Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/01989

 

М- ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2022/01235 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М- ХК-ийн хариуцагч У- СӨХ-д холбогдуулан гаргасан даатгалын гэрээний нөхөн төлбөрт 351,450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч Ч.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: У- сууц өмчлөгчдийн холбоо засвар хийгээгүйн улмаас даатгалын гэрээний даатгуулагч Ц.Ч-ын өмчлөлийн Баянгол дүүрэг, 17-р хороо, 76-р байр, 24 тоот байранд 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дээврээс ус гоожиж, улмаар тааз шарлаж, зарим хэсгийн эмульс хууларснаас нийт 351,450 төгрөгийн хохирол учирсан. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 5 дугаар зүйлийн 5.8 дах хэсэгт зааснаар СӨХ нь мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулан, засвар үйлчилгээ хийх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүйн улмаас даатгуулагчийн гэрийн дээврээс ус нэвтэрч хохирол учруулсан гэж үзэж байна. Иймд Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт зааснаар 351,450 төгрөгийг хариуцагч У- СӨХ-оос гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч У- СӨХ-ны тайлбар, татгалзлын агуулга: Тус СӨХ-ны хариуцан ажилладаг 76 дугаар байр нь 2009 онд ашиглалтанд орсон бөгөөд 2013 оноос 6 давхрын айлууд руу дээврээс ус нэвчин орж эхэлсэн байдаг. 2015 оноос СӨХ нь өөрийн хөрөнгө мөнгөний бололцоогоор жил бүр хэсэгчлэн засаж эхэлсэн ба 900 м.кв талбайтай дээврийн ажлыг гүйцэд засах мөнгөний бололцоогүй тул засвар хийгээгүй хэсгээр зарим айл руу ус ордог байсан. СӨХ-ны зүгээс 17 дугаар хороо, Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газарт, мөн тойргоос сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд, иргэдийн төлөөлөгчдөд бодит байдлын зураг, оршин суугчдын өргөдөл гомдол, Мэргэжлийн хяналтын газрын 2018, 2019 оны дүгнэлт зэргийг албан бичгээр ханддаг байсан боловч ашиглалтад ороод 10 жил болоогүйн улмаас нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтын ажлаас хасагддаг байсан. Тус 24 тоотын Ц.Ч- гэдэг айлын өмнөх 2 айл байхад л ус ордог байсан. 2021 оны Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 76 дугаар байрны дээврийн их засварын ажил хийгдэх болсон бөгөөд 2021 оны 08 сард их засвар хийсэн болно. Даатгалын газар нь тухайн айлын эрсдэлийг хүлээх гэж даатгалд хамруулдаг. 24 тоотын оршин суугч Ц.Ч- СӨХ-нд гомдол санал байхгүй гэсэн өргөдөл өгсөн гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч У- СӨХ-оос 351,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М- ХК-д олгож, нэхэмжлэгч М- ХК нь хариуцагч Хаусинг холд ХХК-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 11,194 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч У- СӨХ-оос 11,194 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М- ХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2022/01235 дугаартай шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сууц өмчлөгчдийн холбоо нь оршин суугчдынхаа төлсөн мөнгөөр үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус байгууллага, нэхэмжилсэн 351,450 төгрөгийг бусад айлын төлж буй мөнгөөр төлөх боломжгүй. Энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч М- ХК нь хариуцагч У- сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан даатгалын гэрээний нөхөн төлбөрт 351,450 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн байна.

3.а.Хариуцагч У- сууц өмчлөгчдийн холбоонд хамаарах орон сууцны өмчлөгч Ц.Ч- нь нэхэмжлэгч М- ХК-тай 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ байгуулж, уг гэрээгээр даатгуулагч Ц.Ч- нь Баянгол дүүрэг, 17-р хороо, 76-р байр, 24 тоот хоёр өрөө орон сууцыг даатгуулж даатгалын хураамж төлөх, нэхэмжлэгч буюу даатгагч М- ХК нь даатгалын тохиолдол үүсэхэд учирсан хохирлыг даатгуулагчид нөхөн төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 6-р тал/

3.б.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8 дах хэсэгт зааснаар хариуцагч У- сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг засварлах үүрэгтэй. Хариуцагч уг үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр орон сууцны дээврээс ус алдаж, даатгуулагч Ц.Ч-ын орон сууцны тааз норж, эмульс, замаск хууларч 390,500 төгрөгийн хохирол учирсан үйл баримт тогтоогдсон тул бусад айлын төлсөн мөнгөөр нэхэмжлэгчид учирсан хохирлыг барагдуулах боломжгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй. /хх-ийн 9-13-р тал/

3.в.Дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор даатгалын тохиолдол бий болж, даатгагч М- ХК нь даатгуулагч Ц.Ч-ын эд хөрөнгөд учирсан хохиролд 323,450 төгрөг, үнэлгээний төлбөрт 28,000 төгрөг, нийт 351,450 төгрөгийг төлсөн байна. /хх-ийн 15-16-р тал/

3.г.Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дах хэсэгт Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ ... гэж, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж тус тус заасан байна. Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээний 6.1.6-д даатгагч даатгуулагчид даатгалын нөхөн төлбөр олгосны дараа буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгуулагчид олгосон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэсэн талуудын тохиролцоо нь дээрх хуулийн зохицуулалтад нийцжээ.

3.д.Иймд хууль болон гэрээнд зааснаар хохирлыг буруутай этгээдээс нөхөн төлөхийг шаардах эрх нэхэмжлэгч М- ХК-д шилжсэн байх тул хариуцагч У- сууц өмчлөгчдийн холбооноос 351,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М- ХК-д олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дах хэсэгт заасанд тус тус нийцсэн байна.

4.Иргэдийн төлөөлөгчийн У- СӨХ нь шаардлагатай засварыг хийгээгүйн улмаас айл хохирсон байна гэх дүгнэлтийг давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн болно.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2022/01235 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА Г.ДАВААДОРЖ