Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2022/01940

 

 

 

...........-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Мөнхзул, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2021/02350 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ...........-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч ..........-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 31,455,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ...........-, түүний өмгөөлөгч Т.Ууганбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ууганбаяр, түүний өмгөөлөгч Н.Нарангуа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

...........-гийн хүү Ц.Болд-Эрдэнэ 2016 оны 10, 11, 12 дугаар саруудад Мүгэн констракшн ХХК-д барилгын шалны бетон, ханын шаврын ажил хийж гүйцэтгэсэн. Энэ үед тус компанийн захирал ..........- нь ...........-гийн ачааны автомашиныг худалдан авах санал тавьсан. Улмаар ..........-тэй 2016 оны 10 дугаар сард тохиролцож 1995 онд үйлдвэрлэгдсэн ..... УНЯ улсын дугаартай, ачааны автомашины өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн. ..........- нь автомашины үнэ 32,000,000 төгрөгт 233 м.кв газо бетон блокыг шилжүүлэхээр болсон. Гэвч ..........- нь харилцан тохиролцсоны дагуу 233 м.куб газо бетон блокийг шилжүүлж өгөөгүй тул газо бетон блокийн үнээр тооцож автомашины төлбөрийг гаргуулна. Авто тээврийн үндэсний төвөөс ..... УНЯ улсын дугаартай автомашины эзэмшигчийн талаарх лавлагааг авахад ..........- нь Л.Мягмаржавт шилжүүлэн өгч улмаар иргэн М.Оюунсүрэнгийн нэр дээр тус тус шилжсэн байх тул автомашин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бодит байдал дээр биелэгдэх боломжгүй болсон. Иймд худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 31,455,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

..........- болон ...........- нарын хооронд автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй. Харин ...........-гийн хүү Ц.Болд-эрдэнэ нь Мүгэн констракшн ХХК-тай 2016 оны 10 дугаар сард худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 233 м.куб газо бетон блокыг худалдан авагч Ц.Болд-Эрдэнийн өмчлөлд шилжүүлж, худалдагч Мүгэн констракшн ХХК-д 31,455,000 төгрөг төлөх төлбөрт УНЯ ..... улсын дугаартай автомашиныг шилжүүлэхээр харилцан тохиролцсоны дагуу автомашиныг эзэмшилдээ шилжүүлэн авсан. Мүгэн констракшн ХХК нь 233 м.куб газо бетон блокыг хүлээлгэн өгсөн. Хашаанд байгааг нь зургаар шүүхэд гаргаж өгсөн. Ц.Болд-Эрдэнийн ах нь нэг удаа Пронтер машинаар блок ачиж явсан талаар баримт хэрэгт авагдсан. Газо бетон блокийг авах талаар Ц.Болд-Эрдэнэд удаа дараа мэдэгдсэн. ...........- нь УНЯ ..... улсын дугаартай автомашиныг хүү Ц.Болд-Эрдэнийнхээ бусадтай байгуулсан гэрээний төлбөрт өөрөө хүлээн зөвшөөрч шилжүүлсэн атлаа худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 31,455,000 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй.

...........- нь ..........-тэй автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй тул энэ маргааны хариуцагч биш. Иймд нэхэмжлэгч ...........-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ..........-гээс 31,455,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ...........-д олгож, хариуцагч шинжээчийн хөлс 200,000 төгрөгийг хариуцан төлөх үүргээ биелүүлж төлсөн болохыг дурдан, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн хураамжид 317,950 төгрөг төлснөөс 315,255 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, үлдэх 2,725 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ..........-гээс хариуцах хураамжид 315,255 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгч ...........-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх ... ...........- өөрийн өмчлөлийн ..... УНЯ улсын дугаартай автомашиныг хүү Ц.Болд-Эрдэнээр зуучлуулан ..........-тэй арилжааны гэрээ байгуулсан эсхүл Ц.Болд-Эрдэнэ ...........-гийн нэр дээр бүртгэлтэй ачааны автомашиныг худалдан авсан блокын төлбөрт тооцон өгсөн эсэхэд маргана..., ... мөн 31,455,000 төгрөгийн үнэ бүхий 233 м.куб газо бетон блокыг худалдан авах, худалдан авагч Ц.Болд-Эрдэнэ худалдагч Мүгэн констракшн ХХК-д блокын үнэ 31,455,000 төгрөгт ачааны автомашиныг шилжүүлэх худалдах, худалдан авах гэрээний саналыг цахим байдлаар ..........-д илгээсэн болох нь нотлогдоно..., автомашиныг 233 м.куб блокоор арилжих гэрээний саналыг Ц.Болд-Эрдэнэ гаргасан... гэж иргэний эрх зүйн харилцаа хэзээ, хаана, хэнтэй, хэрхэн эхэлж үргэлжилж дуусгавар болсон талаар дүгнэсэн атлаа нэхэмжлэгч ...........-гийн хүү Ц.Болд-Эрдэнэ бусадтай байгуулсан гэрээний төлбөрт тооцон шилжүүлсэн автомашины үнийг ..........-гээс гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Түүнчлэн, талууд гэрээ байгуулах талаар цахим шуудангаар гэрээний саналыг илгээснийг зөв дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 421 дугаар зүйлийн 421.2 дахь хэсэгт заасан нөхцөл бүрдээгүй тул хэлцэл хийсэн гэж үзэхгүй гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасны дагуу хариуцагч ..........- ...........-гийн хүү Ц.Болд-Эрдэнэтэй хэлцлийн гол нөхцөлийн талаар тохиролцсон. Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.3, 43.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу 233 м.куб газо бетон блокыг хүлээлгэн өгсний дараа автомашины эзэмших эрхийг эзэмшигчийн зөвшөөрлөөр шилжүүлж өгсөн нь хэлцлийн гол нөхцөлийн талаар тохиролцсоны дагуу бодит үйлдлээр хийгдсэн хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд 233 м.куб газо бетон блокыг Ц.Болд-Эрдэнэд хүлээлгэн өгсөн талаарх үйл баримт гэрч н.Энхцэцэгийн мэдүүлгээр тогтоогдсон. ..........- нь ...........-гийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулаагүй тул хариуцагч биш гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

..........- худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлэн авсан автомашиныг бусдад худалдсан. ...........-гийн хүү Ц.Болд-Эрдэнэ тус компанид ажиллаж байсан. ...........- автомашиныг хүлээлгэж өгсөн. Хариуцагч 233 м.куб газо блокыг хүлээлгэн өгсөн гэдэг нь үндэслэлгүй. Хохирлоо барагдуулж авмаар байна. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлд хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасан. Хариуцагчийн хувьд компанийн нэр бичсэн тамга тэмдэгтэй гэрээний төслийг Ц.Болд-Эрдэнэ гэх хүн рүү явуулсан. Гэхдээ түүнийг Ц.Болд-Эрдэнэ хүлээж аваагүй. Хэрэв хүлээж авсан бол гарын үсэг зурж хүсэл зоригоо илэрхийлэх байсан. Хэргийн оролцогчийг шүүх зөв тогтоосон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

1. Нэхэмжлэгч ...........- хариуцагч ..........-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн автомашины үнэ 31,455,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ... ...........-гийн хүү Ц.Болд-Эрдэнэтэй байгуулсан газо бетон блокын төлбөрт автомашиныг шилжүүлэн өгсөн, энэ хэргийн хариуцагч биш ... гэж маргажээ.

 

2. Энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Ц.Болд-Эрдэнэ болон түүний эцэг ...........- нар ..........-гээс 233 м.куб газо бетон блокыг 1 ширхэгийг 135,000 төгрөгөөр тооцон 31,455,000 төгрөгөөр худалдан авч уг төлбөрт ...........-гийн эзэмшлийн УНЯ ..... улсын дугаартай ачааны зориулалтай автомашиныг өгөхөөр тохиролцсон үйл баримтыг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар тайлбарлавал, нэхэмжлэгч ...........- болон ..........- нарын хооронд мөн хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

 

...........- болон Ц.Болд-Эрдэнэ нар хоорондоо ашиг сонирхлын зөрчилгүй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаас газо бетон блок худалдан авч төлбөрт нь ачааны автомашин өгөхөөр тохиролцох саналыг хүү Ц.Болд-Эрдэнэ гаргаж, ..........-тэй зуучилж өгсөн байх тул ... ...........-гийн эрх ашгийг зөрчөөгүй, энэ маргааны хариуцагч биш... гэх хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй.

 

3. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч ...........- ..... УНЯ улсын дугаартай, ISUZU маркийн ачааны автомашиныг хариуцагч ..........-гийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

 

Хариуцагч ..........- нь 233 м.куб газо бетон блокыг нэхэмжлэгч ...........-д шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар арилжааны гэрээнээс татгалзсан болох нь нэхэмжлэгч ...........-гийн 88551311 дугаарын гар утсанд хариуцагч ..........-гийн 91119390 дугаарын утаснаас илгээсэн мессежийн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдсон гэж үзэхээр байна. (хх-ийн 24, 77)

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан. Гэвч хариуцагч ..........- ..... УНЯ улсын дугаартай, ISUZU маркийн ачааны автомашиныг бусдад худалдсан болох нь талуудын тайлбар болон тээврийн хэрэгсэл худалдах тухай хэлцэл, Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогджээ. (хх-ийн 6, 39)

 

4. Талууд 233 м.куб газо бетон блокын үнийг 1 м.кубыг 135,000 төгрөгөөр тооцохоор тохиролцсон ба нэхэмжлэгч ...........- 70 ширхэг буюу 486,000 төгрөгийн үнэ бүхий блок авсан нь гэрч Т.Ууганхүү, Ш.Энхцэцэг нарын мэдүүлгээр тогтоогдсон байна. Иймд ачааны автомашины үнэ 31,455,000 төгрөгөөс 70 ширхэг буюу 486,000 төгрөгийг хасаж тооцон 30,969,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.2, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасантай нийцнэ. (1 хав-189-190,196-197)

 

5. Хариуцагч ..........- 233 м.куб газо бетон блокыг хүлээлгэн өгсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.

 

Хариуцагч талаас гаргасан худалдагчийн өдрийн тайлан гэх бичгийн баримтад Ц.Болд-Эрдэнэ гарын үсэг зураагүй байхаас гадна гэрч Ш.Энхцэцэг ... 4,727 ширхэг блокыг анх Ц.Болд-Эрдэнэд өгөөд оронд машин авах ёстой байсан. Блокыг 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээлгэж өгсөн... гэх мэдүүлэг өөр бусад нотолгооны хэрэгслээр нотлогдоогүй тул хариуцагч 233 м.куб газо бетон блокыг хүлээлгэн өгсөн гэж дүгнэх үндэслэлгүй. Учир нь Ц.Болд-Эрдэнэ ..........- нарын харилцсан цахим зурваст хийсэн үзлэгийн тэмдэглэлээр үгүйсгэгдэж байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...233 м.куб газо бетон блокыг хүлээлгэн өгсөн нь гэрч Ш.Энхцэцэгийн мэдүүлгээр нотлогдсон... гэх гомдол үндэслэлгүй. (1 хав-40-71, 77)

 

6. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт Арилжааны гэрээнд худалдах, худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна гэж заасан. Худалдагч ..........- нь худалдан авагч ...........- 233 м.куб газо бетон блокыг хугацаандаа аваагүй гэж үзвэл мөн хуулийн 258 дугаар зүйлийн 258.2 дахь хэсэгт зааснаар хадгалж, зардал гаргасан гэх байдлыг нотлоогүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үнийн дүнд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2021/02350 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.2, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ..........-гээс 30,969,000 төгрөг нэхэмжлэгч ...........-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 486,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын 315,255 гэснийг 312,795 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 315,255 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Н.БАТЗОРИГ