Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/01864

 

 

 

 

2022 10 07 210/МА2022/01864

 

 

 

.......... ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд, даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2022/03488 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч .......... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч .......-т холбогдох Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 50 мянгат гудамж, 19-р байрны ... тоот хаягт байрлах орон сууцыг .......-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хохирол 18,937,770 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярчимэг, түүний өмгөөлөгч Э.Золжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

.......... ББСБ ХХК нь .......-тэй 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн захирамж, Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, 101/ГХ2020/00018 дугаартай гүйцэтгэх хуудасны дагуу төлбөр төлөгчөөс 75,192,912 төгрөгийг гаргуулах, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг биелүүлэх зорилготой эвлэрлийн гэрээг байгуулсан. Эвлэрлийн гэрээний дагуу .......- Чингэлтэй дүүрэг 3 дугаар хороо 50 мянгат, 50 мянгат гудамж, 19 байрны ... тоот хаягт байрлах ... м.кв 2 өрөө Ү-................-эрхийн бүртгэлийн дугаартай ............. гэрчилгээний дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг .......... ББСБ ХХК-д шилжүүлсэн. Эвлэрлийн гэрээний 2.1.1-д Төлбөр төлөгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар барьцаа хөрөнгийн өмчлөгчийг төлбөр авагчид шилжүүлэх, 75,192,192 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах гэж, 2.1.2-т Төлбөр төлөгч нь энэхүү гэрээний дагуу 2.1.1-д хэсэгт заасны хугацаанд төлбөрийг төлсөн тохиолдолд төлбөр авагч барьцаа хөрөнгийг өмчлөлийг төлбөр төлөгчид буцаан шилжүүлэх харин төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгийг эзэмшилдээ шилжүүлэн авах, захиран зарцуулна гэж заасан. .......- нь гэрээнд заасан хугацаа буюу 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлбөрийг төлж барагдуулаагүй тул .......... ББСБ ХХК-аас орон сууц чөлөөлөх тухай болон зээлийн төлбөрийг төлж барагдуулах мэдэгдлийг хүргүүлсэн. Гэвч .......- зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй, орон сууцыг чөлөөлж өгөөгүйгээс .......... ББСБ ХХК барьцаа хөрөнгийг авч чадахгүй хохирч байна. Иймд Чингэлтэй дүүрэг 3 дугаар хороо 50 мянгат, 50 мянгат гудамж, 19 байрны ... тоот хаягт байрлах ... м.кв талбай бүхий орон сууцыг .......-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү.

Мөн талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээний 3.1.5-д Барьцаа хөрөнгийг хугацаандаа чөлөөлөөгүй тохиолдолд тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр тооцож, түрээсийн мөнгийг шаардах эрхтэй гэж заасан. .......- эвлэрлийн гэрээний 2.1.1, 3.1.4 д зааснаар 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлбөрийг төлж барагдуулах ёстой байсан боловч төлөөгүй тул 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын дуусах хүртэлх хугацаанд өмчлөгчийн зөвшөөрөлгүй эд хөрөнгийг ашигласны түрээсийн төлбөрийг гаргуулна. Home mortgage corporation ХХК-аас 2021 оны 06 дугаар сараар тасалбар болгон гаргасан үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн судалгааны тайлангаар 2020 оны 06 дугаар сарын байдлаар 2 өрөө орон сууцны дундаж түрээсийн үнэ 787,835 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын байдлаар 2 өрөө орон сууцны дундаж түрээсийн үнэ 1,053,750 төгрөг байсан гэж тогтоосон. Иймд 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 12 сарын түрээсийн төлбөрт нэг сарын түрээсийн төлбөрийг 787,835 төгрөгөөр тооцож нийт 12 сарын түрээсийн төлбөр 9,454,020 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын дуустал 9 сарын түрээсийн төлбөрийг нэг сарын төлбөрийг 1,053,750 төгрөгөөр тооцож нийт 9,483,750 төгрөг, нийт 18,937,770 төгрөгийг .......-өөс гаргуулж гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШЗ2020/00270 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамжийн дагуу .......- нь .......... ББСБ ХХК-д төлөх төлбөр 75,192,912 төгрөгийн үүргийг гүйцэтгэхийн тулд орон сууцыг .......... ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн. Төлбөрийг төлөх хугацаанд дэлхийн нийтийг хамарсан Ковид-19 цар тахлаас хамаарч эдийн засгийн хүндрэлд орсон хэдий ч төлбөрөөсөө 37,500,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 37,692,912 төгрөгийг төлөөд орон сууцыг буцаан авах хүсэлтэй байна. Уг орон сууц бол .......... ББСБ ХХК-ийн өмч хөрөнгө биш бөгөөд төлбөрөө төлөхийн тулд барьцаа болгож өмчлөлийг түр шилжүүлсэн тул орон сууцыг чөлөөлөх болон түрээсийн төлбөр төлөх үндэслэлгүй. Мөн бидний хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь хууль бус учир уг гэрээг хүчингүй болгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргах болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Боржигон овогт Санжаагийн Отгонтөгс (рд:НЮ86121160)-ийн хууль бус эзэмшлээс эрхийн бүртгэлийн Ү-................-дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 50 мянгат гудамж, 19 байр ... тоот хаягт байршилтай, ... м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэх шаардлагыг хангаж, нэхэмжлэлээс түрээсийн төлбөрт 18,937,770 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 322,839 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх ...Зохигчдын хооронд байгуулсан 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээний 3.2.5-д Барьцаа хөрөнгийг гэрээнд заасан хугацаанд чөлөөлөх үүрэгтэй. Хугацаандаа чөлөөлөөгүй тохиолдолд тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр тооцож түрээсийн мөнгийг төлөх үүрэгтэй гэж тохиролцжээ. Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээний дээрх заалт нь хуульд зааснаар түрээсийн гэрээг бичгээр байгуулж, Үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасныг зөрчсөн тул түрээсийн төлбөрт 18,937,770 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож нь зүйтэй гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан нь түрээслэгч аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэх зорилгоор тодорхой хөрөнгө шилжүүлэн авах ёстой. Улсын Дээд шүүхийн 2016 оны 03 дугаар Гэрээний зарим эрх зүйн маргааны хууль хэрэглээ болон гэрээг цуцлах гэрээнээс татгалзахад анхаарах асуудлууд гэх зөвлөмжид ... түрээсийн болон эд хөрөнгө хөлслөх гэрээгээр бусдын эзэмшил ашиглалтад эд хөрөнгө шилжүүлдэг адил шинж бий боловч түрээсийн гэрээний хувьд гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгийг түрээслэгч зориулалтын дагуу ашиглаж, үр шимийг олж авах эрхтэй... гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, түрээсийн гэрээний дагуу түрээслэгч нь эд хөрөнгийг ашиглах, мөн үр шимийг өөрөө авдаг. .......- маргааны зүйл болсон орон сууцыг аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэх зорилгоор ашиглаж, үүнийхээ дагуу олсон үр шимийг өөртөө авдаг эсэх нь тогтоогдохгүй байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарласан. Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 50 мянгат гудамж, 19 дүгээр байр, ... тоот хаягт байрлах, ... м.кв талбайтай 2 өрөө үл хөдлөх хөрөнгө нь ажил үйлчилгээ явуулах зорилготой бус орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө болох нь тогтоогдож байна. .......... ББСБ ХХК нь .......- нар Эвлэрлийн гэрээний 3.1.5, 3.2.5-т заасан нь Иргэний хуулийн ...2 дугаар зүйлийн ...2.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээнд хамааралтай. .......- нь 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 75,192,912 төгрөгийг бүрэн төлж барагдуулах үүргээ биелүүлээгүй тул .......... ББСБ ХХК нь зах зээлийн үнэлгээг үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн судалгааны тайланг үндэслэн түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй. .......- нь орон сууцыг суллаж өгөөгүйгээс худалдан борлуулах, бусдад хөлслүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 18,937,770 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянаж, шүүх талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

1.    Хэргийн үйл баримт болон шүүхийн шийдвэрийн талаар

1.а. Нэхэмжлэгч .......... ББСБ ХХК нь хариуцагч .......-өд холбогдуулан Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 50 мянгат гудамж, 19 байрны ... тоот хаягт байрлах орон сууцыг чөлөөлүүлэх, гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүйгээс учирсан хохирол 18,937,770 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

1.б. Талууд 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Эвлэрлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр төлбөр төлөгч .......- нь барьцаа хөрөнгө болох Ү-................-дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 50 мянгат гудамж, 19 дүгээр байр, 3 давхар, ... тоот хаягт байршилтай, ... м.кв 2 өрөө орон сууцны өмчлөлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар шилжүүлэх, гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөх, төлбөр авагч нь тохирсон хугацаанд төлбөр төлөгдсөний үндсэн дээр барьцаа хөрөнгийг төлбөр төлөгчид буцаан шилжүүлэхээр тохиролцжээ. (хх-ийн 8-9)

 

Дээрх гэрээний 2.1.1-т ...Төлбөр төлөгч нь 75,192,912 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах, 3.2.5-т Барьцаа хөрөнгийг гэрээнд заасан хугацаанд чөлөөлөх үүрэгтэй. Хугацаандаа чөлөөлөөгүй тохиолдолд тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр тооцож түрээсийн мөнгийг төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаас дүгнэвэл, хариуцагч .......- нь Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө буцаан худалдан авах эрхтэйгээр нэхэмжлэгч .......... ББСБ ХХК-д орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн гэж үзэхээр байна.

 

Хариуцагч .......- нь Эвлэрлийн гэрээний 2.1.1-д заасан хугацаа буюу 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 75,192,912 төгрөгийг төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй буюу эрхээ хэрэгжүүлээгүй тул .......... ББСБ ХХК-д орон сууцны өмчлөх эрх үүсжээ. Учир нь Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт ...худалдагчийн энэ эрх нь түүний хүсэл зоригоос хамааран хэрэгжинэ гэж заасан.

 

1.в. Хариуцагч .......- нь Эвлэрлийн гэрээний 2.1.1-д ...Төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар барьцаа хөрөнгийн өмчлөлийг төлбөр авагчид шилжүүлнэ... гэж заасан үүргээ биелүүлж Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 50 мянгат гудамж, 19 дүгээр байр, 3 давхар, ... тоот хаягт байршилтай, ... м.кв 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч .......... ББСБ ХХК-д шилжүүлэн өгсөн болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогджээ. (хх-ийн 86х)

 

Иймд .......- нь Эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тул .......... ББСБ ХХК нь өмчлөгчийн хувьд дээрх орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлэхээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Хариуцагч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

1.г. Талууд гэрээний 3.2.5-т Барьцаа хөрөнгийг гэрээнд заасан хугацаанд чөлөөлөх үүрэгтэй. Хугацаандаа чөлөөлөөгүй тохиолдолд тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр тооцож түрээсийн мөнгийг төлөх үүрэгтэй гэж заасан.

 

Гэрээний дээрх заалтад түрээсийн мөнгө гэж заасан байгаа боловч уг заалтын агуулгыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар тайлбарлавал, уг заалт нь хариуцагч эвлэрлийн гэрээнд хугацаандаа төлбөрийн төлөөгүй буюу орон сууцыг буцаан худалдан авах эрхээ хэрэгжүүлээгүй тохиолдолд 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш орон сууцны эзэмшсэний хөлсийг зах зээлийн үнэлгээгээр тооцож нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсон хөлс гэж үзнэ. Талуудын хооронд Иргэний хуулийн ...2 дугаар зүйлийн ...2.1 дэх хэсэгт орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн байхад анхан шатны шүүх мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь түрээсийн гэрээний зүйл нь аж ахуйн үйл ажиллагааг явуулахад зориулагдсан тодорхой хөрөнгө байх юм.

 

1.д. Нэхэмжлэгч .......... ББСБ ХХК нь хариуцагч .......-өөс 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш орон сууцыг чөлөөлөх хүртэл хугацааны орон сууцны хөлсийг зах зээлийн үнэлгээгээр тооцож шаардаж эрхтэй. Гэвч нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 50 мянгат гудамж, 19 дүгээр байр, 3 давхар, ... тоот хаягт байршилтай, ... м.кв 2 өрөө орон сууцны хөлс 2020 оны 06 дугаар сарын байдлаар 787,835 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын байдлаар 1,053,750 төгрөг байсан гэж тайлбарлаж байгаа боловч хэргийн 113-117 дугаар талд авагдсан Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн судалгааны тайлан гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууцны хөлсний зах зээлийн үнэлгээг тогтоолгох зорилгоор шинжээч томилуулах, сайтад байршсан гэх мэдээлэлд үзлэг хийлгэх зэрэг хүсэлт гаргаж байгаагүй байна. Нэхэмжлэгч орон сууцны хөлсний хэмжээг нотлох үүрэгтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасныг хэрэглээгүй гэсэн гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Иймд Иргэний хуулийн ...2 дугаар зүйлийн ...2.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч .......-өөс орон сууцны хөлсөнд нийт 18,937,770 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй юм. Эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд хариуцагч .......- нь 37,692,912 төгрөгийг нэхэмжлэгч .......... ББСБ ХХК-д төлсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй болно. Хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах болно гэж тайлбарлаж байсан боловч гаргаагүй ба давж заалдах гомдол гаргаагүй байна.

 

1.д. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3-т эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлохоор заасан. Талууд Эвлэрлийн гэрээнд орон сууцны үнийг 75,192,912 төгрөгөөр тодорхойлсон тул нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг дээрх үнээс тооцож 533,915 төгрөг төлөхөөр байхад 70,200 төгрөг төлсөн нь буруу тул .......... ББСБ ХХК-аас дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэхээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. Нэхэмжлэгч .......... ББСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 463,715 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч .......-өөс 463,715 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Мөн дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2022/03488 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, ...2 дугаар зүйлийн ...2.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч .......... ББСБ ХХК-ийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 50 мянгат гудамж, 19 байр, ... тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-................-дугаарт бүртгэгдсэн ... м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч .......-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18,937,770 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 322,839 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч .......... ББСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 463,715 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч .......-өөс 463,715 төгрөг гаргуулж нэхэмжлэгч .......... ББСБ ХХК-д олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 252,640 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Н.БАТЗОРИГ