Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 158

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дамбийням,

Улсын яллагч Д.Ганцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсайхан,

Шүүгдэгч С.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт С.Т-д холбогдох эрүүгийн 1826002240144 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт С.Т

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Т нь 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “*******” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, 2.706 грамм алт олборлож, байгаль орчинд 234.348.9 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч С.Т шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би 10 цагийн үед эксковатор паажуур хоёроо аваад Б.А ахын байгаа газар очсон. Тэгсэн чинь хуурай паажуур эвдэрсэн. Тэгээд паажуураа засчихаад маргааш өглөө нь газраа ухаж байсан чинь цагдаа нар ирсэн. Надад ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм  буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогч Ц.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Энэ хэргийн талаар нутгийн ард иргэдээс уг газарт шөнийн цагаар трактор ажиллаад байна гэсэн мэдээлэл ирсэн. Уг мэдээллийн дагуу тухайн газарт нь очиж шалгахад өдрийн цагаар  явчихсан ухсан газар л байгаад байсан. Тэгээд 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байх тухайн газар очиход А, Т гэх 5 хүн байсан ба тэдгээр хүмүүсийн үйл ажиллагааг зогсоож, ашиглаж байсан тоног төхөөрөмжийг нь лацдаж сумын цагдаагийн хэсгийн кабон байрны хашаанд авч ирсэн байгаа. Уг этгээдүүдийн үйлдлийн улмаас 3 хэсэг тусдаа газар эвдэгдсэн байсан ба ойролцоогоор 22-25 метр урттай, 4-6 метр өргөнтэй, 1 метр 60 орчим см гүнтэй 3 хэсэг газрын хөрс эвдэгдсэн байсан. Ерөнхийдөө бол “Таац” голын ай сав газар байсан ба голынхоо захаас 300 орчим метр зайтай олборолтыг явуулсан байсан. Цаашид хууль бусаар ашигт малтмал олборлох асуудлыг таслан зогсоомоор байна. Мөн иргэд иргэнийхээ үүргийг хүлээж байгаль орчноо эвдлэн сүйтгэхгүй байгаасай гэж бодож байна. ...Гомдол санал байхгүй. Экологи эдинй засгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлоо төлсөн байгаа тул нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 30-33 дугаар хуудас/,

Гэрч Ц.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Т гэх хүнийг бол нэг сумын хүмүүс гэдэг утгаараа танина. Садан төрлийн холбоо байхгүй. ...Энэ жил Т гэх хүний нэр дээр болон ямар нэгэн зөвшөөрөл олгогдоогүй байгаа...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

Гэрч Б.С-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...“*******” гэх газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгогдсон зүйл байхгүй. Хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан газрыг нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулах зорилгоор сумын тусгай хэрэгцээний газарт бүртгэлд авсан газар байгаа. С.Т-н тухайд хүсэлт өгсөн эсэхийг сайн санахгүй байна. Ер нь энэ 2018 оны тухайд бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар хүсэлт ирүүлсэн бүлэг,

нөхөрлөл байхгүй байгаа...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 44-45 дугаар хуудас/,

Гэрч Н.Ү-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Анх металыг хураан авах үед баталгаат жин хэмжүүрээр жинлэж аваагүй. Мөн 500-тын дэвсгэрт дээр тавьж жигнэж үзсэн байгаа. Энэ байдлуудаас жингийн зөрүү гарсан байхаа. Мэргэжлийн хяналтын жин бол баталгаат жин байсан. “*******” гэх газарт очиход 3 хэсэг газар хүмүүс ажиллаж байсан. Эхний нүхэн дээр Т гэдэг билүү гацаадуу залуу найз охиныхоо хамт ажиллаж байсан. Тэд нарын цаахна талд А, голын баруун талд нь Т гэж хүн дөрвүүлээ ажиллаж байсан. Тэнд байсан хүмүүс ажиллаж байсан газрынх нь хэмжилтийг хийж үзлэг хийж байх үед ямар нэг маргаан гаргаагүй. Өөрсдөөр нь ажилласан газрын хэмжээг нь заалгаж аваад үзлэгийн тэмдэглэл хөтөлсөн байгаа. Тэгээд бүх хүмүүсээс гаргаж авсан металлыг нь хурааж авсан. ...С.Т нь бид нарыг очиход өөрөө яг шанагадаад паажуур луугаа шороо хийгээд байж байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

Гэрч Д.М-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Тэр өдрийн өглөө А бид хоёрыг наад талын салаа руу орж ажиллая гээд байж байтал Т /*******/ бид хоёр дээр ирсэн. Тэгээд эндээс юм гарч байна уу гэж асууж байсан. Тэр үед нь мэдэхгүй гэж хэлчихээд А бид хоёр тэр нүхний зүүн тал руу даваад явсан. Т бид хоёр дээр ирэх үедээ эксковатороо өөрөө унаад паажуураа шанагандаа зүүчихсэн ирж байсан. ... Урьд шөнө нь гол дээр ирж хоносон байсан. Тэгээд байж байтал 16-17 цагийн орчим цагдаа нар ирээд А бид хоёрын ажлыг зогсоогоод бид хоёрыг дагуулаад Т-н ажиллаж байсан газар очсон. Тэгээд үзлэг хийх үед Т-н жижиг машины араас 50 килограммын шуудайтай паажуураар шигшчихсэн шороо гарч ирсэн. Тэгээд тэр шороог нь намайг угаагаадах гэхээр нь угааж өгөхөд алт гарсан. Яг хэдий хэмжээний алт гарсныг мэдэхгүй байна. Шороог угааж байхад Т хажууд хараад зогсож байсан. Тэр шороо Т-н машины ард багаж хэсэгт байсан. Машины арын багажаа сөхөөтөх гэхэд тэр шуудайтай шороо гарч ирсэн юм. ...Тухайн үед нинжа гэх хүмүүс ганц ч байгаагүй. Хоёр хэсэг газар хоёр хоёр хүнтэй 2 эксковатор л ажиллаж байсан. Өөр ямар нэгэн хүн байгаагүй. Төмөрбат дээр хүргэн нь ирж жанам авч ирж өгсөн гэж дуулдаж байсан. Тэрнээс өөр хүн ирж харагдаагүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 55-56 дугаар хуудас/,

Гэрч Б.А-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Миний ухаж байсан газрын дээр ирээд өөрсдөө ухаад л байж байсан юм даа. Миний гаргасан шороог угаасан гэж байгаа бол худлаа ярьж байна. Өөрсдөө газар ухаж байж байгаад цагдаа нарыг ирэх үед ухсан нүхээ зааж өгч хэмжилт хийлгэж байсан шүү дээ. Тэрнээс миний ухсан нүхэн дээр очиж байсан асуудал бол байхгүй. У гэж М-г хэлж байгаа юм. Тэр хавьд ямар ч хүн байгаагүй. Хүн ирж очиж байсан зүйл байгаагүй. М-р угаалгасан шороог Т-н унаж явсан жижиг автомашины араас багажнаас нь гаргаж ирээд угаалгахад хураалгасан алт нь гарсан. Тэр өдөртөө ажиллаад угааж тунгаагаад алттай хэсгийг бөөгнүүлж авсан шороо нь байсан. Тэр хавьд гар аргаар алт олборлож байсан ямар ч хүн байгаагүй. Тэгээд өөрөө ухаад гаргаад авсан шороогоо хүнд орхиод явах ямар хүн байхав дээ. Тийм нинжа нар байгаагүй. ...Эхлээд Т дээр очоод, дараа нь над дээр ирж эксковаторыг унтраалгасан. ...Тэр үед Т өөрийн ухсан газраа зааж өгч хэмжилт хийлгэж байсан. Дараа нь үнэлгээний компаниас хүмүүс ирж хэмжилт хийх үед өөрөө газраа зааж өгч хэмжилт хийлгэж байсан. Одоо яагаад ингэж буруу зөрүү яриад байгааг нь мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 57-58 дугаар хуудас/

Шүүгдэгч С.Т-н мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 23 цагийн орчим өөрийн эзэмшлийн эксковатороо Л гэх хүний ачааны автомашинд ачаад ******* сумын 2 дугаар баг “*******” гэх газар луу явсан. Эксковатороо ачуулаад араас нь саарал өнгийн Вингрөүд автомашинтайгаа найз охин Б-н хамт явсан. “*******” гэх газар 05 дугаар сарын 13-ны өдрийн 01 цагийн орчим очоод эксковатор, паажуураа буулгаад хоносон. Л ах шөнөдөө буцаад ******* сум руу явсан. 2018 оны 05 дугаар сарын 13-ны өглөө “*******” гэх газарт 09 цагт газар ухаж эхэлсэн. Би өөрөө эксковатороо жолоодсон зөвшөөрөл байхгүй. Ухсан газар нь ойролцоогоор урт нь 10 метр, өргөн нь 1.5 метр, гүн 80 см байсан байх. Ойролцоогоор 2.6 грамм алт олборлосон...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн79 дүгээр хуудас/,

Гэрч Ц.С-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Манай дүү С.Т нь 1996 онд Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн. ******* сумын төв дээр өсч том болсон. ******* суманыхаа Еронхий боловсролын сургуульд 8 дугаар анги суралцаж төгссөн. Бүрэн бус дунд боловсролтой. Улаанбаатар хотод мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд Гагнуурчин мэргэжлээр суралцаж төгссөн. Мөн хүнд машин механикмийн курст суралцаж байсан. С.Т өөрөө нийгмийн идэвхи сайтай, элдэв уралдаан тэмцээнд их идэвхитэй оролцдог хүүхэд байгаа юм. Цэргийн алба хаагаагүй. Одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй хувиараа ажил хөдөлмөр хийж амьдралаа авч явдаг. С.Т-н хувьд өвөөгийнхөө хамтаар амьдардаг. Архи, тамхи  хэрэглэдэггүй, төлөв даруу хүүхэд байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/,

Гэрч Н.Ж-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай дүү С.Т нь 1996 онд Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн. Одоо өвөөгийнхөө хамт амьдардаг. Төрсөн ээж нь С гэж хүн байдаг ба Улаанбаатар хотод байдаг. С.Т-н хувьд ээжтэйгээ хамт амьдардаггүй, тийм ч дотно харилцаатай байдаггүй. С.Т хүүхэд байхын хэл ам нь гацаж ээрдэг хүүхэд байсан. ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд 8 дугаар ангид суралцаж төгссөн, бүрэн бус дунд боловсролтой. Улаанбаатар хотод Мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвийг гагнуурчин мэргэжлээр суралцаж төгссөн. Цэргийн алба хаагаагүй. Одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй, хувиараа ажил хөдөлмөр хийж байгаа. С.Т-н хувьд төлөв томоотой, даруухан хүүхэд байгаа юм. Архи дарс, тамхи хэрэглэдэггүй. Өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/,

Гэрч А.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах манай “Хаан тээвэр жинсийн орой” ХХК-ний аж ахуйн хашаанд эвдэрээд явахаа больсон “Doosan 55” маркийн гинжтэй эксковатор байсныг одоогоос нэг жилийн өмнө 2017 оны 05 сарын үед миний танил Өвөрхангайд алтны уурхай ажиллуулдаг М ахын танил гэх Т гэж хүн танай эксковаторыг сарын 800.000 төгрөгөөр түрээслье, засвар үйлчилгээг нь бид нар өөрсдөө хийгээд ажиллуулна гэсэн. Тэгээд М ахын таньдаг хүн нь болохоор зөвшөөрөөд Т-тай түрээсийн гэрээ байгуулаад эксковатороо өгч явуулсан. Тэгээд эхний 3 cap засвар үйлчилгээ хийж байгаа гээд түрээсийн мөнгөө өгөөгүй байж байгаад 2, 3 cap түрээсээ өгч байгаад дахиж мөнгө өгөөгүй. Тэгээд түрээсийн мөнгөө өгөхгүй болохоор нь Т луу би 2018 оны 05 сард утсаар ярихад танай эксковаторыг ажиллуулж чадахгүй байна гэхээр нь түрээсээ өгч чадахгүй бол ачаад явуулчих гэсэн. Тэгээд миний танил Ц эксковаторыг чинь ачаад Төв аймгийн төвд айлын хашаанд буулгасан байгаа гэсэн. Би өөрөө очиж хараагүй. Миний ойлгож байгаагаар Т Өвархангай аймагт зөвшөөрөлгүй газар ухсан юм шиг байна. ... Уг эксковатор нь миний нэр дээр байдаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-52 дугаар хуудас/

“МОНСЛОВ” ХХК-ий 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 18/039

дугаартай албан бичигт дурдсан шинжээчийн: “... Иргэн С.Т нь нийт 35.2 м2 талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан болох нь 2018.06.05-ны өдрийн хэмжилтээр тогтоогдлоо. Уг талбай нь Тацуурт" ХХК-ийн MV-009203 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай бүхэлдээ давхцалтай байна. /АМГТГ-ын 2018.06.14-ний өдрийн 7/4351 тоот албан бичгийг хавсаргав./ Иргэн С.Т нь нийт 32.5 м2 талбайд үйл ажиллагаа явуулсан нь "МОНСЛОВ" ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хэмжилтээр тогтоогдсон. Уг талбайн байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээг БОАЖ-ын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар баталсан "Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох" аргачлалын дагуу байгаль орчны бүрэлдэхүүн тус бүрээр тооцож үзлээ. /Хохирлын нийт хэмжээ 17.868.9 төгрөг/. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дахь хэсгийн 3, 5, 5 дахь хэсгийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нөхөн төлбөрийн хэмжээг 41.581.46 төгрөгөөр тогтоосон. Өвөрхангай аймгийн ******* сумын нутаг "*******" нэртэй газарт иргэн С.Т нарын хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх газар нь Тол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай" хуулийн 4.3, тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2.1-т заасны дагуу Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газрын хилийн зааг, Засгийн газрын 2015 оны 289 дугаар тогтоолын Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай тус тус давхцалгүй байна. /БОАЖЯ-ны 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 066/4203 дугаар бүхий албан тоотыг хавсаргав./" гэх дүгнэлт, /хх-ийн 87-100 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9, 10-14 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн санал /хх-ийн 17 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 19 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-ийн 20 дугаар хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-24 дүгээр хуудас/,

Геологийн төв лабораторын шинжилгээний дүн /хх-ийн 82-83 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС” ХХК-ий 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №07/21 дугаартай үнэлгээний тайлан, “2,706 грамм байгалийн алтыг 216.480 төгрөгөөр үнэлсэн” /хх-ийн 115-117 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.Т-н хувийн байлдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 129-130 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.Т-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 131 дүгээр хуудас/,

Шүүгдэгч С.Т-г яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 126-128 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч С.Т нь 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “*******” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, 2.706 грамм алт олборлож, байгаль орчинд 234.348.9 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч С.Т-н мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц.Ц-н “... 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байх тухайн газар очиход А, Т гэх 5 хүн байсан ба тэдгээр хүмүүсийн үйл ажиллагааг зогсоож, ашиглаж байсан тоног төхөөрөмжийг нь лацдаж сумын цагдаагийн хэсгийн кабон байрны хашаанд авч ирсэн. Уг этгээдүүдийн үйлдлийн улмаас 3 хэсэг тусдаа газар эвдэгдсэн байсан ба ойролцоогоор 22-25 метр урттай, 4-6 метр өргөнтэй, 1 метр 60 орчим см гүнтэй 3 хэсэг газрын хөрс эвдэгдсэн байсан талаар...” өгсөн мэдүүлэг. /хх-ийн 30-33/, гэрч Ц.Г-н “...С.Т гэх хүний нэр дээр болон ямар нэгэн зөвшөөрөл олгогдоогүй талаар...” өгсөн мэдүүлэг. /хх-ийн 40-41/, гэрч Б.С-н “... “*******” гэх газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгогдсон зүйл байхгүй. ... С.Т-н тухайд хүсэлт өгсөн эсэхийг сайн санахгүй байгаа талаар...” өгсөн мэдүүлэг. /хх-ийн 44-45/, гэрч Н.Ү-н “... шүүгдэгч С.Т-н хууль бусаар олборлосон, олборлосон алтыг хураан авсан, “*******” гэх газарт очиход 3 хэсэг газар хүмүүс ажиллаж байсан талаар...” өгсөн мэдүүлэг. /хх-ийн 53-54/, гэрч Д.М, Б.А нарын “... шүүгдэгч С.Т-г хууль бусаар алт олборлосон талаар...” өгсөн мэдүүлэг. /хх-ийн 55-56, 57-58/, Шүүгдэгч С.Т-н мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн мэдүүлэг. /хх-ийн 79/, шүүгдэгч С.Т-н “...хувийн байдлын талаар...” өгсөн гэрч Ц.С, Н.Ж нарын мэдүүлэг /хх-ийн 46, 47/, гэрч А.Б-н “... шүүгдэгч С.Т-г “Doosan 55” маркийн гинжтэй экскаваторыг түрээсэлж байсан талаар...” өгсөн мэдүүлэг /хх-ийн 50-52/, “МОНСЛОВ” ХХК-ий 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 18/039 дугаартай албан бичигт дурдсан шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 87-100/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9, 10-14/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн санал /хх-ийн 17/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 19/, Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-ийн 20/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-24/, Геологийн төв лабораторын шинжилгээний дүн /хх-ийн 82-83/, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС” ХХК-ий 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №07/21 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 115-117 / зэрэг болно.

Шүүгдэгч ******* овогт С.Т-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч С.Т-г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч С.Т-д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч С.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч С.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч С.Т нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг,

Шүүгдэгч С.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн,  хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хуурай паажуур гэх төмөр хэрэгсэл 1 ширхэг, YX4500 маркийн цахилгаан мотор 1 ширхэг зэргийг шүүгдэгч С.Т-д буцаан олгож, 2.706 грамм алтнаас шинжилгээнд ашигласны үлдэгдэл 2.265 грамм алтыг улсын орлого болгохыг тус тус дурьдаж,

Шүүгдэгч С.Т-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт С.Т-г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт С.Т-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч С.Т-д  оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьчдилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч С.Т-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдсугай.

6. Шүүгдэгч С.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.          

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хуурай паажуур гэх төмөр хэрэгсэл 1 ширхэг, YX4500 маркийн цахилгаан мотор 1 ширхэг зэргийг шүүгдэгч С.Т-д буцаан олгож, 2.706 грамм алтнаас шинжилгээнд ашигласны үлдэгдэл 2.265 грамм алтыг улсын орлого болгосугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Т-д    авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Т-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.