| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батдэлгэр |
| Хэргийн индекс | 185/2020/0481/Э |
| Дугаар | 633 |
| Огноо | 2020-11-04 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Бурмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 633
Б.А-т холбогдох эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Баярсайхан, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 480 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 999 дүгээр магадлалтай Б.А-т холбогдох эрүүгийн 201725020469 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Баярсайханы гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1988 онд төрсөн, 32 настай, эрэгтэй, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй А овогт Б-ийн А
Б.А нь 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хороо, Дээд салхитын 0 дугаар гудамжны б тоот хашаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам тавьж бэр дүү Г.Г-ийн хэвлийн тус газарт нь хөлөөрөө өшиглөж, зодож хэвлийн битүү гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас хохирогч 2017 оны 02 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 480 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.А-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар 7 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 11-ны өдөр хянан хэлэлцэж 999 дүгээр магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Л.Баярсайхан нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгожээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Баярсайхан гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Прокурорын дүгнэснээр Г.Г нь гэрээс гарснаас 32 цагийн дараа нас барсан болох нь ямар нотлох баримтад үндэслэж ингэж дүгнэсэн нь тодорхойгүй байна.
Учир нь гэрч Д.М-ийн “...өглөө траншейнд ирэхэд Ч татаж унаад байх шиг байсан, ...намайг түргэн дууд гэхээр нь оюутны байрны хамгаалагчид очиж хэлээд түргэн дуудчихаад эргэж ирэхэд Ч траншейны гадна хэвтүүлсэн байсан” /51-52 дахь тал/, гэрч В.Ч-ын “...13 цаг 15 минутад Төрөө гэдэг залуу миний утсаар дуудлага өгсөн. Би өглөө 08 цаг 30 минутад ээлжээ авсан” /61 дэх тал/, Т.Б-н “...шөнө дунд босч ус уугаад Ч-тэй бэлгийн харьцаанд орсон” /213 дахь тал/ гэсэн мэдүүлгүүдээр амь хохирогч нь 2017 оны 02 дугаар сарын 22-ны 13 цагийн үед буюу 42 цагийн дараа нас барсан болох нь тогтоогдож байгаа юм.
“Б.А нь Г.Г-ийн хэвлийн тус газар нь хөлөөрөө өшиглөж, хэвлийн битүү гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд гэмтэл санаатай учруулсан” гэсэн прокурор болон шүүхүүдийн дүгнэлтүүд нь шинжээч эмч М.Э-ын “...гэмтлүүд өөр цаг хугацаанд үүссэн 2 өөр байрлалтай гэмтэл. Нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжгүй” /85-86 дахь тал/, Ч.Э-ын “...Гэмтлүүдийн байрлал өөр учир тус тусдаа үйлчлэлээр үүснэ” /108-109 дэх тал/, Ц.Г-ын “...Дэлүүний язрал гэмтэл нь чацархайн урагдал гэмтлийн дараа үүсэх боломжтой байдаг. 2 ба түүнээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой” /11-112, 113-114 дэх тал/ гэсэн мэдүүлгүүдээр няцаагдаж байна.
Насанд хүрээгүй гэрч А.Ш нь 2017 оны 02 дугаар сарын 20-ны 19 цагийн үед болсон үйл явдлын талаар мэдүүлээгүй болох нь "...доороос нэг эгч тортой зүйл барьж ирээд газар тавиад гүйсэн /63-64 дах тал/ гэж мэдүүлдэг бол гэрч Г.Г "...Тортой зүйл бариагүй. Ганц памперс халаасандаа хийж авч ирсэн. А талийгаачтай огт муудалцаж маргаагүй. Зодож цохиогүй” гэсэн мэдүүлэг, гэрч С.С, А.Б нарын "...тухайн үед гадаа хүйтэн, цастай, гэгээ тасарсан байсан ба хүүхдийн ярьсан шиг зодоон болсон бол сонсогдох боломжтой байсан, ...гэрт нь ороход маргаан болсон шинжгүй мах янзлаад сууж байсан" гэсэн мэдүүлэг. Насанд хүрээгүй гэрч Б.А-ын ээжийн "...манай хүүхэд орой гадаа тоглодоггүй" /127 дах тал/ гэсэн мэдүүлэг болон А.Ш-оос 3 хоногийн дараа мэдүүлэг авахдаа үйл явдал яг хэзээ болсныг тодруулж асуухад "...он сарыг мэдэхгүй, яг хэд хоногийн өмнө болсныг мэдэхгүй" гэж цаг хугацааг тодорхой зааж чадахгүй байгаагаар нотлогдож байгаа юм.
Насанд хүрээгүй гэрчүүдийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан боловч оролцуулаагүй, тэднийг шүүх хуралд дуудсан дуудах хуудас хавтаст хэрэгт байхгүй.
Өмгөөлөгчийн зүгээс 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр шүүх хуралдааны тэмдэглэлд өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан боловч шийдвэрлээгүй ба хүсэлтийг хэрэгт хавсаргаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн байна.
Давж заалдах шатны шүүх "А.Ш-ийг албадан ирүүлэх үндэслэлгүй" гэж дүгнэсэн байх ба миний зүгээс албадан ирүүлэх хүсэлт гаргаагүй болно.
Мөн насанд хүрсэн гэрч Г.Г, С.С, А.Б, насанд хүрээгүй гэрч Б.А-ын ээж нарын мэдүүлгүүдийг яагаад үнэлээгүй талаараа аль ч шатны шүүх шийдвэртээ тусгаагүй байгаагаас хэргийг бүхэлд нь хянаж үзээгүй нь харагдаж байна.
Гэрч С.Э нь ”...А нь муудалцаад хэвлий рүү өшиглөсөн гэж ярьсан" /56-57 дахь тал/ гэж мэдүүлдэг боловч тэр шөнө Т.Б, Г.Г нартай цуг гарч явснаа огт мэдүүлээгүй. Гэтэл гэрч Т.Б нь "...Бид 3 хамтдаа хогоо хэд хэдэн удаа авчирч асгасан" /76-77 дахь тал/ гэж мэдүүлдэг. С.Э нь Г.Г нас барснаас 2 хоногийн дараа мэдүүлэг авахад “...Тухайн өдөр хэнтэй явж байснаа санахгүй байна, ямартай гурвуулаа явж байсан” гэсэн байх ба байнга архи ууж байснаа мэдүүлсэн байдаг.
Хэрэв талийгаач өшиглүүлсэн талаараа траншейн дотор хэлсэн бол Т.Б, Б.Х нар, гурвуулаа явахдаа хэлсэн бол Т.Б сонсох боломжтой байсан. Т.Б, Б.Х нар энэ талаар огт мэдүүлээгүй.
Т.Б-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг нь Б.Х, С.Э, Д.М нарын мэдүүлгүүдээс зөрүүтэй байдаг ба яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “...2 удаа талийгаачтай бэлгийн харьцаанд орсон” гэдэг ба ямар ч асуулт асуугаагүй байхад “...би цохиж өшиглөөгүй” гэж юуг нотлох гэж мэдүүлсэн нь эргэлзээтэй байна. Өөрийнх нь мэдүүлгээр хоёр удаа бэлгийн харьцаанд орсон гэх цаг хугацаа нь прокурор болон шүүхийн Г.Г нас барсан гэж дүгнэсэн цаг хугацаатай давхцаж байгаа юм.
Бичиг үсэг мэдэхгүй гэрч Т.Б-ийн мэдүүлгийн төгсгөл хэсэгт “... тэмдэглэлийг гэрч өөрөө уншиж танилцаад ярьсан зүйл ...бичигдсэн байна гэв” /76-77 дахь тал/ гэж дуусгажээ.
Ийм эргэлзээтэй мэдүүлгийг прокурор яллах дүгнэлтийнхээ, шүүхүүд шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Түүнчлэн Ш буюу Б.Х “... Анх таарахад огт өвдсөн шинжгүй инээчихсэн ирсэн” /74-75 дахь тал/, гэрч Б.Т “...Бие нь муудсан зүйлгүй цовоо сэргэлэн, хашаа давж гүйж харайж байсан” /53-54 дэх тал/, гэрч Л.Т .Үзэхэд өвдөж байна гэсэн газар ямар нэгэн гэмтэл байгаагүй. Хэн нэгэнт цохиулсан гэж хэлээгүй. Урьд нь хэвлийгээр өвддөг байсан, ходоод өвддөг, өглөө пиво уугаад өвдөлт сэдэрчихлээ гэж байсан. Хэрэв дотуур цус алдаж байсан бол надад мэдэгдэнэ. Амин үзүүлэлт өөрчлөгдөөд нүүр царай нь цонхийж цайгаад ирдэг. Бас албадмал байдалд ордог. Ер нь надад мэдэгдэхээр байсан. Тийм шинж илрээгүй согтуу биш байсан. Машинаас буугаад зугтаасан “ /67-68 дахь тал/, шүүхийн хэлэлцүүлэгт “...Тухайн үед талийгаач амь насны заалтгүй байсан. Тийм хүнд байдалтай биш байсан. Бичиг баримтгүй гэх шалтгаанаар эмнэлэг хүлээж аваагүй” /Энэ асуудал Б.А-аас гарснаас 24 цагийн дараа, нас барахаас 18 цагийн өмнө болсон/, гэрч Ч.Э “...24 цагийн өмнө өвдөлт өгсөн нь тодорхой хэмжээний хордлоготой, нойр булчирхайн өвдөлт өгсөн байх боломжтой” /108-109 дэх тал/, гэрч Ц.Г “... Хэвлий болон зүүн талын хэвлий хэсэгт өвдөлт өгдөг. Гэмтлийг авсан даруйд л өвдөлт өгч эхэлдэг. Үргэлжилсэн байдлаар өгөөд л байдаг. Гэмтлийн улмаас цус шүүрч, яваандаа шинэ хуучин цус холилдон өвдөлтийн шок болж нас барж байгаа юм. Гэмтэл нь 18 цагийн дотор үүсэх боломжтой /111-112, 113-114 дэх тал/, талийгаачийн төрсөн эгч Г.Г 4 удаа мэдүүлэг өгөхдөө “...А надтай маргаснаас дүүтэй огт маргаж муудаагүй. Өөрөө гараад явсан. 2 хоногийн дараа нас барсныг мэдсэн” /58, 65, 128-129 дэх тал/, гэрч Л.Б “...2017 оны 02 дугаар сарын 21-ний 11 цагийн үед орж ирээд 12 цагийн үед гараад явсан. Гарахдаа босгон дээр унах шиг болсон. 16 цагийн үед эвхрэлдээд орж ирсэн. Зодуулсан гэж яриагүй” /66 дахь тал/, гэрч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт “...насанд хүрээгүй гэрчийн ярьсан шиг зодоон болсон бол сонсогдох боломжтой байсан” гэсэн мэдүүлгүүдийг огт үнэлэхгүй хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан.
Шинжээч эмч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Талийгаачид гэмтэл учирхад маш хүчтэй, байнгын өвдөлт өгнө ...гэмтэл авахаас өмнө архи уусан бол цусны бүлэгнэлтэд алдаа гарч болно. Дэлүүний гэмтсэн хэсгээс шинжилгээ хийхэд нас барахаас 6 цагийн өмнө цус шүүрч эхэлсэн гэж үзсэн. Архи ууснаас 24 цагийн дотор цусанд спирт илэрнэ” гэж мэдүүлсэн.
2017 оны 03 дугаар сарын 17-ны 2267 тоот дүгнэлтээр “цус, ходоодонд спиртийн агууламж илрээгүй” Тиймээс цусны бүлэгнэлтэд алдаа гараагүй гэж үзэхээр байна.
2018 оны 03 дугаар сарын 02-ны 212 тоот дүгнэлтэд “Гэмтэл нь нас барахаас 18 цагийн дотор үүсгэгдсэн байх боломжтой” гэжээ.
Үүнээс харахад амь хохирогч нь тухайн гэмтлүүдийг 2017 оны 02 дугаар сарын 21-ний 19 цагаас хойш, эсвэл 2017 оны 02 дугаар сарын 22-ны 07 цагаас хойш буюу Б.А-аас гарснаас хойш 24 цаг, эсвэл 36 цагийн дараа авсан байх боломжтой нь харагдаж байгаа юм.
2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 475 тоот шүүх эмнэлгийн дүгнэлтэд “...дотуур цус алдаж нас барсан. Яаралтай тусламж авсан бол амь насыг нь аврах боломжтой байсан” /79-80 дахь тал/ гэсэн ба гэрч Ц.Г “...2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр эмнэлэгийн тусламж авсан бол амьд байх боломжтой байсан /113-114 дэх тал/ гэж мэдүүлсэн.
Гэрч Л.Т мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Госпиталь бичиг баримтгүй гээд хүлээж аваагүй" /67-68 дахь тал/, гэрч Т.Б “...Өндөр, нүдний шилтэй, эрэгтэй эмч ийм хүмүүсийг авахгүй. Энэрэл эмнэлэгт хүргэж өг гэсэн" /76-77 дахь тал/ гэж мэдүүлдэг.
2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 237 тоот Цэргийн төв эмнэлэгийн бичигт "Бичиг баримтгүй хүнд тусламж үзүүлэхгүй гэсэн заалт байхгүй. Харьяалал, бичиг баримт харгалзахгүй тусламж, үйлчилгээ үзүүлдэг /233 дахь тал/ гэжээ.
Дээрх нотлох баримтуудаас үзэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр эмнэлэгийн тусламж үзүүлээгүй эмнэлэгийн мэргэжилтэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу яллагдагчаар татагдах хууль зүйн үндэстэй байх ба өөрөөр хэлбэл Г.Г нь эмнэлэгийн тусламж, үйлчилгээг зохих ёсоор авч чадаагүйгээс амь хохирсон байна.
Нөгөө талаас гэрч Л.Т-ын мэдүүлсэнчлэн гэмтэл авсан, цус алдсан шинж тэмдэггүй байсан нь тухайн эмнэлэгийн ажилтанд илэрхий байсан бол энэ үеэс хойш Г.Г нь хүнд гэмтэл авсан байх боломжтой юм.
Энэ нь Г.Г нь Б.А-аас явснаас хойш 24 цагийн дараа болж буй үйл явдал юм. Харин тухайн гэмтлийг учруулсан этгээд нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан” гэм буруутайд тооцогдох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцнэ.
Анхан шатны шүүх эмнэлэгийн мэргэжилтэн эмнэлэгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс хохирогч нас барсан талаар шийтгэх тогтоолдоо огт дурдаагүй ба давж заалдах шатны шүүх магадлалдаа энэ талаарх гомдлыг тусад нь шалгуулах боломжтой гэж дурдсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5-д заасан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн зарчмыг ноцтой зөрчсөн шийдвэр гэж үзэж байна.
Учир нь дээрх асуудал нь Г.Г нас барсан нэг л хэргийн хүрээнд шалгагдаж шийдэгдэх ёстой юм. Г.Г нас барсан нэг хэрэгт 2 хүнийг өөр өөр үйлдлээр яллаж болохгүй гэж үзэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж заасан байдаг билээ.
Шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал дээрх үндэслэлүүдээр тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж өгнө үү гэв.
Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Б.А-т холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн бөгөөд шүүх тухайн зүйл, хэсгээр шийдвэрлэсэн. Амь хохирогч Г.Г нь 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүргэн ах Б.А-т өшиглүүлж дэлүүний язрал, чацархайн урагдал бүхий гэмтэл авсны улмаас цус алдалтын шок, зүрх судас, амьсгалын дутагдалд орж нас барсан нь тогтоогдсон. Амь хохирогч нь гэмтэл авснаас хойш 24 цагийн дотор нас барсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Шүүх Б.А холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Аливаа юмс үзэгдэл, үйл явц нь тодорхой шалтгааны үр дүнд бий болдог бөгөөд энэхүү ойлголт нь гэмт хэргийн шалтгаант холбоог тодорхойлох болон Эрүүгийн хуулийн тодорхой хэм хэмжээг хэрэглэхэд ч ач холбогдолтой юм.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг шууд учирсан, тийм хор уршиг учрах бодит боломж бүрдүүлсэн бол шалтгаант холбоотой гэж үздэг ба гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь тухайн тохиолдолд үүссэн хэргийн нөхцөл байдал, өөрийн үйл явцаар, гадны ямар нэг нөлөөгүйгээр тэр хор уршгийг бодитойгоор учруулсан, түүнд шууд хүргэсэн байх учиртай.
Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн хор уршиг нь зөвхөн тухайн этгээдийн гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас, чухамхүү түүний шууд үйлчлэлээр зайлшгүй үр дагавар нь болж учирсан байх нь гэмт хэргийн шалтгаант холбооны үндсэн шинж бөгөөд тухайн хор уршиг нь бусад хүмүүсийн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой учирсан бол шалтгаант холбоо үгүйсгэгддэг билээ.
Гэмт үйлдэл, эс үйлдэхүй болон түүний улмаас учирсан хор уршгийн хоорондох шалтгаант холбоог зөв тогтоох нь тухайн этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох, гэмт хэргийг зүйлчлэх, ялын төрөл, хэмжээг ялгамжтай сонгох, хохирлын хэмжээ, шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, түүнийг нөхөн төлүүлэх зэрэгт онцгой ач холбогдолтой юм.
Хохирогч Г.Г нь 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн орой Б.А-ын гэрээс явж энэ өдрөө дулааны худаг (траншейн)-т ирж хоносон бөгөөд тэрээр маргааш нь буюу 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр эрүүл мэндийн байдал нь муудсаны улмаас түргэн тусламжийн эмч дуудан үзүүлж, Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн боловч тус эмнэлэгт хүлээн авахгүй гэсэн учир тэр үедээ эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадалгүй 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр нас баржээ.
Цогцост хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 475 дугаар дүгнэлтээр амь хохирогчийн биед учирсан гэмтлийг “хэвлийн битүү гэмтэл, дэлүү, чацархайн урагдал, няцрал, хэвлийн хөндий дэх цусан хураа, дотор эрхтнүүдийн цус багадалт, тархи уушгины хаван...” гэж тодорхойлж түүний үхлийн шалтгааныг хэвлийн битүү гэмтлийн улмаас дотуур цус алдаж, зүрх, судас, амьсгалын дутагдалд орж нас барсан гэж тогтоосныг шинжээчдийн 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 825, 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 212 дугаар дүгнэлтүүдээр баталсан байна.
Эдгээрээс анхны дүгнэлтийг гаргасан шинжээч М.Э нь шинжилгээ хийлгэх тухай 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн мөрдөгчийн тогтоолын (хэргийн 1 дэх хавтас, 78 дахь тал) 8 дахь асуултанд “талийгаач Г.Г-т эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн бол амь насыг аврах боломжтой байжээ” гэж хариулсан ба дээр дурдсан 2017 оны 825, 2018 оны 212 дугаар дүгнэлтүүдээр үүнийг үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд уг нөхцөл байдлын талаар шинжээч Ц.Г (хэргийн 1 дэх хавтас, 113 дахь тал) мөн нотлон мэдүүлжээ.
2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр дуудлагаар очсон Нийслэлийн түргэн тусламжийн төвд их эмч ажилтай Л.Т нь (хэргийн 1 дэх хавтас, 67-68 дахь тал) өвчтөнийг Цэргийн төв эмнэлэгт хүргэн өгөхөд хүлээж аваагүй талаар мэдүүлснийг тухайн үед Г.Г-тэй хамт явсан Т.Б гэрчээр байцаагдахдаа (хэргийн 1 дэх хавтас, 76-77 дахь тал) батлан мэдүүлсэн байна.
Дээр дурдсан нөхцөл байдлаас үзэхэд Г.Г-ийн амь нас хохироход түүнд эмнэлэгийн тусламж үзүүлээгүй эмч, эмнэлэгийн ажилтны буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн эсэхийг зайлшгүй шалган тогтоох шаардлагатай бөгөөд хэргийн байдлыг тал бүрээс нь бодитой хянан шийдвэрлэх үүднээс уг асуудлыг Б.А-т холбогдох хэрэгтэй хамтатган шалгах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.
Иймд энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж, шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.Ат холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 480 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 999 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцаасугай.
2.Хэргийг прокурорт очтол Б.А-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧИД Б.АМАРБАЯСГАЛАН
С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН