Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 312/ШШ2026/01224

 

 

 

 

 

2026 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 312/ШШ2026/01224

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энхтунгалаг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч; ******** аймаг ******** сум ******** баг **а-** тоотод оршин суух, Т овогт Г-ийн Б /РД; ИВ********, утас; ********/-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч; ******** аймаг ******** сум ******** баг ******** ** тоотод оршин суух, О овогт Г-ийн Э /РД; ФБ********, утас; ********/-д холбогдох,

халамжийн тэтгэвэр, цалингийн зөрүү 402,500 төгрөгийг 2025 оны 6 сараас 2026 оны 1 дүгээр сар хүртэлх 7 сараар тооцон 2,817,500 төгрөг гаргуулах,

хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсний зөрүү болох 402,500 төгрөгийг сар бүр шилжүүлж байхыг хариуцагч Г.Э-д даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд;

нэхэмжлэгч Г.Б, өмгөөлөгч Т.Э,

хариуцагч Г.Э, өмгөөлөгч Ц.М,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2023 оны 7 дугаар сард ******** ХХК-нд потон хэвлэгч машинд гялгар цаас, шуудайг хэвлэгч төхөөрөмж рүү хийдэг ажилд орсон, тус газар ажиллаж байхдаа буюу 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 11 цагийн орчим зааж өгсний дагуу шуудай цаасаа хэвлэгч машин буюу төхөөрөмж рүү хийж байтал монгол гэрийн ус цаснаас хамгаалсан, гялгар уут миний баруун гартай орооцолдоод баруун гар төхөөрөмж руу орж шуу хэсгээрээ тасарч гаргүй болж, яаралтай хүлээн авах дээр ирж хагалгаанд орж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх хөдөлмөрийн магадлах комиссын хурлаар орж 60 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан байна гэж 6 сарын хугацаатай групп тогтоосон, 6 сарын хугацаа дуусаж дахин тус комиссын хурлаар 2024 оны 6 дугаар сарын 09-ний өдөр ороход нөхөн сэргэх боломжгүй, насан туршдаа 60 хувиар хөдөлмөрийн чадвараа алдсан байдал тогтоогдож байгаа тул хугацаагүй группт оруулсан. Би ойр зуурын ажил хийж амьдрал ахуйгаа авч явдаг, нийгмийн даатгал төлж байгаагүй, бичиг үсэг мэдэхгүй, гэр бүл байхгүй, ганцаараа өөрийгөө болгон амьдардаг хүн. Одоо сар бүр Хөдөлмөр халамж үйлчилгээний сангаас тэтгэмж 397.500 төгрөг авдаг, өөр орлого байхгүй. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/328 дугаартай шийтгэх тогтоолоор ******** ХХК-ийн захирал Г.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн, би эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд оролцохдоо цалингийн зөрүү, сэтгэл санааны хохирлоо нэхэмжилсэн, миний цалинг шүүх шүүгдэгчийн зөвшөөрсөн хэмжээгээр буюу 800.000 төгрөгөөс тооцож, халамжаас авдаг группийн мөнгийг хасч зөрүүг олгож шийдвэрлэсэн.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар дараах зүйлийг нэхэмжилж байна. Үүнд;

1.Цалингийн зөрүү болох 2,817,500 төгрөг, халамжийн тэтгэвэр 397,500 төгрөг, цалин 800,000 төгрөг, зөрүү 402,500 төгрөгийг 2025 оны 6 сараас 2026 оны 1 дүгээр сар хүртэл 7 сарын цалингийн зөрүү /402.500*7=2,817,500 төгрөг/ гаргуулах,

2.Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр 2024 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс нөхөн сэргэх боломжгүй, насан туршдаа 60 хувиар хөдөлмөрийн чадвараа алдаж, хугацаагүй группт орсон, надад одоо халамжийн тэтгэмжээс өөр ямар ч орлого байхгүй. Баруун гар минь байсан бол ойр зуур ажил олдох байсан байх, зүүн гараараа ажил хийх нь битгий хэл хоол ундаа арай гэж хийж байна. Иймд хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсний зөрүү болох 402,500 төгрөгийг сар бүр Г.Б-д шилжүүлж байхыг Г.Э-д даалгаж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Г.Э хариу тайлбартаа би ********ХХК-ийн захирал бөгөөд манай компани гадаад дотоод худалдаа, полиэтиленийг боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хоёрдогч түүхий эдийг худалдан авах, худалдах, явган замын хавтан хашлага үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр манай үйлдвэрийн түүхий эд жижиглэгч машинд түүхий эд жижиглэгчээр ажиллаж байгаад баруун гараа шуу хэсгээрээ тасдуулж хүнд хохирол учирсан, уг осолтой холбоотой эрүүгийн гэмт хэргийг тус шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/328 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах журмаар хянаж 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ДШМ/54 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэр, магадлалуудаар хэргийг шийдвэрлэж, эрүүгийн хариуцлага оногдуулсан ба эрүүл мэндэд учирсан хохирол хор уршгийн талаар шийдвэрлэж, хохирогч Г.Б нь протез хийлгэх зардал болон замын зардлын баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн, гэтэл нэхэмжлэгч Г.Б нь цалингийн зөрүү нэг сарын 402,500 төгрөгөө 7 сараар тооцож 2,817,500 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй бөгөөд эрүүгийн журмаар шийдвэрлэх үед хөдөлмөр эрхэлснээс олох байсан орлогын зөрүү гэж тодорхойлж нэхэмжилж, цаашид төлөхийг даалгахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хиймэл гар буюу протез хийлгэхтэй холбоотой үнэ төлбөрийн мэдээлэл байгаа бөгөөд Монгол Улсад байдаг протез хийлгэх талаар эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэх үед хэлж ярилцаж байсан боловч заавал гадаад улсад явж хиймэл гар хийлгэнэ гээд тохиролцож чадаагүй тул шүүхээс хиймэл гар /протез/ хийлгэхтэй холбоотой баримтаа бүрдүүлж нэхэмжлэх, мөн сэтгэцийн хохирол тогтоолгох шинжилгээнд явсан замын зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн бөгөөд эдгээртэй холбоотой зардал төлбөрийг нэхэмжилсэн тохиолдолд төлж барагдуулах болохоо илэрхийлж байна. гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Би Г.Э-ээс болоод гар хөлгүй болсон учраас гомдолтой байна, ажил хийх гэтэл хийж болдоггүй, гаргүй хүнээр ажил хийлгэхгүй гэдэг. Одоо би 350,000 төгрөгөөр группт орсон, цалингийн зөрүү нэхэж байгаа. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Г.Б нь 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 11.00 цагийн орчим гялгар уут, шуудайг хэвлэгч төхөөрөмжид хийж байгаад үйлдвэрлэлийн осолд орж, гараа тасдуулж, хагалгаанд орж эмчлүүлсэн. 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Хөдөлмөрийн магадлах комиссын хурлаар орж 60 хувийн хөдөлмөрийн чадвар алдсан гэж 6 сарын хугацаагаар группт орж байсан, 6 сарын дараа буюу 2024 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хугацаагүй буюу насан туршдаа сэргэх боломжгүй байдал тогтоогдож байна гэж үзээд хугацаагүй групп тогтоож, халамжийн сангаас тэтгэмж авч байгаа. Гэтэл энэ хүний хөдөлмөр эрхлэх байдал болон биеийн байдалтай холбоотой гэм хор учирсан, тухайн үедээ цагдаагийн байгууллагад хандаагүй байж байгаад 1 жилийн дараа цагдаад хандаж шалгуулсны үндсэн дээр Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн шийтгэх тогтоолоор Поли-Этилен ХХК-ийн захирал Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, цалингийн зөрүү, сэтгэл санааны хохирлыг шийдвэрлэсэн. Цалингийн зөрүүг 800,000 төгрөгөөр шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, одоо авч байгаа халамж 397,500 төгрөгийг дансны хуулга, группт орсон хурлын тэмдэглэл зэргээр нотлогдож байгаа тул нэхэмжлэл гаргаж байгаа. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар гэм буруутай этгээд болох Г.Э-ээс цалингийн зөрүү 2,817,500 төгрөг гаргуулах шаардлага гаргаж байгаа,

Хоёрдугаарт; нэгэнт энэ хүн хөдөлмөрийн чадвараа 60 хувиар хугацаагүй алдсан учраас цаашид байнга шүүхэд хандмааргүй байгаа тул сар бүр зөрүү болох 402,500 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан, нэхэмжлэлийг дэмжиж оролцож байна. гэв.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...2023 оны 7 дугаар сарын сүүлээр Г.Б ах манайд ажилд орсон, үндсэн ажилд ороогүй, туслах ажилчнаар орсон, би өөрөө гэрээс нь 2-3 удаа очиж авч ажиллуулж байсан. Сар тогтмол ажиллаагүй, 10 дугаар сард ажиллуулж байхад энэ осол болсон, манай компанийн зүгээс буюу миний анх санал болгосон мөнгө бол 30,000-40,000 төгрөг, заримдаа 50,000 төгрөг өгч байсан, сарын цалин 800,000 төгрөг гэж тохирч байгаагүй. ...Гэтэл 800,000 төгрөг нэхэмжлээд байгаа, өмнөх шүүхийн шийдвэрт ч би энэ талаараа хэлж байсан, миний зүгээс Г.Баттулга ах осолд орсон учраас тусалъя гэж саналаа хэлж байгаа, осол гарсан үед буюу 2023 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг бодоод зөрүү мөнгө 152,500 төгрөг өгөхөд би бэлэн байгаа. Шүүх хурлын дараа буюу 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр би Н гэдэг эгчтэй нь уулзаад, эгчийнх нь дансанд 900,000 төгрөг хийсэн, дансны хуулгаа өгсөн байгаа. Тэр мөнгөө нэхэмжилсэн дүнгээс хасуулах саналтай байна. гэв.

Зохигчид доорх баримтуудыг гаргаж хэрэгт хавсаргуулсан байна. Үүнд;

нэхэмжлэгч нь иргэний үнэмлэхийн хуулбар, Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн болон 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэрүүд, Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн дэргэдэх эмнэлэг хяналтын комиссын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэр, нэхэмжлэгчийн Хаан банкны дансны хуулга, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/328 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 54 дугаартай магадлалын хуулбар зэргийг,

хариуцагч нь иргэний үнэмлэхийн хуулбар, нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хариу тайлбар, Хас банкны дансны хуулга, өвчний түүхийн мэс заслын тэмдэглэл зэргийг тус тус ирүүлжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчийн тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан талуудаас хэрэгт гаргасан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Г.Баттулга нь халамжийн тэтгэвэр болон цалингийн зөрүү 402,500 төгрөгийг 2025 оны 6 сараас 2026 оны 1 дүгээр сар хүртэлх 7 сараар тооцон 2,817,500 төгрөг гаргуулах, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсний зөрүү болох 402,500 төгрөгийг сар бүр Г.Б-д шилжүүлж байхыг Г.Э-д даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргасан.

Нэхэмжлэгч Г.Б нь Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******** ХХК-д түүхий эд жижиглэгчээр ажиллаж байхдаа 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 11.00 цагийн орчимд ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэх явцдаа түүхий эд хайлуулах төхөөрөмжид баруун гарын шуу хэсгээ тасдуулж, эрүүл мэндэд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65% тогтонги алдагдуулах, хүнд зэргийн хохирол учирсан болох нь Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ч.Б-гийн 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 799 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Дээрх осол хэрэгт Орхон аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/328 дугаартай шийтгэх тогтоолоор энэ хэргийн хариуцагч Г.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

нийтийн албанд томилогдох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

хохирогч Г.Б-ын протез хийлгэх зардал, замын зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 54 дугаартай магадлалаар хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй, мөн гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсгүүдэд тус тус заасан тул гэм хор учруулсан этгээдээр нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй этгээд мөн байна.

Зохигчид хөдөлмөрийн гэрээ болон цалин хөлс тохирсон гэрээ, хэлцэл байгуулаагүй бөгөөд эрүүгийн хэргийг шийдвэрлэх шүүх хуралдааны үед өмгөөлөгч Ц.М ...шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул мэтгэлцэх зүйлгүй. Шүүгдэгч, хохирогч нар сарын цалин хөлсийг 800,000 төгрөгөөр тохирсон тул тэтгэмжийн зөрүүг 800,000 төгрөгөөс тооцож гаргуулахад татгалзах зүйлгүй. гэсэн дүгнэлт гаргаж, шүүх ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүг ажил олгогчийн мэдүүлэгт үндэслэн 800,000 төгрөгөөр тооцож байсан байх тул хариуцагчийн цалинг энэ дүнгээр тооцон, цалин, халамжийн тэтгэврийн зөрүү 402,500 төгрөгийг 2025 оны 6 сараас 2026 оны 1 дүгээр сар хүртэл 7 сарын хугацаагаар тооцов.

Шүүх хуралдаан эхлэхэд хариуцагч нь нэхэмжлэгчийн төрсөн эгч Г-ийн Н-ийн дансанд b ahd гэх утгаар 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 900,000 төгрөг шилжүүлсэн баримтыг шинээр гаргаж өгсөн тул цалингийн зөрүү гэж тооцсон 2,817,500 төгрөгөөс 900,000 төгрөгийг хасаж, үлдэх 1,917,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож,

мөн хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас насан туршдаа 60 хувиар хөдөлмөрийн чадвараа алдсан нэхэмжлэгч Г.Б-ын цалин хөлсний зөрүү 402,500 төгрөгийг хариуцагч Г.Э сар бүр түүнд шилжүүлж байхыг даалгаж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 502 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Э-ээс 1,917,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

нэхэмжлэгч Г.Б-ын цалин хөлсний зөрүү 402,500 төгрөгийг сар бүр шилжүүлж байхыг хариуцагчид даалгаж,

нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 900,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Тухайн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ