаардлага гаргаж байгаагүй буюу барилга ашиглалтад оруулахтай холбоотой хугацаа хэтрэлтийг хүлээн зөвшөөрч байсан болно. 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах улсын комиссын дүгнэлтээр ашиглалтад орсон ба энэ өдөр нэхэмжлэгч Л.М-т 85 м.кв талбайн түлхүүрийг хүлээлгэн өгсөн. Иймд 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 04 дугаартай оффис, үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээний 6.3, 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн оффис, үйлчилгээний талбай захиалгаар бариулах гэрээний 6.3-т тус тус заасны дагуу алданги төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 04 дугаартай оффис, үйлчилгээний талбай худалдах худалдан авах гэрээний 6.4, 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Оффис, үйлчилгээний талбай захиалгаар бариулах гэрээний 6.4-т тус тус заасны дагуу 180 хоног хугацаа хэтрүүлээгүй. Учир нь нэхэмжлэгч тал төлөх ёстой үндсэн төлбөрөө 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн дотор төлж дуусгачихаад 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар төлсөн мэтээр худал тайлбар гаргаж байна. Энэ нь нэхэмжлэгч талын гаргаж өгсөн төлбөр төлсөн баримтуудын огноогоор нотлогдоно. Манай компани нэхэмжлэгчийн талбайд ногдох ашиглалтын төлбөрийг хариуцаад, нэхэмжлэгч төлөх ёстой төлбөрөө дур зоргоороо төлөөд үүнийхээ үр дүнд манай компанид алданги тооцох нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчид удаа дараа дээрх хоёр гэрээний хүрээнд тооцоо нийлэх, төлөх төлбөрөө яаралтай төлөх талаар шаардлага хүргүүлж байсны зэрэгцээ ашиглалтын гэрээ байгуулах саналаа удаа дараа илэрхийлэхэд ор үндэслэлгүй тайлбар хэлэн бултсаар өнөөдрийг хүрсэн. 85 м.кв талбайн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтуудыг хүлээлгэн өгсөн. 15 м.кв талбайд өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах боломжгүй гэдгийг Л.М- мэдэж байсан ба гуйсаар байгаад уг талбайг худалдаж авсан. Иймд нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Талуудын хооронд 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан 04 дугаартай оффис, үйлчилгээний талбай худалдах худалдан авах гэрээний 1.2, 3.4-т заасны дагуу Л.М- нь 252,000,000 төгрөгийг 3 хувааж төлөхөөр тохиролцсон бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Л.М-т 85 м.кв талбайн түлхүүрийг хүлээлгэн өгсөн. Гэтэл Л.М- нь 04 дугаартай гэрээний 1.2, 3.4-т заасан хуваарийн дагуу төлөх ёстой төлбөрөө тогтоосон хугацаанд төлөөгүй тул гэрээний 6.2-т заасны дагуу 41,888,450 төгрөгийн алданги тооцож, нэхэмжилж байна. Талуудын хооронд 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан 07 дугаартай оффис, үйлчилгээний талбай захиалгаар бариулах гэрээний 2.2-т заасны дагуу Л.М- нь 85,000,000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн хугацаанд төлж дуусгахаар тохиролцсон бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Л.М-т 15 м.кв талбайн түлхүүрийг хүлээлгэн өгсөн. Гэтэл Л.М- нь гэрээний 2.2-т заасны дагуу төлөх ёстой төлбөрөө тогтоосон хугацаанд төлөөгүй тул дээрх гэрээний 6.2-т заасны дагуу 1,200,000 төгрөгийн алданги тооцож, нэхэмжилж байна. Талуудын байгуулсан гэрээний 4.6-т оффисын талбайг хүлээн авснаас хойш талбайн ашиглалттай холбогдон гарсан зардал /талбайн ашиглалтын зардал, цахилгаан, ашиглалт гэх мэт/-ыг захиалагч хариуцна. Хариуцагч нь 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр үйлчилгээний талбайг хүлээн авсан. Сар бүр 1 м.кв талбайн 3000 төгрөгийн төлбөр гарсан бөгөөд өнөөдрийг хүртэл 11 сарын хугацаанд 2,805,000 төгрөг гарсныг үл хөдлөх хөрөнгийн дундын өмчлөлийн талбайн зардлыг тогтоосон хэмжээгээр төлөх үүрэгтэй. Иймд хариуцагч Л.М-ээс үйлчилгээний талбайн ашиглалтын зардал 2,805,000 төгрөг, нийт 45,893,450 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

4.Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: Хоёр гэрээний дагуу нийт 337,000,000 төгрөгийг Л.М- би А- ХХК-д шилжүүлсэн. А- ХХК нь гэрээнд заасан хугацаанд барилгыг барьж дуусгаагүй. Гэрээ байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс барилга барьж дуусах хугацаа буюу 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр улс орон даяар дэлхий нийтийг хамарсан цар тахал, ковид-19 эхлээгүй, хөл хорио байгаагүй улс орон даяар төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд хэвийн үйл ажиллагаатай ажиллаж байсан үе болно. Тухайн цаг хугацаанд би гэрээний үүргийн дагуу төлбөр тооцоог төлж байсан бөгөөд барилга гэрээний хугацаандаа баригдаж дуусахгүй, гадна, дотор засал хийгдээгүй, цонх хаалга хийгдээгүй, зөвхөн арматур бетон босгосон хэвээр, барилгын ажил нь удаашралтай байсан. Цар тахлаас өмнө гэрээний дагуу барилга барьж дуусах ёстой байтал ковид цар тахал гарангуут далимдуулан нэг жилийн дараа 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 70 м.кв байрны талбайг хүлээн авсан. Гэрээний хугацаанд буюу 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр барилга ашиглалтад ороогүйн улмаас миний төлөвлөсөн ажлууд бүгд хойшилж, асар их хохирсон. Хариуцагч дур мэдэн, үндэслэлгүйгээр сар бүр 85 м.кв талбайг 3,000 төгрөгийн төлбөр гаргаж, өөрийн компанийн дансаар болон хувийн дансаар төл гэж дарамталж төлбөрийн нэхэмжлэл гаргаж байгаа. Оффис ашиглалтын гэрээ гэх гэрээний дугаарыг өөрчлөн нэг талыг барин гэрээ хий гэж тулгаж байсан. Тус компани нь ашиглалтын нэхэмжлэл гаргах эрх бүхий субьект биш тул гэрээ байгуулаагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8, 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар А- ХХК-аас алдангид 40,716,000 төгрөг гаргуулж, Л.М-т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 141,264,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Л.М-ээс алданги, ашиглалтын зардалд нийт 45,893,450 төгрөгийг гаргуулж, А- ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1,138,050 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн 433,223 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1,275 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч А- ХХК-д олгох, А- ХХК-аас 431,730 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.М-т, нэхэмжлэгч Л.М-ээс 433,223 төгрөгийг гаргуулж, хариуцагч А- ХХК-д тус тус олгуулахаар шийдвэрлэжээ.

6.Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт зааснаар Шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх" шаардлагыг хангаагүй.

6.а.Шийдвэрийн тодорхойлох хэсгийн 1-т Нэхэмжлэгч Л.М- нь хариуцагч А- ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтууд гаргуулах, алданги 181,980,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан гэж нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг илтэд гуйвуулж бичсэн. Нэхэмжлэлд нэхэмжлэлийн шаардлагыг оффис, үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээ болон оффис, үйлчилгээний талбай захиалгаар бариулах гэрээний үүрэгт алданги 181,980,000 төгрөг гаргуулах ... гэж тодорхойлсон болно. Шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8, 243 дугаар зуйлийн 243.1, 343 дугаар зуйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 141,264,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Л.М-ээс алданги, ашиглалтын зардалд нийт 45,893,450 төгрөг гаргуулж А- ХХК-д олгосугай гэснийг зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч тал 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр зарлагдсан шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан удаа дараа шаардаж хэлсэн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дугаар 04 оффис үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээний 6.3-т заасны дагуу гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэдгээ тодруулж хэлж нотлох баримт шинжлэн судлуулахад гэрээний 6.3 дахь заалтыг нэрлэн зааж судлуулж байсан боловч анхан шатны шүүх дээрх бодит үйл баримтыг үнэлээгүй. 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 19 дүгээр хуудсанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Оффис үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээний 6.3, 6.4-т заасан гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэдгээ тодруулж хэлье. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан алданги болох 181,901,000 төгрөгийг гаргуулах нь гэрээ болон хуульд заасны дагуу үндэслэлтэй байна. Ийнхүү хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа удаа дараа тодруулж хэлж мэтгэлцэж шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж байсан зүйл заалт болох гэрээний 6.3 дахь заалтыг тодорхой дурдаж шаардаж алданги 181,980,000 төгрөг гаргуулах, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсаар байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дутуу тодорхойлж хэргийг шийдвэрлэсэн. Мөн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дугаар 04 оффис үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээний 1.6-д зааснаар барилга дуусах хугацаа 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гэж заасан боловч 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ашиглалтанд орсон бөгөөд тухайн үед тус гэрээний нийт үнийн дүнгээс 211,490,000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар төлсөн байсан тул 181,980,000 төгрөгийг гэрээний алдангид нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх илтэд хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэр гаргасан.

6.б.Сөрөг нэхэмжлэлийн тухайд Л.М-ээс алданги, ашиглалтын зардалд нийт 45,893,450 төгрөгийг гаргуулан AXX манал ХХК-д олгосугай гэснийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Учир нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дугаар 04 оффис үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээний 2.3-д ашиглалтанд орсон нөхцөлд гэрээний нийт үнийн дүнгийн 30 хувь болох 75, 600,000 төгрөгийг төлөх хуваарьтай байсан. Барилга 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ашиглалтанд орсон бөгөөд тухайн үед тус гэрээний нийт үнийн дүнгээс 211,490,000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар төлсөн байсан тул гэрээний төлбөрийн үлдэгдэл 40,510,000 төгрөг төлөгдөөгүй байв. Гэтэл шүүх хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэн, хэрэгт нотлох баримтаар өгсөн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дугаар 04 оффис үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээний 2.3 дахь заалтыг нотлох баримтаар үнэлээгүй, мөн хэрэгт баримтаар өгсөн нэхэмжлэгч Л.М-ийн төлбөрийн баримтуудаар гэрээний үлдэгдэл төлбөр 40,510,000 төгрөг болох нь нотлогдож байхад хариуцагчийн талд шийдвэр гарган 75,600,000 төгрөгөөс үндэслэлгүйгээр алданги бодон хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Ашиглалтын зардалд нэхэмжлэгч талаас дулаан, ус, цахилгааныг тогтмол төлж байсан төлбөрийн баримтуудыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгч 2,805,000 төгрөгийг төлсөн баримтуудыг хавсаргаж өгсөөр байхад үнэлэлгүйгээр үндэслэлгүйгээр хариуцагчийн нотлох баримтгүйгээр тайлбарлан хэлсэн үгээр хэргийг шйидвэрлэсэн. Л.М-ийн өмнөөс холбогдох байгууллагуудад зардлыг төлсөн гэж хариуцагч тал төлбөр төлсөн Л.М- гэсэн утгатай ямар нэгэн нотлох баримтыг гаргаж өгөөгүй байхад үндэслэлгүйгээр шйидвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

7.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн бичгээр гаргасан нэхэмжлэлээс үзвэл гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотойгоор тус гэрээний 3.4, 6.4-д зааснаар өдрийн 0,3 хувиар алданги бодож нэхэмжилсэн нь тодорхой харагдаж байна. Нэхэмжлэлээ бичгээр гаргасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шүүх хуралдаан дээр мэтгэлцсэн. Шүүх хуралдааны явцад миний зүгээс барилга хугацаандаа ашиглалтад орсонгүй гээд алданги нэхэмжилж байгаа юм уу эсхүл гэрчилгээгээ хугацаандаа гаргаж өгсөнгүй гэдэг үндэслэлээр алданги нэхэмжилж байгаа юм уу гэж асуусан. Уг асуултад аль аль нь гэж хариулсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй, бичгээр гаргаагүй байж шүүх хуралдааны явцад яагаад нэмэлтээр тайлбарлаж байгааг нь тодруулах байдлаар асуусан. Үүнийг мушгин тайлбарлаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь 70 м.кв, 15 м.кв оффисийг нэг байгууллагаас хоёр гэрээний дагуу худалдан авсан. Төлбөрийг төлөхдөө тус тусад нь төлж байсан. Гомдолд нийтэд нь төлж байсан мэт тайлбарлаж, хугацаа хэтрүүлээгүй гэж байна. Хэрэгт авагдсан гүйлгээний утгаас харвал тус тусдаа төлж байсан нь харагддаг. Гэрээнд зааснаар 4 хувааж өгөхөөр заасан ч 25 удаа хувааж төлсөн. Үүнийг сөрөг нэхэмжлэлд дурдаж, нэхэмжлэгч тал үүргийн гүйцэтгэлийг хугацаандаа төлөөгүй тул алданги тооцсон. Мөн ашиглалтын зардлыг хууль болон гэрээнд заасны дагуу шаардах эрхтэй байсан. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Талууд эхлээд худалдах-худалдан авах гэрээ хийж, дараагаар нь оффис захиалан бариулах гэрээ хийсэн. Нэг төрлийн харилцаан дээр хоёр гэрээ хийж төөрөгдлийн байдал үүссэн тул худалдах-худалдан авах гэрээг хүчингүй гэж ярилцсан. Учир нь тухайн барилга нь дөнгөж баригдаж байсан тул худалдах-худалдан авах гэрээ тохиромжгүй, захиалан бариулах гэрээ гэж явах нь зүйтэй гэж үзсэн. Нэхэмжлэгчийн ярьж буй гэрээний заалтууд нь нэхэмжлэлийн шаардлагад огт дурдагдаагүй, энэ талаар талууд маргаагүй атал гомдолд дурдаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн Э.Адъяасүрэн, н.Шинэхүү нар нь А- ХХК-ийн хувьцааг 30, 70 хувиар эзэмшдэг. Компанийн дүрэм болон улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Дээрх баримтаас итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд мөн гэдэг нь харагдаж байгаа. Ямар нэг процессын алдаа гараагүй гэж үзэж байна гэжээ.

8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байх тул тус гомдлыг гаргаж байна. Талуудын хооронд байгуулсан 04, 07 дугаартай гэрээний 3.3-т Захиалагчаас төлсөн оффисын талбайн 100 хувийн төлбөрийн баримтыг үндэслэн, оффисын талбайг хүлээлцсэн акт үйлдэж, түлхүүр болон бусад дагалдах зүйлийг захиалагчид хулээлгэн өгнө гэж заасан байдаг. Гэтэл Л.М- нь талбайн төлбөрийг хугацаанд нь төлөөгүйгээс болж гэрээний 6.2-т Захиалагч нь оффисын талбайн төлбөрийг тогтоосон хугацаанд төлөлгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг гүйцэтгэгчид төлөх үүрэгтэй гэж заасны дагуу 43,088,450 төгрөгийг хангаж шийдсэн. Анхан шатны шүүхэд манай зүгээс хугацаа хэтрүүлсэн зүйлгүй харин ч Л.М-ийг тооцоо нийлье, гэрээгээ дүгнэе гэж шаардаж байсан. Гэрээний 6.2-т заасан гүйцэтгэгч төлбөрөө хугацаанд төлөөгүй алданги зэргийг төлж барагдуулаагүй байгаа нь Л.М- нь гэрээ зөрчсөн манай компанид нэмж алданги төлөхөөр болсон тул манайхаас гэрчилгээ, болон алданги нэхэмжлэх эрх үүсээгүй буюу төлбөрөө 100 хувь төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэж мэтгэлцсэн болно. Шүүхийн шийдвэрт талууд Л.М- нь төлбөрөө 100 хувь төлсөн гэж дүгнэсэн нь талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийн 6.2, 3.3 дугаар заалтыг дүгнээгүй нь А- ХХК-ийн эрх зөрчигдсөн гэж үзэж байх тул үндсэн нэхэмжлэлээс хангаж шийдвэрлэсэн 40,716,000 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

9.Нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн гомдолтой холбоотой тайлбарыг өөрийн гомдолтой хамт ярьсан учир нэмж хэлэх зүйлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

2.Нэхэмжлэгч Л.М- нь хариуцагч А- ХХК-д холбогдуулан гэрээний дагуу алданги 181,980,000 төгрөг гаргуулах, мөн 15 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч алданги болон ашиглалтын зардалд нийт 45,893,450 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

3.Зохигчид 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 04 дугаартай оффис, үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээ, 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 07 дугаартай оффис, үйлчилгээний талбай захиалгаар бариулах гэрээг тус тус байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгч Л.М- нь дээрх гэрээнүүдийн 6.4-т заасны дагуу алданги нэхэмжилсэн байна. /хх-ийн 1-3-р тал/

3.а.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах эрхтэй. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ алдангийг гэрээний 6.4-т заасны дагуу нэхэмжилнэ гэсэн бол шүүх хуралдаанд гэрээний 6.3-т заасны дагуу нэхэмжилнэ гэж зөрүүтэй тайлбар гаргасныг анхан шатны шүүх тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. /2хх-ийн 91, 94, 100-р тал/. Өөрөөр хэлбэл, гэрээний 6.3, 6.4-т алданги тооцох хувь хэмжээ болон агуулгыг өөрөөр тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн эсэхийг тодруулах шаардлагатай. Уг асуудлыг тодруулах нь нэхэмжлэлийн нэг дэх шаардлагад дүгнэлт өгөхөд ач холбогдолтой.

3.б.2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 04 дугаартай оффис, үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан талаар зохигчийн хэн аль нь тайлбарлаж байх боловч огноо, дугаар ижил, зүйл, заалт агуулгын зөрүүтэй хоёр гэрээ хэрэгт авагдсан. /хх-ийн 5-7, 2хх-ийн 45-49-р тал/. Анхан шатны шүүх дээрх хоёр гэрээний алийг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон талаар шийдвэртээ заагаагүй, аль гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн хүчин төгөлдөр гэрээ болох талаар талууд харилцан мэтгэлцээгүй байгаа тохиолдолд давж заалдах шатны шүүхээс дүгнэх боломжгүй байна.

Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах эрхийг шүүх эдлэх бөгөөд уг хуулийн зохицуулалтыг хэрэглэх нөхцөл бүрдсэн эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай. Ингэснээр зохигч шаардлага, татгалзлын үндэслэлээ нотлох боломж бүрдэх юм.

3.в.Түүнчлэн, нэхэмжлэгч Л.М- нь худалдах, худалдан авах гэрээний зүйл болох 15 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтуудыг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч тус талбай нь анхнаасаа барилгын зураг төсөлд нийтийн эзэмшлийн буюу ариун цэврийн өрөөний зориулалттай тусгагдсан, өмчлөх эрхийн гэрчилгээ гарах боломжгүй талаар нэхэмжлэгч талтай тохиролцсон гэж тайлбарлажээ. Маргааны зүйл болж буй 15 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө барилгын зураг төсөлд хэрхэн, ямар зориулалтаар тусгагдсан, уг зураг төсөл өөрчлөгдсөн эсэх, тус талбайд өмчлөх эрхийн гэрчилгээ гарах боломжтой эсэхийг мөн тодруулах шаардлагатай. Уг шаардлагын хувьд зохигчийн хэн аль нь тайлбараа баримтаар нотолж чадаагүй буюу маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байна.

4.Дээрх тохиолдолд давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд гэрээний үүргийн талаар дүгнэлт хийх боломжгүйн гадна, анхан шатны шүүхийн гаргасан дээрх зөрчлийг залруулах буюу нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа хийх эрхийг хуулиар олгоогүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2022/02521 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Л.М-ээс төлсөн нийт 1,093,750 төгрөг, хариуцагч А- ХХК-аас төлсөн 361,530 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ