| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2018/0148/Э |
| Дугаар | 154 |
| Огноо | 2018-08-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганцэцэг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 154
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Улсын яллагч Д.Ганцэцэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дамбийням,
Шүүгдэгч Х.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн******* овогт Х.З-д холбогдох эрүүгийн 1826002750167 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,******* овогт Х.З
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.З нь 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийи 02 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “*******” зочид буудлын 35 тоот өрөөнд иргэн Б.Ц-тай харилцан зодолдож, түүний баруун чихний дэлбэнг хазаж таслан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Х.З шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Урд нь ярьсан зүйл үнэн зөв. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 1500000 төгрөг төлсөн...” гэв.
Хохирогч Б.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ажлаа тараад “*******” төвийн үүдэнд хуучин манай ******* сургуулийг төгссөн ах З таарсан. З ахтай хамт “*******” буудлын 35 тоот өрөөнд орсон. Уг буудлын өрөөнд Б, Х, Х, У нар байсан. Тэр өрөөнд байсан 1 шил 0.75 литрийн Соёрхол архийг би, З, Б, У, Х бид нар хувааж уусан. Х архинаас уугаагүй. Б, Х хоёр Х явлаа гэхээр нь гаргаж өгөх гээд хамт гарсан. З ах ууж байсан архинаасаа ахиж аяганд хийж өгөхөөр нь би архийг уухгүй гээд шилтэй архийг очоод бүгдийг асгачихсан. Тэгсэн З ах надад уурлаад босч ирээд миний өмсөж явсан хувцсаар боогоод хана руу түлхээд, миний нүүр рүү толгойгоороо 2 удаа мөргөсөн. Би З-н нүүр рүү толгойгоороо мөргөөд, 2 удаа гараараа цохиод, хоёулаа зууралдаад шалан дээр унасан. Би унахдаа З ахын дээр нь унасан. З ах миний доор унасан. З ах шалан дээр унахдаа толгойгоороо паар мөргөөд унасан. Би З ахын зүүн шанаа хэсэг рүү баруун гараараа 3-4 удаа цохисон. Тэгсэн З ах миний доор байхдаа миний баруун чихний үзүүрээс тасарч унатал хазсан. Миний баруун чихнээс цус гараад байсан тул буудлын 00-д ороод баруун чихээ толинд харахад тасарсан байсан. З ах миний араас 00-д орж ирээд хэлэхдээ зодолдоод дийлэхгүй байхаар нь баруун чихнээс чинь хазсан шүү гэж өөрөө хэлсэн. ОО-ийн өрөөнд байхад Б, Х нар миний баруун чих тасархай байсаныг харсан. ...Би тэндээсээ шууд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн яаралтай тусламжийн сувилагчаар боолт хийлгээд маргааш чих хамар хоолойн эмчид үзүүлээрэй гэж хэлээд явуулсан. ... Өглөө 07 цагийн орчим буудалд З-н ах, эгч хоёр нь орж ирээд эмнэлэг явья гэхээр нь хамт чих хамар хоолойн эмэгтэй эмчид үзүүлээд баруун чихний тасархай хэсэгт 23 оёо тавиулсан. Тэр өдрөө З ахтай хамт би Улаанбаатар хот руу чихээ үзүүлэхээр явсан. Чихнийхээ тасархайг сүүлд Х-с авсан. Улаанбаатар хотод “MGG” нэртэй эмнэлэгийн Эрдэнэчимэг гэдэг эмчид баруун чихээ үзүүлэхэд оёо сайн тавьсан байна үхэжсэн хэсгийг тасдаад авсан байна гээд эм бичиж өгсөн. Одоо өөр эмчилгээ байхгүй гэж хэлсэн. Эмийг З ах өөрөө авч өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/.
Гэрч Г.Х-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 02 цагийн орчим “*******” буудалд би, Б, Х, З, Ц, У нарын хамт орсон. Тэнд 1 шил 0.75 литрийн Соёрхол архийг бүгдээрээ уусан. Архи ууж байхад Х, Ц хоёр хоорондоо маргалдаж байгаад Х буудлын өрөөнөөс гарахаар нь араас нь Б бид хоёр гарсан. Бид гурав буудлын гадаа юм ярьж байхад буудлын өрөөнд Ц, З нар чанга, чанга юм яриад маргалдаж байгаа нь сонсогдохоор нь бид гурав буудлын өрөөнд эргээд ортол З нь Ц-н баруун талын чихний үзүүр хэсгийг хазаад тасдсан байсан. Буудлын өрөөний шалаар нэлэнхүйдээ цус болчихсон байсан. З, Ц хоёрыг Б бид хоёр дундуур орж салгасан. Тэгсэн 2 цагдаа ирээд З-г цагдаа руу аваад явсан. Ц-г бид нар эмнэлэгийн яаралтай тусламжид аваачиж үзүүлээд оёо тавиулсан. Буудалдаа З-с бусад нь буцаж очоод тэндээ хоносон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Гэрч А.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 15-ны шөнө 01-02 цагийн орчим “*******” буудалд би, Ц, З, Х, Х, У нарын хамт ороод 1 шил 0.75 литрийн архийг бүгдээрээ уусан. Архи ууж байхад Х, Ц нар хоорондоо маргалдаад Х ганцаараа гараад явсан. Араас нь Х, бид хоёр гарсан. Буудлын гадаа тэр хоёртой юм яриад зогсож байхад буудлын өрөөнд үлдсэн З, Ц хоёр маргалдаж байгаа нь сонсогдохоор нь Х, Х бид гурав буудлын өрөөнд ороход З нь Ц-н баруун талын чихний дээд хэсгийг хазаад тасалчихсан, Ц-н баруун чихнээс нь цус гараад өрөө нэлэнхүйдээ цус болчихсон байсан. Бид нарыг орж ирснээс хойш З нь Ц-г зодох гээд дайраад байсанг Х бид хоёр салгасан. Удаагүй цагдаа нар ирээд З аваад явсан. Ц-г эмнэлэг рүү Х, Х, У, бид нар аваачиж үзүүлээд Ц-н баруун чихэнд эмчээр оёо тавиулсан. Яг хэдэн оёо тавьсанг би мэдээгүй. Бид нар тавуулаа буцаж буудалаа очоод унтаж байтал өглөө Золбоогийн эгч нь ирээд Ц-тай уулзаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
Гэрч Х.С-н мөрдөн байцаалтанд өгсөн: 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр шөнө 03 цагийн манай дүү З цагдаагийн газарт эрүүлжүүлэхэд орох гээд байна ирээд аваач гэсэн. Удаагүй нэг эрэгтэй цагдаа миний утас руу залгаад З хуний чих хазсан байна. Ирж авах шаардлагагүй гэсэн. Тэр утсаар ярьсан цагдаа хэлэхдээ “*******” буудалд хүний чих хазсан талаар хэлсэн. ...Ц гэдэг залуугийн баруун талын чих нь боолттой байсан. Боолттой чихийг нь харья гэсэн чинь харуулахгүй, би гомдолгүй гээд намайг өрөөнөөсөө хөөгөөд байхаар гарсан. Би нөхөр А-тай хамт очсон. Өглөөний 10 цаг өнгөрч байхад буудлын гадаа хүлээж байгаад 11 гээд буудлаас Ц гараад ирэхээр нь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн чих хамар хоолойн эмчид үзүүлээд оёо тавиулсан. Би гадаа үлдсэн болохоор Ц-г хэдэн оёо тавьсаныг мэдэхгүй байна. Тэгээд орой З-г, Ц-тай хамт Улаанбаатар хотын арслантай гүүрийн урд байдаг “MGG” нэртэй эмнэлэгт үзүүлэхээр явуулсан. Тэрнээс хойш яг юу болсоныг сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Гэрч Ц.У-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр цагийг мэдэхгүй байна “*******” буудалд би, Х, Б, Х, З, Ц нарын хамт орсон. ...З нь Ц-д хандаж У бид хоёрыг 10-20 минут үлдээчих гэж 2-3 удаа хэлсэн. Ц та энэ хүнийг юу гэж бодоод байгаа юм гээд шилтэй архийг бүгдийг асгасан. Тэгсэн З Ц-г чи түрүүнээс хойш яах гээд байгаан гэж хэлээд хоорондоо барилцаад авсан. Хэн нь эхлээд хэнийгээ цохисоныг анзаараагүй. Тэр хоёрыг салгах гээд дундуур нь орсон боловч тэр хоёр үгэнд орохгүй байсан. Гаднаас Б, Х, Х гурав орж ирээд салгах гэтэл Ц-н үснээс нь шүдээрээ зулгаагаад, гараараа Ц-н зүүн нүд рүү 2-3 удаа хүчтэй цохисон. Ц нь зөрүүлээд З-г цохиж авсан. Тэгсэн Зо Ц-н баруун чихнээс нь хазаад зулгаагаад тавихгүй байсан. Х, бид хоёр боль гэсэн боловч бид хоёрын үгэнд ороогүй. З нь Ц-н чихийг тасартал зуугаад, тасархайг нь нулимаад газар шидсэн. ...Ц-г Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 103 дээр аваачиж тасарсан чихийг цэвэрлүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Гэрч Б.Х-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 15-ны шөнө цагийг мэдэхгүй байна “*******” буудалд би, У, Б, Х, З, Ц нарын хамт орсон. ...Буудлын өрөөнд З, Ц, У нар үлдсэн. Бид гурав буудлын гадна талын шатан дээр сууж байхад 3 давхарын цонхоор нь болиоч чи юу юм гээд чимээ гараад байхаар нь буудлын өрөөнд ортол буудлын өрөөний хаалга талын хэсэг цус болчихсон У орон дээр цаашаа хараад суучихсан, З, Ц-г хоолойн араас гараараа боож байгаад Цн баруун чихийг хазаад зулгаагаад тасалчихлаа гэж хэлсэн. Бид гуравыг өрөөнд орж ирсний дараа З нь Ц-н зүүн талын шанаан тус газар гараа зангидаж байгаад 3 удаа цохисон. Ц хэлэхдээ З ах та яаж байгаа юм. Миний чихийг тасалчлаа ш дээ. Би таныг хүндлээд та гээд байхад та яагаад миний чихийг хазаж байгаа юм бэ гээд байсан. ...Ц-г дагуулаад аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 103 хүлээн авах дээр очиж үзүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Гэрч Б.О-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр би “*******” буудалд ресепшинээр ажиллаж байсан. 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нэлээн шөнө цагийг сайн санахгүй байна Б, З, 2 эмэгтэй, бас нэг залуутай 5-лаа 3 ортой 35 дугаартай өрөөнд орсон. Тухайн үед З нилээн согтуу байсан. Нөгөө хэд нь согтолт нь гайгүй байсан. З асуудал гаргахгүй орж хоночихоод гарна гээд байхаар нь З-г оруулсан. Өрөөний хүмүүс нь орж гараад байсан. Тэд нар буудлын өрөөнд орохдоо 1 шил архитай явж байгаа талаараа хэлээд орсон. Чихээ З-д хазуулсан залуу сүүлд ирсэн. Тэгээд удаагүй З нь нь сүүлд ирсэн залуутай маргалдаад баруун талын чихний үзүүрийг тас хазчихсан байхаар нь чихний тасархайг хайсан боловч олоогүй. Гаднаас хоёр цагдаа ирээд З, чих хазуулсан залуучуудыг аваад явсан. Б 2 охинтой буудалд байж байгаад гарч яваад шөнө дунд Б 2 хүүхэн, чихээ хазуулсан залуу, Х гэх залуу нар хоносон. ...Маргааш өглөө нь З-н эгч нь ирээд чих хазуулсан гэх залуутай ирж уулзаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 406 дугаартэй: “... Б.Ц-н биед баруун чихний дэлбэнгийн гадна, дунд, дээд хэсэгт тасрал, шарх, тус шарханд мэс заслын 13 оёдол, зүүн нүдний дээд, доод зовхи, хүзүү, хоолойн баруун 10*5.4 см, цээжний баруун дээд хэсэгт 6.5*5 см, 4.9*1.6 см, хүзүү хоолой цээж, баруун гарын бугалга, баруун хөх, баруун гарын тохой хэсэгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл шарх нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 27 дугаар хуудас/,
Шүүгдэгч Х.З-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “...Ц-тай хэсэг зууралдаад босч чадахгүй байхаар Ц-н баруун чихний дээд хэсгээс нь тасартал нэг удаа хазсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
Шүүгдэгч Х.З-н хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 48, 65-68, 71-75 дугаар хуудас/,
Шүүгдэгч Х.З-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Х.З нь 2018 оны 06 дугаар сарын 15-ны 02 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “*******” зочид буудлын 35 тоот өрөөнд иргэн Б.Ц-тай харилцан зодолдож, түүний баруун чихний дэлбэнг хазаж таслан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Х.З-н мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Ц-н “... 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр шүүгдэгч Х.З-д зодуулж, чихээ хазуулсан талаар...” өгсөн мэдүүлэг. /хх-ийн 10-11/, гэрч Г.Х, А.Б нарын “... Шүүгдэгч Х.З нь хохирогч Б.Ц-г зодсон, чихийг нь хазсан талаар...” өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-15, 16-17/, гэрч Х.С-н “...шүүгдэгч Х.З-н хохирогч Б.Ц-н чихийг хазсан, хохирогч Б.Ц-н чих боолттой байхыг харсан, эмчид үзүүлж оёо тавиулсан талаар...” өгсөн мэдүүлэг. /хх-ийн 18-19/, гэрч Ц.У-н “...шүүгдэгч Х.З хохирогч Б.Ц-н баруун чихнээс нь хазаад зулгаагаад тавихгүй байсан. ...З нь Ц-н чихийг тасартал зуулгаад, тасархайг нь нулимаад газар шидсэн талаар...” өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-21/, гэрч Б.Х-н “...шүүгдэгч Х.З хохирогч Б.Ц-н чихийг хазаад тасалсан талаар...” өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23/, гэрч Б.О-н “...Чихээ З-д хазуулсан залуу сүүлд ирсэн. Тэгээд удаагүй З нь нь сүүлд ирсэн залуутай маргалдаад баруун талын чихний үзүүрийг тас хазчихсан байхаар нь чихний тасархайг хайсан боловч олоогүй талаар...” өгсөн мэдүүлэг /хх-ийн 24/, шүүгдэгч Х.З-н үйлдлийн улмаас хохирогч Б.Ц-д хөнгөн хохирол учирсаныг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 406 дугаартай дүгнэлт /хх-ийн 27/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нотлогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Х.З-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Х.З нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан...” үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Х.З-н хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр 300.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Х.З нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих,
Шүүгдэгч Х.З нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,
Шүүгдэгч Х.З-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч******* овогт Х.З-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч******* овогт Х.З-г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.З-д оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр 300.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.З нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.
5. Шүүгдэгч Х.З нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.