Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/01951

 

 

М.М-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШЗ2022/03624 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.М-ын хариуцагч Б.Ж-, Ү.С-, Ө- ХХК-д холбогдуулан гаргасан 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 969 дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 970 дугаартай зээлийн гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 04/20-303 дугаартай барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, газар эзэмших эрхийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.М-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Д, З.Ц, хариуцагч Ү.С-, Б.Ж- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд Т-ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Болор-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Би худалдаж авсан газартаа амины орон сууц бариулахаар Ө- ХХК-тай тохиролцож хөрөнгө оруулалт хийсэн ба барилгын карказ суурийг босгож өгсөн. Барилгын ажил явагдахгүй, гацалттай удаашралтай байсан, П.Г- захирал миний мөнгийг өөр газар оруулчихсан гэсэн учир би Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт өргөдөл өгсөн. Үүнтэй зэрэгцэн газартай ойролцоох Дондогмаа цэцэрлэгийн эрхлэгч Ү.С- барилгаа зарчихаа ч гэж гуйсныг би зөвшөөрч, нотариат дээр гэрээ байгуулсан. Худалдах, худалдан авах яриа бидний хооронд амаар байгуулагдсан боловч татвар төлөхгүйн тулд зээлийн гэрээ хийсэн. Би газраа үнэгүй шилжүүлж дүр үзүүлсэн гэрээ хийсэн. Ү.С- миний барилга, газрыг шилжүүлж авахдаа худал хэлсэн. Засгийн газраас хөрөнгө оруулалт орж ирнэ, улсын 3 дугаар цэцэрлэг байргүй болчихоод манай цэцэрлэгийн байрыг түрээсэлж байгаа гэж ярьж байсан ч улсаас мөнгө орж ирэх асуудал нь худал болсон. Хятадаас хэдэн тэрбумын хөрөнгө оруулалт орж ирнэ гэж ярьсан, сүүлдээ Нарантуулын боссоос хүүтэй мөнгө зээллээ гэж ярьсан, хамгийн сүүлд Т-ны зээлийн эдийн засагч Анхбаяр гэдэг хүнд хахууль өгсөн, зээл удахгүй шийдвэрлэгдэнэ гэж ярьсан, үнэхээр шийдвэрлэгдчих юм болов уу гэж хүлээсэн. Би сүүлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтнаас миний барилга Ө- ХХК-д шилжээд Т-ны барьцаанд тавьсан гэдгийг мэдсэн. Ү.С- өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцохдоо барилга миний нэр дээр байгаа гэж ярьсан, алхам тутамдаа худал яриад хуураад байна. Хариуцагч Ү.С-, Б.Ж- нар 304,000,000 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сард авчихаад төлбөр төлөөгүй. Т-ХХК-тай үгсэн хуйвалдаж, 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрсөн шүүхийн шийдвэр гаргуулсан, 5,000,000 төгрөгөөс өөр зээл огт төлөөгүй. Банкинд бүрдүүлж байгаа материал дээр 435,000,000 төгрөг, улсын бүртгэлийн байгууллагаас ирсэн баримтаар 20,000,000 төгрөгөөр худалдсан мэтээр гэрээ байгуулаад түүнд ногдох татварыг төлсөн, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүсэлтээ өгөөд 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зээл нь гарсан, 2 хоногийн дотор зээл гаргана гэдэг дээр эргэлзээ төрж байгаа. Үүнтэй холбоотойгоор Авлигатай тэмцэх газар хүсэлтээ гаргасан. Зээлийн гэрээгээр халхавчлан худалдах, худалдан авах гэрээ хийсэн, мөн хууран мэхэлж хэлцэл хийсэн, эд хөрөнгийг шилжүүлэн аваад төлбөр төлөх боломжтой болсон ч төлбөрийн нөхцөлөөс зайлсхийж байгаа идэвхтэй үйлдэл нь хууран мэхлэх гэж Улсын дээд шүүх тайлбарласан байдаг. Иймээс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 969 дүгээр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 970 дугаар зээлийн гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 04/20-303 дугаар барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Баянзүрх дүүрэг, Хотхон 72-64 хаягт байрлах 263 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ болон нэгж талбарын 1331000025 дугаартай газар эзэмших эрхийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

2.Хариуцагч Ү.С-, Б.Ж- нарын тайлбар, татгалзлын агуулга: Талуудын хувьд зээлийн гэрээ биш, 300,000,000 төгрөгийн асуудал байсныг маргахгүй, Ү.С- энэ талаар, мөн барилгаа шилжүүлээч, худалдаач гэж нэхэмжлэгчид хандсан талаар болон үнийн дүн дээр маргахгүй. Тийм учраас худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гэж үзэж байна. Үл хөдлөх эд хөрөнгө болоогүй хөрөнгийг худалдсан, нэхэмжлэгч барилгын карказ боссон байсан гэж хэлж байна. Тухайн хөрөнгийг талууд 300,000,000 төгрөгөөр тохирч, үүнээс хариуцагч 80,000,000 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж болох юм. Харин худалдах, худалдан авах гэрээний хувьд хэрхэн төөрөгдөлд орсон, хуурсан, үнийг хэрхэн төлөх талаар хуурсан гэдэг асуудал яригдаад байгаа болохоос энэ обьектыг заръя гэдэг хүсэл зориг байсан дээр маргаан байхгүй, түүнийгээ ч илэрхийлээд 80,000,000 төгрөг авсан, мөн анх 220,000,000 төгрөг нэхэмжлээд худалдах, худалдан авах гэрээний агуулга яригдаж байсан. Хариуцагчийг гэрээний үүрэг биелүүлээгүй гэж яриад байгаа нэхэмжлэгчийн тайлбар нь худалдах, худалдан авах гэрээний үүргээ шаардаад байгаа хүсэл зориг уу, тодорхой бус байна. Ү.С-, Б.Ж- нараас 263 м.кв обьектыг шаардах боломжгүй, хууль ёсны дагуу эрх шилжээд дуусгавар болсон, 263 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгоё, хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа бол нотлох баримтаа нэхэмжлэгч өөрөө шүүхэд гаргаж өгөх ёстой. Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дах хэсэгт зааснаар талуудын хөрөнгө нийлсэн, холилдсон гэж үзэх нөхцөл байдал байгаа гэж үзвэл энэ хөрөнгийн ихэнх хэсгийг хэн гаргасан, хэн өмчлөгч, эзэмшигч гэдгийг нотлох ёстой. Барилга хэдэн хувийн гүйцэтгэлтэй байсныг мэдэх боломжгүй, 90 хувийн гүйцэтгэлтэй гэсэн дуусаагүй барилгын гэрчилгээ хэрэгт байхгүй, үүнийг шинжилсэн үнэлгээний компанийн үнэлгээ байхгүй. Ү.С- 367,000,000 төгрөгийн батлагдсан төсөвтэй барилга байсан, би 200,000,000 гаруй төгрөг гаргасан гэж тайлбарладаг, түүнийгээ зарлагын падаан, дансны гүйлгээ, ажил гүйцэтгэсэн ажилтан, гэрчийн мэдүүлэг зэргээр нотолж байгаа. Б.Ж-гээс газрыг авъя, даалгая гэдэг шаардлага гаргасан, одоо хэлцлийг хүчин төгөлдөр бус болгоё гэж үндэслэлээ тайлбарлаж байна. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар эрхээ шилжүүлсэн, тус хуулийн зохицуулалтаар шилжүүлэх гэж байгаа хүсэл зориг буюу нотариатаар орж кадастрын зураг авч байгаа этгээдүүдийн өргөдөл хүсэл зориг зэргийг төрийн байгууллага анхаардаг. Энэ талаар захиргааны хэргийн шүүх дээр хүчингүй болгосон зүйл байхгүй, эрх шилжүүлэхэд талуудын хүсэл зоригийг ярихаас биш, мөнгөө өгөхгүй болохоор нь хүчин төгөлдөр болгуулъя гэдэг агуулга байхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хэрэгжих боломжгүй. Гэрээний оролцогч тал биш этгээд ямар үндэслэлээр банктай байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргаж байгаа талаараа тайлбарлаагүй. Нэхэмжэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй, хэрэгжих боломжгүй шаардлага байна гэжээ.

3.Хариуцагч Ө- ХХК-ийн тайлбар татгалзлын агуулга: Нэхэмжлэгч нь Ө- ХХК-аар тухайн барилгыг бариулж байсан, ингэхдээ төлбөр мөнгөний боломжгүйгээс барилга Ү.С-, Б.Ж- нарт шилжсэн байсан. Ү.С-, Б.Ж- нар үргэлжлүүлэн бариулах явцдаа Ө- ХХК-д барилгыг худалдах санал тавьсан. Энэ хүрээнд худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Б.Ж-, Ү.С- нараас худалдан авсан нь үнэн. Улмаар Ө- ХХК барилгаа Т-ны барьцаанд тавьсан. Нэхэмжлэгчийн яриад байгаа Ү.С-тай холбоотой маргаан нь гэрээний дагуу тусдаа шийдэх ёстой асуудал байх. Энэ нэхэмжлэлийн шаардлага Ө- ХХК-д огт хамааралгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлд Т-тай хийсэн манай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

4.Гуравдагч этгээд Т-ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Ө- ХХК нь Т-наас 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 04/20-302 тоот зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулж зээл авсан бөгөөд үүргийн гүйцэтгэлд Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 72-р хотхон гудамж, 64 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн 339.7 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Э-2204000005 дугаарт бүртгэгдсэн, 84 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар зэргийг барьцаалсан. Барьцааны зүйлийн талаар гуравдагч этгээдээс маргаан гарсан тохиолдолд барьцаалагч нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6, 154.7 дахь хэсэгт заасны дагуу уг гуравдагч этгээдээс давуу эрхтэй байх бөгөөд өмчлөх, эзэмших, захиран зарцуулах, түүнээс хүртэх үр шимийг эдлэх эрх барьцаалуулагчаас гуравдагч этгээдэд шилжсэн тохиолдлоос үл хамааран энэ гэрээнд заасан барьцааны эрх хүчин төгөлдөр хэвээр үргэлжилнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхийг Т-ХХК нь хуульд заасан үндэслэлэээр барьцаалсан болно. Нэхэмжлэгч нь Т-ХХК-ийн ажилтныг авлига авсан гэж тайлбарлаж байна. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарахаас нааш гэм буруутайд тооцож болохгүй. Авлигатай тэмцэх газраас шалгаж шүүхийн шийдвэр гараагүй байхад шүүх хуралдаанд ийм байдлаар хэлж болохгүй, тайлбар үндэслэлгүй. Ө- ХХК-д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан болоод Т-ХХК-ийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага хангагдсан. Хүчин төгөлдөр барьцааны гэрээ байгуулагдсан учраас барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.10, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.М-, хариуцагч Ү.С-, Б.Ж- нарын байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 969 дүгээр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 970 дугаар зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, нэхэмжлэгч М.М-од эрхийн улсын бүртгэлийн Э-2204000005 дугаартай, нэгж талбарын 1331000025 дугаартай, Баянзүрх дүүрэг, Хотхон-72, 64 хаягт байрлах, 84 м.кв талбайтай газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагч Б.Ж-д даалгаж, нэхэмжлэлээс хариуцагч Б.Ж-, Ө- ХХК нарт холбогдуулан гаргасан 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 04/20-303 дугаар барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах, Баянзүрх дүүрэг, Хотхон 72-64 хаягт байрлах 263 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг даалгуулах тухай шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,334,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ү.С-, Б.Ж- нараас 1,728,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.М-од олгуулахаар шийдвэрлэжээ.

6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

6.а.Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй, нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлээгүйн зэрэгцээ хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Монгол Улсын Дээд Шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолын 5.7-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцсон хэлцэл нь анх хийсэн үеэсээ ямар нэг эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ба Ү.С-, Б.Ж- нартай амаар байгуулсан барилга болон газар худалдах, худалдан авах гэрээг үндэслэн маргаан бүхий барилга Ө- ХХК-руу шилжин, улмаар Т-анд барьцаалагдсан тул шалтгаант нөхцөл байдал салшгүй холбоотой байна. Нөгөөтэйгүүр, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, 85 дугаар зүйлийн 85.2, 101 дүгээр зүйлийн 101.5, 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт зааснаар газар дээр баригдсан барилгыг М.М-ын өмчлөлийнх гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Дээрхээс гадна хавтаст хэрэгт цугласан баримт, Ө- ХХК-ийн захирал Г.Ганзоригтай утсаар ярьсан си ди бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дугнэлт, Б.Ж-гээс Ө- ХХК-руу нэг барилгыг 3 удаа худалдсан мэтээр дур үзүүлэн өөр өөр үнийн дүнгээр /хорин сая, хоёр зуун тавин сая, дөрвөн зуун гучин таван сая худалдах-худалдан авах гэрээ байгуулсан зэрэг маш олон баримтаар хариуцагч У.Сувдмаа, Ө- ХХК нар үгсэн маргаан бүхий барилгыг Ө- ХХК-д шилжүүлж, улмaap Tөpийн банканд барьцаалан Ө- ХХК-ийн нэр дээр Ү.С- зээл авсан болох нь нотлогддог. Гэтэл анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт тус тус заасныг ноцтой зөрчиж дээрх баримтыг хэрхэн үгүйсгэсэн талаар дүгнэлгүй, ... Б.Ж- нь 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авсан байх ба 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд 80,000,000 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгийн үнэд шилжүүлсэн зэргээс үзвэл хариуцагч тал нэхэмжлэгчийг хууран мэхэлсэн гэж дүгнэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэнд гомдолтой байна. Хэргийн бодит үйл баримтаас үзвэл хариуцагч Ү.С- нь нэхэмжлэгчийн барилга болон газрыг худалдан авахаар амаар тохиролцон, түүнийгээ халхавчилж зээлийн гэрээг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан, улмаар 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Ө- ХХК-ийн нэр дээр дүр үзүүлэн шилжүүлж, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 304,000,000 төгрөгийн зээлийг Ө- ХХК-аар дамжуулан Т-наас гаргуулан авсан үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдог. Энэ талаар хариуцагч Ө- ХХК-ийн захирал Г.Ганзоригтой мөн ...У.Сувдмаа зээл авах гэхээр зээлийн шаардлага хангахгүй байна. Танай компани дээр зээл гаргуулан авах гэсэн юм гээд Т-ны эрх бүхий албан тушаалтнуудад 10 хувийн урамшуулал өгч 304,000,000 төгрөгийн зээлийг 2 хоногийн дотор гаргуулан авсан. Одоо зээлээ төлөхгүй манай компанийг ч мөн адил хохироож байна" гэх агуулгаар ярьсан байдаг. Дээрх нөхцөл байдал нь нотлох баримтаар тогтоогдсон атал Б.Ж-гээс Ө- ХХК-руу 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр барилга шилжиж, улмаар 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Т-анд барьцаалан барьцаалбарт бүртгүүлж, түүний дараа барилга болон газрын үнэд 80 сая төгрөгийг нэхэмжлэгч М.М- руу шилжүүлсэн үйл баримтыг хууль зөрчөөгүй, зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь нотлох баримтыг үнэлэх журам буюу нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзнэ гэснийг зөрсөн болохыг дурдах нь зүйтэй.

6.б.Мөн шүүхээс ... нэхэмжлэгч нь гэрээний нэг тал биш тул хариуцагч нар өөр өөр үнийн дүн бүхий (20 сая, 250 сая, 435 сая) гэрээ хийсэн нь татварын хууль тогтоомж зөрчсөн эсэх, мөн өмчлөх эрх шилжсэнийг болон барьцааг улсын бүртгэлийн байгууллагад богино хугацаанд бүртгэсэн нь улсын бүртгэлийн хууль тогтоомжид нийцсэн эсэх үндэслэлээр шаардлага гаргах эрх түүнд хуулиар олгогдоогүй, өөрөөр хэлбэл хэлцлийн хүчин төгөлдөр бус болохыг нотолж шаардах эрхийг гагцхүү гэрээний талуудын өөрсдөө хэрэгжүүлнэ гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрвээ улсын бүртгэлийн байгууллага нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-т зааснаар үнийг тодорхойлж, мөн зүйлийн 9.2, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт тус тус зааснаар ул хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгийн 2 хувиар татвар төлүүлсний дараа эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дах хэсэгт заасныг баримтлан хуулийн хугацаанд буюу ажлын 5 хоногт бүртгэлийг хийсэн бол Б.Ж-гээс Ө- ХХК-руу шилжих, улмаар барьцаалбарт бүртгэхэд нийт дор хаяж 14 хоногийн хугацаа орох байсан. Төрийн байгууллага нь дээрх хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөний улмаас нэхэмжлэгч М.М-ын барилга дахин Т-инд барьцаалагдан нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой хохирсон тул Иргэний хуулийн 56 дугаар зуйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1-т тус тус зааснаар нэхэмжлэл гаргасан болохыг эрхэм шүүгч анхааран үзнэ гэдэгт гүнээ итгэж байна. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан байдлаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

7.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг үндэслэл бүхий гарсан. Гомдолд дурдсан тайлбараас талууд нэг зүйлд маргаагүй. Тухайлбал, газар болон баригдаж дуусаагүй барилгын тодорхой үнийн дүнг хоорондоо тохиролцсон. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн бөгөөд гэрээний харилцааг зөв тодорхойлсон. Тухайн дуусаагүй барилгыг Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт Энэ хуулийн 119.2-т заасны дагуу бий болсон эд хөрөнгийг өмчлөх эрхийн талаар маргаан гарвал эд хөрөнгө нийлэх, холилдохоос өмнө гол, эсхүл ихэнх хэсгийг өмчилж байсан этгээд шинээр бий болсон эд хөрөнгийн өмчлөгч байх бөгөөд нөгөө этгээд өөрт учирсан хохирлыг арилгуулах эрхтэй боловч эд хөрөнгийг анхны байдалд буцаан оруулахыг шаардах эрхгүй гэж заасан. Энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй. Мөн үл хөдлөх хөрөнгийг хариуцагчаас шилжүүлсэн асуудал яригддаг хэдий ч нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгжүүлэх ёстой. Гэтэл хууль ёсны төлөөлөгч нь банк буюу гэрээний үндсэнд шилжүүлж авсан этгээдийн буруутай үйлдэл байхгүй учраас анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн гэжээ.

8.Хариуцагч Б.Ж-, У.Сувдмаа нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 84 м.кв газрын эрхийг үнэ төлбөргүй шилжүүлсэн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон хэсэгт давж заалдах гомдол гаргаж байна. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна, 41.2 дах хэсэгт хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана, 43 дугаар зүйлийн 43.2.3-д хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн...-д тус тус заажээ. Тухайлбал, анхан шатны шүүх Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дах хэсэгт зааснаар талуудын хэлцлийн хүсэл зоригийн илэрхийлэл, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхгүйгээр газрын үнэ төлбөргүй хийсэн хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан нөхцөлийг буруу тайлбарлаж хэрэглэжээ. Тодруулбал, шүүхийн шийдвэрт 84 м.кв газрыг үнэ төлбөргүй шилжүүлсэн талаар талууд маргаагүй талаар зөв дүгнэлт хийсэн боловч хуульд заасан хэлбэрийг зөрчсөн гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Өөрөөр хэлбэл, тус газрыг үнэ төлбөргүй эрх шилжүүлэх гэрээ нь нотариатаар баталгаажуулсан бөгөөд хуулийн энэ шаардлагыг зөрчөөгүй нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхгүйгээр хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцох боломжгүй юм. Иймд анхан шатны шүүхийн газрыг үнэ төлбөргүй шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсон нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэсэгт өөрчлөлт оруулж, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

9.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: М.М- хууль эрх зүйн мэдлэггүй байсан хэдий ч газраа зарах хүсэл зориг байсан. Энэ талаар талууд маргаагүй бөгөөд шүүх энэ талаар тодорхой дүгнэсэн. Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.3, 56.1.18-д заасан хэлбэрийн шаардлага хангаагүй гэж үзсэн. Гэтэл яагаад хэлбэрийн шаардлага хангаагүй гэрээг хариуцагч тал хүчин төгөлдөр гэж үзсэн нь ойлгомжгүй. Шүүх энэ талаар үнэн зөв дүгнэсэн учраас нэхэмжлэгч тал маргаагүй. Гагцхүү газрыг шилжүүлсэн асуудал нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасантай салшгүй холбоотой. Гомдолд дурдсанаар Газрын тухай хуульд зааснаар газрын талаар хэлцэл хүчин төгөлдөр болоогүй гэх боловч энэ талаар Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт тодорхой заасан.

Өөрөөр хэлбэл, хэлцэл хийх болсон үндэслэл шалтгаан нь төөрөгдөлд ороод хууран мэхлэгдсэний үндсэнд газар болон барилгыг зарсан. Хэрэв талууд хоорондоо тохиролцоод хэлцэл хийгээд үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээг нотариатаар батлуулж улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй гэж үзвэл энэ хуулийн заалт хэрэгжихгүй. Гэвч тухайн хуулийн шаардлагыг биелүүлэх нь бидний үүрэг учраас Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд гэрээний чөлөөт байдлыг заасан боловч ганц зүйлийг тодорхойлсон. Үүнд талууд гэрээг чөлөөтэй байгуулж болох хэдий ч хуулийн хүрээнд байгуулна гэсэн агуулгатай. Мөн тухайн барилгыг Ө- ХХК барьж байсан. Ү.С- нь барилга барьсан компани руу барилгыг шилжүүлсэн. Иймд хариуцагч талын гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй тул хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч М.М- нь хариуцагч Б.Ж-, Ү.С- нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 220,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ө- ХХК-ийг хариуцагчаар татан, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгч М.М-, хариуцагч Б.Ж- нарын байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ,

2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгч М.М-, хариуцагч Б.Ж-, Ү.С- нарын байгуулсан зээлийн гэрээ,

2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагч Б.Ж-, хариуцагч Ө- ХХК-ийн байгуулсан хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ,

2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагч Ө- ХХК, гуравдагч этгээд Т-ХХК-ийн байгуулсан барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон газар эзэмших эрхийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах талаар зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

4.Нэхэмжлэгч М.М- нь хариуцагч Б.Ж-тэй 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэг, Хотхон-72, 64 тоот, 84 м.кв талбай бүхий газрыг үнэ төлбөргүй шилжүүлэхээр тохиролцсон, мөн нэхэмжлэгч М.М- нь хариуцагч Б.Ж-, Ү.С- нартай 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь хариуцагч нарт 300,000,000 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаатай, хүүгүй зээлдүүлэхээр тохиролцсон бичгийн гэрээнүүд хэрэгт авагджээ. /хх-ийн 4, 10-р тал/

4.а.Талууд зээл болон газар эзэмших эрх шилжүүлэх нэртэй гэрээ байгуулсан боловч бодит хүсэл зориг нь дээрх 84 м.кв талбай бүхий газар болон уг газар дээр баригдаж байсан 263 м.кв талбай бүхий дуусаагүй барилгыг 300,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах агуулгатай байсан талаар зохигчийн хэн аль нь тайлбарласан.

4.б.Өөрөөр хэлбэл, талууд зээл болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу газрын эрх болон 300,000,000 төгрөг шилжүүлэх зорилгоор биш үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авахдаа, үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны татвараас зайлсхийх зорилгоор дээрх гэрээнүүдийг байгуулсан буюу энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байна, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

5.Харин 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагч Б.Ж-, хариуцагч Ө- ХХК-ийн байгуулсан хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагч Ө- ХХК, гуравдагч этгээд Т-ХХК-ийн байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага үндэслэлгүй байна.

Тодруулбал, хариуцагч Б.Ж- нь дээрх байдлаар газар болон үл хөдлөх эд хөрөнгийг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр олж авсан байх боловч 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 84 м.кв талбай бүхий газрын эзэмшигчээр, 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 339.7 м.кв талбай бүхий барилгын өмчлөгчөөр тус тус бүртгэгдсэн байна. /2хх-ийн 81, 2хх-ийн 102-р тал/.

5.а.Улмаар хариуцагч Б.Ж- нь хариуцагч Ө- ХХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 72-р хотхон гудамж, 64 тоот хаягт байршилтай, 339.7 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 20,000,000 төгрөгөөр худалдаж, хариуцагч Ө- ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр дээрх 339.7 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгджээ. /2хх-ийн 119-р тал/

5.б.Дээрх байдлаар 339.7 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон хариуцагч Ө- ХХК нь тус үл хөдлөх эд хөрөнгө болон хариуцагч Б.Ж-гийн эзэмшлийн 84 м.кв талбай бүхий газрыг барьцаалан гуравдагч этгээд Т-ХХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж, 304,000,000 төгрөгийг, 60 сарын хугацаатай, жилийн 19,2 хувийн хүүтэй зээлсэн байх бөгөөд дээрх хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхгүй юм. /2хх-ийн 131-143-р тал/

Учир нь Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар Ө- ХХК нь өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхээс гадна Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж зааснаар хариуцагч Ө- ХХК, гуравдагч этгээд Т-ХХК-ийн хувьд маргаан бүхий 339.7 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг өөр этгээдийн өмчлөлийн зүйл байх боломжтой гэдгийг мэдэх боломжтой байсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

5.в.Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлээр баталгаажсан үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ө- ХХК хэлцлийн үндсэн дээр олж авч, өмчлөгчөөр бүртгүүлэн бусдад барьцаалсан байна. Хариуцагч Ө- ХХК болон гуравдагч этгээд Т-ХХК-ийн хооронд 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээ нь бичгээр байгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх зэрэг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг бүрэн хангасан байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ. Иймд дээрх хэлцлүүд нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан хүчин төгөлдөр бус хэлцэл, шүүх нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

5.г.Анхан шатны шүүх дээрх хоёр хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч маргаан бүхий 84 м.кв талбай бүхий газар нь 339.7 м.кв талбай бүхий барилгын хамт барьцаалагдсан байгааг анхаараагүйгээр газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч М.М-ын нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. 84 м.кв газар болон уг газар дээрх 339.7 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх хүчин төгөлдөр байхаас гадна, дээрх газар болон барилга нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар салгаж үл болох эрх байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.

5.д.Гуравдагч этгээд Т-ХХК-ийн барьцааны эрх хуульд заасан журмын дагуу үүссэн байх тул нэхэмжлэгч М.М-од маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон газрын эзэмших эрхийг буцаан шилжүүлэх боломжгүй, харин тэдгээрийн үнийг төлөхийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 493 дугаар зүйлийн 493.2 дах хэсэгт заасан.

6.Иймд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгч М.М-, хариуцагч Б.Ж- нарын байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгч М.М-, хариуцагч Б.Ж-, Ү.С- нарын байгуулсан зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, харин нэхэмжлэлээс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагч Б.Ж-, хариуцагч Ө- ХХК-ийн байгуулсан хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагч Ө- ХХК, гуравдагч этгээд Т-ХХК-ийн байгуулсан барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 84 м.кв талбай бүхий газрын эзэмших эрх болон 339.7 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШЗ2022/03624 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.10, 56.5, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт зааснаар 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгч М.М-, хариуцагч Б.Ж- нарын байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгч М.М-, хариуцагч Б.Ж-, Ү.С- нарын байгуулсан зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, харин нэхэмжлэлээс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагч Б.Ж-, хариуцагч Ө- ХХК-ийн байгуулсан хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагч Ө- ХХК, гуравдагч этгээд Т-ХХК-ийн байгуулсан барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 84 м.кв талбай бүхий газрын эзэмших эрх болон 339.7 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч М.М-оос төлсөн нийт 398,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ж-гээс төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Г.ДАВААДОРЖ