Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 817

 

 

 

 

 

 

 

 

 

   Г.Батад холбогдох эрүүгийн

  хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

 

прокурор Н.Булганчимэг,

яллагдагч Г.Бат, түүний өмгөөлөгч Ш.Буянжаргал,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатарын гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 451 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Булганчимэгийн бичсэн 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 15 дугаар эсэргүүцлийг үндэслэн Г.Батад холбогдох 201624000481 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Цэнд-Аюуш овгийн Гончигийн Бат, 1970 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй гэх, “Тэмүка” ХХК-д жижүүр ажилтай, ам бүл 5; эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, “Мандал овоо” 28 дугаар гудамжны 9 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ВТ70062915/

 

Г.Бат нь 2016 оны 5 дугаар сарын 27-ны орой 23 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Энхжин” худалдааны төвийн урд талын замд “Kia Optima” загварын, 05-10 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 дахь хэсэгт “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ...харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, ...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, 15.1 дахь хэсэгт “... Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Пүрэвдоржийг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас Г.Батын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

“1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 329 дүгээр зүйлийн 329.1 дэх хэсэгт “шүүгчийн захирамжийг ...байгууллага, албан тушаалтан ...заавал биелүүлнэ” гэж заасныг зөрчиж Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 269 дүгээр захирамжийн 2 дахь заалтыг биелүүлээгүй байна.

Техникийн шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 361 дүгээр дүгнэлтэд “76-06 УНТ дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч А.Мөнхбат нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, 9.3 “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэж, мөн дүгнэлтийн 5-д “автомашины баруун хойд дугуйн тоормос барихгүй байгаа нь тоормосны замыг уртасгах, зүүн их гэрлийн тусгал стандартын шаардлага хангахгүй нь харах орчныг хязгаарлах байдлаар нөлөөлнө” гэж тус тус заасан.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн №1288 дугаар дүгнэлтийн 5-д “эхний болон хоёр дахь автомашинд мөргөгдөх дайрагдах үед авсан гэмтлүүд нь... гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт тус тус гаргажээ.

Эдгээрийг дүгнэж үзвэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг гарсан байдал”-ыг буюу уг хэрэг хэдийд, хаана, яаж үйлдэгдсэн, хэн хэн үйлдсэн болон бусад байдлыг шалгаж тогтоох шаардлагатай.

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн дүгнэлтүүд эргэлзээ бүхий байна.

- Ямар шалтгаан, үндэслэлээр аль аль гэмтлүүд нь хэрхэн яаж учирсан, учрах боломжтой, хохирогч Д.Пүрэвдоржийн нас барсан гэх цаг хугацааг /гавал тархины гэмтлийг авсны дараа ямар хугацаанд амьд байх боломжтойг нарийвчлан тогтоох боломжгүй/ тогтоох боломжгүй гэсэн атлаа эхний автомашинд мөргөгдөх үед, хоёр дахь автомашинд дайрагдах үед ...гэмтлүүд үүссэн. Хоёр дахь автомашинд дайрагдах үед үүссэн гэмтлүүд нь нас барсны дараа үүссэн байна”, “Талийгаачийн босоо үедээ автомашинд мөргүүлэх үед үүссэн гэмтлүүдээс авч үзэхэд автомашин хохирогчийн биеийн зүүн хажуу, урд хэсэгт үйлчилсэн байна”, “2 талын 1-10 дугаар хавирга, элэгний няцрал, аарцагны баруун сүүжний дэлбэн үений тал, умдагны үе, умдагны дээд салааны хугарал, баруун тохойн хонхор хэвлийн бүсэлхийн зулгаралт бүхий гэмтлүүд нь хэвтээ байрлалд дайрагдах үед үүссэн байна. Дээрх гэмтлүүдийг нэг бүрчлэн босоо болон хэвтээ үед үүссэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй, задлан шинжилгээний бичлэг болон хавтаст хэрэгт авагдсан шинжилгээний зургаас үзэхэд дээрх гэмтлүүдийг нас барахаас өмнө үүссэнийг илтгэх цус хуралт үүсээгүй байна”, ... 4.           “Талийгаачид учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн ба 2 удаагийн үйлчлэл гэдэгт автомашин тус бүрийн нэг нэг удаагийн үйлчлэлийг авч үзсэн болно. Талийгаач мөргөгдөн, шидэгдэж зам дээр унахад үйлчилж буй замын гадаргууг мохоо зүйлд хамааруулан авч үзнэ” гэжээ.

Тэгвэл талийгаачийн бие махбодид учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үү, эсхүл 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдээд байгаа эсэхийн аль нь болох, мөн тээврийн хэрэгсэлд мөргөгдөн шидэгдэн замын гадаргуу дээр унахад ямар гэмтлүүд учирсан эсэх буюу дээр дурдсан эргэлзээ бүхий нөхцөл байдлуудыг тус тус нарийвчлан шалгаж, тогтоох шаардлагатай.

Г.Бат, А.Мөнхбат нар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн ямар ямар заалтыг зөрчсөн, ямар нөхцөл байдалд хохирогч нас барсан. Зам тээврийн осол гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийг тогтоох гэсэн үндэслэлүүдийг нэмж шалгуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаан, яллагдагч Г.Батад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Булганчимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

“1. Шинжээч эмч Г.Энхбаатар, Ж.Ганцэнгэл, Н.Энхцолмон нарын гаргасан №1288 дугаартай дүгнэлтээр эхний автомашин болох Г.Батын жолоодож явсан “Kia Optima” загварын, 05-10 УБТ дугаартай тээврийн хэрэгсэлд талийгаач мөргүүлсний улмаас гавал тархины битүү гэмтэл, гавлын духны зүүн хэсэг, зүүн ухархайн дээд ба ар хана, зүүн чамархай, суурийн зүүн дунд хонхор хамарсан цөмөрсөн, турк эмээл, баруун чулуулаг яс руу үргэлжилсэн хугарал, их болон бага тархины хоёр тал бөмбөлгийн орой, суурь хэсгийг нэлэнхүйд нь хамарсан зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн няцрал, толгойн хуйхан доорх цус хуралт, духанд шарх, зүүн шанаа, зулай, чамархай, эрүү, зүүн бугалга, шуу, баруун гap, зүүн хөлийн зулгаралт, баруун хацар, дээд уруул, эрүү, зүүн гарын хуруу баруун шилбэн дэх цус хуралт гэмтэл учирсан.

Харин 2 дахь автомашин болох А.Мөнхбатын жолоодож явсан 76-06 УНТ улсын дугаартай, “Hyundai Sonata” загварын, автомашинд талийгаач дайрагдах үед хоёр талын 1-ээс 10 дугаар хавирганы хугарал, элэгний няцрал, аарцагны баруун сүүжний дэлбэн, үений тогоо, умдагны үе, умдагны зүүн дээд салааны хугарал, баруун тохойн хонхор хэвлий, бүсэлхийн зулгаралт гэмтлүүд үүссэн ба тухайн гэмтлүүд нь нас барсны дараа үүссэн. Эхний болон хоёр дахь автомашинд мөргөгдөх, дайрагдах үед авсан гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн.

Техникийн шинжээчийн дүгнэлтээр А.Мөнхбатыг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-ын а, 9.3 гэсэн заалтыг зөрчсөн гэсэн. А.Мөнхбатын жолоодож явсан автомашинд дайрагдах үед хоёр талын 1-ээс 10 дугаар хавирганы хугарал элэгний няцрал аарцагны баруун сүүжний дэлбэн, үений тогоо, умдагны үе, умдагны зүүн дээд салааны хугарал, баруун тохойн хонхор хэвлий, бүсэлхийн зулгаралт гэмтлүүд учирсан, учирсан гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарах боловч уг гэмтлүүд нь нас барсаны дараа үүссэн гэж дүгнэсэн.

Иймээс А.Мөнхбат талийгаач Д.Пүрэвдоржийг дайрах үед талийгаач нас барсан байсан нь тогтоогдсон учраас А.Мөнхбатын Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-ын а, 9.3 гэсэн заалтыг зөрчсөн зөрчилд захиргааны шийтгэл ногдуулсан.

2. Шүүх эмнэлгийн шинжээчийн 1018, 1288 дугаартай дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэхгүй байна. Талийгаач Д.Пүрэвдорж эхний автомашинд мөргөгдөх үед гавал тархины битүү гэмтэл, гавлын духны зүүн хэсэг, зүүн ухархайн дээд ба ар хана, зүүн чамархай, суурийн зүүн дунд хонхор хамарсан цөмөрсөн, турк эмээл, баруун чулуулаг яс руу үргэлжилсэн хугарал, их болон бага тархины хоёр тал бөмбөлгийн орой, суурь хэсгийг нэлэнхүйд нь хамарсан зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн няцрал, толгойн хуйхан доорх цус хуралт, духанд шарх, зүүн шанаа, зулай, чамархай, эрүү, зүүн бугалга, шуу, баруун гар, зүүн хөлийн зулгаралт, баруун хацар, дээд уруул, эрүү, зүүн гарын хуруу баруун шилбэн дэх цус хуралт гэмтлүүдийг авсан бол хоёр дахь автомашинд дайрагдах үед хоёр талын 1-ээс 10 дугаар хавирганы хугарал элэгний няцрал аарцагны баруун сүүжний дэлбэн, үений тогоо, умдагны үе, умдагны зүүн дээд салааны хугарал, баруун тохойн хонхор хэвлий, бүсэлхийн зулгаралт гэмтлүүд үүссэн байна гэж дүгнэсэн.

Талийгаачид учирсан гэмтлийг босоо болон дайрагдах үед авсан гэмтлүүдийг шинжээч эмч нарийвчлан зааж өгсөн. Талийгаач эхний автомашинд мөргөгдөх үед авсан гэмтэл нь цус хуралт үүссэн байх ба хоёр дахь автомашинд дайрагдах үед авсан гэмтэлд ямар нэгэн цус хуралт үүсээгүй байсан. Иймээс шинжээч нар талийгаач 2 дахь автомашинд дайрагдах үед авсан гэмтэлд нас барахаас өмнө үүссэнийг илтгэх ямар нэгэн цус хуралт үүсээгүй гэж дүгнэсэн. Мөн шинжээч эмч Ж.Ганцэнгэл “Талийгаачийн эхний автомашинд мөргөгдөх үедээ гавал тархины амьдрах боломжгүй гэмтлийг авсан, уг гэмтлийг авсны дараа үхлийн өмнөх үе хэр хугацаанд үргэлжлэх нь тогтоох боломжгүй, цаг хугацааг нь тогтоох боломжгүй. Үхлийн өмнөх үед ухаангүй амьсгал нь цөөн, зүрх судасны үйл ажиллагаа муу байна. Талийгаач гавал тархины гэмтлүүдийг авсны дараа газар дээрээ нас барах боломжтой юм” гэж мэдүүлсэн.

Талийгаач босоо үедээ автомашинд мөргүүлэх үед үүссэн гэмтлүүдээс авч үзэхэд автомашин хохирогчийн биеийн зүүн хажуу урд хэсэгт үйлчилсэн байна гэсэн ба талийгаач автомашинд мөргөгдөж байгаа үеийн камерийн бичлэгт талийгаачийн биеийн зүүн урд талын хэсэгт мөргүүлсэн нь дүрс бичлэгт авагдсан.

Шинжээчийн дүгнэлтэд талийгаачийн биед учирсан гэмтлүүдийг нэг бүрчлэн нарийвчлан тогтоох боломжгүй, талийгаачид учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн. 2 удаагийн үйлчлэл гэдэгт автомашин тус бүрийг нэг удаагийн үйлчлэлийг нийлүүлэн авч үзсэн гэж дүгнэлт гаргасан. Хэрэв шүүгч эргэлзээтэй гэж үзвэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 163 дугаар зүйлийн 163.1 дэх хэсэгт “Мөрдөн байцаагч, прокурор, шүүх шинжээчийг гаргасан дүгнэлтийг нь тайлбарлуулах буюу тодруулах зорилгоор шинжээчийг байцааж болно” гэж заасны дагуу шинжээчээр тайлбарлуулах боломжтой. Жолооч Г.Бат, А.Мөнхбат, явган зорчигч Д.Пүрэвдорж нар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн ямар заалт зөрчсөн талаар техникийн шинжээчийн 361 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.

Уг дүгнэлтээр Г.Бат Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-ын а, 15.1 гэсэн заалтыг, А.Мөнхбат мөн дүрмийн 2.3-ын а, 9.3 гэсэн заалтыг, явган зорчигч Д.Пүрэвдорж мөн дүрмийн 3.9-ийн а, г гэсэн заалтыг тус тус зөрчсөн. Талийгаач Г.Батын жолоодож явсан автомашинд мөргөгдөх үедээ амьдрах боломжгүй гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан нь тогтоогдсон.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 451 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна” гэв.

Яллагдагч Г.Бат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбар байхгүй” гэв.

Яллагдагч Г.Батын өмгөөлөгч Ш.Буянжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хэргийг өмнө шүүгчийн захирамжаар нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан. Хэргийг мөрдөн байцаалтад буцаасан үндэслэл нь хоёр автомашины алины нь дайралтын улмаас хохирогч нас барсан болохыг тогтоох байсан. Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд эхний автомашин мөргөсний дараа минут хүрэхгүй хугацаанд хоёр дахь автомашин ирж мөргөсөн байдаг. Шинжээчийн дүгнэлтэд хохирогчийг 32 секундын өмнө нас барсан мэтээр дүгнэсэн нь эргэлзээтэй. Яагаад гэвэл гавал тархины гэмтлийн зэргүүдийг автомашин тус бүрээр тодорхойлсон. 1 дэх автомашин мөргөхөд гавал тархины битүү гэмтэл буюу турк эмээл, баруун чулуулаг яс руу үргэлжилсэн хугарал зэрэг гэмтлүүд учирсан гэсэн. Үүнийг ингэж шинжлэх ухааны үүднээс нарийн тогтоогдох боломжгүй гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтэд  “2 мохоо зүйлийн үйлчлэлээр” гэж гэмтэл учирсан байдлыг бичсэн. Мохоо зүйлийн үйлчлэл гэдэг нь эхний автомашин мөргүүлснийг мохоо зүйлээр гэж үзэх боломжтой. Харин 2 дахь автомашин чирээд явсан. 2 мохоо зүйлийн үйлчлэлээр энэ гэмтлүүд гарсан гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоох боломжтой гэдгийг үндэслэл журмаараа тайлбарлаагүй учраас эргэлзээтэй. Зам тээврийн ослын дуудлага өгсөн гэрчийн мэдүүлгийг асууж тодруулах ажиллагаа хийгдээгүй. Ослын дараа Г.Батыг хохирогч дээр очиход амьд байсан гэдэг. А.Мөнхбат хэрэгт холбогдох ёстой гэж шүүх үзсэн нь үндэслэлтэй. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй” гэв.

ХЯНАВАЛ:

 

Г.Батад холбогдох хэрэгт шалгаж тодруулах шаардлагатай ажиллагаанууд хийгдсэн байх тул гэм буруугийн асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв. 

Шүүх энэ хэрэгт дүгнэлт гаргасан шинжээч эмч нарыг шүүх хуралдаанд оролцуулж зөрүүтэй, эргэлзээтэй байдлуудыг тэднээс тодруулж, яллах болон өмгөөлөх талуудын мэтгэлцээнд үндэслэн хэргийн байдлыг тогтоох нь зүйтэй.

            Иймд давж заалдах шатны шүүхээс прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, хэргийг шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 451 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Г.Батад холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Хэрэг шүүхэд очтол Г.Батад урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичиж болохгүйг дурдсугай.           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

 

ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

М.ПҮРЭВСҮРЭН