Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2017/00625

 

“Минжит харз булаг” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын  бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/06203 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 498 дүгээр магадлалтай,

“Минжит харз булаг” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Алт болд” ХХК, Б.Дэмбэрэл, Г.Од нарт холбогдох,

Ажлын хөлсний үлдэгдэл 5.429.375 төгрөг гаргуулах тухай үндсэн,

15.109.375 төгрөг  гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч “Алт болд” ХХК-ийн төлөөлөгч Б.Дэмбэрэлийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, өмгөөлөгч Л.Бат-Эрдэнэ, хариуцагчийн төлөөлөгч Б.Дэмбэрэл, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “Минжит харз булаг” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Дэмбэрэл нь 2013 оны 10 дугаар сард эхнэрийн хамт манай компанийн байранд ирж 302.875 м.кв бүхий халаалтын систем буюу халаадаг шал хийлгэх хүсэлт гаргасан. Tэдний хүсэлтийг үндэслэн манай компани Б.Дэмбэрэлийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороонд байрлах байшинд  302,875 м.кв талбай бүхий БНСУ-ын эко стандартын  шилдэг технологийн шалны халаалтын систем угсарч, ашиглалтад оруулах, Б.Дэмбэрэл 14.929.375 төгрөг төлөхөөр хэлэлцэн тохирсон. Ингээд гүйцэтгэх захирал Д.Ганбат нь ажилтан Э.Таравчамба, Ч.Ганзориг нарын хамт 2013 оны 10 дугаар сарын 11-нээс 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрүүдэд ажлыг хийж гүйцэтгэн, 2 жилийн баталгаат хугацааны баримтын хамт хүлээлгэн өгсөн. Б.Дэмбэрэлийн эхнэр Г.Од хэлэлцэж тохирсон ёсоор төлбөл зохих дүнгээс 9.500.000 төгрөгийг бэлнээр төлсөн. Манай компани Б.Дэмбэрэл нартай  амаар хэлэлцэн тохирсон, хариуцагч төлбөл зохих дүнгийн 63,63 хувийг төлсөн хүчин төгөлдөр болно. Иймд Б.Дэмбэрэл, Г.Од болон “Алт болд” ХХК-с ажлын хөлсний үлдэгдэл  5.429.375 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Алт болд” ХХК-ийн төлөөлөгч Б.Дэмбэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2013 онд ажилчдын орон сууцыг барьж, цахилгаан халаалтьн системийг хийлгүүлэх, паркетан шал шахуулахаар “Минжит харз булаг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганбаттай харилцан тохиролцож, ажлыг 2013 оны 10 сард эхлүүлсэн. Ажил эхлэхийн өмнө Д.Ганбатад“...ажил гүйцэтгэх гэрээ байгуулъя” гэхэд тэрээр“...манай цахилгаан халаалт чинь гэр ахуйн цахилгаан бараа шиг баталгаат хуудсаараа нотлогдоод явдаг учир гэрээ байгуулах шаардлагагүй...” гэж хэлсэн тул бичгээр гэрээ байгуулалгүй ажлыг эхлүүлсэн.Миний гэр бүлийн хүн Г.Од ажлын хөлс болох 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 7.512.500 төгрөг,  2013 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 7.416.875 нийт 14.929.375 төгрөгийг бэлнээр кассын орлогоор тушаасан. Шалны цахилгаан халаалтыг зуун хувь халааж эхлэхэд цахилгааны утаснууд хоорондоо наалдан галын аюул үүсгэх эрсдэл үүсгэсэн бөгөөд зарим хэсэгтээ огт халахгүй, тохируулсан дулаанаас хэтэрч халах, угсарч өгсөн удирдлага нь огт ажиллахгүй зэрэг чанарын доголдол удаа дараа гарсан тул Д.Ганбат захиралд тавьсан шалны халаалтаа засах эсхүл шинээр өөр халаалт тавьж өгөхийг хүсэхэд тэрээр санаа зоволгүй засаж өгнө гээд өдий хүрсэн. Баталгаат хугацаа 2015 оны 10 дугаар сарын 11-нд дуусна. “Минжит харз булаг” ХХК-ны худалдсан шалны цахилгаан халаалт чанарын доголдолтойн улмаас манай гэр муу халж, хоёр жил дараалан хохироод байна. Иймд нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Од шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

Хариуцагч “Алт болд” ХХК-ийн төлөөлөгч Б.Дэмбэрэл шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Халаалтын систем нийлүүлж угсрах ажлын хөлсөнд төлсөн зардал 14.929.375 төгрөгийг, халаалтын эвдэрсэн удирдлагыг солиход өөрөөс гаргасан 180.000.00  төгрөгийг “Минжит харз булаг” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Минжит харз булаг” ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “Алт болд” ХХК-тай ямар нэгэн харилцаанд оролцоогүй. Иргэн Б.Дэмбэрэлийн гэрт халаалт хийхээр тохирсон. Тухайн нэхэмжлэлтэй хэрэгт “Алт болд” ХХК нь хамааралгүй. Ажлын хөлсөнд 14.929.375 төгрөг аваагүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/06203 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан, хариуцагч “Алт болд” ХХК болон Б.Дэмбэрэл, Г.Од нараас 5.429.375 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Минжит харз булаг” ХХК-ийн нэхэмжлэл, нэхэмжлэгч “Минжит харз булаг” ХХК-иас нийт 15.109.375 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Алт болд” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101.820 төгрөг, хариуцагч “Алт болд” ХХК сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233.497 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 498 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/06203 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Б.Дэмбэрэл, Г.Од нараас 5.429.375 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Минжит харз булаг ХХК-д олгож, Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасныг баримтлан хариуцагч “Алт болд” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, 180.000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж, “Алт болд” ХХК-д олгон, үлдэх 14.929.375 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, нэхэмжлэгч Б.Дэмбэрэл, Г.Од нараас 101.820 төгрөгийг гаргуулж, Минжит харз булаг ХХК-д, нэхэмжлэгч Минжит харз булаг ХХК-иас 6.050 төгрөгийг тус тус гаргуулж, хариуцагч Алт болд ХХК-д тус тус олгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 101.820 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “Алт болд” ХХК-ийн төлөөлөгч Б.Дэмбэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 498 дүгээрмагадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд хариуцагч Б.Дэмбэрэл нь “Алт болд” ХХК-г төлөөлж сөрөг нэхэмжлэл гаргасан ч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаагаар компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Б.Билэгсайхан байхаас гадна “Минжит харз булаг” ХХК, “Алт болд” ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй, харин иргэн Б.Дэмбэрэл, Г.Од нартай гэрээ байгуулсан нь хэргийн баримтаар тогтоогджээ. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй бөгөөд шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт зөв болно” гэжээ. Учир нь “Алт болд” ХХК нь хувьцаат компани бөгөөд Б.Дэмбэрэл нь хувьцааг 100 хувь дангаар эзэмшдэг болно. Харин Б.Билэгсайхан нь тус компаний гүйцэтгэх захирал болно. Иймд компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Б.Билэгсайхан биш Б.Дэмбэрэл мөн болохыг тогтоосон компаний дүрэм, Улсын бүртгэлийн лавлагаа зэргийг хавтаст хэрэгт хавсаргаж өгснийг шинжлэн судлалгүйгээр шийдвэрлэсэн нь .шүүхээс гарах шийдвэр, магадлал хууль ёсны, үндэслэл бүхий байх зарчим алдагдсан гэж үзэж байна. Мөн “Минжит харз булаг” ХХК нь хариуцагч “Алт болд" ХХК-аас 2013 оны 10-р сарын 11, 13-ны өдрүүдэд ажлын хөлс болох 14.929.375 төгрөгийг авсан бөгөөд энэ нь кассын орлогын ордер, зарлагын баримт, НӨАТ-ын падаан зэрэгт баримтуудаар нотлогддог юм. Гэвч дээрх баримтуудыг нотлох баримтаар шинжлэн судлаагүй шийдвэр гаргасан нь шүүхээс гаргасан шийдвэр хууль ёсны болон үндэслэлтэй байх зарчим мөн алдагдсан гэж үзэж байна. НӨАТ-ын баримт нь Сангийн яамнаас гаргадаг үнэт цаас учир уг баримтыг хуурамчаар үйлдэх боломжгүй юм. Уг баримтыг нэхэмжлэгч тал хуурамчаар үйлдсэн гэж үзвэл хариуцагчийн зүгээс Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хүрээнд хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн байна.Иймд Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017оны 02 дугаар сарын15-ны өдрийн 498 дүгээр магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх  бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч  “Минжит харз булаг” ХХК нь хариуцагч  Б.Дэмбэрэл, Г.Од болон “Алт болд” ХХК-д холбогдуулан 5.429.375 төгрөг шаардахдаа нэхэмжлэлийн үндэслэлийг ажлын хөлсний үлдэгдэл гэж тодорхойлжээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, 15.109.375 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ. 

Нэхэмжлэгч “Минжит харз булаг” ХХК нь Б.Дэмбэрэлийн хувийн сууцанд шалны халаалтын систем угсарч суурилуулах, хариуцагч 14.929.375 төгрөгийн  хөлс төлөхөөр харилцан тохиролцсон байх ба энэ талаар маргаагүй байна. 

Харин хариуцагч ажлын хөлсийг бүрэн төлсөн, гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан эсэх нь маргааны зүйл болжээ.

Талууд Иргэний  хуулийн 343 дугаар  зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул үүргийн гүйцэтгэлийг хэн аль нь шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Нэхэмжлэгч гэрээнд заасан ажлыг тодруулбал 302.875 м.кв талбайд шалны халаалтын системийг угсарч суурилуулах ажлыг хийж гүйцэтгэн, 2013 оны 10 дугаар сарын 16-ний өдөр хүлээлгэн өгсөн, хариуцагч уг ажлыг хүлээн авсан нь ажил гүйцэтгэсэн актаар тогтоогджээ /хэргийн 214 дүгээр тал/.

Ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүнг хүлээн авсан захиалагч гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүрэгтэй, харин ажлын үр дүн доголдолтой байсан бол доголдлыг арилгахад шаардагдах зардлыг ажил гүйцэтгэгчээс шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь ажлын хөлс 14.929.375 төгрөгөөс 9.500.000 төгрөг авсан гэсэн бол  хариуцагч хөлсийг бүрэн төлсөн гэж маргаж, 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр үйлдэгдсэн хоёр жилийн баталгаа гэх баримтыг шүүхэд ирүүлжээ /хэргийн 27, 33 дугаар тал/.  

Хариуцагчийн татгалзлын үндэслэл болж буй дээрх баримтыг үйлдэх үед нэхэмжлэгч ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгөөгүй байснаас гадна хэргийн 208 дугаар талд  авагдсан баримтад хариуцагч Г.Од нь 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр үлдэгдэл төлбөр 9.929.375 төгрөг болохыг хүлээн зөвшөөрчээ. Үүнээс үзвэл ажлын хөлсийг бүрэн төлсөн гэх хариуцагчийн тайлбар хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Хариуцагч Б.Дэмбэрэл, Г.Од нар гэрээний дагуу төлөх ажлын хөлс 5.429.375  төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдсон,  давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж үндсэн нэхэмжлэлийг хангасан нь зөв боловч  сөрөг нэхэмжлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Хариуцагч Б.Дэмбэрэл нь “Алт болд”  ХХК-ийг төлөөлөн сөрөг нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил чанарын шаардлага хангаагүй буюу доголдолтой гэсэн үндэслэл дурдаж ажлын хөлсөнд төлсөн 14.929.375 төгрөг, халаалтын удирдлага сольсон зардал 180.000 төгрөг нийт 15.109.375 төгрөг шаарджээ.

Давж заалдах шатны шүүх "...хариуцагч  Б.Дэмбэрэл нь “Алт болд” ХХК-ийг төлөөлөн сөрөг нэхэмжлэл гаргасан ч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаагаар компанийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээд нь Б.Билэгсайхан...” тул сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэсэн атлаа зарим шаардлагыг хангасан нь ойлгомжгүй болжээ.

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол захиалагч нь ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй.

Шалны халаалтын удирдлага солиход зарцуулсан 180.000 төгрөгийн  шаардлагыг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүйгээс гадна уг шаардлагыг хангасан давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдол гаргаагүй байх тул нэхэмжлэгчээс уг  төлбөрийг гаргуулж, хариуцагч Б.Дэмбэрэл, Г.Од нарт олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан нь шүүх  хуралдааны үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй  болгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасан, энэ тохиолдолд давж заалдах шатны шүүх “Алт болд” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгох байжээ.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх талаар гаргасан “Алт болд” ХХК-ийн захирал Б.Дэмбэрэлийн гомдлыг хангахгүй орхив.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017оны 02 дугаар сарын 15-ны өдрийн  498 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...хариуцагч “Алт болд” ХХК-ийн  сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, 180.000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж, “Алт болд” ХХК-д олгож, үлдэх 14.929.375 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “...нэхэмжлэгчээс 180.000 төгрөг гаргуулж хариуцагч Б.Дэмбэрэл, Г.Од нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т  заасныг баримтлан нэхэмжлэгч “Минжит харз булаг”  ХХК-с 14.929.375 төгрөг гаргуулах тухай “Алт болд” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, “...нэхэмжлэгч “Минжит харз булаг” ХХК-иас 6.050 төгрөгийг тус тус гаргуулж, хариуцагч “Алт болд” ХХК-д тус тус олгосугай” гэснийг “...нэхэмжлэгчээс 6.050 төгрөг гаргуулж хариуцагч Б.Дэмбэрэл, Г.Од нарт олгосугай” гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч “Алт болд” ХХК-ийн төлөөлөгч Б.Дэмбэрэлийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232.597 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.АМАРСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ