Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 39

 

       Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

       Нэхэмжлэгч:  иргэн Х.Б нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Увс аймгийн Цагдаагийн газарт холбогдох,

    Увс аймгийн Цагдаагийн газрын 2016 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 0558885 тоот торгууль оногдуулсан шийтгэвэр болон жолооны эрх хассан шийтгэвэрийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулахыг хүссэн  нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Б , хариуцагч Цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч  ЗЦТ-ийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч  Э.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Х.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Х.Б миний бие ам бүл 6 эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд 2016 оны 08 дугаар сарын 23-нд орой таксинд явж байтал 2 найз таарч нэг шил архи байна, 1 газар очиж уумаар байна гэхээр би тэд нарыг аваад гашууны голд байдаг жимс ногооны талбай дээр ирсэн шөнийн 10 цаг өнгөрч байсан бид цаг гаруй ярьж суухдаа би бага зэрэг архи уусан хөдөлгөөнд оролцож болохгүй болсон тул такси дуудаад 2 хүнээ явуулъя гэхэд таксины жолооч би танай байгаа газрыг сайн мэдэхгүй байна та гэрлээрээ дохиод өг тэгээд би очъё гэхээр нь өөрийн машинаа асааж хашааны үүдэн дээр гараад машинаа зогсоотол урдаас нэг машин ирж байхаар нь нөгөө такси ямар хурдан ирж байгаа юм бол гэж бодоод явганаар тосож очиход цагдаа байсан бөгөөд бичиг баримтаа үзүүл гэхээр нь буцаж ирж машинаас бичиг баримтаа авч очиж үзүүлэхэд та согтуу байна цагдаагийн газар дээр очъё гээд авч явсан. Цагдаагийн газар дээр ирээд драйгер багаж үлээхэд 0,33 хувийн согтолттой байна гэсэн ингээд надаас байцаалт тайлбар авна гэхээр би хуулийн зөвлөгөө тусламж авъя гэхэд чи тэгвэл эрүүлжүүлэхэд ор, чамайг юм ярьдаг болтол чинь суулгана, чамаас гуйхгүй гээд нэг цагдаа хамтарч эрүүлжүүлэх рүү чирэхээр нь айж болсон явдлыг хагас дутуу ярьсан бөгөөд гарын үсгээ зур гэхээр нь сандарсандаа уншиж ч чадалгүй гарын үсгээ зурсан. Маргааш нь өөрийн мэдүүлэгтэй танилцахад намайг машин жолоодож явах үед цагдаа дохиж зогсоосон мэтээр бичсэн байхаар нь үүнийг буруу бичсэн байна засаад өгөөч гэхэд засаж өгөөгүй. Ингээд намайг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гээд жолооны эрхийг 6 сар хасаж 384000 төгрөгөөр торгож шийтгэсэн болно. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах эрх зүйн үндсийг тодорхойлж, холбогдох харилцааг зохицуулахад оршино гэж заасан байна. Эндээс харахад замын хөдөлгөөн гэсэн ойлголт энэ хуулийн гол үзэл санаа болох нь харагдаж байна. Мөн хуулийн 3.1.5-д “замын хөдөлгөөн” гэж нийтийн хэрэгцээний зам дээр явганаар болон тээврийн хэрэгсэлээр зорчиход зориулсан зурвас газрыг. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна гэж заажээ. Миний бие машин барихдаа өөрийн эзэмшлийн хашаан дотор явсан бөгөөд хашааны аман дээр гараад цааш явалгүй зогсож машинаа унтраасан байсан өөрөөр хэлбэл нийтийн хэрэгцээний зам дээр машин жолоодоогүй иймд замын хөдөлгөөн гэсэн тодорхойлолтонд хамаарч байгаа нийтийн хэрэгцээний зам гэсэн заалт над хамаарахгүй байна. Мөн Хууль зүйн сайдын 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/190 тоот тушаалын 4.2-д Цагдаагийн алба хаагч тээврийн хэрэгсэл зогсоож шалгах 5 үндэслэлийг зааж өгсөн бөгөөд эдгээр үндэслэлд миний тохиолдол хамаарахгүй байгаа болно. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 16 дугаар зүйлд заасан хууль зүйн туслалцаа авах эрхийг эдлүүлээгүй дэслэгч Э.Буянтогтох нь албаны сүрээр далайлган хүч түрж торгууль ногдуулж, эрх хасаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна гэж миний бие үзэж байна. Энэхүү хууль бус шийтгэлээс болж миний амьдралд маш их хохирол учирч байна тухайлбал манайд ажилтай хүн байдаггүй бөгөөд нэг хүүхэд маань хүнд өвчтэй учир эхнэр эмчлүүлэхээр Улаанбаатар хот авч явсан би таксинд явж амьдралаа авч явдаг гэтэл жолооны эрх хассанаар манай амьдралын үндэсийг таслаж байна. Монгол Улсын иргэн хүний хувьд шударга шүүхээр шүүлгэх эрхээ хэрэгжүүлж жирийн иргэний амьдралд дарамт болж байгаа хууль бус шийтгэл болон шийтгэвэрийг хүчингүй болгуулах зорилгоор дээрх нэхэмжлэлийг гаргав” гэжээ.

        Хариуцагч Цагдаагийн газрын дэд дарга С.С шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Увс аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Э.Буянтогтох нь 2016 оны 08 сарын 23-ны өдөр цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд ажилласан. Тус өдөр Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч д/а Д.Г , д/а С.А  нар 65-42 УВХ улсын дугаарын автомашинтай оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн ба энэ хугацаанд шөнийн 00 цагийн орчимд жолооч Х.Б  нь 6379 УВХ улсын дугаарын автомашиныг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодсон гэх үндэслэлээр тээврийн хэрэгслийг түр саатуулсан. Х.Б  цагдаагийн газар дээр авч ирж согтуурал хэмжигч драгер багаж ашиглан согтуурлын зэргийг шалгахад 0,33%-н согтолттой гарсан. Х.Б  гаргасан зөрчлийнх нь талаар асуухад “Улаангом сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах ногооны талбайд очиж найз нар болох Д,  Ц нарын хамт 0,5 литрийн архи хувааж уугаад тухайн хоёр хүнийг таксинд суулгахаар 6379 УВХ улсын дугаартай автомашиныг жолоодож торноос гарч иртэл өөдөөс цагдаагийн машин ирж намайг шалгасан “би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноо хүлээн зөвшөөрч байна” гэхдээ “тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцоогүй” гэж мэдүүлсэн. 2016 оны 08 сарын 24-ны өдөр Х.Б -д холбогдох ЗЗБ-1242 тоот дугаартай гомдол мэдээллийг шалгахад Х.Б  нь МУ-ын ЗХАБТХ-ийн 27-р зүйлийн 27.1 дэх хэсгийг зөрчсөн болох нь тогтоогдож тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сарын хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. МУ-ын ЗХАБТХ-ийн 27-р зүйлийн 27.1-д согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл оногдуулна гэж заасан байна. Энэ хуулинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол гэж заасан байх ба согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол гэж заагаагүй байна. Жолооч Х.Б д МУ-ын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан “Зөрчил гаргасан этгээд эрхээ хамгаалах”, мөн хуулийн 19 дүгээр зүйлд заасан “Захиргааны шийтгэл ногдуулсан шийдвэрийг давж заалдах” эрхүүдийг танилцуулж гарын үсэг зуруулсан болно. МУ-ын Хууль зүйн сайдын 2015 оны 8 сарын 28-ны өдрийн А/190 дугаартай тушаалаар батлагдсан замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-ын 4.2.5-д заасан “тодорхой төрлийн зөрчлийг /мансууруулах эм, бодис болон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хулгайн мод, мал мах тээвэрлэх/ илрүүлэх зорилгоор нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулах үед хөдөлгөөнд оролцож байгаа” бол тээврийн хэрэгслийг зогсоож шалгана гэж заасан байгаа. Тус цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн алба хаагчид өдөр бүр хуваарийн дагуу хэсэгчилсэн хяналт шалгалтыг зохион байгуулж ажилладаг болно” гэжээ.

         Нэхэмжлэгч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2016 оны 08 дугаар сарын 23-ны орой гашууны голд байдаг жимс ногооны талбай дээр хоёр найзтайгаа сууж бага зэрэг архи уусан бөгөөд хөдөлгөөнд оролцож болохгүй болсон тул такси дуудсан. Би машиныхаа гэрлээ асааж хашааны үүдэн дээр гараад зогсож байтал цагдаа ирээд бичиг баримтаа үзүүл гэхээр нь буцаж ирж машинаас бичиг баримтаа авч очиж үзүүлэхэд та согтуу байна, цагдаагийн газар дээр очъё гээд авч явсан. Цагдаагйин газар дээр ирээд драйгер багаж үлээхэд 0,33 хувийн согтолттой байна гэсэн. Ингээд надаас байцаалт тайлбар авна гэхээр би хуулийн зөвлөгөө тусламж авъя гэхэд, чи тэгвэл эрүүлжүүлэхэд ор, чамайг юм ярьдаг болтол чинь суулгана, чамаас гуйхгүй гээд нэг цагдаа хамтарч эрүүлжүүлэх рүү чирэхээр нь айж болсон явдлыг хагас дутуу ярьсан бөгөөд гарын үсгээ зур гэхээр нь сандарсандаа уншиж ч чадалгүй гарын үсгээ зурсан. Маргааш нь өөрийн мэдүүлэгтэй танилцахад намайг машин жолоодож явах үед цагдаа дохиж зогсоосон мэтээр бичсэн байхаар нь, үүнийг буруу бичсэн байна засаад өгөөч гэхэд засаж өгөөгүй. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар би замын хөдөлгөөнд оролцоогүй хашааны хаалган дээр зогсож байсан. Зам гэж юу хэлэх, замын хөдөлгөөн гэж юу болохыг нэхэмжлэл дээрээ тодорхой дурьдаад өгсөн. Мөн Хууль зүйн сайдын 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/192 дугаар тогтоолын 4.2-д Цагдаагийн албан хаагч тээврийн хэрэгсэл зогсоож шалгах 5 үндэслэлийг зааж өгсөн бөгөөд эдгээр үндэслэлд миний тохиолдол хамаарахгүй байгаа. Иймд намайг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гээд жолооны эрхийг 6 сар хасаж, 384000 төгрөгөөр торгож шийтгэснийг би хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ЗЦТ-ийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч  Э.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2016 оны 23-24-ний өдөр шилжих шөнө жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд ажилласан.  Тухайн үед би Х.Буян-Оршихоос зөрчлийнх нь талаар асуухад “би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноо хүлээн зөвшөөрч байна, гэхдээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцоогүй” гэж мэдүүлсэн. Нэхэмжлэгч нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийг зөрчсөн болох нь тогтоогдож тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сарын хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Гэтэл нэхэмжлэгч замын хөдөлгөөнд оролцоогүй гэж хэлээд байдаг, харин би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэдэг дээр арга хэмжээ авсан. Нэхэмжлэгчийн замын хөдөлгөөнд оролцсон, оролцоогүй эсэх нь надад хамаагүй. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн байгаа. Нэхэмжлэгч амьдралын нөхцөл боломж байхгүй улмаас торгууль төлөхгүй гэж ямар нэгэн  арга сэдэл хайгаад байна гэж үзэж байна” гэжээ.

       Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Иргэн Х.Б  тус шүүхэд хандан Увс аймгийн  Цагдаагийн газрын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 232 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах тухай болон 0558885 дугаартай 384000 төгрөгийн торгууль оногдуулсан шийтгэврүүдийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

       Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, гэрч нарын мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

       Нэхэмжлэгч Х.Б  “миний бие машин барихдаа өөрийн эзэмшлийн хашаан дотор явсан бөгөөд хашааны аман дээр гараад цааш явалгүй зогсож, машинаа унтраасан ба нийтийн хэрэгцээний зам дээр хөдөлгөөнд оролцоогүй байхад хуулийг буруу хэрэглэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн” гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

        Хариуцагч тал хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “МУ-ын ЗХАБТХ-ийн 27-р зүйлийн 27.1-дэх хэсэгт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол гэж заасан байх ба согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол гэж заагаагүй байна. Нийтийн хэрэгцээний зам дээр замын хөдөлгөөнд оролцсон эсэх нь чухал биш бөгөөд  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь тогтоогдсон учраас Замын худөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн гэж үзээд захиргааны хариуцлага хүлээлгэсэн” гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ илэрхийлсэн байна.

        Хариуцагч Увс аймгийн Цагдаагийн газрын 2016 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 232 дугаартай “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах” болон 0558885 дугаартай “торгууль оногдуулах” шийтгэврүүдээр нэхэмжлэгч Х.Б  Ниссан Тийда маркын 6379 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон гэж буруутгаж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу түүнийг 384000 төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сараар хасах захиргааны шийтгэл оногдуулжээ. Захиргааны зөрчлийг шалгасан материалаас үзэхэд цагдаагийн байгууллага захиргааны шийтгэлийг оногдуулахдаа  зөрчил гаргагчийн тайлбар, зөрчлийн тухай тэмдэглэл, согтуурал шалгасан магадлагаа зэрэг нотлох баримтуудыг үндэслэсэн байна.  

         Х.Б нь  Цагдаагийн газарт “2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 23 цаг 40 минутын үед Улаангом сумын ...нутаг дэвсгэр Гашууны голын жимсний талбайгаас өөрийн эзэмшлийн Ниссан Тийда маркын УВХ улсын дугаартай автомашин хуучин нисэхийн талбай руу гарч такси дуудахаар торноос машинтайгаа гарч иртэл цагдаа зогсоон шалгаж согтууруулах ундааны зүйл үнэртэж байна гэж цагдаагийн газар дээр авчирч драгер үлээлгэн шалгахад 0.33 хувийн согтолттой гарсан”  гэсэн тайлбарыг гаргасан байна. Энэхүү тайлбарт болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдагдсан Улаангом сумын 5 дугаар баг Гашууны гол хаягт байршилтай торон хашаа бүхий  газар нь  Х.Б гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж ашигладаг өөрийнх нь өмчлөлийн газар болох нь 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 000197914 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын план зураг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

      Захиргааны ерөнхий хууль 2016 оны 07 дугаар сарын 01–ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд уг хуулиар захиргааны байгууллагаас захиргааны акт гаргах үйл ажиллагааны эрх зүйн суурь харилцааг зохицуулж өгсөн. Цагдаагийн газар Х.Б  тайлбар авахдаа түүнд захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагааны аль ч үе шатанд  хуульзүйн туслалцаа авах эрхтэйг тайлбарлаж, мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа авах эрхээр нь хангах ажиллагааг явуулсан нь тогтоогдохгүй байх тул шүүх нэхэмжлэгчийн “Захиргааны ерөнхий хуулийн 16 дугаар зүйлд заасан хуульзүйн туслалцаа авах эрхийг эдлүүлээгүй” гэсэн тайлбарыг үндэслэлтэй байна гэж үзлээ. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д “Нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасан байдаг.

        Зөрчлийн тухай тэмдэглэлийг Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч С.А  бичсэн байгаа ба хөндлөнгийн гэрчээр замын цагдаагийн зохицуулагч Д.Г  гарын үсэг зурсан боловч тус тэмдэглэлд зөрчил гарсан газрыг “Улаангом сумын 3-р багийн нутаг дэвсгэрт” гэж буруу тэмдэглэсэн нь нотлох баримт үнэн зөв байх шаардлагыг хангаагүй ба эргэлзээтэй байх тул уг баримтыг үнэлэх боломжгүй байна.

        2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 23 цаг 40 минутын үед Х.Б   5 дугаар  багийн нутаг дэвсгэрт байршилтай өөрийн эзэмшлийн хашаанаас таксинд дохио өгөхөөр   согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Ниссан Тийда” маркын УВХ улсын дугаартай автомашин жолоодож гарсан нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар гэрч У.Д , Ж.Н  нарын мэдүүлэг, согтуурал шалгасан магадлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Харин тэрээр цааш нийтийн хэрэгцээний зам дээр зорчих санаа зорилгыг агуулаагүй байгаа бөгөөд нийтийн хэрэгцээний зам дээр замын хөдөлгөөнд оролцсон нь тогтоогдохгүй байна.

         Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ  хуулийн зорилт нь  Монгол улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах эрх зүйн үндсийг тодорхойлж, холбогдох харилцааг зохицуулахад оршино” гэсэн байна. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д  “Замын хөдөлгөөн” гэдэг нэр томьёог нийтийн хэрэгцээний зам дээр явганаар болон тээврийн хэрэгслээр хүн ачаа шилжих үйл ажиллагаа гэж тодорхойлжээ. “Нийтийн хэрэгцээний зам” гэдгийг мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт зааснаар нийтийн эзэмшлийн талбай дээрх тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газар гэж ойлгохоор байна.

        Энэхүү  хуулийн зорилго, “замын хөдөлгөөн” гэсэн нэр томьёоны тодорхойлолт болон хуулийн бусад зохицуулалтуудаас үзэхэд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ... тээврийн хэрэгсэл жолоодсон” гэдгийг нийтийн хэрэгцээний зам дээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж ойлгож хэрэглэхээр байна. Өөрөөр хэлбэл нийтийн эзэмшлийн бус хувийн эзэмшлийн /өөрийн/ хашаан дотроо согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн жолоодсон нь тус хуулийн зохицуулалтанд хамраахгүй байна.

        Цагдаагийн газар нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2 дахь хэсэгт зааснаар замын хөдөлгөөний дүрэм, энэ хуулийн холбогдох заалтыг зөрчсөн этгээдэд хуульд заасны дагуу захиргааны шийтгэл оногдуулах эрхтэй боловч тухайн захиргааны шийтгэлийг оногдуулсан шийдвэр гаргахдаа  мөн хуулийн 27 зүйлийн 27.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул нэхэмжлэгч Х.Б  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Увс аймгийн Цагдаагийн газрын 2016 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 232 дугаартай “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах  болон 0558885 дугаартай “торгууль оногдуулах тухай” шийтгэврүүдийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ.

      Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.2,106.3.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.5, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Б  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Увс аймгийн Цагдаагийн газрын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 232 дугаартай “тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ” болон 0558885 дугаартай “384000 төгрөгийн торгууль оногдуулах” тухай шийтгэврүүдийг тус тус хүчингүй болгосугай.

       2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг хариуцагч Увс аймгийн Цагдаагийн газраас гаргуулж улсын орлогод оруулсугай. Нэхэмжлэгч Х.Б Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасан үндэслэлээр тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Т.ОЮУНГЭРЭЛ