Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 51

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хурлын “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

           Улсын яллагч П.Эрдэнэбаатар

            Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Б холбогдох 1840000000045 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 09 сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, М.Б            Шүүгдэгч М.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэрэгт холбогджээ.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.Б нь Авто сэлбэгийн дэлгүүрээс 2018 оны 08 сарын 27-ны өдөр М.С хүрэн бор өнгийн түрийвчтэй бэлэн 299.700 төгрөг, иргэний үнэмлэх 1 ширхэг, В, С ангиллын жолооны үнэмлэх 1 ширхэг, ХААН банкны виза карт 1 ширхэг, ХАС банкны виза карт 1 ширхэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг зэрэг эд зүйлийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 360.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 Нэг.Шүүгдэгч М.Б нь Хэнтий аймгийн авто сэлбэгийн дэлгүүрээс 2018 оны 08 сарын 27-ны өдөр хохирогч М.С хүрэн бор өнгийн түрийвчтэй бэлэн 299.700 төгрөг, иргэний үнэмлэх 1 ширхэг, В, С ангиллын жолооны үнэмлэх 1 ширхэг, ХААН банкны виза карт 1 ширхэг, ХАС банкны виза карт 1 ширхэг, улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг зэрэг эд зүйлийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 360.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

1.1.Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4-р баг Нэгдсэн эмнэлгийн баруун талын авто сэлбэгийн дэлгүүрээс 2018 оны 08 сарын 27-ны өдөр хохирогч М.С хүрэн бор өнгийн түрийвчтэй бэлэн 299.700 төгрөг, иргэний үнэмлэх 1 ширхэг, В, С ангиллын жолооны үнэмлэх 1 ширхэг, ХААН банкны виза карт 1 ширхэг, ХАС банкны виза карт 1 ширхэг, улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг зэрэг эд зүйлийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 360.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь үнэн. Хөнгөн ял шийтгэл ногдуулж өгнө үү” гэжээ.

1.2.Хохирогч М.С 2018 оны 09 сарын 07-ны өдөр хохирогчоор өгсөн: “Би 2018 оны 08 сарын 27-ны өдөр Бор-Өндөр сумын Нэгдсэн эмнэлгийн баруун талд байдаг авто сэлбэгийн дэлгүүрт үйлчлүүлж байхдаа 299.700 төгрөг, бичиг баримтуудаа хүрэн бор өнгийн түрийвчийн хамт хаяж гээгдүүлсэн байсныг М.Б ах олсон байсан. Би алдсан 299.700 төгрөг, бичиг баримттай хүрэн бор өнгийн түрийвчийг бүрэн бүтнээр нь олж авсан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 06/

1.3.Гэрч М.С 2018 оны 08 сарын 27-ны өдөр гэрчээр өгсөн “Би танай дэлгүүрт түрийвчтэй орж ирсэн байна. Та камераа шүүгээд өгөөч гэж хэлээд камерийг нь найз Э.А дуудаж шүүлгэж үзэхэд би сэлбэгийн дэлгүүрт гаднаас орж ирээд дэлгүүрийн гол хэсгийн лангуун дээр очиж худалдагчийг гарч  ирэхийг хүлээх зуураа түрийвчээ унагаачихсан байсан. Тэгээд би мэдэлгүй худалдагчийг гарч ирэхэд нь халаасаа тэмтэрч үзээд гараад явж байгаа дүрс үлдсэн байсан. Тэгсэн яг миний араас буюу 8 минут орчмын дараа цагаан өнгийн фудволктой, хар бараан өнгийн өмдтэй залуу орж ирээд сэлбэгийн дэлгүүрээс худалдан авалт хийгээд гарахдаа миний унагаасан түрийвчийг олж хараад газраас авч гарсан дүрс камерийн бичлэгт үлдсэн байсан. Миний өөрийн болгоомжгүй байдлаар хаясан түрийвчийг хүн олсон байхаар нь би бичлэгийг нь хуулж аваад цагдаагийн байгууллагад хандсан. Ингээд цагдаа нар удалгүй миний түрийвчийг олж авсан залууг авчирсан. Тэгсэн миний хаясан түрийвчтэй мөнгө эд зүйл маань бүрэн бүтэн байсан. Миний түрийвчинд 299.700 төгрөг, иргэний үнэмлэх, BC ангиллын жолооны үнэмлэх, Хаан банкны виза карт, Хас банкны виза карт, улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг эд зүйл байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 07/

1.4.Гэрч Э.А  2018 оны 08 сарын 28-ны өдөр гэрчээр өгсөн “Би Малчин дэлгүүрийн камерийг шүүж үзэхэд М.С нь уг дэлгүүр дотор хүрэн өнгийн түрийвчээ унагаагаад түүнийгээ  мэдэхгүй гараад явчихсан. Түүний дараагаар цагаан өнгийн фудволктой, доогуураа хар бараан өнгийн өмдтэй залуу орж ирээд худалдан авалт хийгээд гарахдаа газраас М.С унагаасан хүрэн бор түрийвчийг аваад гарч байгаа дүрс камерт бичигдсэн байсан. Ингээд М.С өөрийн гар утас дээрээ дээрхи бичлэгийг бичиж хуулж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09/

1.5.Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын дэргэдэх үнэлгээний комиссоос гаргасан эд зүйлийн үнэлгээ / хх-ийн 16/

 1.6.Шүүгдэгч М.Б  2018 оны 09 сарын 05-ны өдөр яллагдагчаар өгсөн “Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4-р баг Нэгдсэн эмнэлгийн баруун талын авто сэлбэгийн дэлгүүрээс 2018 оны 08 сарын 27-ны өдөр унадаг дугуйндаа шаариг авчихаад эргээд гарах гэтэл миний хөлөнд цохигдох шиг болохоор нь хартал хүрэн бор өнгийн түрийвч байсан. Тэгэхээр нь би газраас уг хүрэн бор өнгийн түрийвчийг аваад өмднийхөө халаасанд хийгээд гэртээ харьсан. Ингээд гэртээ очоод олсон түрийвчээ нээж үзэхэд дотор нь мөнгө байсан. Мөн М.С гэх хүний иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, Хаан болон Хас банкны виза карт, тээврийн хэрэгслийн гэрчилгээ байсан. Тэгээд түрийвчний эзэнтэй холбогдож эд зүйл мөнгө төгрөгийг нь өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/

1.7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD бичлэг зэрэг шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч М.Б нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4-р баг Нэгдсэн эмнэлгийн баруун талын авто сэлбэгийн дэлгүүрээс 2018 оны 08 сарын 27-ны өдөр хохирогч М.С хүрэн бор өнгийн түрийвчтэй бэлэн 299.700 төгрөг, иргэний үнэмлэх 1 ширхэг, В, С ангиллын жолооны үнэмлэх 1 ширхэг, ХААН банкны виза карт 1 ширхэг, ХАС банкны виза карт 1 ширхэг, улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг зэрэг эд зүйлийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 360.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь  тогтоогдсон байна гэж шүүх дүгнэлээ.

   Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч М.Б үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэллээ.

  Иймд шүүгдэгч М.Бат-Эрдэнийг “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч М.С нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгийг өгсөн тул шүүгдэгч М.Б нь бусдад төлөх төлбөргүй байна.

ХОЁР.Шүүгдэгч М.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд шүүхээс шүүгдэгч М.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгох ял оногдуулах  хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б хөрөнгө, цалин хөлс, бусад орлого зэргийг харгалзан оногдуулсан торгох ялыг 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч М.С-т учруулсан 360000 төгрөг төлсөн, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй CD-1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Б нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.6, 36.2 дугаар зүйл,

36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1,

38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х НЬ:

 

        1.Шүүгдэгч М.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б оногдуулсан торгох ялыг 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч М.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5.Шүүгдэгч М.Б нь урьдчилан цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч М.С-т 360000 /гурван зуун жаран мянга/ төгрөг төлсөн, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

   6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

  7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

   8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

  9.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                           М.ЭНХМАНДАХ