Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2020/0415

 

С.Б-ны нэхэмжлэлтэй,

 Нийслэлийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг        

            Шүүгчид:                       М.Батсуурь

                                                   Х.Батсүрэн

                                                   Б.Мөнхтуяа

            Илтгэгч шүүгч:               Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа

            Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/218 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/1106 дугаар захирамжийн 528 м.кв газрыг давхцуулсан хэсгийг хүчингүй болгуулах”,

         Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2020/0412 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 509 дүгээр магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Ц нарыг оролцуулж,

            Нэхэмжлэгч С.Б-ны гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2020/0412 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн гаргасан нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/218 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/1106 дугаар захирамжаар “Х т” СӨХ-д 528 м.кв газрыг давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 509 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2020/0412 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Б-ны давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Нэхэмжлэгч С.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/218 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 21 дүгээр зүйлийн 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, 61 дүгээр зүйлийн 61.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 2010 оны 3/10 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 3.5, 3.6-д заасныг тус тус үндэслэн С.Б-д газар эзэмшүүлсэн захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон.

4. Маргаан бүхий газарт анх Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 172 дугаар захирамжаар “Э” ХХК-д 450 м.кв газрыг эзэмшүүлснийг нийслэлийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 360 дугаар захирамжаар баталгаажуулж, 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577 дугаар захирамжаар нэхэмжлэгч С.Б шилжүүлэн авсан. Улмаар нийслэлийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/224 дүгээр захирамжаар газрын хэмжээг 800 м.кв болгон өөрчлөн эзэмшсэн билээ.

5. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 38 дугаар зүйлийн 38.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно”, 35 дугаар зүйлийн 35.1.4-т “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх” гэж заасны дагуу “Э” ХХК-ийн эзэмшиж байсан газрыг нэхэмжлэгч шилжүүлэн авсан нь Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй болно.

6. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасны дагуу газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлтийг талууд хуульд заасан журмаар гаргаж, шилжүүлэхийг хүссэн газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн үед хүчин төгөлдөр байсан, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй байсан тул Засаг дарга Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх шийдвэр гаргасан.

7. Гэтэл давж заалдах шатны шүүхээс “нэхэмжлэгчид анхнаасаа газар эзэмших эрх хуулийн дагуу үүсээгүй” гэж хуулийг буруу тайлбарлаж дүгнэсэн болно.

8. Мөн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар газар эзэмших эрх нь “... газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэсэн”- ээр үүсэх бөгөөд хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр газар эзэмших эрх дуусгавар болж, 40 дүгээр зүйлд заасан үндэслэл бүрдвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор байна.

9. Харин нийслэлийн Засаг дарга газар эзэмших эрх дуусгавар болоогүй, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулиар тогтоосон үндэслэл бүрдээгүй байхад “инженерийн шугам сүлжээ бүхий нийтийн эдэлбэрийн газарт дуудлага худалдаа сонгон шалгаруулалтгүйгээр газар эзэмшүүлсэн нь хууль зөрчсөн” гэсэн хуульд заагаагүй үндэслэлээр “газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй” болгосон нь газар эзэмшигчийн хуулиар хамгаалагдсан газар эзэмших эрх, ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэр болсон.

10. Тухайн газар нь нийтийн эдэлбэрийн газар гэдгийг маргаан бүхий захирамжийг гаргахдаа хариуцагчаас шалгаж тогтоосон баримт байхгүй, энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүйгээс гадна, 2003 онд анх газар эзэмших эрх үүссэнээс хойш 10 жилийн дараа газар эзэмших эрхийг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулаагүй гэж үзсэн, энэ нь газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан нэхэмжлэгч С.Б-д хамааралгүй байхад хууль зөрчсөн үндэслэлээр маргаан бүхий захирамж гаргасан нь үндэслэлгүй байна.

11. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

13. Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/218 дугаар захирамжаар “... Газрын тухай хуулийг зөрчиж нийтийн эдэлбэрийн гудамж, зам тайлбайд, хот суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт, дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулалгүйгээр, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд эзэмшүүлсэн, ... хууль зөрчиж олгосон газрын эрхийг баталгаажуулсан” гэх үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 172, нийслэлийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 360 дугаар захирамжийн “Э х” ХХК-д холбогдох хэсгийг тус тус, уг газар эзэмших эрхийг иргэн С.Б-д шилжүүлсэн нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577, газрын хэмжээг 800 м.кв болгон нэмэгдүүлсэн нийслэлийн Засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/224 дүгээр захирамжийн иргэн С.Б-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосон, нэхэмжлэгчээс уг захирамжийг эс зөвшөөрч “...газар эзэмших гэрээ, гэрчилгээний дагуу газрыг эзэмшиж байсан, ... гэрээний нөхцөл, болзлыг хангаж ажиллаж /байхад/ ... газар эзэмших эрхийг цуцалсан нь хууль бус, ... миний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн” гэж  маргажээ.

14. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, сан, маргаан бүхий газар нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нарантуул зочид буудлын зүүн хойно, орон сууцны 25 дугаар байрны хойд талд байршилтай, “... 23, 25 дугаар байрны орчмын нийтийн эдэлбэр газрыг сууц өмчлөгчдийн холбоонд шилжүүлэх, нийтийн эзэмшил хэвээр ашиглуулах талаар” “Х т” СӨХ-ны гаргасан хүсэлтийг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/1106 дугаар захирамжаар 23, 25 дугаар байрны орчмын газар болох 5877 м.кв газрыг “Х т” СӨХ-нд ашиглуулахаар шийдвэрлэсэн, нэхэмжлэгчийн маргаж буй газар нь уг СӨХ-нд олгогдсон газартай давхцалтай, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.

            15. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “...иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэх”-ээр, 33.4-т “... газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглох”-оор тус тус заасан байхад хуулиар тогтоосон уг журмыг зөрчиж газар эзэмших эрх олгосон, хариуцагч өөрийн гаргасан  “хууль бус” захиргааны актаа өөрөө хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр… -ээрээ газрын тухай хууль тогтоомж … зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан ... уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгох” эрх хэмжээний хүрээнд, хууль ёсны шийдвэр байна, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.

16. Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн бус амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарах”-аар, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т ... /хот, тосгон, бусад суурины нийтийн эдэлбэрийн/ газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглах-аар заасан, маргаан бүхий газар нь нийтийн эзэмшлийн орон сууцны дундах талбай болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, талууд үүнтэй маргаагүй байх тул нэхэжлэгчийн ... тухайн газар нь нийтийн эдэлбэрийн газар гэдгийг маргаан бүхий захирамжийг гаргахдаа хариуцагчаас шалгаж тогтоосон баримт байхгүй, энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй гэх гомдлыг хүлээж авахгүй.

17. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасан, нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/1106 дугаар захирамжаар 23, 25 дугаар байрны орчмын газар болох 5877 м.кв газрыг “Х т” СӨХ-нд ашиглуулахаар шийдвэрлэсэн нь тухайн үед уг газарт эзэмших эрх нь хадгалагдаагүй байсан нэхэмжлэгч С.Б-ны газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй, энэ талаарх шүүхүүдийн дүгнэлт мөн зөв байна.

18. Маргаан бүхий акт нь газар эзэмшигчийн буруутай үйл ажиллагааны улмаас газар эзэмших эрхийг цуцалсан агуулгагүй, өөрийн хууль зөрчсөн шийдвэрээ эрх бүхий этгээд өөрөө хожим хүчингүй болгосон, түүнчлэн шүүхүүд газар эзэмшигч С.Б хууль зөрчсөн гэж дүгнээгүй, ...газрыг нэхэмжлэгч шилжүүлэн авсан нь Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй”, “... газар эзэмших эрх дуусгавар болоогүй, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулиар тогтоосон үндэслэл бүрдээгүй байхад газар эзэмших эрхийг хүчингүй болгосон ... байхад /шүүх буруу дүгнэлт хийсэн/” гэх агуулгатай гомдлыг хангах боломжгүй.

19. Эдгээр үндэслэлээр, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

20. Нэхэмжлэгч С.Б-ны хяналтын журмаар гаргасан гомдлыг 2020 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр шүүх хүлээн авсан, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Улсын дээд шүүхэд хэрэг шилжиж ирсэн бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зарлагдсан хяналтын шатны шүүх хуралдааныг нэхэмжлэгч С.Б-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр, түүний шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангах үүднээс хойшлуулсан, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зарлагдсан шүүх хуралдааныг нэхэмжлэгч С.Б мөн хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2020/0412 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 509 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Б-ны гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Б-аас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Ч.ТУНГАЛАГ

 

                    ШҮҮГЧ                                              Д.МӨНХТУЯА