Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүгэрсүрэнгийн Алтанцэцэг |
Хэргийн индекс | 124/2016/0033/з |
Дугаар | 35 |
Огноо | 2016-11-01 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О.Ц итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж .Э нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох,
“Улсын Их Хурлын сонгуулийн 31 дүгээр тойргийн 1,2,3,4-р хэсгийн санал авах байруудын дэргэд ажилласан Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн ажилтнууд шилжин ирсэн сонгогчдыг сонгогчийн нэрийн жагсаалтанд бүртгэхдээ сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчиж хийсэн бүртгэлүүдийг хүчингүй болгуулах,дээр дурдсан хүчингүй бүртгэл бүхий сонгогчдын нэрсийг сонгогчийн нэрийн жагсаалтаас хасуулж хүчингүйд тооцуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Ц итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Их Хурлын болон орон нутгийн 2016 оны ээлжит сонгууль улс орон даяар идэвхтэй явагдаж, дүнгээ гаргалаа. Увс аймаг дахь Улсын Их хурлын сонгуулийн 31-р тойрогт Монгол ардын намаас нэр дэвшигч Б.Ч 8358 санал, Ардчилсан намаас нэр дэвшигч О.Ц 7737 санал тус тус авч 621 саналын зөрүүгээр Монгол ардын намаас нэр дэвшигч Б.Ч ялалт байгуулсан гэсэн мэдээлэл гарсан. Увс аймгийн Ардчилсан намаас өмнө нь Увс аймгийн Иргэний бүртгэл статистикийн газар, Увс аймаг дахь Цагдаагийн газар, Увс аймгийн Сонгуулийн хороо, мөн Монгол ардын намд хандаж Увс аймгийн иргэдийн эрх ашгийг хүндэтгэж Сонгуулийн тухай хуульд заасан сонгогч шилжих зохицуулалтыг урвуулан, хууль бусаар ашиглаж, тухайн тойрог, хэсэг дэх сонгогчдын сонгох, намаас нэр дэвшигчдийн сонгогдох эрхийг ноцтой зөрчихгүйгээр сонгууль явуулах /царцаагүй сонгууль явуулах/ уриалга, хүсэлтийг гаргаж байсан билээ. Энэ удаагийн сонгуульд зөвхөн Улаангом суманд гэхэд Улсын хэмжээнд хамгийн их сонгогч шилжиж ирсэн буюу 2345 сонгогч ирсэн байгаа нь тус сумын нийт сонгогчдын 30 хувийг эзэлж байгаа явдал нь нэг талаас Увс аймгийн жирийн иргэд, сонгогчдын эрх ашиг ноцтой зөрчигдсөн, нөгөө талаар сонгуульд оролцогч нам, намаас нэр дэвшигчдийн, нэр дэвшигч О.Ц миний тэгш, шударга, хууль дээдлэх зарчмыг баримтлан сонгуульд оролцох, сонгогдох эрхийг зөрчсөн явдал боллоо. Уг Сонгуулийн тухай хуульд заасан сонгогч шилжих зохицуулалтын дагуу шилжин ирсэн сонгогчдыг айл, өрхийн хаяг дээр зөвшөөрөлгүй давхардуулан бүртгэх, түүнчлэн бичиг баримтын бүрдэл, шаардлага хангахгүй иргэдийг бүртгэн сонгуульд саналыг нь өгүүлсэн, сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, давхардлыг шалгах, сонгогч шилжих, санал авах журмыг зөрчсөнөөс сонгуулийн дүнд ноцтойгоор нөлөөлсөн. Мөн Улсын Их Хурлын сонгуулийн 31-р тойргийн санал авах байруудын дэргэд ажилласан улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтнууд, хэсгийн ахлах зохион байгуулагч нар нь Улсын бүртгэл, статистикийн Ерөнхий газрын даргын 2016 оны А/287 тоот тушаалын хавсралт “Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, давхардлыг шалгах, сонгогч шилжих журам”-ын 5 дугаар зүйлийн 5.4 дэх заалтыг удаа дараа зөрчиж, шилжин ирсэн сонгогчийн иргэний үнэмлэхийг үндэслэн бүртгэл хийгээгүй, бичиг баримтын шаардлага хангаагүй иргэдийг бүртгэсэн, зохион байгуулалттайгаар олноор, бөөн бөөнөөр нь уут дүүрэн шилжих хуудсыг сонгогчдыг төлөөлөх эрхгүй нэг этгээд өмнөөс нь өгснийг бүртгэсэн зэрэг ноцтой зөрчлүүд гарсан болно. Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас Аймаг, дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлсэн 2016.06.27-ны өдрийн 1/8196 тоот албан бичигт “...Шилжин явсны бүртгэлд бүртгүүлсэн сонгогч шилжин очих гзартаа өөрийн биеэр ирж бүртгүүлэх боломжгүй бол Улсын бүртгэл статистикийн ерөнхий газрын даргын 1/7964 тоотоор өгсөн чиглэлийн үндсэн дээр Иргэний хуулийн 62.3. “Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ”, 62.4. “Төлөөлөгч итгэмжлэлээр эрх олгосон үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх үүрэгтэй” гэж заасныг баримтлан сонгогчийн хүсэлтийг нотариатаар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан бүртгэх тохиолдолд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэх, шилжин ирсэн сонгогчийн байнга оршин суугаа газрын сонгуулийн хэсгээс олгосон “Сонгогч шилжих хуудас”-ыг үндэслэн санал авах байрны ахлах зохион байгуулагч, итгэмжлэгдсэн ажилтан сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэсэн тухай тэмдэглэл үйлдсэнээр ...бүртгэсэн” гэжээ. Гэтэл нэр дэвшигчид санал өгөх, сонгох эрх нь зөвхөн тухайн Монгол Улсын иргэний асуудал байгаа, уг санал өгөх, сонгох эрхээ хэрэгжүүлэхээр сонгогчийн шилжих, сонгогчийн нэрийн жагсаалтад сонгогчийн нэмж бүртгүүлэх ажиллагаанд сонгогч өөрөө биш түүний өмнөөс олноор нь, зохион байгуулалттайгаар сонгуулийн дүнд нөлөөлөх зорилгоор ямар ч итгэмжлэлгүй этгээд бүртгүүлж, сонгогчдын нэрийн жагсаалтад нэмж бүртгүүлсэн асуудлууд гарч, үүнийг нь нүдээр харсан гэрчүүд, тэрбүү хэл улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтнууд нь өөрсдөө баталж байна. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх асуудлаар Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт 2016.07.01-ний өдөр гомдол гаргахад 2016.07.27-ны өдрийн 11/8769 дугаар албан бичгээр “...шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү” гэсний дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд дээрх байдлаар хууль тогтоомж зөрчиж сонгууль явагдсанаас сонгууль шударга явагдаж чадаагүй, О.Ц миний сонгогдох эрх зөрчигдсөн гэж үзэн дараах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байгааг хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Улсын Их Хурлын сонгуулийн 31-р тойргийн 1,2,3,4-р хэсгийн санал авах байруудын дэргэд ажилласан Увс аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн ажилтнууд шилжин ирсэн сонгогчдыг сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэхдээ сонгуулийн тухай хууль, тогтоомж зөрчиж хийсэн бүртгэлүүдийг хүчингүй болгуулах, дээр дурдсан хүчингүй бүртгэл бүхий сонгогчдын нэрсийг сонгогчийн нэрийн жагсаалтаас хасуулж хүчингүйд тооцуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийг төлөөлөн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “ Аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь Сонгуулийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсэгт “Сонгогч шилжих бол санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө энэ тухай хүсэлтээ өөрийн байнга оршин суугаа газрын харьяа санал авах байранд бичгээр гаргах бөгөөд санал авах байр энэ тухай улсын бүртгэлийн холбогдох байгууллагад мэдэгдэнэ “, 65.4 дэх хэсэгт “ Сонгогч шилжсэн бол шилжин очсон газрынхаа санал авах байранд санал авах өдрөөс арваас доошгүй хоногийн өмнө шилжих хуудсаа өгөх бөгөөд түүнийг санал авах байр улсын бүртгэлийн холбогдох байгууллагад хүргүүлнэ “ гэж тус тус заасны дагуу аймгийн хэмжээнд сонгогч шилжин явсны , ирсний бүртгэлийг сонгуулийн тухай хууль, холбогдох журмын дагуу хугацаанд нь бүртгэсэн.
“Сонгогчийн нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, давхардлыг шалгах, сонгогч шилжих “ журмын 5.4-т “ Санал авах байр шилжин ирсэн сонгогчийн иргэний үнэмлэхийг үндэслэн “ Сонгогч шилжих хуудаст “ шилжин ирсэн тухай тэмдэглэж, хуудсыг улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтанд хүргүүлнэ “ гэж заасны дагуу шилжин ирсэн сонгогчийн “ Сонгогч шилжих хуудсыг “ санал авах байрны ахлах зохион байгуулагч баталгаажуулан, улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан тэмдэглэл үйлдэж, аймгийн бүртгэлийн байгууллагын улсын бүртгэгч иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас “сонгогч шилжин ирсэн тухай лавлагаа “ гаргаж шилжин ирсэн сонгогчийг сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэсэн.
Нэгэнт “ Сонгогч шилжих хуудас “-ыг санал авах байрны ахлах зохион байгуулагч баталгаажуулан, улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан тэмдэглэл үйлдэж ирүүлсэн тохиолдолд бүртгэлийн байгууллага нь сонгуулийн тухай хуулийн 11.4-д “ Сонгуулийн эрх бүхий иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно “ гэж зааснаар сонгогчийг шилжин ирсэн сонгуулийн хэсгийн сонгогчдын нэрсийн жагсаалтанд бүртгэхгүй байх хуулийн үндэслэл байхгүй.
Иймд тус хэлтэс нь Сонгуулийн тухай хууль журмыг зөрчөөгүй бөгөөд УИХ-ын сонгуулийн 34-р тойрогт нэр дэвшигч О.Ц итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : “ Сонгуулийн тухай хуулийн 65.2-д зааснаар сонгогч шилжих бол шилжих хүсэлтээ өөрийн байнга оршин суугаа газрынхаа санал авах байранд хүсэлтээ бичгээр гаргана.Мөн хуулийн 65.4-д сонгогч шилжин ирсэн бол шилжих хуудсаа санал авах байранд хүргүүлнэ гэж заасан.
Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 03 сарын 04-ний өдрийн А/187 дугаар тушаалаар баталсан “ Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, давхардлыг шалгах, сонгогч шилжих журам”-ын 5.4-д “ Санал авах байр шилжин ирсэн сонгогчийн иргэний үнэмлэхийг үндэслэн сонгогч шилжих хуудаст шилжин ирсэн тухай тэмдэглэж, хуудсыг улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтанд хүргүүлнэ” гэж заасан.Шилжих хуудсыг эхлээд санал авах байр хүлээж аваад ахлах зохион байгуулагч гарын үсэг зурж баталгаажуулаад улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтанд хүргүүлнэ.Улсын бүртгэлийн байгууллага баталгаажуулсан шилжих хуудсыг үндэслэн нэрийн жагсаалтад нэмэхээр журамласан тул манай байгууллага хууль болон журмыг зөрчөөгүй болно “ гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн О.Ц итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, тус шүүхэд хандан “Улсын Их Хурлын сонгуулийн 31 дүгээр тойргийн 1,2,3,4-р хэсгийн санал авах байруудын дэргэд ажилласан Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн ажилтнууд шилжин ирсэн сонгогчдыг сонгогчийн нэрийн жагсаалтанд бүртгэхдээ сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчиж хийсэн бүртгэлүүдийг хүчингүй болгуулах,дээр дурдсан хүчингүй бүртгэл бүхий сонгогчдын нэрсийг сонгогчийн нэрийн жагсаалтаас хасуулж хүчингүйд тооцуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч , итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэргийг нэхэмжлэлийн хүрээнд тал бүрээс нь үнэлээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э “ Улсын Их Хурлын сонгуулийн 31-р тойргийн 1,2,3,4-р хэсгүүдэд шилжин ирсэн сонгогчдыг бүртгэхдээ ямар нэг итгэмжлэлгүйгээр бөөнөөр нь бүртгэж, сонгуулийн тухай хууль, журмыг зөрчсөны улмаас сонгууль шударга явагдаагүй тул О.Ц сонгогдох эрх зөрчигдсөн “ гэж маргаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.
Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “ Шилжин ирсэн сонгогчдын бүртгэлд сонгуулийн хэсгүүд бүртгэсэн талаарх тэмдэглэл хийсэн тул улсын бүртгэлийн байгууллага сонгогчдын нэрсийн жагсаалтад шилжин ирсэн сонгогчдыг хууль, журмын дагуу нэмж бүртгэсэн тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй “талаар тайлбар гаргав.
Улсын Их Хурлын 2016 оны 05 сарын 12-ны өдрийн “ Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах,тойргийн мандатын тоо,дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай “ 41 дугаартай тогтоолын хавсралтаар Улсын Их Хурлын сонгуулийн 31-р тойрогт Увс аймгийн Тэс, Зүүнговь,Баруунтуруун, Цагаанхайрхан, Давст, Сагил сумууд, Улаангом сумын 3,7,8,12 дугаар багууд багтжээ.
Улсын Их Хурлын сонгуулийн 31-р тойргийн 1,2,3,4-р хэсгүүдэд буюу Улаангом сумын 3-р багт 709, 7-р багт 757, 8-р багт 332, 12-р багт 525 сонгогч нийт 2323 сонгогч шилжин ирж сонгогчдын нэрсийн жагсаалтад нэмж бүртгэгдсэн талаар Улсын бүртгэлийн хэлтсийн 2016.10.24-ний өдрийн 1/937 дугаар албан бичгээр лавлагаа ирүүлсэн бөгөөд тоон үзүүлэлтийн талаар талууд маргаангүй байгаа болно.
Харин шилжин ирсэн сонгогчдыг хууль, журмын дагуу бүртгээгүйгээс Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч О.Ц сонгогдох эрх зөрчигдсөн гэж маргаж байна.
Эдгээр сонгогчдоос хэдэн сонгогч санал өгсөн талаарх тоон мэдээлэл бие дааж гараагүй, бие даасан бүртгэлгүй тул сонгуулийн ирц, бүртгэлийн хаалтын тайлангаас тооцож үзвэл / тухайлбал, тайланд 2-р хэсэгт УИХ сонгуульд санал өгсөн тоо 2365, ИТХ-д санал өгсөн тоо 1736 гэж гарсны зөрүүгээр 629 сонгогч гэж тооцов/ шилжин ирсэн нийт 1796 сонгогч Улсын Их Хурлын сонгуульд санал өгсөн байна.
Улсын Их Хурлын сонгуулийн 31-р тойргийн 1,2,3,4-р хэсгүүдэд шилжин ирсэн 2323 сонгогчдын бүртгэл хэрхэн хийгдсэн талаар тус сонгуулийн хэсгүүдэд ажилласан ахлах зохион байгуулагч болон иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтнууд дараах гэрчийн мэдүүлэг өгсөн байна.
3-р хэсгийн ахлах зохион байгуулагч Ж.Г шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “ Шилжсэн иргэдийн бүртгэлийг 2016 оны 06 сарын 19-ний өдөр хүртэл бүртгэсэн.Бид шилжин ирсэн сонгогчдыг тухайн хэсэг дээр анх ирсэн сонгогчдын нэрсийн жагсаалтад нэмж бүртгээд явсан.Ахлах зохион байгуулагчийн хувьд шилжин ирсэн сонгогчийн бүртгэлийн маягт дээр гарын үсэг зураад, тамга дарж баталгаажуулдаг байсан.Сонгогчдын шилжих хуудсыг Улаангом сумын иргэд олноор нь авч ирж бүртгүүлж байсан, Дээд тал нь нэг иргэн 20 орчим сонгогчийн шилжих хуудас авч ирсэн.Сонгогчдыг бүртгэхдээ иргэний үнэмлэх болон итгэмжлэл зэрэг бичиг баримтыг шаардаагүй “ гэж,
4-р хэсгийн санал авах байрны ахлах зохион байгуулагч О.Г, гэрчийн мэдүүлэгтээ “ Улаангом сумын иргэд шилжих хуудсыг олноор нь авч ирж бүртгүүлсэн.Дээд тал нь 30 орчим сонгогчийн хуудсыг нэг дор бүртгүүлсэн.Бүртгүүлсэн иргэдэд ямар нэг итгэмжлэл олгогдоогүй байсан,Энэ талаар Улсын бүртгэлийн даргатай уулзахад итгэмжлэл шалгахгүйгээр бүртгэлийг хий гэж хэлсэн” гэж,
1-р хэсгийн санал авах байрны улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан Ө.Б гэрчийн мэдүүлэгтээ “ Манай хэсэг дээр 700 гаруй сонгогч шилжин ирсэн.Шилжих хуудсанд сонгогчийн иргэний үнэмлэхийн хуулбарыг хавсарган, сонгуулийн хэсэгт шилжүүлэв гэсэн бичилттэй байсан.Иргэд сонгогч шилжих хуудсыг бөөнөөр нь авч ирж бүртгүүлж байсан.Тухайлбал 5 хүн 50 орчим хуудсыг бүртгүүлж байсан.Иргэдээс ямар нэгэн итгэмжлэл болон бичиг баримт шаардаагүй,энэ талаар Улсын бүртгэлийн байгууллагаас тодруулахад сонгогч шилжих хуудсыг бүртгэх нь зүйтэй гэсэн хариу өгсөн.Зарим цөөн тохиолдолд шилжих хуудсыг итгэмжлэлтэйгээр авч ирсэн.Шилжилт хөдөлгөөн дуусахаас 2 хоногийн өмнө Улсын бүртгэлийн Ерөнхий газраас итгэмжлэл үндэслэх талаарх чиглэл ирсэн, энэ албан бичиг ирснээс хойш шилжилт цөөн хийгдсэн “ гэж,
2-р хэсгийн санал авах байрны улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан Я.Б, гэрчийн мэдүүлэгтээ“ Манай хэсэгт шилжин ирсэн сонгогчдыг хуулийн хугацааанд нь бүртгэсэн.Шилжин ирсэн сонгогчдын шилжих хуудсанд сонгогчийн иргэний үнэмлэхийн хуулбарыг хавсаргасан байсан,Шилжих хуудсанд тухайн сонгогчийн бүртгэлтэй байсан хэсгийн хорооны нэрийн жагсаалтаас хасав гэсэн тэмдэглэгээтэй байсан.Манай хэсэг дээр бүртгэл хийж байхад нэг хүн ойролцоогоор 10 орчим сонгогчийн шилжих хуудас авч ирж бүртгүүлж байсан.Цөөхөн тохиолдолд итгэмжлэл хавсаргасан байсан “ гэж тус тус мэдүүлжээ.
Гэрчүүдийн мэдүүлгийг дүгнэвэл, Улсын Их Хурлын сонгуулийн 31-р тойргийн 1,2,3,4-р хэсгүүдэд шилжин ирсэн сонгогчдын бүртгэлийг хийхдээ шилжих хуудсыг хэсгийн хороонд авч ирсэн иргэдээс ямар нэг бичиг баримт шаардаагүй, иргэд сонгогчийн шилжих хуудсыг олноор нь бүртгүүлсэн байх ба сонгуулийн хэсгийн хороод шилжих хуудсыг үндэслэж бүртгэл хийсэн байна.
Улсын бүртгэлийн байгууллага сонгогч шилжин ирсэн тухай тэмдэгдэлийг үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай лавлагааг хэвлэн, сонгогчдын нэрийн жагсаалтад сонгогчийг нэмж бүртгэсэн өөрчлөлтийг хийсэн бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байх ба үзлэгийн тэмдэглэлд жишээ болгон нэг сонгогчийн лавлагаа, сонгогч шилжин ирсэн тухай тэмдэглэлийг хавсаргасан болно.
Сонгогчдын нэрийн жагсаалтын талаар Сонгуулийн тухай хуулийн наймдугаар бүлэгт зохицуулсан ба тус хуулийн 65 дугаар зүйлийн 65.2-д “ Сонгогч шилжих бол санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө энэ тухай хүсэлтээ өөрийн байнга оршин суугаа газрын харьяа санал авах байранд бичгээр гаргах бөгөөд санал авах байр энэ тухай улсын бүртгэлийн холбогдох байгууллагад мэдэгдэнэ “ , 65-р зүйлийн 65.4-д “ Сонгогч шилжсэн бол шилжин очсон газрынхаа санал авах байранд санал авах өдрөөс арваас доошгүй хоногийн өмнө шилжих хуудсаа өгөх бөгөөд түүнийг санал авах байр улсын бүртгэлийн холбогдох байгууллагад хүргүүлнэ “ 65-р зүйлийн 65.5-д “ Шилжин ирсэн сонгогчийг тухайн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэнэ “ 65-р зүйлийн 65.8-д “ Шилжин ирсэн сонгогч зөвхөн Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгнө” , 61-р зүйлийн 61.20-д “ Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуульд нийцүүлэн сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, давхардлыг шалгах, сонгогч шилжих журмыг батлан мөрдүүлнэ” гэж тус тус зохицуулжээ.
Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 03 сарын 04-ний өдрийн А/187 дугаар тушаалын хавсралтаар “ Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, давхардлыг шалгах, сонгогч шилжих журам”-ыг баталсан байна.
Тус журмын 5.4-д “ Санал авах байр шилжин ирсэн сонгогчийн иргэний үнэмлэхийг үндэслэн Сонгогч шилжих хуудаст шилжин ирсэн тухай тэмдэглэж, хуудсыг улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтанд хүргүүлнэ” , 5.6-д “ Улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан нь сонгогч шилжин явсан, шилжин ирсэн жагсаалтыг сум, хорооны улсын бүртгэгчид 3 хоногийн дотор хүргүүлнэ “, 5.7-д “ Сум хорооны бүртгэгч сонгогчдын нэрийн жагсаалтын шилжилт хөдөлгөөний программд холбогдох өөрчлөлтийг тухай бүр тусгаж лавлагаа хэвлэнэ “ гэж зохицуулжээ.
Сонгуулийн тухай хуульд ямар нөхцөл, байдлыг үндэслэн сонгогч шилжих хүсэлтээ гаргах талаах зохицуулаагүй байх ба гагцхүү сонгогч шилжих тохиолдолд хэдий хугацааны дотор хүсэлт гаргах, бүртгэх зэрэг асуудлыг зохицуулсан байна.
Шилжин ирсэн сонгогч зөвхөн Улсын Их Хурлын сонгуульд санал өгөх эрхтэй бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д зааснаар “Улсын Их Хурлын сонгууль нь Монголын ард түмэн засгийн эрх мэдлээ хэрэгжүүлэх үндсэн дээр төрийн эрх барих дээд байгууллагыг өөрсдийн төлөөлөгчдөөр бүрдүүлэх үндсэн арга мөн” гэж, 151 дүгээр зүйлийн 151.1-д “ Орон нутгийн хурлын сонгууль нь нутгийн өөрөө удирдах байгууллагыг орон нутгийн иргэд өөрсдийн төлөөлөгчдөөр бүрдүүлэх үндсэн арга мөн “ гэж тодорхойлсноос үзвэл тухайн тойрогт зөвхөн орон нутгийн иргэд саналаа өгөх ёстой гэсэн дүгнэлтэд хүрэх боломжгүй байна.
“ Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, давхардлыг шалгах, сонгогч шилжих журам”-ын 5.4-д санал авах байр шилжин ирсэн сонгогчийн иргэний үнэмлэхийг үндэслэн шилжин ирсэн тухай тэмдэглэл үйлдэхээр заасан хэдий боловч Сонгогч шилжсэн бол Сонгуулийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4-д заасны дагуу шилжин очсон газрынхаа санал авах байранд шилжих хуудсаа өгөхөөр хүргүүлсэн тохиолдолд тухайн санал авах байр шилжин ирсэн сонгогчийг бүртгэхээс татгалзах үндэслэлгүй байна.
Сонгуулийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2-д заасны дагуу өөрийн бүртгэлтэй санал авах байранд шилжих хүсэлтээ бичгээр гаргаж , өөрийн хүсэл зоригоо илэрхийлснийг тухайн санал авах байр хүлээн авч сонгогч шилжих хуудас олгосоныг үндэслэн сонгогчийг өөрийн биеэр ирэхийг болон итгэмжлэл олгосон байхыг шаардахгүйгээр санал авах байр, улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан сонгогч шилжин ирсэн бүртгэл хийснийг буруутгах боломжгүй бөгөөд бүртгэлийг үндэслэн сонгогчийг Улсын бүртгэлийн байгууллага сонгогчдын нэрсийн жагсаалтад нэмж бүртгэсэн нь Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д заасан “ Сонгуулийн эрх бүхий иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно “ гэж заасантай нийцсэн байна гэж үзлээ.
Мөн Сонгуулийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3-д хуульд зааснаар бусад үндэслэлээр сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулахыг хориглоно гэж заажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас аймаг, дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлсэн 2016.06.27-ны өдрийн 1/8196 тоот албан бичиг, мөн газрын 2016.06.17-ны өдрийн 1/7964 дугаартай албан бичгүүдэд заасны дагуу шилжин ирсэн сонгогчийн шилжих хуудсыг бүртгэхэд итгэмжлэл шаардах ёстой байсан талаар дурджээ.
Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын 2016.06.17-ны өдрийн 1/7964 дугаартай Чиглэл хүргүүлэх тухай албан бичгийн агуулга нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл сонгогч шилжин явсны бүртгэл хуульд заасан хугацаанд зогссоныг тэмдэглэсэн мөртлөө Иргэний хуулийн 62.3-д Төлөөлөгчийн бүрэн эрх итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ гэж заасны дагуу сонгогч санал авах байранд өөрийн биеэр шилжих хүсэлтээ гаргах боломжгүй тохиолдолд нотариатаар гэрчлүүлсэн өргөдлийг үндэслэн шилжилтийг бүртгэж болно гэж чиглэл өгсөн байна.
Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын 2016.06.27-ны өдрийн “Сонгогч шилжилт болон санал авах өдөр сонгогчийн бүртгэлийг тулган шалгах тухай “ 1/8196 тоот албан бичигт сонгогч шилжсэн бүртгэл 1/7964 дугаартай чиглэлийн дагуу хийгдсэн тухай бичигджээ.
Эдгээр хоёр албан бичгийг үндэслэн сонгогч шилжин ирсэн бүртгэлийг итгэмжлэлгүйгээр хийсэн гэж үзэж байгаа нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.
Иймд Улсын Их Хурлын сонгуулийн 31-р тойргийн 1,2,3,4-р хэсгүүдэд шилжин ирсэн сонгогчийг бүртгэсэн бүртгэл, түүний үндсэн дээр Улсын Их Хурлын сонгуульд саналаа өгсөн байдал нэр дэвшигч О.Ц сонгогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгуулийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 65 дугаар зүйлийн 65.4, 65.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч О.Ц итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э “Улсын Их Хурлын сонгуулийн 31 дүгээр тойргийн 1,2,3,4-р хэсгийн санал авах байруудын дэргэд ажилласан Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн ажилтнууд шилжин ирсэн сонгогчдыг сонгогчийн нэрийн жагсаалтанд бүртгэхдээ сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчиж хийсэн бүртгэлүүдийг хүчингүй болгуулах,дээр дурдсан хүчингүй бүртгэл бүхий сонгогчдын нэрсийг сонгогчийн нэрийн жагсаалтаас хасуулж хүчингүйд тооцуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугара зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЦЭЦЭГ