Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 157

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дамбийням,

Улсын яллагч Д.Ганцэцэг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Шүрхүү,

Шүүгдэгч Б.А, Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Арвин овогт Б.А, ******* овогт Д.М нарт холбогдох эрүүгийн 182602260148 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Арвин овогт Б.А

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт Д.М

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А, Д.М нар нь бүлэглэж 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж 1.784 грамм алт олборлон байгаль орчинд 201.859 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.А хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны сонгуулийн үеэр манайд “Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр” холбооноос яваа гэж хүмүүс орж ирээд ажилгүй, орлогогүй хүмүүст бичил уурхай эрхлэх зөвшөөрөл олгоно гэж хэлсэн. Тэгээд намайг бичиг баримтаа бүрдүүлээд ажилгүй, орлогогүй хүмүүс цуглуулсан байж байгаарай гэж хэлсэн. Би 20 гаруй хүн цуглуулсан байсан. Тэгээд сургалт хийсэн. Би 6 хүний нэртэй өргөдөл гаргаж Иргэдийн төлөөлөгчидийн хурлын даргад өгсөн. Өргөдөл өгөөд 2 жил хүлээсэн боловч зөвшөөрөл олгоогүй. Тэгээд зээлээр эксковатор авсан. Одоо хүртэл зээлийн мөнгөө төлж барагдуулаагүй байгаа. Манай ээж хүндээр өвчилөөд мөнгө хэрэг болоод газар ухахаар гарсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүгдэгч Д.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Б.А манайд ирээд өдрийн 30.000 төгрөгөөр цалинжуулъя. Эксковатор бариад өг гэж хэлсэн. Тэгээд бид хоёр “*******” гэх газар очоод 1 эксковаторыг нь засчихаад маргааш өглөө нь тэр газраа газар ухаж байгаад цагдаад баригдсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогч Ц.Ц мөрдөн байцаатанд өгсөн: “...Энэ хэргийн талаар нутгийн ард иргэдээс уг газарт шөнийн цагаар трактор ажиллаад байна гэсэн мэдээлэл ирсэн. Уг мэдээллийн дагуу тухайн газарт нь очиж шалгахад өдрийн цагаар явчихсан ухсан газар л байгаад байсан. Тэгээд 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байх тухайн газарт очиход Б.А. Т гэх 5 хүн байсан ба тэдгээр хүмүүсийн үйл ажиллагааг зогсоож ашиглаж байсан тоног төхөөрөмжийг нь лацдаж сумын цагдаагийн хэсгийн кабон байрны хашаанд авч ирсэн. Уг этгээдүүдийн үйлдлийн улмаас гурван хэсэг газар эвдэгдсэн байсан ба ойролцоогоор 22-25 метр урттай, 4-6 метр өргөнтэй, 1.60 метр орчим гүнтэй 3 хэсэг газрын хөрс эвдэгдсэн байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 26-29 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай энэ хавийн нутгаар энд тэнд эксковатор харагдаж байдаг. Би яг хэзээ ирснийг нь мэдэхгүй байна. Өнөөдөр энэ дор “Таац”-ын гол дагуу 3 эксковатор харагдсан. Хэзээнээс эхэлж үйл ажиллагаа явуулж байгааг нь сайн мэдэхгүй байна. ...Би бүгдийг нь сайн танихгүй, А-г танина..." гэсэн мэдүүлэг. /хх-ийн 30 дугаар хуудас/,

Гэрч Ц.Ж-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Б.А-г нь танина. Т, А нарыг нь танихгүй юм байна. Энэ шороо ухаад байдаг хүмүүс дандаа манай сумын хүмүүс байх. Ер нь бол шороо ухаад байгаа хүмүүс байнга буюу өвөл зунгүй байдаг. Хэзээ ирсэн талаар сайн мэдэхгүй байна. ...Б.А гээд ******* сумын *******ийн залуу 4 дүгээр сард их том трактортай ирсэн байсан. Тэр залуу хэзээ явсан талаар мэдээгүй. Нэг мэдэхэд явсан байсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 31 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Д.М-н мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 15 цагийн орчим манай сумын иргэн Б.А намайг гэртээ байхад ирээд эксковатор жолоодох хүн хэрэгтэй хамт явах уу гэхээр нь тэгье гэсэн. Тэгээд Б.А бид хоёр Б.А-н цагаан өнгийн “Истана” маркийн автомашинтай ******* сумын 2 дугаар баг “*******” гэх газар луу явсан. Тухайн газар Б.А-н эксковатор эвдэрсэн байсан ба А бид хоёр эксковаторыг янзласан. Тэгээд 05 дугаар сарын 13-ны өдөр 11 цагаас эхэлж би А-н эксковатор жолоодож газар ухсан. ...Ойролцоогоор 20 орчим метр урттай, өргөн нь 2 метр, гүн нь 15-20 см хэмжээтэй газар ухсан.  ...Эксковатор нь урьд нь тэнд байсан. Хэд хоног байсан талаар бол мэдэхгүй. Паажуур нь бас тэндээ байсан. Б.А-н экскаватор, паажуур гэж байсан. Моторыг нь А авч очсон. Өөрийнх нь мотор байхаа. 3600 гэсэн бичигтэй улаан өнгийн мотор байсан. Тэнд бид хоёр нэг л өдөр ажилласан. Би тэнд экскаваторыг жолоодож шороо гаргах ажил хийсэн. А тухайн үед паажуур дээрээ ажиллаж байсан. Нэг өдөр ажиллахдаа 4-5 удаа угаасан. Ямар хэмжээний металл гарсан талаар бол мэдээгүй. А л мэдэж байгаа байх...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 61-63 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.А-н мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 20-ны орчим ******* сумын *******ийн уурхайд нүүрсэнд явдаг Н гэх хүний ачааны автомашинаар өөрийн эзэмшлийн улаан өнгийн 55v маркийн эксковатороо ачаад ******* сумын 2 дугаар баг “*******” гэх газарт хүргүүлсэн. Тэгээд 10 гаруй хоног ажиллаад эксковаторын мотор нь эвдэрсэн. Тэгээд 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр эксковатортоо сэлбэг аваад өөрийн цагаан өнгийн Истана маркийн автомашинтай “*******” гэх газар очсон. 05 дугаар сарын 13-ны өдөр эксковатороо янзалж дуусаад 05 дугаар сарын 14-ний өглөөнөөс хууль бусаар ашигт малтмал олборлож эхэлсэн. ... “*******” гэх газрын шаламыг угаасан юм. ... ******* сумын иргэн У гэх залуутай хамт байсан. Нэрийг нь сайн мэдэхгүй байна. ... У жолоодож байсан. ... 3өвшөөрөл байхгүй. ... Өргөн ойролцоогоор 1.5 метртэй, 31 метр урттай хүмүүс гараараа ухсан газрын дээрээс экскаватороороо ухсан. ... Өөр газар ухаагүй байсан... Бичиг баримт байхгүй. ... Нэг өдөр ажиллаад 1.7 грамм алт олборлосон. ... 2016 оны сонгуулиас өмнө намайг гэртээ байж байх үед Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны сургагч багш Д.Э, Ч.О гэх хүмүүс орж ирээд Ашигт малтмал олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох гэж байгаа тул бүртгүүлэх үү гэхээр нь би зургаан хүний нэртэй өргөдөл гаргаж Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б даргад өгсөн. Тэр үед саяны ухаж байсан “*******” гэх газар өргөдөл өгсөн юм. Тэгээд хурлаар хоёр ч удаа ороод сүүлд нь засаг даргын дүү Т гэж хүн тэнд ажиллахаар болж байсан. Тэгээд миний өргөдөл дараагийн ээлжинд гэсээр байгаад одоог хүртэл шийдэгдээгүй байгаа. Би тухайн үедээ ажиллаж магадгүй гэж бодоод 2017 оны 10 сард Улаанбаатар хотын Тэхийн зогсоол дээр зарж байсан экскаваторуудаас нэг экскаватор худалдаж авсан. Тухайн үедээ би 25000000 /хорин таван сая/ төгрөгөөр худалдаж авсан. Бичиг баримт нь бол тэр экскаваторын баримт бичиг биш өөр бичиг баримттай экскаватор худалдаж авсан. Мотор, паажуурыг нь *******ийн уурхайд байдаг Ү.Б гэж найзаасаа 4000000 /дөрвөн сая/ төгрөгөөр зээлээр худалдаж авсан. Одоо бол мөнгийг төлөөгүй байгаа. Хавар хийж өгнө гээд авсан байсан юм. Сая бол “******* гэж” газар шороо ухаж угааж байгаад цагдаа нарт баригдсан. Тэр үедээ зөвшөөрөл гэх бичиг баримт байгаагүй. Яалт ч үгүй мөнгөний хэрэг гараад л гарсан байсан юм...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 57-60 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд: “...Б.А-р ухсан гэх газрыг нь заалгахад урт нь 31 метр өргөн нь 2м харьцаатай ухсан нүх байх ба...Б.А-р олборлосон гэх алтыг заалгаж хэмжиж үзэхэд “Pocket scale'YacaH бичигтэй дэнсээр хэмжиж үзэхэд 3.7 гэсэн бичиг гарч байх ба 500 төгрөгний дэвсгэртийг тусад нь хэмжиж үзэхэд 1.1 гэсэн бичиг гарч байлаа..." гэх /хх-ийн 3-7 дугаар хуудас/,

Лац тавьсан тухай тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/,

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-12 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн санал /хх-ийн 13 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 15 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-ийн 16 дугаар хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-21 дүгээр хуудас/,

Байгаль орчны “Монслов ХХК”-ий 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 18/041 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 75-88 дугаар хуудас/,

Геологийн төв лабораторын шинжилгээний дүн /хх-ийн 66-67 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ий 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №07/23 дугаартай үнэлгээний тайлан. /хх-ийн 105-107 дугаар хуудас/,

Хохирол төлсөн баримт /хх-ийн 165-168 дугаар хуудас/,

Шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 131-133, 135-136, 141-142 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.А-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 134 дүгээр хуудас/,

Шүүгдэгч П.М-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 137 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.А-г яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 121-122 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.М-г яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 128-130 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.А, Д.М нар нь бүлэглэж 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж 1.784 грамм алт олборлон байгаль орчинд 201.859 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Б.А, Д.М нарын мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц.Ц-н “...2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байх тухайн газарт очиход Б.А. Түмэнбаяр гэх 5 хүн байсан ба тэдгээр хүмүүсийн үйл ажиллагааг зогсоож ашиглаж байсан тоног төхөөрөмжийг нь лацдаж сумын цагдаагийн хэсгийн кабон байрны хашаанд авч ирсэн. Уг этгээдүүдийн үйлдлийн улмаас гурван хэсэг газар эвдэгдсэн байсан ба ойролцоогоор 22-25 метр урттай, 4-6 метр өргөнтэй, 1.60 метр орчим гүнтэй 3 хэсэг газрын хоёр эвдэгдсэн байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 26-29/, гэрч Ц.Д-н “... Би яг хэзээ ирснийг нь мэдэхгүй байна. Өнөөдөр энэ дор “Таац”-ын гол дагуу 3 эксковатор харагдсан. ...Би бүгдийг нь сайн танихгүй, А-г танина..." гэсэн мэдүүлэг. /хх-ийн 30/, гэрч Ц.Ж-н “...Б.А-г нь танина. Т, А нарыг нь танихгүй юм байна. ... Б.А гээд ******* сумын *******ийн залуу 4 дүгээр сард их том трактортай ирсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31/, Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7/, Лац тавьсан тухай тэмдэглэл /хх-ийн 8/, Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-12/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн санал /хх-ийн 13/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 15/, Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-ийн 16/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-21/, Байгаль орчны “Монслов” ХХК-ний 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 18/041 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 75-88/, Геологийн төв лабораторын шинжилгээний дүн /хх-ийн 66-67/, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ний 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №07/23 дугаартай үнэлгээний тайлан. /хх-ийн 105-107/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.А, Д.М нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Арвин овогт Б.А, ******* овогт Д.М нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс тэднийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.А, Д.М нарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.А, Д.М нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан зэргийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нарийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.А, Д.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч Б.А, Д.М нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг,

Шүүгдэгч Б.А, Д.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн,  хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Doosan 55v” маркийн улаан өнгийн бага оврын эксковатор 1 ширхэг, хуурай паажуур, төмөр гэх хэрэгсэл 1 ширхэг, “Junji 3800” маркийн мотор 1 ширхэг зэргийг шүүгдэгч Б.А-д буцаан олгож, 1.364 грамм алтыг улсын орлого болгохыг тус тус дурьдаж,

Шүүгдэгч Б.А, Д.М нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Арвин овогт Б.А, ******* овогт Д.М нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Арвин овогт Б.А, ******* овогт Д.М нарт тус тус хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Ащ, Д.Мщ нарт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Б.А, Д.М нарыг бүртгэж, тэдний  засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Д.М нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдсугай.

6. Шүүгдэгч Б.А, Д.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн,  хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Doosan 55v” маркийн улаан өнгийн бага оврын эксковатор 1 ширхэг, хуурай паажуур гэх төмөр хэрэгсэл 1 ширхэг, “Junji 3800”  маркийн мотор 1 ширхэг зэргийг шүүгдэгч Б.А-д буцаан олгож, 1.364 грамм алтыг улсын орлого болгосугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А, Д.Мнарт авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.А, Д.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.