Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 153

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч У.Анхжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  М.Дамбийням,

Шүүгдэгч Ж.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт Ж.Д-д  холбогдох эрүүгийн 1826002690174 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт Ж.Д

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Д нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн нөхөр Б.Л-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ж.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн  байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв. Гэм буруугаа хүлээж, гэмшиж байна...” гэв.

Хохирогч Б.Л-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 07-ны орой 19 цагийн үед манай гэрт хүүхдүүд болон эхнэр бид нар гэртээ байж байхад манай эхнэр Ж.Д гарч найзтайгаа уулзмаар байна гэхээр нь би “яах гээд байгаа юм” гэсэн. Тэгсэн манай эхнэр гэрээс хутга аваад гарч гүйгээд хашаан дотор над руу дайрсан. Би эхнэрээ барьж аваад гэртээ оруулсан. Удалгүй гэрээс гараад явахаар нь би дагаж явах үед манай эхнэр над руу чулуу шидээд хөөгөөд байсан. ... Маргааш өдөр 15 цагийн үед манай эхнэр Ж.Д би найзтайгаа уулзчихаад ирье машины түлхүүр өгөөдөх гэхээр нь чи машинтай гарахаараа архи уучихна яах гээд байгаа юм гэсэн. Тэгсэн манай эхнэр Д би заавал машинтай гарна гээд над руу дайраад миний нүүр болон хүзүү цээж хэсгийг гараараа маажиж, шаазан аягаар толгойн дээд хэсэгт хоёр удаа цохисон. Миний нүүр, хүзүү, цээж хэсгийг маажиж урсан. Мөн над руу хайч барьж хүзүүн дээр тулгаж намайг ална гэж сүрдүүлсэн. Тэгээд өөрөөсөө холдуулахаар би амиа хорлоно гээд гэдэс рүүгээ хайч тулгаад байхаар нь би хайчыг нь булааж аваад нуусан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 6-7, 20-21, 23 дугаар хуудас/,

Гэрч Ө.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 07-ны орой 20 цагийн үед Д миний гар утас руу залгаад А баатарын талбай дээр хүрээд ир уулзья гэсэн. Намайг талбай дээр очиход Д нөхөртэйгээ  хоёулаа байж байсан. Тэгээд Д намайг дагуулаад алхсан. Д-н нөхөр бид хоёрыг дагаад алхаад байсан. Д нөхрийгөө гэртээ хариад байж бай гээд хөөгөөд байсан. Нөхөр нь Д-г гэртээ харья, хамт гэр лүүгээ явъя гээд байсан.  Удалгүй нөхөр нь яваад өгсөн. Д сэтгэл санаа тавгүй байна хамт “Альфа” бааранд ороод сууж байгаад гаръя гээд би хамт явсан. Бид 2 баар хаагаад гэр лүүгээ явсан. ... Д надад хэлэхдээ нөхөртэйгээ маргасан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,

Гэрч Ө.Д-н 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтанд өгсөн: “...10 жилдээ даруухан нийтэч эелдэг зантай хүүхэд байсан. Нөхөр, 2 хүүхэдтэйгээ амьдардаг. Одоогоор ажил хийдэггүй. Д энэ жил Эдийн засгийн үндэсний дээд сургуулийг бага ангийн багшаар төгссөн. Архи ууж байгааг нь хараагүй. Пиво л хааяа л хэрэглэдэг. Тамхи татдаггүй.Эд хөрөнгийн талаар нь сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Гэрч Ц.С мөрдөн байцаалтанд өгсөн: “... Ж.Д-н зан байдлын талаар гэвэл аливаад хүлээцтэй, хүн чанартай, сайн үлгэр дурайлалтай хүн. ...2007 онд сургуулиа төгсөөд нэг хүнтэй гэр бүл болж байсан. Хэзээ салсаныг мэдэхгүй байна. Дундаасаа 4 дүгээр ангид сурдаг эрэгтэй хүүхэдтэй. Хүүхэд нь сургууль эхлэхээр ээж дээрээ ирчихдэг. Сургууль амархаар аавтайгаа зундаа байдаг. ... 2011 оноос хойш хамтран амьдраад эхэлсэн. ... Гэртээ маргаантай байдаг талаар би сонсож  байгаагүй. ...Ж.Д нь “*******” багшийн их сургуулийг 2011-2013 он хүртэл сурч байгаад жилийн чөлөө аваад, сүүлд бага ангийн багшаар суралцаж төгссөн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 28 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ж.Д-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 12 цагт манай нөхөр Л хөдөөнөөс ирсэн. ...Тэгээд би орой найзтайгаа уулзчихаад ирье гээд гэрээс гарах гэсэн чинь манай нөхөр Л намайг гэрээс гаргахгүй гээд миний гар утас, бичиг баримт, машины түлхүүрийг өгөхгүй байсан. Тэгэхээр нь би нөхөр Л-г айлгах гээд хайч бариад өөрийхөө цээжин дээр тулгасан. Л надаас миний барьсан хайчийг булаагаад авсан. Тэгэхээр нь би гэрээс гараад явахад Л намайг дагаад явсан. Би Л-д намайг битгий дагаад бай гээд чулуу шидээд хөөсөн. ...Маргааш өглөө нь нөхөр бид 2 хүүхэдтэйгээ хамт хоолонд ороод, дэлгүүр ороод буцаад гэртээ ирсэн. Өдөр 16 цагийн үед би эмнэлэгт хэвтэж байгаа эгч дээрээ очих гээд гэрээс гарах гэсэн чинь манай нөхөр Л намайг гэрээс гаргахгүй гээд байхаар нь би цай ууж байсан шаазан аягаар толгойн тус газар нь нэг удаа цохисон. Тэгээд Л намайг барьж аваад ор луу түлхээд унагаахаар нь би Лхагвын нүүр болон хүзүү, цээжин хэсгийг нь гараараа маажсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 39 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Э.Э мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын эхээр өдрийг мэдэхгүй байна. Би гэртээ аав, ээж, дүүгийн хамт гэртээ байсан. Бид нар зах орж хоолонд ороод гэр лүүгээ явах замдаа дэлгүүрээс юм аваад харьсан. Ээж Ж.Д гэртээ ирээд цаг орчимын дараа эмнэлэгт хэвтэж байгаа Я эгч дээр очно гээд Л  ахаас машины түлхүүр авах гэтэл ах өгөөгүй. Ах ээжийг дагуулж гэрт нь оруулаад чи хаашаа ч явахгүй, бараг хэзээ ч гарахгүй гэж хэлээд ээжийг зүүн гараараа баруун хацар луу нь нэг удаа алгадсан. Ээж Л ахад намайг эмнэлэг рүү явуулсангүй гэж уурлаад хэрэлдээд байхаар нь дүүгээ дагуулаад гэрээсээ гарсан. Тэрнээс хойш ээж, Л ах хоёрын маргаан юу болсон талаар мэдээгүй. Гэртээ хоёулаа нэг цаг орчим байсан. Ээж гэрээсээ ганцаараа гараад явган эмнэлэг рүү явсан. Би дүүтэйгээ гэртээ тоглоод үлдсэн. Тэр өдөр өөр маргаан болоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 381 дугаартай: “... Б.Л-н биед баруун чамархай, баруун жавж, зүүн чамархай, хүзүүний зүүн дээд хэсэг, цээжний баруун дээд хэсэг, баруун хөхний дээд хэсэг, зүүн суганы урд шугамаар 6-р хавирганы төвшинд, хэвлийн зүүн доод хэсэг, баруун хөлийн шилбэ хэсэгт зулгаралт, Зүүн, баруун гарын бугалга, цээжний зүүн дээд хэсэг, зүүн хөхний доод хэсэг, аюулхайн баруун хэсэг, хэвлийн баруун дунд доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ... Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ... Уг гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. ... Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт. /хх-ийн 32 дугаар хуудас/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13 дугаар хуудас/,

Эд мөрийн баримт хураах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 15 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 17 дугаар хуудас/,

Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 18 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ж.Д-н хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 4242-44, 65-66, 71-73 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ж.Д-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Ж.Д нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн нөхөр Б.Л-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлолгдон тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Ж.Д-н мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Л-н “...шүүгдэгч Ж.Д-р толгойдоо аягаар цохиулсан талаар...” өгсөн мэдүүлэг /хх-ийн 6-7, 20-21, 23/, гэрч Ө.Д, Ц.С, насанд хүрээгүй гэрч Э.Э нарын мэдүүлэг /хх-ийн 10,  26-27, 28, 29/, шүүгдэгч Ж.Д-н үйлдлийн улмаас хохирогч Б.Л-д хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 381 дугаартай дүгнэлт. /хх-ийн 32/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13/, Эд мөрийн баримт хураах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 15/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 17/, Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 18/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч ******* овогт Ж.Д-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ж.Д нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан...” үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.Д-н хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Ж.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих, 

Шүүгдэгч Ж.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн шаазан аяга нэг ширхэгийг устгахыг тус тус дурьдаж,

Шүүгдэгч Ж.Д-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Ж.Д-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт Ж.Д-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ж.Д-д оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр 250.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Дэжиддулам нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

5. Шүүгдэгч Ж.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн шаазан аяга нэг ширхэгийг устгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Д-д  авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч,    давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Д-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй