Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2020/0423

 

С.С-гийн нэхэмжлэлтэй,

Улсын бүртгэлийн ерөнхий газарт

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

Шүүгчид:      Г.Банзрагч

М.Батсуурь

Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа    

Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил 118 дугаар байрны 123 тоот хаягт байрлах 180 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг С.С миний нэр дээр бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, өмчлөгчөөр бүртгэхийг даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2020/0297 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 524 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н,    

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Д нарыг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2020/0297 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т заасныг тус тус үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан нэхэмжлэгч С.С-гээс гаргасан “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил 118 дугаар байрны 123 тоот хаягт байрлах 180 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг С.С миний нэр дээр бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, өмчлөгчөөр бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 524 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2020/0297 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.5, 11 дүгээр зүйлийн 11.3-д заасныг тус тус баримтлан С.С-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил 118 дугаар байрны 123 тоот хаягт байрлах 180 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг С.С-гийн нэр дээр бүртгэхээс татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, зохих хууль, журмын дагуу С.С-гийн тухайн орон сууцыг өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхийг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасан байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:       

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “С.С-гийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 524 дүгээр магадлалд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхим нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар 20.1.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.5, 11 дүгээр зүйлийн 11.3-д заасныг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ.

5. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.5-д “шүүх, арбитрын шийдвэрээр өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэхэд улсын бүртгэлийн гэрчилгээг хураан авах боломжгүй болсон”, 5.7-д “энэ хуулийн 5.5.5-д заасан тохиолдолд мэдүүлэг гаргагчийн өргөдөл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан бичгийг үндэслэн гэрчилгээг дахин олгоно” гэж заасан. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 394 дүгээр тогтоолоор батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгох журам”-ын 3.2.6-д “шүүх арбитрын шийдвэрээр өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэхэд улсын бүртгэлийн гэрчилгээг хураан авах боломжгүй болсны улмаас мэдүүлэг гаргагч өргөдөл гаргасан, эсхүл энэ талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас албан бичиг ирүүлсэн” бол гэрчилгээг дахин олгоно гэж заасан.

6. Гэтэл мэдүүлэг гаргагч С.С нь өргөдөлдөө, мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь албан бичигтээ гэрчилгээг хураан авах боломжгүй байгаа тухай дурдаагүй байсан тул гэрчилгээ дахин олгох үндэслэл бүрдээгүй байсан байна. Хууль болон журамд энэ тухай нотлох баримтыг хавсаргасан тохиолдолд дахин гэрчилгээ олгохоор заасан байх тул энэ журмыг зөрчиж гэрчилгээ дахин олговол Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4.1.4, 4.1.5-д заасан улсын бүртгэл “үнэн зөв, бодитой,” “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” зарчимд нийцэхгүй болно.

7. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д “мэдүүлэг гаргагч мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй” гэж тус тус заасан. Гэтэл С.С нь мэдүүлэгт хавсаргах баримт бичгээ бүрэн гүйцэд гаргах үүргээ биелүүлээгүй мөртлөө бүртгэлийн байгууллагыг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.

8. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19.4.3, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.5, 8 дугаар зүйлийн 8.1.3, Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 394 дүгээр тогтоолоор батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгох журам”-ын 3.2.6-д заасныг үндэслэн С.С-гийн мэдүүлгийг хүлээн авч, бүртгэхээс татгалзсан нь хууль зөрчөөгүй байхад давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 524 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 128/ШШ2020/0297 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

9. Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нь 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан байна. Гэтэл давж заалдах гомдлыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцуулаагүй, миний утасны дугаар 99097020 байхад 99054884 дугаарт мессеж үлдээсэн тухай тэмдэглэл хавтаст хэрэгт байгаа болно.

10. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хурлын товыг мэдэгдээгүй, зөвхөн надад олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан, дахин итгэмжлэл авах тухай л хэлсэн мөртлөө гэнэт 2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр шүүх хуралдаа ирж байна уу гэж асуусан. Ийнхүү Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасныг зөрчиж, шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй байх тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 524 дүгээр магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

11. Гуравдагч этгээд “Д ф ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 524 дүгээр магадлалд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

12. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдсөөр байтал энэ талаар магадлалд тусгаагүй нь гуравдагч этгээдийн эрх ашгийг орхигдуулсан гэж үзэж байна.

13. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлд Барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхэд барьцааны шаардлага хэвээр хадгалагдах тухай заасан байхад энэ талаар дурдаагүй, хэргийн хариуцагч болох Улсын бүртгэлийн ерөнхий газарт өмчлөгч өөрчлөгдсөнийг бүртгэхийг даалгахдаа энэ талаар дурдаагүй байна.

14. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 524 дүгээр магадлалд гуравдагч этгээдийн эрх ашгийг хамгаалах талаар тусгаж, өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

15. Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад холбогдуулж хэрэглэвэл зохих Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.  

16. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/03289 дүгээр шийдвэрээр С.С, “З Ч У” ХХК нарын хооронд 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-г хүчингүйд тооцож, бэлэглэлийн зүйл болох орон сууцыг бэлэглэгч С.С-гийн өмчлөлд буцаан олгохоор шийдвэрлэснийг үндэслэн С.С нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2206046411 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил, Их Монгол улсын гудамж, 118 дугаар байрны 123 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхийг хүссэн мэдүүлгийг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гаргажээ.

17. Хариуцагч бүртгэлийн байгууллагаас “Мэдүүлэг гаргагч С.С нь “З Ч У” ХХК-д олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000506492 дугаартай гэрчилгээг хураан авах боломжгүй тухай өргөдөл гаргаагүй… Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2/18942 дугаартай албан бичигт “З Ч У” ХХК-д олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000506492 дугаартай гэрчилгээг хураан авах боломжгүй тухай дурдаагүй мөн тус гэрчилгээг эх хувиар нь авчраагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн мэдүүлгийг буцаасан байна.

18. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д “Энэ хуулийн 5.3-т заасан эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг дараах үндэслэлээр дахин олгоно”, 5.5.5-д “шүүх, арбитрын шийдвэрээр өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэхэд улсын бүртгэлийн гэрчилгээг хураан авах боломжгүй болсон” бол улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгоно гэж, 5.7-д “Энэ хуулийн 5.5.5-д заасан тохиолдолд мэдүүлэг гаргагчийн өргөдөл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан бичгийг үндэслэн улсын бүртгэгч ажлын 15 өдрийн дотор гэрчилгээг дахин олгоно”, 11 дүгээр зүйлийн 11.3-д “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч, эзэмшигч, ашиглагч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана”, Засгийн газрын 2018 оны 394 дүгээр тогтоолоор батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгох журам”-ын 3.2.6-д “шүүх, арбитрын шийдвэрээр өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэхэд улсын бүртгэлийн гэрчилгээг хураан авах боломжгүй болсны улмаас мэдүүлэг гаргагч өргөдөл гаргасан, эсхүл энэ талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас албан бичиг ирүүлсэн” бол гэрчилгээг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5.5, 5.6, 5.7-д заасан журмын дагуу дараахь үндэслэлээр дахин олгоно гэж тус тус заажээ.

19. Тодруулбал, нэхэмжлэгч мэдүүлэг гаргахдаа “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-г хүчингүйд тооцож, бэлэглэлийн зүйл болох орон сууцыг бэлэглэгч С.С-гийн өмчлөлд буцаан олгохоор шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хавсарган өгсөн атал хуульд нийцээгүй үндэслэл заан орон сууцны өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна.  

20. Энэ талаар давж заалдах шатны шүүхээс “Нэхэмжлэгч С.С нь мэдүүлэгт хавсаргавал зохих шүүхийн шийдвэр, бусад баримтыг бүрдүүлсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас холбогдох албан бичгийг хариуцагч улсын бүртгэлийн байгууллагад ирүүлсэн байхад хууль, журмаар шаардаагүй баримтыг шаардан бүртгэхээс татгалзаж, гэрчилгээ олгоогүй нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д улсын бүртгэгч “... үйлчлүүлэгчид хууль бус шаардлага тавих, ...үндэслэлгүйгээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн байна” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

21. Нөгөөтэйгүүр хавтас хэрэгт авагдсан баримтаар “З Ч У” ХХК-ийн захирал Г.С нь иргэн Г.А болон “Д ф ББСБ” ХХК-тай байгуулсан 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн  ӨШГ 16/08/01 тоот “Өр шилжүүлэх гэрээ”, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ЗБГ 14/12/146 тоот “Зээлийн барьцааны гэрээ”, 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ЗНГ 14/12/146 тоот “Зээлийн нэмэлт гэрээ”-нүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил 118 дугаар байрны 123 тоот хаягт байрлах 180 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг барьцаалахыг зөвшөөрч, 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ЗБГ 16/08/01 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г байгуулан 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

22. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Барьцааны зүйлийг энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу өмчлөлдөө шилжүүлэн авсан этгээд өмнөх барьцаалуулагчийн эрх, үүргийг хэрэгжүүлнэ” гэж тухайлан заасан байх тул гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөхгүй, хуулийн энэхүү зохицуулалтаар хамгаалагдах учиртайг дурдах нь зүйтэй.   

23. Эдгээр үндэслэлээр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 524 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Ч.ТУНГАЛАГ

                        ШҮҮГЧ                                                              Х.БАТСҮРЭН