Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/01990

 

С- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2022/03051 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С- ХХК-ийн хариуцагч Д- ХХК-д холбогдуулан гаргасан 25,645,760 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Манай компани нь Д- ХХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 34,072,000 төгрөгийн үнийн дүн бүхий компанийн логотой бүтээгдэхүүнийг БНХАУ-аас захиалан, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр захиалагчид хүлээлгэн өгөх нөхцөлтэйгээр харилцан тохиролцсон. Урьдчилгаа төлбөрт 22,146,800 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр шилжүүлсэн. БНХАУ болон Монгол Улсын хил, гаалийн асуудлыг мэдсэн хэдий ч тээвэрлэлтийн нөхцөл болон энэ талаар мэдэгдээгүй, гэрээний хугацаанд нэмэлт хугацаа тогтоох талаар санал, зөвшөөрөл аваагүй буюу гэрээний хугацааг үндэслэлгүйгээр хэтрүүлсэн. Гэрээний хугацаа хэтэрч, гэрээнд заагдсан бараа, бүтээгдэхүүнийг компанийн ойн арга хэмжээнд зориулан ашиглах нөхцөл байдал өнгөрсөн тул энэ талаарх шаардлагыг маш олон удаа, сануулж, мэдэгдсэн боловч хариу өгөөгүй.  Харамсалтай нь 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 14 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хот руу ачаа тээвэрлэж явсан 98-07 УАХ улсын дугаартай автомашины чиргүүл болон түүнд тээвэрлэсэн ачаа шатсан тухай хэрэг шалгагдаж байгаа талаарх мэдээллийг бидэнд ирүүлсэн бөгөөд манай компанийн захиалсан бараа, бүтээгдэхүүний дийлэнх нь шатсан, шатаагүй үлдсэн бараагаа хүлээж авахыг мэдэгдсэн. Үүний дагуу хариуцагчийн зүгээс гэрээнд заасан бараа, бүтээгдэхүүнийг хүлээлгэж өгөх байсан хугацааг хэтрүүлсэн хэдий ч бид нэгэнт шатаагүй үлдсэн бараа, бүтээгдэхүүнийг хүлээж авахаар болсон. 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Д- ХХК-ийн байранд очиж дээрх ослын улмаас шаталгүй үлдсэн 70 ширхэг аяга, 200 ширхэг картны гэр, 42 ширхэг инженер бал буюу нийт 5,870,840 төгрөгийн үнэ бүхий бараа, бүтээгдэхүүнийг хүлээн авсан. Бидний зүгээс гэрээнээс татгалзаж урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн зөрүү төлбөрийг буцаан олгохыг албан бичгээр  мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл бидний төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 16,275,960 төгрөг, алданги 9,369,800 төгрөг, нийт 25,645,760 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Манай компани нь 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг нэхэмжлэгч С- ХХК-тай байгуулсан. Бүтээгдэхүүнийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гэрээнд заагдсаны дагуу хүлээлгэн өгөх байсан. Гэвч 2021 оны 10 дугаар сарын 13-ний өдөр БНХАУ-ын Эрээн хотод корона вирусийн анхны тохиолдол илэрсний улмаас Эрээн болон Замын-Үүд боомтуудын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоосон. БНХАУ-ын Эрээн хот руу орох гарах хөдөлгөөнийг хааж, хөл хорио тогтоож өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Дээрх хилийн боомтуудын асуудал хоёр улсын засгийн газрын хэдэн хэдэн удаагийн уулзалтаар шийдэгдэж БНХАУ-ын Эрээн хотын хилийн боомт нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр албан ёсоор нээгдэж чингэлэг тээврийн үйл ажиллагааг тодорхой өдрийн лимиттэйгээр, халдвар хамгаалалтын өндөр дэглэмээр нэвтрүүлж эхэлсэн. Бид уг захиалгат бараа бүтээгдэхүүнийг цаг алдалгүйгээр татан авах ажлыг эхлүүлэн ажилласан. 2022 оны 02 дугаар сарын 18-нд логистикийн тээврийн хэрэгсэл нь Дорноговь аймгийн Замынүд сумаас Улаанбаатар орох замдаа Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт галд өртөж манай компанийн 410 хайрцаг 31 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн шатаж маш их хэмжээний хохирол учирсан. Үүссэн нөхцөл байдлыг цаг алдалгүй С- ХХК-нд мэдэгдэж, галаас шатаагүй үлдсэн 5,870,840.7 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн. Бид С- ХХК гэрээний урьдчилгаа төлбөрийн үлдэгдлийг төлж хохиролгүй болгох талаар албан бичгийг 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүргүүлсэн. Бидний хувьд нэхэмжлэгч тал болох С- ХХК-ийн нэхэмжилж буй 16,275,960 төгрөгийг уг галын хэргийг шүүхээр хэлэлцээд гэм буруутай этгээдээс гаргаж авсан үедээ төлөхөөс өөр аргагүй байна. Алданги болох 9,369,800 төгрөгийг төлөх боломжгүй гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Д- ХХК-аас 16,275,960 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,369,800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн  60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 286,179 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д- ХХК-аас 239,330 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С- ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

4.а.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасны дагуу тодорхойлсон. Нэхэмжлэгч нь гэрээний 6.2-т заасны дагуу гэрээг цуцалж, алданги нэхэмжилсэн. Хариуцагч нь гэрээнд заасан ажлыг хугацаанд нь зохих coop гүйцэтгээгүйн улмаас тухайн бараа, бүтээгдэхүүнийг ашиглах ач холбогдолгүй болсон мөн гэрээнд заасан түүнийг тээвэрлэх явцад шатаж, гэмтсэний улмаас хариуцагч барааг хулээлгэн өгөх гэрээний үүргээ ноцтой зөрчиж, гэрээг цуцлах нөхцөл үүссэн байдаг. Иргэний хуульд ажил гүйцэтгэх гэрээг цуцлах үндэслэлийг нарийвчлан заасан бөгөөд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцлах тохиолдолд мөн хуулийн 225, 226 дугаар зүйлд заасан гэрээнээс татгалзах журам, нөхцөл үйлчилдэг. Ийнхүү нэхэмжлэгч нь хариуцагчийг ажил гүйцэтгэх гэрээг ноцтой зөрчсөн гэж үзэж, гэрээг цуцалж, гэрээнээс татгалзах журмыг хэрэгжүүлсэн билээ. Бид нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх заалтыг баримтлан тодорхойлсны дагуу гэрээг цуцалж, гэрээнээс татгалзах журмыг хэрэгжүүлснээр өөрт учирсан хохирлоо гаргуулах хүсэлтэй байгаагаа шүүхэд илэрхийлсэн бөгөөд хурлын тэмдэглэлд тусгагдсан болно. Хариуцагч нь дээрх зөрчлийг гаргасан хэдий ч бид гэрээний дагуу бүрэн, бүтэн тээвэрлэгдэж ирсэн зарим барааг хүлээж авсан байдаг. Үүнээс дүгнэвэл нэхэмжлэгч нь гэрээний дийлэнх хэсэг биелүүлээгүй учир гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээг цуцлах, өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шүүхэд хандсан билээ. Иймд Иргэний хуульд гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах журмыг ялгаатай байдлаар хуульчлаагүй бөгөөд эрх зүйн үр дагавар нь мөн адил хохирол шаардах эрхийг үүсгэдэг атал шүүх гэрээнээс татгалзах журам ашигласан учир гэрээг цуцлах гэж үзэхгүй, хохирол шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй болно.

4.б.Алданги шаардах эрхтэй тухайд алданги нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.1-т заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргын нэг бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7 дах хэсэгт Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй. гэж заасны дагуу үндсэн үүрэг биелэгдсэн эсэхээс үл хамаарч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй мөн гэрээнд бичгээр анз авахаар тохирсон тохиолдолд нэхэмжлэгчид алданги шаардах эрхийг үүсгэж байна. Иймд шүүх гэрээ дуусгавар болсон учир алданги шаардах эрхгүй гэж тайлбарласан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэж байна. Иймд гэрээний алданги болох 9,369,800 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож хариуцагчаар гэрээний алдангийг бүрэн төлүүлэхээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч талын гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч С- ХХК нь хариуцагч Д- ХХК-д холбогдуулан гэрээний дагуу төлсөн 16,275,960 төгрөг, алданги 9,369,800 төгрөг, нийт 25,645,760 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн, хариуцагч алдангийг эс зөвшөөрч маргажээ.

3.Талууд 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Д- ХХК нь 400 ширхэг халуун баригч аяга, 200 ширхэг картны арьсан гэр, 300 ширхэг бал, 100 ширхэг соронзон логотой хайрцаг, 500 ширхэг флашийг нийлүүлэх, С- ХХК нь эд зүйлсийн төлбөрт нийт 34,072,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, урьдчилгаа төлбөрт 22,146,800 төгрөгийг хариуцагч Д- ХХК-д 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр шилжүүлсэн үйл баримтыг талуудын тайлбар, ажил гүйцэтгэх гэрээ зэрэг нотлох баримтыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх-ийн 6-8-р тал/

3.а.Талууд ажил гүйцэтгэх нэртэй гэрээ байгуулсан боловч гэрээний зорилго, гол нөхцөл, тэдгээрийн хүсэл зориг зэрэг нь гэрээний харилцааг тодорхойлох үндсэн шинж болдог. Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан, зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэснийг буруутгахгүй.

3.б.Гэрээний зүйл болох эд зүйлүүд нь тээвэрлэлтийн явцад шатаж, зарим эд зүйлүүд устсан үйл баримтын талаар талуудын хэн аль нь тайлбарласан, хариуцагч Д- ХХК нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 5,870,840 төгрөгийн барааг нэхэмжлэгч С- ХХК-д хүлээлгэн өгсөн буюу үлдэх 16,275,960 төгрөгийн бараа нийлүүлэх үүргээ гүйцэтгээгүй байна. /хх-ийн 10-р тал/

3.в.Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасан. Нэхэмжлэгч С- ХХК нь хариуцагч Д- ХХК-ийг гэрээнд заасан хугацаанд бараа бүтээгдэхүүнийг нийлүүлээгүйтэй холбоотойгоор гэрээнээс татгалзах мэдэгдлийг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хариуцагчид хүргүүлсэн болох нь тус компанийн албан бичгээр тогтоогджээ. /хх-ийн 12-13-р тал/. Улмаар талууд мөн өдөр 5,870,840 төгрөгийн барааг хүлээлцэж, зарлагын баримт үйлдсэн байх тул талуудыг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гэрээнээс татгалзсан гэж үзэхээр байна.

3.г.Иймд нэхэмжлэгч С- ХХК нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийн үлдэгдэл болох 16,275,960 төгрөгийг хариуцагч Д- ХХК-аас буцаан шаардах эрхтэй. Түүнчлэн, хариуцагч Д- ХХК нь 16,275,960 төгрөгийг нэхэмжлэгч С- ХХК-д төлж барагдуулахаа илэрхийлсэн бичгийн баримт хэрэгт авагдсан. /хх-ийн 31-р тал/.

3.д.Анхан шатны шүүх талуудын тайлбарыг хэрэгт авагдсан баримтуудтай харьцуулан дүгнэж, хариуцагч Д- ХХК-аас 16,275,960 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С- ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

4.Харин анхан шатны шүүх алдангийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ гэрээнээс татгалзсан цаг хугацааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, мөн хуулийг буруу хэрэглэснийг залруулах шаардлагатай.

4.а.Талуудын байгуулсан гэрээний 6.2-т ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд ажлыг зохих ёсоор хийж гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөх үүрэг хүлээнэ гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанд нийцсэн байх тул нэхэмжлэгч нь хууль буюу гэрээнд зааснаар алданги шаардах эрхтэй. /хх-ийн 7-р тал/

4.б.Нэхэмжлэгч С- ХХК нь алдангид нийт 9,369,800 төгрөг нэхэмжилсэн боловч талууд 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гэрээнээс татгалзсан байх тул тус өдөр хүртэл алданги тооцох нь зүйтэй. Талуудын байгуулсан гэрээний 2.2-т заасан бараа хүлээлгэн өгөх өдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс гэрээнээс татгалзсан 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 57 хоногийн алдангид 3,787,080 төгрөг, /22,146,800 х 0.3% = 66,440, 66,440 х 57 хоног = 3,787,080/, үлдэгдэл төлбөр 16,275,960 төгрөг, нийт 20,063,040 төгрөгийг хариуцагч Д- ХХК-аас гаргуулж, С- ХХК-д олгож, нэхэмжлэлээс 5,582,720 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2022/03051 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... 16,275,960 ... гэснийг 20,063,040 гэж, ... 9,369,800 ... гэснийг 5,582,720 гэж,

2 дах заалтын ... 239,330 ... гэснийг 258,265 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч С- ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164,867 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЦЭНД

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

Г.ДАВААДОРЖ