Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 155

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М,

Иргэний нэхэмжлэгч С.Я,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсайхан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дамбийням

Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Д.М-д холбогдох 1826001930125 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт Д.М

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.М нь 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 21 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хойд талын засмал зам дээр өөрийн эзэмшлийн “Верна аксент” маркийн автомашиныг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.10 дахь заалт “...Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчиж, адил замаар өөдөөс чигээрээ яваа хохирогч Б.Д-н жолоодож явсан улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоциклийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас Б.Д-н амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 4 дүгээр сарын 26-ны орой таксидаж явж байгаад Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хойд талын гүүрний цаад талд зүүн гар тийш эргэх гээд дохио өгсөн чинь гэнэт хурдтай мотоцикль орж ирээд мөргөсөн. Улмаар хүний амь нас хохирсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М-д 5.717.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 3.283.000 төгрөг, мотоциклийн хохирол 301.000 төгрөг нийт 3.584.000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 01-ныг хүртэлх хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй гэрээ байгуулсан байгаа. Энэ хугацаанд гэм хорын хохирлыг төлж барагдуулна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ: “...Би Улаанбаатар хотод ажилладаг. 2018 оны 04 дүгээр сарын 02-ны орой манай бэр хүүг маань осолд орчихлоо гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг дээр ирэхэд ямар ч ухаангүй байсан. Улмаар ухаан орохгүй байсаар байгаад нас барсан. Найз нөхдүүд нь надад “өөрийг нь хурдтай явсан юм шиг байна лээ” гэж хэлсэн. Нэхэмжлэлийн хувьд эхлээд 10.000.000 төгрөг нэхэмжилсэн. Түүнээс 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзаж 9.301.000 төгрөг нэхэмжилсэн. 5.717.000 төгрөг авсан. Үлдэгдэл 3.584.000 төгрөгийг шүүгдэгч Д.М нь 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн дотор өгөхөөр харилцан тохиролцож  гэрээ хийсэн байгаа...” гэв.  

Иргэний нэхэмжлэгч С.Я шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хүүхэддээ тэжээгчээ алдсаны тэтгэмжээ гаргуулах нэхэмжлэл гаргасан. Манай нөхөр Техникийн зах дээр мотоциклийн сэлбэг зардаг байсан. Өдөрт 50.000-100.000 төгрөгийн орлого олдог байсан...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн орой 21 цаг өнгөрч байх үед талийгаачийн эхнэр Я нь надтай утсаар яриад Б.Д аваарт орсон, гэрээс нь хүмүүс байна уу гээд эмнэлгээс яриад байна гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 04 цагийн үед хотоос гарсан. Намайг хотоос гарах үед хагалгаанд орчихлоо гэж байсан. Би аймагт 08 цаг гээд ирэхэд дөнгөж хагалгаанаас гараад байж байсан. Тэгээд биеийн байдал нь дээрдэхгүй амь тариагаар байсаар байгаад сэрэлгүй нас барсан. Осолд орсных нь дараа хамт ажилладаг хүн нь таарсан байсан. Их хол шидэгдсэн байсан гэж тэр хүн ярьж байсан. Эмнэлэгт 10 хоног бил үү 12 хоносон бил үү нас барсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

Гэрч Т.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би жолоочийн арын суудал дээр бага охиныхоо хамт сууж явсан. *******-ийн арын уулзвар дээр бид нарын сууж явсан машин хойшоо эргэх гээд дохио өгөөд хойшоо эргэх гэж байтал жолооч мотоцикльтой хүн машин мөргөчихлөө гээд машинаа зогсоогоод буухаар нь бид нар хамт буусан. ... Тэгээд харахад машины ар талд нэг хүн зам дээр хэвтэж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 49-50 дугаар хуудас/,

Гэрч Ө.С-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Осол болсны дараа машинаас буухад нэг ах газар зам дээр хэвтэж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр хуудас/,

Гэрч Ө.С-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би осол болох үед автомашины урд талд жолоочийн хажууд сууж явсан. ... Тэр мотоциклийг ерөөсөө хараагүй. Машины жолооч хойшоо эргэх гээд дохиогоо өгөөд байж байтал мотоцикльтой хүн гэнэт гарч ирээд машины урд талаас мөргөсөн. Мотоцикльтой хүн машиныг ирж мөргөөд мотоциклиосоо унасан. Тэр үед жолооч ах буусан. Бид нар ч гэсэн машинаас бууж харахад нөгөө мотоцикльтой хүн машины ар талд зам дээр хэвтэж байсан. Тэр хүн дээр жолооч ах бид гурав очсон. Мөн тэр ахын таньдаг хүмүүс гэх хүмүүс ирчихсэн байсан. Тэгээд тэр ахыг эмнэлэг рүү нөгөө таньдаг гэх хүмүүс нь аваад явсан. Тэр мотоциклиос ойчсон гэх хүн сууж бариад байгаа харагдсан. Юм бол ярихгүй байсан. Тэр мотоцикльтой хүн гэнэт л гарч ирээд машины урд талаас мөргөөд хүн нь унасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52 дугаар хуудас/,

Гэрч С.Я-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би талийгаачийг осолд орсон талаар ажлынх нь газрын хүнээс мэдсэн. Тэр хүн нь талийгаачийг осолд орсны дараа нь таараад эмнэлэг дээр хүргэж өгсөн гэсэн. Тэр хүн надад хэлэхдээ “... танай нөхөр мотоцикльтой явж байгаад осолд орчихсон аймгийн эмнэлэг дээр ирчихээд байна...” гэж хэлсэн. Осолд ордог өдрийнхөө 16-17 цагийн орчимд талийгаач надтай утсаар яриад ажлаа хаачихаад найзуудынхаа хамт дотор явж байна. Хариад ярья гэж байсан. Надтай ярих үедээ хүмүүс уруу татаад жоохон юм амсчихлаа шүү гэж ярьж байсан. Хамт явсан хүмүүс нь хөдөөний хүмүүс гэсэн. Тэгээд аймаг орж ирээд талийгаачтай уулзсан байсан. Тэгээд байж байтал оройхон осолд орчихсон байна гэж ажлынх нь хүн надад хэлсэн. Яг ямар байдлаар осолд орсон талаар нь бол мэдээгүй. Гэмтлийн хувьд тархины цус бүлэгнэлтэй гэж байсан. Нэг удаа хагалгаанд орсон. Биеийн байдал нь муу ямарч ухаангүй байдалтай байсаар байгаад сэхээний тасагт нас барсан. ... Тэр мотоциклийг аваад удаагүй байсан. Аваад 20-иод л хонож байсан байх. Зах дээр мотоцикль зарж байсан Алткаа гэж залуугаас худалдаж авсан байсан. 1750000 төгрөгөөр худалдаж авахаар тохироод 1030000 төгрөгийг нь төлөөгүй байсан юм. ... Бид хоёр нэг охинтой. Одоо нэг ой л хүрэх гэж байна. Охин маань ааваараа овоглож явдаг байсан. Тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох бичиг баримтаа Хайрхандулаан суманд бүрдүүлээд өгчихсөн байгаа. Энэ хэрэг дээр тэтгэмжтэй холбоотой асуудлаараа нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Энэ нэхэмжлэлийг би өөрөө гаргаж оролцох хүсэлтэй байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Тэр өдөр 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байсан. Би техникийн зах дээрээс оройн 21 цаг өнгөрч байхад тарсан. ... Техникийн захаас гараад *******-ийн гүүрээр гарахаар явж байхад *******-ийн гүүрний цаана 12 жилийн 4-р сургууль руу эргэдэг дээр аваар гарчихсан байсан. Нэг хүн зам дээр хэвтэж байхаар нь хажуугаар нь гарахдаа цонхоо онгойлгож харахад Д мөн байсан. Тэгээд таниад зогсоогоод машинаас буугаад Б.Д дээр очиход ухаантай байсан боловч юм ярьж чадахгүй байсан. Цаана нь цагаан өнгийн суудлын автомашин байсан. Машины жолооч нь Б.Д-н дэргэд байхаар нь би тэр машины жолоочоос “...цагдаа, түргэн дуудсан юм уу...” гэхэд надад дуудсан гэж хэлсэн. Тэгэхээр нь цагдаа түргэн ирэхийг жаахан хүлээж байгаад ирэхгүй болохоор нь цаг алдаад яахав гээд эхнэртэйгээ машинд өргөж оруулаад эмнэлэг рүү аваад явсан. Тэгээд эмнэлэг дээр очоод эмчилгээ хийлгэж байгаад 2 цаг орчмын дараа ухаан алдсан. ... Д ёолоод хоёр тийшээ хөдлөөд байсан болохоос ямар нэгэн зүйл яриагүй. Юм ярьж чадахгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

Гэрч Б.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би 2013 онд “Евро Верна аксент” маркийн машинаа зарж байсан. 3000000 төгрөгөөр тооцож зарсан. Ямар нэг төлбөр тооцооны асуудал байхгүй. Бичиг баримт нь М-н нэр дээр шилжсэн байгаа. 1998 билүү 1999 онд үйлдвэрлэгдсэн машин байсан. ... Намайг зарах үед нэг их дутуу юм байгаагүй. Техникийн хувьд бүрэн машин байсан. Надаас авснаасаа хойш сайн засаж янзалж унаж байгаа хүн дээ. Тос масло идээд байна, тормосны наклад муудаад солилоо гээд л явж байдаг хүн байгаа юм. Тормосны наклад солилоо гээд явж байсан нь тээврийн хэрэгслийн үзлэгт орох гэж байх үед шиг санагдаж байна. Яг хэзээ байсныг сайн санахгүй байна. ... Зан байдлын хувьд дөлгөөхөн, тамхи татахгүй, архи хааяа нэг уухаас тэр бүр уугаад яваад байхгүй, эхнэр нь ажилгүй, Д.М л таксинд явж авч явдаг. Таксины орлогоос өөр  орлогогүй, гурван хүүхэдтэй, том нь 2 хүүхэдтэй гэртээ байдаг. Бага хүүхэд нь ноднин  12 дугаар анги төгссөн байх ёстой. Хүүхдүүдээс нь тусдаа гарсан хүн байхгүй. Бүгд гэртээ байдаг. Өрхийн орлогын хувьд таксинд явж олсноос өөр орлого бол байхгүй. Ахуй амьдралын хувьд дундын амьдралтай хүн байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-78 дугаар хуудас/,

Гэрч Т.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би жолоочийн арын суудал дээр бага охиныхоо хамт сууж явсан. *******-ийн арын уулзвар дээр бид нарын сууж явсан машин хойшоо эргэх гээд дохиогоо өгөөд хойшоо эргэх гэж байтал жолооч мотоцикльтой хүн машин мөргөчихлөө гээд машинаа зогсоогоод буухаар нь бид нар хамт буусан. Жолооч эхлээд буусан. Бид нар хэсэг байж байгаад араас нь буусан. Тэгээд харахад машины ар талд нэг хүн зам дээр хэвтэж байгаа харагдсан. Би ойртож хараагүй. Хоёр хүүхэд айгаад уйлаад эхлэхээр нь би машинд ороод суусан. Жолооч машинд орж ирээд та хэд явж бай энд байгаад яахав гэхээр нь хүүхдээ дагуулаад алхаж харьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/,

Гэрч Д.Л-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Тэр өдөр би ажил дээрээ сууж байтал өдөр 17 цагийн орчимд манай найз нар техникийн зах дээр ирээд бид нар караоке бааранд орсон. ... Нэг нэг шил “Нийслэл” пиво захиалж уусан. Тэгээд байж байтал над руу нэг найз маань залгаад ажил дээр хүрээд ирээ гэхээр нь би тэндээс гараад найзынхаа ажил дээр очсон. Тэнд очиж найзтайгаа уулзаж нилээд удсан. Цаг орчим болоод буцаж ирэхэд талийгаач байхгүй байсан. Талийгаачийг асуухад утсаар хүнтэй ярьж байгаад гялс хүнтэй уулзчихаад ирье гээд гарсан гэж байсан. Талийгаач тэнд очих үедээ мотоцикльтойгоо очсон байсан. Намайг буцаж очих үед мотоцикль нь байхгүй байсан. Тэгээд би талийгаачийн гар утас руу залгахад  утас  нь холбогдохгүй байсан. Талийгаач  намайг бааранд байх хугацаанд лав нэг шил пиво уусан байсан. Намайг гарснаас хойш нэмж уусан байсан эсэх талаар бол мэдээгүй. Намайг тэнд буцаж очих үед тэнд үлдсэн байсан хүмүүс лав нэмж пиво захиалж уусан байсан. Тэгээд байж байтал Я залгаад “...Б.Д осолд орсон байна...” гэж хэлэхээр нь би эмнэлэг дээр очсон. Би яг өрөөнд нь ороогүй болохоор хаана ямар гэмтэлтэй байсан талаар бол мэдээгүй. ... Өөрийнх нь мотоцикль байсан. О гэж найз нь А-с худалдаж авсан байсныг нь талийгаач О-с худалдаж авсан байсан юм. Хоорондоо ярьж байгаагаас нь сонсоход талийгаач О-д мөнгөний өглөгтэй гэж байсан. Тэгэхээр тооцоо нь дуусаагүй байсан байхаа. ... Зан байдлын хувьд их сайн. Хүн чанар сайтай, нөхөрсөг найрсаг, хүнд тусархуу хүн байсан. Эхнэрийг нь С.Я гэдэг. Эхнэр нь одоо хүүхдээ хараад гэртээ байгаа. Энэ хоёр нэг охинтой. Охин нь талийгаачаар овоглодог байсан. Өөрийнх нь төрсөн хүүхэд нь байгаа юм. Одоо  нэг ой л хүрэх гэж байгаа байх. Ахуй амьдралын хувьд дундын сайхан амьдралтай, гэр бүлээ   талийгаач өөрөө авч явдаг байсан. Техникийн зах дээр мотоциклийн сэлбэгийн наймаа хийж ахуй амьдралаа авч явж байсан хүн байгаа юм. Өр зээлтэй эсэх талаар нь бол мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар хуудас/,

Гэрч А.Н-н мөрдөн байцаалтад өгсөн: “... Бид нар 17-18 цагийн орчимд “Буян-Арвижих” бааранд орж караоке дуулсан. Тэгээд тэнд сууж байх хугацаанд талийгаач 2-3 шил пиво уусан байх. Тэгээд тэндээс 20 цагийн орчимд гарсан байхаа. Яг гарсан цагийг нь мэдэхгүй байна. Нэг мэдэхэд л гараад явчихсан байсан. Тэгээд гар утас рyy нь залгахад холбогдохгүй байсан чинь эхнэр нь Л болон над руу залгаад “...Д осолд орсон байна...” гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг дээр очиход одоо хагалгаанд орох гэж байгаа гэж байх шиг байсан. Бид нарыг өрөөнд оруулаагүй. Тэгээд бид нар 00 цаг хүртэл байж байгаад гэртээ харьцгаасан. Тэр өдөр талийгаач бааранд очих үедээ өөрийнхөө мотоцикльтой очсон байсан. Тэгээд явах үедээ мотоциклио унаад явсан байсан. Мотоцикльтой явж байгаад машинтай хүнтэй мөргөлдсөн дуулдаж байсан. Талийгаач нь зан байдлын хувьд хөөрхөн ааштай, хүнд тусархуу, хүнтэй эвтэй харьцдаг. Насанд хүрснээсээ хойш л мотоцикль унаж байгаа хүн байсан. Гэр бүлийн хувьд эхнэр, нэг охинтой, охин нь өөрийнх төрсөн охин. Одоо нэг ой хүрэх гэж байгаа байх...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар хуудас/,

Гэрч Б.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Б.Д нь 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 21 цагийн орчимд авто осолд орсон. Ослын газраас өөрсдөө яаралтай түргэн тусламжийн тасагт хүргэж ирсэн байна. 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 02 цаг 04 минутанд Эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн байна. Яаралтай тархины компьютерийн оношилгоо хийгээд амь насны заалтаар хагалгаанд орсон байна. Ерөнхийдөө гавал тархины хавсарсан хүнд гэмтэл, тархины няцралын хүнд зэрэг, суурь ясны зүүн хэсэг, зүүн чамархай, зулай ясны хугаралтай, зүүн чамархай хэсгийг цоолж дарагдал чөлөөлөх, хатуу хальсан дээрх болон доорх их хэмжээний цусан хураа авах хагалгаа хийгдсэн. Эмнэлэгт ирэх үедээ биеийн байдал маш хүнд, глазго 3 баллтай байсан байна. Амь насны заалтаар хагалгаа орсон. Хагалгааны дараах 11 хоног дээрээ нас барсан. Үхлийн шалтгаан нь олон эрхтэний дутагдал /амьсгал, зүрх судас, цус бүлэгнэлтийн дутагдал /-ын улмаас нас барсан. ...Эмчилгээний хувьд тархины цусан хангамж сайжруулах, шээс хөөх, тархин хаван буруулах, зүрх судас, цус эргэлтийг дэмжих, цус сэлбэх эмчилгээ хийгдэж байсан боловч биеийн ерөнхий байдал хүнд хэвээр байсан. Тэгээд 2018 оны 05 сарын 07-ны өдрийн 14 цаг 55 минутанд зүрх зогсож нас барсан байна. ...Ерөнхийдөө маш хүнд үхэл өндөртэй гэмтэлтэй байсан. Иймд боломжит бүх арга хэмжээгээ аваад амь насны заалтаар хагалгаанд орсон байгаа. Гэвч биеийн байдал сайжрахгүй байсаар нас барсан. Эмнэлгийн зүгээс бол авах бүх арга хэмжээгээ авсан байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63-64 дүгээр хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 291 дугаартай: “... Б.Д-н биед баруун чамархай хэсгээр САК-тай. Духны зүүн ар хэсэг, чамархай суурийн хэсэг, зулай хэсгийг хамарсан тархины хатуу хальсан дээрх цусан хураа, гавлын зүүн суурийн хэсэг, чамархай, зулай руу дамжсан хугарал /цуурал/ зүүн шанаа ясны сэртэнгийн хөндлөн хугарал, баруун зүүн гарын сарвуу хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 118 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 57 дугаартай: “... Талийгаач Б.Д-н цогцост хийсэн Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээгээр гавлын зүүн чамархай, зүүн, баруун суурийн ясанд хөндлөн хугарал, дагзны хэсэгт цуурал, толгойн зүүн зулай хэсэгт мэс заслын оёдол, духны зүүн дээд хэсэг, баруун чихний дэлбэн, баруун эгэм, баруун мөр, баруун гарын алганы ар дээд хэсэгт 0.8х0.8см, баруун гарын алганы ар хэсэг, баруун гарын долоовор хуруу зүүн гарын шуу, зүүн гарын алганы ар хэсэг, зүүн хөлийн өвдөг, баруун хөлийн шагай, баруун хөлийн эрхий хуруу, зүүн гуя хэсэгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь авто ослын үед үүсэх боломжтой. Гавлын зүүн чамархай, зүүн, баруун суурийн ясанд хөндлөн хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын З.1.2 зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Амь хохирогч Б.Д нь эмнэлэгт хэвтэн эмчилүүлж байсан. Дээрх гэмтлийн үед амь насыг аврах боломжгүй. Дээрх гэмтэл нь зам тээврийн үед үүсэх боломжтой. Амь хохирогч Б.Д авто ослын хавсарсан гэмтэл, гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт /хх-ийн 124 дүгээр хуудас/,

Техникийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны дөрийн 19 дугаартай: “... Тухайн осол, хэрэг гаргахад замын нөхцөл байдал нөлөөлсөн байдал тогтоогдохгүй байна. Зам тээврийн осол мөн. Верна аксент маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.М нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.10 “...Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчин өөдөөс чигээрээ явсан мотоцикльд зам тавьж өгөлгүй мөргөлдсөн буруутай байна гэж үзлээ. Мотоцикль жолоодож явсан Б.Д нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а дах заалт “... Согтууруулах, мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...” мөн дүрмийн 2.3в дахь заалт “... Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх...” гэсэн заалтуудыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцож байсан байна. Уг осол, хэрэг гарах болсон шалтгаан нь “Верна аксент” маркийн машины жолооч Д.М замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс болж гарсан байна гэж үзлээ...” гэх дүгнэлт /хх-ийн 68 дугаар/,

 

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-10 дугаар хуудас/,

            Зам тээврийн осолд тогтоосон акт, хэргийн газрын схем зураг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

            Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-19 дүгээр хуудас/,

            Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 21 дүгээр хуудас/,

            Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

            Хохирогч Б.Д-н №2606 дугаартай өвчний түүх /хх-ийн 75-109 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Д.М-н хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 188-189, 192, 197, 211-213 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.М-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 190-191 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Д.М-г яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 185-187 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Д.М нь 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 21 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хойд талын засмал зам дээр өөрийн эзэмшлийн “Верна аксент” маркийн автомашиныг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.10 дахь заалт “...Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчиж, адил замаар өөдөөс чигээрээ яваа хохирогч Б.Д-н жолоодож явсан улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоциклийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас Б.Д-н амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Д.М-н мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М-н “...зам тээврийн ослын улмаас хохирогч Б.Д-н амь нас хохирсон талаар...” өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-37/, гэрч Т.Цэрэндаваа, Ө.Сүнжидмаа, Ө.Сүрэнхорлоо нарын “... шүүгдэгч Д.М зам тээврийн осол гаргасан, хохирогч Б.Д-г  зам дээр хэвтэж байгааг харсан талаар...” өгсөн мэдүүлгүүд. /хх-ийн 49-50, 51, 52/, гэрч С.Я-н “... Би талийгаачийг осолд орсон талаар ажлынх нь газрын хүнээс мэдсэн. Тэр хүн нь талийгаачийг осолд орсны дараа нь таараад эмнэлэг дээр хүргэж өгсөн гэсэн. ... Яг ямар байдлаар осолд орсон талаар нь бол мэдээгүй. Гэмтлийн хувьд тархины цус бүлэгнэлтэй гэж байсан. Нэг удаа хагалгаанд орсон. Биеийн байдал нь муу ямарч ухаангүй байдалтай байсаар байгаад сэхээний тасагт нас барсан талаар...” өгсөн мэдүүлэг. /хх-ийн 39-40/, гэрч Ц.Б-н “... 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр осол болсон байсан, хохирогч Б.Д мөн байсан, ... Цаана нь цагаан өнгийн суудлын автомашин байсан. ... хохирогч Б.Д-г эмнэлэгт хүргэж өгсөн талаар...” өгсөн мэдүүлэг /хх-ийн 45-46/, гэрч Б.Ц-н “... шүүдэгч Д.М-д “Верна аксент” маркийн тээврийн хэрэгсэл байдаг талаар” өгсөн мэдүүлэг /хх-ийн 47-78/, гэрч Д.Л, А.Н нарын “... хохирогч Б.Д-г осолд орсон талаар түүний эхнэр С.Я-с сонсон талаар...” өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 55-56, 57-58/, Гэрч Б.Ц-н “... хохирогч Б.Д-г осолд орж эмнэлэгт ирсэн,  ослын шалгаанаас болж хагалгаанд орсон, эмнэлэгт эмчүүлж байсан, нас барсан талаар...” өгсөн мэдүүлэг /хх-ийн 63-64/, Шүүгдэгч Д.М-н үйлдлийн улмаас хохирогч Б.Д-т хүнд гэмтэл учирсаныг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 291 дугаартай дүгнэлт /хх-ийн 118/, Шүүгдэгч Д.М-н үйлдлийн улмаас Б.Д нь гавал тархины гэмтэл авч нас барсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 57 дугаартай дүгнэлт /хх-ийн 124/, Шүүгдэгч Д.М нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.10 “...Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч Б.Д-н амь насыг хохироосон болохыг тогтоосон Техникийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 19 дугаартай дүгнэлт /хх-ийн 68/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-10/, Зам тээврийн осолд тогтоосон акт, хэргийн газрын схем зураг /хх-ийн 11-12/, Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-19/, Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 21/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 23-24/, Хохирогч Б.Д-н №2606 дугаартай өвчний түүх /хх-ийн 75-109/ зэрэг болно.

Шүүгдэгч ******* овогт Д.М-д холбогдох хэргийн мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч ******* овогт Д.М-г тээврийн хэрэгсэлийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т зааснаар  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учирсан хохирлыг төлсөн, хохирогчийн хууль бус үйл ажиллагаа гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Д.М-д ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.М-д оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэж,

Шүүгдэгч Д.Мя-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч Д.М  нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг,

Шүүгдэгч Д.М-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохыг,

Шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Д.М-н “В” ангиллын жолоочийн үнэмлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч Д.М-н өмчлөлийн “Верна Аксент” маркийн автомашиныг шүүгдэгч Д.М-д, хохирогч Б.Д-н унаж явсан улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоцикль, компьютер томографикийн зураг бүхий DVD 1 ширхэгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М-д тус тус буцаан олгож, ослын талаар хяналтын камерт бичигдсэн бичлэг бүхий DVD 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж тус тус дурьдаж,

Шүүгдэгч Д.М-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэм хорын хохирол, оршуулгын зардалд 9.000.000 төгрөг, мотоциклийн хохирол 301.000 төгрөг нийт 9.301.000 төгрөг шүүгдэгч Д.Мягмараас нэхэмжилсэнээс шүүгдэгч Д.М нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 5.717.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 3.283.000 төгрөг, мотоциклийн хохирол 301.000 төгрөг нийт 3.584.000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 01-ныг хүртэлх хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй гэрээ байгуулсан байна. Иймд шүүгдэгч Д.М-с 3.584.000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М-д олгож шийдвэрлэсэн болно.  

Иргэний нэхэмжлэгч С.Я нь тэжээгчээ алдсаны тэтгэмж гаргуулах нэхэмжлэл гаргаж байгаа болно. Үүнийг хянан хэлэлцэхэд иргэний нэхэмжлэгч С.Я нь талийгаач Б.Д-г өдрийн 50.000-100.000 төгрөгийн орлого олдог байсан тухай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ч энэ талаархи баримт хэрэгт авагдаагүй, талийгаач Б.Д нь сард хэдэн төгрөгний орлого олдог байсан эсэх, аль эсвэл орлогыг тодорхойлох боломжгүй ажил хийдэг байсан эсэх нь тодорхойгүй байна. Мөн түүний ам бүлийн байлын талаарх баримт хэрэгт авагдаагүй зэрэг тэжээгчээ алдсаны тэтгэмж гаргуулах баримт хангалтгүй, тодорхойгүй байх тул иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж иргэний нэхэмжлэгч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдаж байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.3, 36.6, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Д.М-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас  хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч ******* овогт Д.М-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 1 сарын  хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.М-д оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Д.М-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М  нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

7. Шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 5.717.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурьдсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Д.М-с 3.584.000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М-д олгож, шүүгдэгч Д.М нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 3.584.000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 01-ныг хүртэлх хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлсэн болохыг дурьдсугай.

9. Иргэний нэхэмжлэгч С.Я-н нэхэмжилсэн тэжээгчээ алдсаны тэтгэмж гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурьдсугай. 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Д.М-н “В” ангиллын жолоочийн үнэмлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч Д.М-н өмчлөлийн “Верна Аксент”  маркийн автомашиныг шүүгдэгч Д.М-д, хохирогч Б.Д-н унаж явсан улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоцикль, компьютер томографикийн зураг бүхий DVD 1 ширхэгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М-д тус тус буцаан олгож, ослын талаар хяналтын камерт бичигдсэн бичлэг бүхий DVD 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.  

11. Эрүүгийн хэрэг хянан шйидвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

12.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.