Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/01988

 

Г- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2022/01916 дугаар шийдвэртэй, Г- ХХК-ийн хариуцагч Ч.М-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 13,277,327 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамханд, А.Гантогтох, хариуцагч Ү.Мөнхчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч Г- ХХК нь хариуцагч Ч.М-тай 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 22,000,000 төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлдэгч Ч.М- нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, 577 хоног хугацаа хэтрүүлсэн. 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 10,062,671.44 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 2,919,704.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 294,951.74 төгрөг, нийт 13,277,327.77 төгрөгийн үүрэг үүссэн тул хариуцагч Ч.М-аас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Дэлхий нийтийг хамарсан цар тахал гарч, давагдашгүй хүчин зүйл үүсэж, Монгол улсын Засгийн газраас бүх төрлийн зээл төлөлтийг хойшлуулж, энэ хугацаанд зээлийн хүү бодохгүй байх тогтоол гаргасан. Үүний дагуу зээлийн гэрээний 5.1-т зааснаар давагдашгүй хүчин зүйл үүссэн тул би 2022 онд байгууллагаараа дамжуулан зээл хойшлуулах хүсэлтээ Г- ХХК-д хүргүүлсэн. Г- ХХК-аас мессежээр ирдэг зээл төлөлтийн нэхэмжлэх ирэхээ зогссон тул зээл, зээлийн хүүгийн төлөлт хойшилсон байна гэж ойлгосон. Бид анх зээлийг авахдаа гэрээний 2.10-т зааснаар даатгуулсан бөгөөд давагдашгүй хүчин зүйл үүссэн гэж үзэж, тухайн зээлийн үлдэгдэл хүү, үндсэн зээлийг даатгалын байгууллагаар төлүүлэх, гэрээний хавсралт 1-т зааснаар зээлийг төлж дуусгахад 27,412,052.47 төгрөгийг төлөх бөгөөд миний төлсөн 16,469,814.66 төгрөгийг хасч, үндсэн зээл, үлдэгдэл хүүг тооцох, мөн банк зээл олгохдоо хууль зөрчин шимтгэл суутгасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул эргүүлэн олгуулж өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу хариуцагч Ч.М-аас 12,982,376.03 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 294,951.74 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,337 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.М-аас 222,668 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г- ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ..

4.Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Миний бие зээлийн төлбөрт 16,469,814.66 төгрөг төпсөн. Гэтэл шүүх дахин 12,982,376.03 төгрөг төлөх шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Зээлийн гэрээний хугацааг 577 хоног хэтрүүлсэн гэсэн нь үндэслэлгүй. Энэ нь 2021 оны 08 сараас Г- ХХК шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 05 сарын хооронд тооцоход 9 сар буюу 270 хоног гарч байгаагаас харагдана. Зэлтэй байх хугацаанд цар тахал гарч Монгол Улсын Засгийн газраас 2020 онд цалин болон түүнтэй адилтгах орлого буурсан иргэдийн банк, санхүүгийн байгууллагаас зээлсэн зээлийн төлбөр, хүү, алдангийг 6 сарын хугацаанд тооцохгүй байх чиглэлээр тогтоол гарсны дараа 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3-р хэлтсийн албан бичгээр тухайн банкинд зээлийн төлөлтөө хойшлуулах өөрийн хүсэлтийг хамт хүргүүлсэн боловч банкны зүгээс бичгээр хариу өгөөгүй. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.2 дах хэсэгт зааснаар хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй. Үндсэн төлбөр болон хүүд төлсөн нийт төлбөр 16,469,814.66 төгрөг, төлөгдөөгүй үлдсэн зөрүү 27,412,052.47 16,469,814.66 = 10,942,237.80 төгрөгийг үндсэн төлбөр болон хүүд төлөхөөр байна.

4.а.Банк зээл олгохдоо нэг хувийн шимтгэл суутгаж хуулийн шаардлагад нийцээгүй болзол тавьж, зөвшөөрөхгүй бол зээл олгох боломжгүй гэснээс гадна өөрсдийн эрсдэлийг надад хариуцуулж та даатгуулахгүй бол таны зээл гарахгүй, зээлээ төлж чадахгүй тохиолдолд таны даатгалаар зээлийг тань хаана гэх зэргээр болзол тавьж даатгал хийлгэсэн болохыг маргаан хянагдах явцад олж мэдсэн юм. Банк нэг хувийн шимтгэл авсан нь хууль ёсны үндэслэлгүй гэдэг нь шүүхийн практикаар нотлогдсон байхад үүнийг анхааралгүй надаар төлүүлсэнд гомдолтой байна. Энэхүү хэлцэл нь Монгол Улсын Иргэний хуулийн 45 дүгээр зүйлийн 45.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож надад олгосон 22,000,000 төгрөгнөөс миний төлсөн 16,469,814.66 төгрөг, зээлийн нэг хувийн шимтгэлийг хасч 5,310,182.34 төгрөгийг надаар төлүүлнэ үү. Хэрэгт цугларсан нотлох баримтыг дутуу үнэлж хууль буруу хэрэглэсэн шийдвэрт өөрчлөлт оруулан надад холбогдох төлбөрөөс 2,040,139 төгрөг болон зээлийн нэг хувийн шимтгэлийг хасч энэхүү хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож зохих шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч Г- ХХК нь хариуцагч Ч.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 13,277,327 төгрөг гаргуулахаар нэхэмжилсний зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Зохигчид 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Г- ХХК нь 22,000,000 төгрөгийг, 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй зээлдүүлэх, хариуцагч Ч.М- нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 22,000,000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээ, дансны хуулга зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна. /хх-ийн 5-6, 8-р тал/

3.а.Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт ... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө болон хүүг буцаан төлөх үүрэгтэй гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаас гадна талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.1.1, 2.9-т хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг, хэмжээний талаар нарийвчлан тохиролцсон байх тул зээлдэгч нь уг хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэх учиртай.

3.б.Хариуцагч Ч.М- нь зээлийн гэрээний үүрэгт нийт 16,469,814 төгрөг төлж, 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээл 10,062,671.44 төгрөг, хүү 2,919,704.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 294,951.74 төгрөг, нийт 13,277,327.77 төгрөгийн үүрэг хариуцагчид үүссэн үйл баримт тогтоогдсон. /хх-ийн 7-р тал/

3.в.Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэлийн хүрээнд анхан шатны шүүх нэмэгдүүлсэн хүү 294,951.74 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгах боломжгүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй.

3.г.Харин үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг бууруулах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул анхан шатны шүүх хариуцагч Ч.М-аас үндсэн зээл 10,062,671.44 төгрөг, хүү 2,919,704.59 төгрөг, нийт 12,982,376.03 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г- ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Учир нь Коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийг үндэслэн баталсан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183 дугаар тогтоолын 8 дах заалт нь зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах агуулгатай байна.

3.д.Хариуцагч Ч.М- нь зээл төлөлтийг хойшлуулах талаарх хүсэлтийг нэхэмжлэгч Г- ХХК-д хүлээлгэн өгсөн гэх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүйгээс гадна, дээрх тогтоолд зөвхөн нэмэгдүүлсэн хүү тооцохгүй байх талаар заасан байх тул зээл хойшлуулах хүсэлтийг шийдвэрлээгүй, хүү төлөх үндэслэлгүй гэх агуулгаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

3.е.Түүнчлэн, хариуцагч давж заалдах гомдолдоо зээлээс шимтгэл тооцсон нь хуульд нийцээгүй, шимтгэлийг зээлээс хасаж тооцуулна гэх боловч энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл, зээлийн шимтгэл тооцох гэрээний заалтын хүчин төгөлдөр байдлын талаар шаардлага гаргаагүй тохиолдолд зөвхөн хариуцагчийн тайлбарт үндэслэн шимтгэл тооцох эсэх талаар дүгнэлт өгөх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2, 73.3 дах хэсэгт заасанд нийцэхгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

4.Анхан шатны шүүх хариуцагчийн төлбөл зохих зээлийн үүргийг зөв тогтоосон боловч шийдвэрийн тогтоох хэсэгт маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг орхигдуулсан байгааг залруулан өөрчлөв.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2022/01916 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... 451 дүгээр зүйлийн 451.1 ... гэсний дараа 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.М-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,038 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

Г.ДАВААДОРЖ