Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 160

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч Д.Ганцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дамбийням

Шүүгдэгч О.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт О.О-д холбогдох 1826001680114 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар, 2002 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн сум дундын нэгдүгээр шүүхийн 1/83 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123-р зүйлийн 2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн 37.3-т зааснаар шүүгдэгч О.О-д урьд таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123-р зүйлийн 4-т зааснаар оногдуулсан 8 жилийн хорих ялд энэ таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ялыг багтааж, нийт 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан, 2008 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1/108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар нэг жилийн хорих ялаар тус тус шийтгэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч О.О-д оногдуулсан нэг жилийн хорих ялыг хүнд ял болох 3 жилийн хорих ял дээр нэмж түүний биечлэн эдлэх ялыг 4 жилээр тогтоож, Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.О-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ял дээр өмнөх 2002 оны 04 дүгээр сарын 25-ны 1/83 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 10 cap, 16 хоногийн ялын заримыг буюу 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 5 жилээр тогтоосон ба 2007 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 41 тоот захирамжаар 01 жил 03 cap 26 хоногийн ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, Жамъян овогт О.О

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.О нь 2018 оны 04 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр баг “*******” гэх газраас Б.Ц-н эзэмшлийн 1 тооны хонгор зүсмийн морийг хулгайлж, 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч О.О шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Урьд өгсөн мэдүүлгүүд үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогч Б.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манайх Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр баг “*******” гэх газар хөдөө байдаг. 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хонь малаа хотлуулчихаад орой 20 цагийн орчимд Хонгор зүсмийн 1 тооны бүдүүн морио гэрийнхээ ойролцоо урд хэсэгт аргамжчихсан юм. Би тэр морийг урд өдөр нь адуун дотроосоо барьж авсан. Тэгээд өглөө нь босоод аргамжаатай морио авах гээд очсон чинь байхгүй алга болчихсон байсан. Аргамжаатай нь аваад явчихсан гадас нь үлдсэн байсан тэр шөнө хулгайд алдсан. Уг алдсан адууныхаа асуудлаар Цагдаагийн байгууллагад хандсан. Тэгсэн хулгайд алдсан адууг манай сумын Ж.Б гэх хочтой О.О хулгайлчихаад Арвайхээр суманд махны ченжид зарчихсан байсныг сумын цагдаа нар олж тогтоон, миний адууг буцааж хүлээлгэн өгсөн. ... Би О.О-с мотоцикль авч байгаагүй, тийм асуудал байхгүй, худлаа ярьж байгаа. О.О бид 2 ямар нэгэн өр авлагын асуудал байхгүй. ... Би алдсан адуугаа олж авсан болохоор одоо надад гомдол, санал нэхэмжлэх зүйл гээд байх юм байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-11 дүгээр хуудас/,

Гэрч Д.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 16 цагийн орчимд техникийн захын баруун талд таарсан. Ж.Б надтай таарахдаа ногттой, бидэртэй хонгор морь хөтөлчихсөн явсан. Буруу талын чих нь босоо хагалуур имтэй морь байсан. Тамгыг нь анзаараагүй, Б намайг чи энэ морийг 200.000 төгрөгөнд авах уу гэхээр нь би нэг хүнд үзүүлээдхье арай хулгайн юм биш биз дээ гэсэн чинь “би хоёр гурван өдөр зах дээгүүр хөтөлж явсан. Цагдаа нар хүртэл мэдэж байгаа, мотоциклынхоо өрөнд хүнээс авсан юм” гэж хэлсэн. Тэгээд мах авдаг ченжийн гадаа бид 2 очоод “энэ хүн хонгор морь зарах гэж байна та авах уу” гэсэн чинь хулгайны морь биш биз дээ гэхээр нь “би мэдэхгүй энэ хүн мэдэж байгаа байх” гэсэн чинь Ж.Б “би мотоциклынхоо өрөнд авсан ямар нэг асуудалгүй гэж хэлсэн”. Тэгээд ченж эмэгтэй зах дээр ирээд АТМ-ээс 300.000 төгрөг аваад Б өгсөн. Тэгээд Бор бид 2 зах дээр үлдсэн. Б надад морь зарж өглөө гээд 100.000 төгрөг өгөхөөр нь “яахын бэ” гэсэн чинь “зүгээрээ чи ав” гэхээр нь би 100.000 төгрөгийг нь авсан. Тэгээд би дүүгийнх рүүгээ явсан. Б зах дээр үлдсэн. Би дүү М миний таньдаг хүн хямдхан морь зарах гэж байна гэж хэлсэн чинь хэн гэдэг хүн юм гэхээр нь Ж.Б гэдэг хүн байгаа юм гэсэн чинь өө тэр чинь хулгайны морь байна. Манай эхнэрийн хамт ажилладаг хүнийх нь ахын морь гэсэн гэхээр нь би ченж эмэгтэйгийн утас руу залгаад наад хонгор морь чинь хулгайн морь байна битгий нядалчхаарай гэж хэлсэн чинь өө тийм үү тэгвэл эзэнд нь хэлээрэй гэж надад хэлсэн. Тэгээд би өнөөдөр нөгөө ченж рүү залгасан чинь яасан бэ гэхээр нь би нөгөө морио яасан бэ гэтэл цагдаа нар ирээд эзэнд нь хүлээлгээд өгчихсөн гэхээр нь надад нөгөө мөнгөнөөс чинь 100.000 төгрөг өгсөн чи тэгвэл ав гэж хэлтэл за тэгье гээд би гэрийнх нь наад талд ченжид 100.000 төгрөгийг нъ өгсөн...надтай таарахдаа ганцаараа явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч О.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... О.О гэх адуу өгсөн хүнд би бэлэн 300.000 төгрөгийг тоолж өгсөн, хамт явсан хүн нь сүүлд наадах чинь болмооргүй юм байна хулгайн морь л авчираад өгчихсөн байна гэхээр нь би өдрөөр байсан болохоор хулгайн эд зүйл гэдгийг нь мэдээгүй гарал үүслийн бичиг нэхэхэд гарал үүслийн бичиг байхгүй, би хүнээс мотоциклийн өрөнд авсан мөнгөний хэрэг болоод байна авчих гээд гуйгаад байхаар нь авсан юм. Уг морины эзэн нь маргааш өглөө нь ирээд морио аваад явсан, адуу зарахад хамт явсан хүн бэлэн 100.000 төгрөг өгөөд надад О гэдэг хүн өгсөн би хулгайн морь гэдгийг нь мэдээгүй юм гэж хэлсэн. Одоо надад 200.000 төгрөг дутуу уг мөнгөө нэхэмжилж байна, өөр надад нэхэмжлэх зүйл байхгүй. Нэхэмжилсэн мөнгөө авчихвал гомдолгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

Гэрч Н.А-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны наадмын үеэр О.О-н дүү Г цэнхэр өнгийн улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоцикль хээр орхичихсон байна гээд чирч ирээд манай аавын хашаанд үлдээсэн. Манайх удаагүй нүүх болчихоод Б гэх хочтой нэрийг нь Д гэдэг хүн О бэлгэнд өгсөн юм. Мотоциклийг нь авч явлаа гээд аваад явсан. Уг мотоцикль анх ирэхдээ 2 дугуй нь хагарчихсан байсныг дүү Г нь надад хэлэхээр нь би чирч авчирсан. Асахгүй бензин байхгүй сумын төвийн урд байдаг төмсний хашааны цаад талд хээр хажуугаар унагаад орхисон байсныг авчирсан. Дүү Г нь наадмаар ирж асаах гэж үзээд асааж чадаагүй асахгүй байсан. Бүүвэйг мотоциклийг нь аваад явсны дараа О-той сумын төвд таараад чамайг бэлгэнд өгсөн юм гээд өчигдөр аваад явчихлаа гэж хэлэхэд дуугарахгүй яваад өгсөн. Б-г мотоциклийг аваад явахад 2 дугуй нь хагарчихсан суудал нь ойччихсон анх ирсэн хэвээрээ байсан. Б 2017 оны 08 сарын 10-ны үеэр мотоцикль нь манай хашаанд ирээд cap гаран болсны дараа авч явсан. тэр хугацаанд О нэг ч ирж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

Гэрч Н.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би чих хатуу юм сонсохгүй, хүн танихгүй, тэтгэвэрийн хөгшин. 2017 оны наадмын үеэр манай хашаанд нэг хүн цэнхэр өнгийн улсын дугааргүй мустанг-5 маркийн мотоцикль манай хашаанд авчирч тавьсан.  Удалгүй би Өвөрхангай аймаг руу хүүхэд дээрээ оччихоод ирсэн аваад явчихсан байсан. Би гэрээс гардаггүй, хэн нэгэн хүн мотоциклиос сэлбэг авсан үгүйг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 27 дугаартай: “... Үзүүлэгч О.О нь сэтгэцийн өвчний учир урьд нь эмнэлгийн хяналтанд үзүүлж байгаагүй. Үзүүлэгч О.О нь өөрийн үйлдэлд үнэлэлт дүгнэлт өгөх, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Үзүүлэгч О.О нь хэрэг хариуцах чадвартай...” гэх дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

Түр хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-5 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС” ХХК-ий 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 04/17 дугаартай “...нас гүйцсэн 1 толгой адуу 800.000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 37-39 дүгээр хуудас/,

Шүүгдэгч О.О-н хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 54, 58-70, 75, 85-88 дугаар хуудас/,

Шүүгдэгч О.О-н ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 дугаар хуудас/,

Шүүгдэгч О.О-г яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 49-53 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч О.О нь 2018 оны 04 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр баг “*******” гэх газраас Б.Ц-н эзэмшлийн 1 тооны хонгор зүсмийн морийг хулгайлж, 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч О.О-н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Ц-н “...Хулгайд алдсан адууг манай сумын Ж.Б гэх хочтой О.О хулгайлчихаад Арвайхээр суманд махны ченжид зарчихсан байсныг сумын цагдаа нар олж тогтоон, миний адууг буцааж өгсөн талаар...” өгсөн мэдүүлэг /хх-ийн 8-11/, гэрч Д.Э-н “... шүүгдэгч О.О-г хонгор зүстэй морь хөтөлсөн явахад нь таарсан, морийг 300.000 төгрөгөөр ченжид зарсан талаар...” өгсөн мэдүүлэг /хх-ийн 17/, Иргэний нэхэмжлэгч О.Д-н “... О.О гэх адуу өгсөн хүнд би бэлэн 300.000 төгрөгийг тоолж өгсөн, ... Уг морины эзэн нь маргааш өглөө нь ирээд морио аваад явсан, адуу зарахад хамт явсан хүн бэлэн 100.000 төгрөг өгөөд надад О гэдэг хүн өгсөн би хулгайн морь гэдгийг нь мэдээгүй юм гэж хэлсэн. Одоо надад 200.000 төгрөг дутуу уг мөнгөө нэхэмжилж байгаа талаар...” өгсөн мэдүүлэг. /хх-ийн 13/, шүүгдэгч О.О-н хувийн байдлын талаар өгсөн гэрч Ч.Ж-н мэдүүлэг /хх-ийн 19/, гэрч Н.А, Н.Б нарын мэдүүлэг /хх-ийн 26, 28/, шүүгдэгч О.О-г хэрэг хариуцах чадвартай, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартайг нотолсон Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 27 дугаартай дүгнэлт /хх-ийн 33/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, Түр хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-5/, Шүүгдэгч О.О-н хулгайлсан морины үнэлгээг тогтоосон Хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС” ХХК-ий 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 04/17 дугаартай дүгнэлт /хх-ийн 37-39/ зэрэг болно.

Шүүгдэгч Жамъян овогт О-н О-д холбогдох хэргийн мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч О.О нь хэрэг хариуцах чадвартай болох нь хавтаст хэрэгт авсагдсан Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 27 дугаартай дүгнэлт-/хх-ийн 33/-ээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Жамъян овогт О.О-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс шүүгдэгч О.О-г бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч О.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулахдаа  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч О.О-д оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэж,

Шүүгдэгч О.О-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч О.О-с 200.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч О.Д-д олгож, шүүгдэгч О.О нь иргэний нэхэмжлэгчид 200.000 төгрөгийг нөхөн төлөхөө  илэрхийлсэн болохыг,

Шүүгдэгч О.О нь 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 01-ныг хүртэл 15 хоног, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 1 хоног нийт 16 хоног цагдан хоригдсон, хохирогч Б.Ц-т төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-г шүүх хуралдааны танхимаас суллаж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жамъян овогт О.О-г бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Жамъян овогт О.О-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн   хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч О.О-д оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч О.О-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдсугай.

6. Шүүгдэгч О.О нь 16 хоног цагдан хоригдсон, хохирогч Б.Цэрэнпүрэвт төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч О.О-с 200.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч О.Д-д олгож, шүүгдэгч О.О нь иргэний нэхэмжлэгчид 200.000 төгрөгийг нөхөн төлөхөө  илэрхийлсэн болохыг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шйидвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-г шүүх хуралдааны танхимаас сулласугай.   

10.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.