Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 174

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: И.Бадамцэцэг,

Улсын яллагч: Л.Солонго,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Оюунтунгалаг,

Шүүгдэгч: Г.А  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Охин овгийн Г.А д холбогдох 1828000790072 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Манлай суманд төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, барилгын сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамтаар Өмнөговь аймаг Цогт-Цэций сум, 3 дугаар баг, .................... оршин суух хаягтай, урьд Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ, Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял, Өмнөговь аймаг дахь Сум дундын 15 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 cap хорих ял, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар нийт 5 жил хорих ялаар тус тус шийтгүүлж 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2018/ХМШЗ/07 дугаартай Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 1 жил 10 сар 2 /хоёр/ хоногийн хугацааны өмнө суллагдсан, Охин овгийн Г.А , регистрийн дугаар ....................;

Шүүгдэгч Г.А  нь 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын төв, Дэнжийн 5-21 тоотоос иргэн А.Г ийн эзэмшлийн улсын дугааргүй, Даюун-150 маркийн мотоциклийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж, бусдад 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.А  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 04 сарын 25-ны орой Дундговийн Луус сумаас гараад гэр рүүгээ явах замд мотоцикл эвдрээд Цогт-Овоо суманд очоод найзынхаа эгчийн хашаанд мотоциклоо тавиад сумын баруун хойно байх задгай хашаанд байсан мотоциклийг түрж гаргаад унаад явсан. Тэгээд 27-ны өглөө буцааж авч ирээд задгай хашаанд нь ил харагдахуйц байшингийн ард мотоциклийг нь тавиад хажууд нь хараад зогсож байсан. Эзэн нь ирээд мотоциклоо үзээд буцаж яваад тэгээд 1 цаг орчмын дараа цагдаа дагуулж ирээд цагдаа зургийг нь аваад эзэнд нь хүлээлгэж өгөөд явсан. Тэгэхээр нь би урагшаа алхаад замын машинд суугаад гэр рүүгээ явсан. Гэртээ очоод 3 хоногийн дараа Цогтцэций сум руу ээжийнхээ хамт явсан. Ээж ажилтай гэхээр нь тэнд буулгаад байж байхад манай найз залгаад цагдаа чамайг хайж байна гэсэн. Тэгэхээр нь би цагдаа дээр очоод  хэлсэн. Би мотоциклийг нь аваад буцааж аваачиж өгсөн юм. Тэгээд намайг хулгай хийсэн гээд хайж байх шиг байна. Яах вэ? гэхэд мөрдөгч ярьсан. Тэгээд Цогт-Овоо сумын төлөөлөгч Майдар гэж хүн дуудаад би очсон. Тэгээд намайг энд аваад ирсэн.

Хохирогч А.Г  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:” 2018 оны 04 дүгээр сарын 25-ны орой 17 цагийн үед би эхнэрийн хамтаар өөрийн мотоциклиор явж ирээд, мотоциклио гэрийнхээ үүдэнд, тамбар луу шахаад тавьсан байсан. Өглөө 8 цагийн үед босоод бие засах гээд гарахад өчигдөр орой байсан мотоцикль маань байхгүй болсон байсан. Хашааныхаа гадуур ойр хавиараа мотоциклио эрж хайгаад байхгүй байхаар нь сумын хэсгийн төлөөлөгчид гомдлоо гаргасан. Үүнээс хойш 27-ны өглөө миний мотоциклийг сумын баруун талд байх дутуу баригдсан байшингийн өмнө талд тавьсан байсныг очиж үзээд миний мотоцикль мөн байхаар нь авсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй...”/хх-ийн 18 хуудас/

Шүүгдэгч Г.А  мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгт:” ...2018 оны 04 сарын 25-ны орой Дундговь аймгийн Луус сумаас 20 цагийн үед мотоцикльтой Өмнөговь аймгийн Цогт-Цэций сум орох гээд ганцаараа гарсан юм. Дундговь аймгийн Хулд сум өнгөрөөд явж байхад мотоциклийн кроп тосгүй болчихоор нь буцаж Хулд сум орж колонкоос тос авч хийгээд Цогт-Овоо сумруу гарсан. 02 цаг өнгөрч байхад Цогт-Овоо сум орсон. Миний унаж явсан мотоциклийн эзэн Э ын  88711980 утасруу залгаад мотоцикль чинь эвдэрчихлээ яах вэ гэж асуухад “тэгвэл нэг газар орхиод явчих” гэсэн. Тэгээд мотоцикльтойгоо яваад нэг таньдаг айлдаа хонох гээд очсон боловч хашааны хаалга нь дотроосоо цоожтой, хаалгыг нь нүдээд тайлахгүй болохоор нь яваад өгсөн. Э ын хамаатны эгчийнх нь хашаанд мотоциклийг нь оруулаад хашаанаас гарсан. Хонох айл байхгүй болохоор гадуур алхаж байгаад 04 цаг өнгөрч байхад сумын баруун захад баруун тал нь задгай хашаатай, байшинтай айлын үүдэнд улаан, ногоон өнгийн 2 мотоцикль байхаар нь ногоон өнгөтэй мотоциклийг хашаанаас гаргаж баруун хойш зүгт түрээд 200 орчим метр газар явж байгаад кундакторт нь төмрөөр түлхүүр тааруулж асаагаад тэр шөнөдөө мотоцикльтой яваад 07 цагийн үед Таван-толгойн тосгонд байх гэртээ очсон. 2018 оны 04 сарын 27-ны өглөө 06 цаг өнгөрч байхад ээжээс 50.000 төгрөг аваад мотоцикльд шатахуун хийгээд буцаад Цогт-Овоо сум руу явж, 10 цагийн үед очоод сумын урд талд байх дутуу баригдсан байшингийн ард талд мотоциклийг орхичихоод явсан.  Цогт-Овоо сумаас гараад зам дагаж явган явж байгаад замын машинд гар өргөж суугаад Цогт-Цэций суманд ирсэн. ...Эзнийг нь танихгүй болохоор мэдэгдээгүй юм. Тухайн үед Цогт-Овоо суманд хонох айл байхгүй, мөн утасны цэнэг дуусаад хүнтэй холбоо барих боломжгүй байсан учраас мотоцикльтой айл таарахаар нь мотоциклийг нь унаж яваад ээжтэйгээ уулзаж мөнгө аваад эргэж ирнэ гэж бодоод аваад явсан юм. Би шар өнгийн дээлтэй, улаан өнгийн бүстэй, цэнхэр өнгийн бэлтгэлийн өмдтэй, хар өнгийн хагас түрийтэй, арзгар хээтэй, үдээстэй гуталтай явсан. ...Мотоциклио эзэн нь олсон байсан...” /хх-ийн 24 хуудас/

“Ашид билгүүн” ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хөрөнгө үнэлгээний дүгнэлтэд: Автомашин техникийн зах зээлийн дундаж үнэлгээ 1.600.000 төгрөг /хх-ийн 30 хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 05 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас бэхжүүлэн авсан 2 ширхэг гутлын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Хэргийн газраас бэхжүүлэн авсан гутлын мөрнүүд нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн Г.А аас хураан авсан хар өнгийн хагас түрийтэй гутлын баруун, зүүн өмсгөлийн улны хээтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна. Хэргийн газраас бэхжүүлэн авсан гутлын мөрнүүд нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн гутлын улны хээтэй /хээний ерөнхий дүрслэл, хэмжээ, өсгийний ар болон урд талын захын хэсэгт байх жижиг дугуй хэлбэртэй хээнүүд/-нь ерөнхий болон хувийн онцлог шинжүүдээрээ ижил төстэй байна /хх-ийн 35 хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-15 дугаар хуудас/

Гарын дардасны бланк /хх-ийн 57 хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.А  нь 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын төв, Дэнжийн 5-21 тоотоос иргэн А.Г ийн эзэмшлийн улсын дугааргүй, Даюун-150 маркийн мотоциклийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж, бусдад 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруу нь санаатай болон болгоомжгүй хэлбэртэй байх бөгөөд шүүгдэгч Г.А ы үйлдсэн гэмт хэрэг нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэйг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн байх тул санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.А  нь хохирогч А.Г ийн даюун-150 маркийн мотоциклийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь хохирогч А.Г ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт:“...Үүнээс хойш 27-ны өглөө миний мотоциклийг сумын баруун талд байх дутуу баригдсан байшингийн өмнө талд тавьсан байсан. Очиж үзээд миний мотоцикль мөн байхаар нь авсан...” /хх-ийн 18 хуудас/, шүүгдэгч Г.А  мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгт:”...Эзнийг нь танихгүй болохоор мэдэгдээгүй юм. Тухайн үед Цогт-Овоо суманд хонох айл байхгүй, мөн утасны цэнэг дуусаад хүнтэй холбоо барих боломжгүй байсан учраас мотоцикльтой айл таарахаар нь мотоциклийг нь унаж яваад ээжтэйгээ уулзаж мөнгө аваад эргэж ирнэ гэж бодоод аваад явсан юм...” /хх-ийн 24 хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Хохирогч А.Г  нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт: “...Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй...”/хх-ийн 18 хуудас/” гэснээр шүүгдэгч Г.А  нь хохирогч А.Г т төлөх гэм хорын хохирол төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Г.А ы үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Г.А ыг автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.А  нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 26 дугаартай тогтоолоор 5/ тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж /хх-ийн 70-79 хуудас/, уг ялаас 3 жил 1 сар 28 хоногийг биеэр эдэлж, Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2018/ХМШЗ/07 дугаартай захирамжаар /хх-ийн 110-111 хуудас/ 1 жил 10 сар 2 хоногийн хугацааны өмнө суллагдаж хяналт тогтоогдсон байна.

Шүүгдэгч Г.А  нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 1 жил 10 сар 2 /хоёр/ хоногийн хугацааны өмнө суллагдаж хяналт тогтоогдсоноос хойш 3 сар 2 хоногийн дараа буюу 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр уг гэмт хэргийг үйлджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 26 дугаартай тогтоолоор оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялаас 3 жил 1 сар 28 хоногийг биечлэн эдэлсэн байх ба 1 жил 10 сар 2 хоногийн хугацааны өмнө суллагдаж хяналт тогтоогдсоноос хойш 3 сар 2 хоногийн дараа гэмт хэрэг үйлдсэн байх тул дээрх тогтоолоос эдлээгүй үлдсэн хорих ял 1 жил 7 сар байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэнэ...”, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно...” гэж тус тус заасны дагуу Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сарын хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын 8 /найм/ цагийг 1 хоногийн хорих ялд шилжүүлэн 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 8 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ...нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас хасна...” гэж заасан байх тул шүүгдэгч Г.А ы 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 41 хоногоос 30 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялд оруулан тооцож, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.А д Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 26 дугаартай тогтоолоор оногдуулсан 5/ тав/ жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сарын хугацаагаар хорих ялаас 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 41 хоногоос үлдсэн 11 хоногийг хасаж, хорих ял эдэлсэнд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Г.А ы 1 хос гутлыг шүүгдэгч шүүх хуралдааны үед буцаан авах хүсэлт гаргасан тул хууль ёсны эзэмшигчид шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.А д холбогдох хэрэгт холбогдуулан битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.А д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Охин овгийн Г.А г автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сарын хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоногийн хорих ялд шилжүүлэн 30 /гуч/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 8 сарын хугацаагаар тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А д оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 хоногоор тооцож шүүгдэгч Г.А ы 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 41 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялд оруулан тооцож шүүгдэгч Г.А г энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А ы цагдан хоригдсон 11 хоногийг 1 жил 7 сарын хорих ялаас хасаж хорих ял эдэлсэнд тооцсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хагас түрийтэй, арзгар хээтэй хар өнгөтэй, 1 хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.А д буцаан олгосугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Г.А  нь хохирогчид төлөх төлбөр хохиролгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад 41 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

         8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Т.ДЭЛГЭРМАА