| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 312/2025/02190/И |
| Дугаар | 312/ШШ2026/01295 |
| Огноо | 2026-04-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 312/ШШ2026/01295
| 2026 оны 04 сарын 09 өдөр | Дугаар 312/ШШ2026/01295 | Орхон аймаг |
Зохигч эвлэрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энхтунгалаг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч; ******** аймаг ******** сум ******** баг ******** хотхон **-** тоотод оршин суух, Б-ийн Э /РД; ЦГ********, утас; ********/-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч; ******** аймаг ******** сум ******** баг **б-** тоотод оршин суух, Т-д овогт Н-ын Б /РД; ДЮ********, утас; ********/-д холбогдох,
ажлын хөлс 7,150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд;
нэхэмжлэгч Б.Э,
хариуцагч Н.Б,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ...Миний бие Б.Э нь 2025 оны 5 дугаар сарын 15-нд ******** эмнэлэгт жижүүрийн ажилд орсон, захирал Н.Б-эй хоёр хүнтэй ээлжлэн хоёр хоног амраад нэг өдөр гарахаар, сарын 1,000,000 төгрөгийн цалин авах-аар тохиролцсон. ...Цалинг өдрөөр тооцвол сардаа 10 өдөр гарч өдрийн 100,000 төгрөг болно. 2025 оны 5 дугаар сарын 15-наас 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл бүтэн 26 хоног ******** амралт сувилалд тасралтгүй ажилласан, амарч дуусаад 2025 оны 6 дугаар сарын 17, 19, 21-ний өдрүүдэд нийт 3 хоног ******** эмнэлэгт жижүүрт гарсан, ...2025 оны 6 дугаар сарын 27-ноос дахин ******** амралт сувилалд 7 дугаар сарын 15-ныг дуустал 18 хоног ажилласан, тухайн үедээ ажил гарвал, мөн жижүүрт гарах хугацаа чинь болвол утсаар ярьж очиж авна гэсэн, би 15 хоног амраад 7 дугаар сарын 31-нд жижүүрт гарах хуваарьтай байсан. Жижүүрт гарах үед болон жижүүрээс буусан зарим өдрүүдэд байнга давхар ажил хийлгүүлж байсан, энэ бүх хугацаанд нийт 47 хоног ажилласан, 47 хоногоос 2025 оны 5 дугаар сарын 15-наас 5 дугаар сарын 26-ныг хүртэл 10 хоног байрнууд хооронд зам цутгах, 5 гэрийн буурь зутгахад бэлдэн газар шорооны ажил өглөө 08.00 цагаас орой 22.00 цаг хүртэл тасралтгүй хийсэн, 2025 оны 6 дугаар сарын 22-нд айл нүүлгэсэн нэг хоног, 2025 оны 6 дугаар сарын 27-ноос 2025 оны 7 дугаар сарын 15-ны хүртэл 18 хоног таван гэрийн унь будах, гэр барих, эмнэлэг амралтын хооронд ачаа бараа зөөж буулгах, ачих, мөн хэвийн ажиллаж эхлэхэд бэлдэн бэлтгэх шаардлагатай бүх ажлуудыг өглөө 08.00 цагаас орой 23.00 цаг хүртэл тасралтгүй нийт 29 хоног хийсэн. 2025 оны 7 дугаар сарын 31-нээс 2025 оны 8 дугаар сарын сарын 11-нийг хүртэл нийт 12 хоног ажилгүй хаясан хоногуудын мөнгийг нэг өдрийн 100,000 төгрөгөөр тооцон нэхэмжилж байна. Ажлын үндсэн 47 хоногт илүү цагийн ажилласан 29 хоногт ажилгүй хаясан 12 хоног буюу нийтдээ 88 хоногийг өдрийн 100,000 төгрөгөөр тооцон 8,800,000 төгрөгөөс өмнө нь авсан 1.650,000 төгрөгийг хасаад нийт 7,150,000 төгрөгийг нэхэмжилж байгааг минь шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хариуцагч хариу тайлбартаа ...Б.Э ******** амралтыг баригдах хугацаанд манаачаар, амралтаас буусан хугацаандаа ******** эмнэлэгт жижүүрээр хоёр сарын хугацаатай дадлагажигчаар түр ажиллахаар тохиролцож ажилд орсон. Дадлагажих хугацааны нэг сарын цалинг 800,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон, нийт ажилласан өдөр нь 44, бодогдсон цалин 1,173,480 төгрөг, авсан цалин 1,650,000 төгрөг, хоолны зардал 418.000 төгрөг, хувцас /гутал/ 200.000 төгрөг, Б.Энхбаярт цалин, урамшуулал, хоол, хувцасны нийт дүн 2.268.000 төгрөг болсон байна. гэжээ.
Нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Н.Б нар шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, байгуулсан эвлэрлийн гэрээндээ нэхэмжлэгч Б.Э нь ...Хариуцагч Б-тэй тохиролцож 2,500,000 төгрөг авах болсон тул ******** ХХК-ийг татан оролцуулахаас татгалзаж байна, мөнгийг 3 хувааж авах болсон. Эхний ээлжинд 1,000,000 төгрөгийг 4 дүгээр сарын 15-ны өдөр, 2 дахь ээлжинд 500,000 төгрөгийг 5 дугаар сарын 01-нд, 3 дахь нь 7 дугаар сарын 5-10-нд тус тус авах боллоо. Ингээд үлдсэн 4,650,000 төгрөг авахаас мөн татгалзсан болно. гэж,
хариуцагч Н.Б, Б.Э нар эвлэрлийн гэрээг байгуулж байна. Үүнд; Н.Б 2026 оны 4 дүгээр сарын 15-нд Б.Э-т 1,000,000 төгрөг олгох, мөн 2026 оны 5 дугаар сарын 01-нд 500,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 10-нд Б.Э-т 1,000,000 төгрөг олгоно. Энэ мөнгийг миний бие дээр дурьдсан цаг хугацаандаа олгоно. гэж тусгажээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Н.Б-д холбогдуулан ажлын хөлс 7,150,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хэлэлцэх явцад зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, хариуцагч Н.Б нь ...2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 5-10-ны өдрийн хооронд 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлнө. гэснийг нэхэмжлэгч Б.Э хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлээс үлдэх 4,650,000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, эвлэрлийн гэрээ байгуулсан тул шүүх тэдний эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 129,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Б-ээс 2,500,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 54,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Н.Б нэхэмжлэлийн шаардлагаас 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 5-10-ны өдрийн хооронд 1,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцож, нэхэмжлэгч Б.Э нь 4,650,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 129,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 54,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Э-т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ