Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 156

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дамбийням,

Шүүгдэгч А.Д, А.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт А.Д, ******* овогт А.О нарт холбогдох эрүүгийн 1826001820116 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт А.Д

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт А.О

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Д, А.О нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Б.Б-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч А.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүгдэгч А.О шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Б.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 21 цагийн үед би 10 дугаар хороонд М гэдэг айлд очсон юм. Тэднийд М-н хүүхэд Д л гээд байдаг юм хүүхэд нь бас хоёр найзтайгаа хамт гурвуулаа байсан. Тэгснээ Д чи өмнө нь намайг нэг удаа зодож байсан гэсэн чинь нөгөө хоёр  нь энэ ямар овоо новш вэ гэж хэлээд эхлээд шар үстэй залуу миний толгойны ар дагз руу цохиж зодсон. Д болон найз нь ч намайг цохиж зодсон. Зодоод дууссаны дараа архины мөнгө байна уу гээд миний миний өмсөж явсан хувцасыг нэгжсэн. Мөнгө байхгүй боохоор намайг цагдаад мэдэгдэнэ гээд өмсөж явсан гутлыг тайлаад хашаан дээгүүр давуулж шидсэн. Миний “Nokia” маркийн гар утсыг сим картыг нь салгаад утсыг авсан. Тэгээд тэр гурав намайг гэртээ цоожилчихоод гараад явсан. Удалгүй Д нэг залуутай хамт орж ирсэн. Намайг гурил зуурч хоол хий гээд байхаар нь би чадахгүй гэж хэлээд гараад гүйчихсэн. ..гараад ард талын гудамжнаас нь нэг айлын хаалга нүдэж байгаад гар утсаар нь цагдаад дуудлага өгсөн. ...Зодуулсанаас болж толгой хагарсан, зүүн нүд хавдчихсан, уруул хавдсан байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

Гэрч О.О-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Д “өст хүн өлийн даваан дээр гэдэг боллоо, буруу л газраа орж ирлээ дээ” гээд тэр ахыг барьж аваад тэвэрч аваад нүүр хэсэг рүү нь өшиглөсөн. Тэгэхлээр нь би босоод Д-г барьж аваад салгасан. Тэгсэн О босч ирээд тэр ахыг “чи миний хоёр найзыг дээрэлхэж байсан байна одоо чамайг шөнөжингөө яргалж хононо” гээд элэг рүү нь гараараа цохиод “чи цээжин дээрээ ака буу цэнэглүүлж үзсэн юм уу” гээд элэг рүү нь гараараа цохиод байсан. ... Д өмнө нь зодуулж байсан гээд өширхөөд байсан. Тэгээд унагааж байгаад нүүрэн хэсэг рүү нь 3-4 удаа өшиглөсөн. Харин О элэг рүү нь гараараа 7-8 удаа, ер нь их л олон удаа цохисон байхаа. Харин гар утас тэр хүнээс аваагүй. Өөрөө май энэ нэгжтэй сим карт гээд энийг утсандаа хийгээд ярь гээд өгөөд байсан. Гутал авсан талаар бол мэдэхгүй байна. Намайг тэдний гэрээс явахад тэр ах гуталтайгаа байсан. Түрүүтэй саарал өнгийн үстэй гутал байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-18 дугаар хуудас/,

Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 361 дугаартай: “... Б.Б биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу хэсгийг хамарсан цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлэээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь учирсан үедээ үзүүлэгчийн амь насанд аюул учруулахгүй. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 27 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6 дугаар хуудас/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

Шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 53-54, 57-60 дугаар хуудас/,

Шүүгдэгч А.О ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 дүгээр хуудас/,

Шүүгдэгч А.Д-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 дугаар хуудас/,

Шүүгдэгч А.Д-г яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 68-69 дүгээр хуудас/,

Шүүгдэгч А.О-г яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 74-75 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч А.Д, А.О нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Б.Б-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч А.Д, А.О нарын мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Б шүүгдэгч А.Д, А.О нарт зодуулсан талаар өгсөн “...2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 21 цагийн үед би 10 дугаар хороонд М гэдэг айлд очсон юм. Тэднийд М-н хүүхэд Д л гээд байдаг юм хүүхэд нь бас хоёр найзтайгаа хамт гурвуулаа байсан. Тэгснээ Д чи өмнө нь намайг нэг удаа зодож байсан гэсэн чинь нөгөө хоёр  нь энэ ямар овоо новш вэ гэж хэлээд эхлээд шар үстэй залуу миний толгойны ар дагз руу цохиж зодсон. ... Зодуулсанаас болж толгой хагарсан, зүүн нүд хавдчихсан, уруул хавдсан байсан...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 10-11/,  гэрч О.О-н хохирогч Б.Б-г шүүгдэгч А.Д, А.О нар зодсон талаар  өгсөн “...Д “өст хүн өлийн даваан дээр гэдэг боллоо, буруу л газраа орж ирлээ дээ” гээд тэр ахыг барьж аваад тэвэрч аваад нүүр хэсэг рүү нь өшиглөсөн. Тэгэхлээр нь би босоод Д-г барьж аваад салгасан. Тэгсэн О босч ирээд тэр ахыг “чи миний хоёр найзыг дээрэлхэж байсан байна одоо чамайг шөнөжингөө яргалж хононо” гээд элэг рүү нь гараараа цохиод “чи цээжин дээрээ ака буу цэнэглүүлж үзсэн юм уу” гээд элэг рүү нь гараараа цохиод байсан. ... Д өмнө нь зодуулж байсан гээд өширхөөд байсан. Тэгээд унагааж байгаад нүүрэн хэсэг рүү нь 3-4 удаа өшиглөсөн. Харин О элэг рүү нь гараараа 7-8 удаа ер нь их л олон удаа цохисон байхаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-18/, шүүгдэгч А.Д, А.О нарын нарын зодсон үйлдлийн улмаас хохирогч Б.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 361 дугаартай дүгнэлт /хх-ийн 27/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8/ зэрэг болно.  

Шүүгдэгч ******* овогт А.Д, ******* овогт А.О  нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч ******* овогт А.Д, ******* овогт А.О  нарт  холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс шүүгдэгч А.Д, А.О нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч А.Д, А.О нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.Д, А.О нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учирсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан...” үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар  нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц А.Д, А.О нар нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,

Шүүгдэгч А.Д, А.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,

Шүүгдэгч А.Д, А.Онарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт А.Д, ******* овогт А.О нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт А.Д, ******* овогт А.Онарыг 400 /дөрвөн зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д, А.О нар нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай. 

4. Шүүгдэгч А.Д, А.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Д, А.О нарт авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч,    давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Д, А.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.