Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 52

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, улсын яллагч А.Тунгалагтуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах, шүүгдэгч О.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Г холбогдох эрүүгийн 1840000800049 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа, шагнал, ял шийтгэлгүй, О.Г

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

О.Г нь 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр иргэн Ч.Б хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэсэн, хүчиндэхийг завдсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Г “мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас өгсөн мэдүүлэгүүд

О.Г яллагдагчаар өгсөн “2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр би О  гэдэг найзыгаа Швед улс руу гаргаж өгөхөөр уулзсан. Найзууд болох О, Б  нар ирсэн ...О  гэрээс гараад орж ирэхдээ 3 хүүхэн дагуулаад ороод ирсэн. Харин тэр үед Б  зөрөөд гэр лүү явсан. Би тэр гурван хүүхнээс хоёрыг нь зүс харж байсан нэгийг нь танихгүй хүүхэн байсан. Ингээд бид тав манай гэрийн том өрөөнд орж сууцгаасан. Ингээд бид хэд орой манай гэрт ууж байгаад үлдээсэн архи пивийг уухдаа танилцсан. Ингээд архи пиво ууж дуусахад би  Б  гэдэг хүүхэнтэй хамт дахин шагийн архи пиво авахаар гарсан. Ингээд цагдаагийн хэлтсийн урд талын 3 давхар цэнхэр байранд амьдардаг Өлзий гэдэг айлынхаас 0.75 литрийн савалгаатай “Ерөөл” архи нэг шил, 0.5 литрийн савалгаатай “Нийслэл” пиво 8 ширхэгийг авч гэр лүүгээ эргэж очиж хувааж уусан. Тухайн үед Өлзий гэдэг айлынхаас архи, пиво авахад 04 цаг болж байсан. Ингээд гэрт ирж ууж сууж байхад гэнэт л манай гэрийн хаалганы дэргэд байрны коридорт  Б  тасраад уначихсан. Тэгэхээр нь бид 4 сэрээх гээд чадаагүй. Тэгэхээр нь согтоод унасан байна, унтаад жаахан сэргэх байх гэж бодоод гал тогооны өрөөнд гудас дэвсч өгөөд өргөж оруулаад хэвтүүлсэн. Ингээд бид 4 үргэлжлүүлээд ууж суусан. Ингээд өглөөний 07 цаг хүртэл ууж сууж байгаад би Д-ын хамтаар дэлгүүрээс гоймон авч идэхээр хамт гарсан. Ингээд дэлгүүрээс гоймонгоо авчирч идээд дуусахад Д, О , Н  нар нь гэр гэртээ харихаар манай гэрээс гараад явсан. Харин би гэртээ  Б гийн хамтаар үлдсэн. Ингээд  Б-г сэрээх гэсэн боловч сэрэхгүй байхаар нь  Б гийн хажуугаар орж хэвтсэн. Ингээд  Б гийн хажуугаар хэвтэхэд  Б  бага зэрэг зүүрмэглэж байгаа бололтой байхаар нь өөрийг нь хүсэж байгаагаа хэлж өмдийг нь тайлчих уу гэхэд зөвшөөрч байгаа нь мэдэгдэхгүй чимээгүй байгаад байсан. Тэгэхээр нь би өмдийг нь дотоожийнх нь хамт бүрэн тайлахад  Б  гэнэт сэрчихсэн. Тэгснээ  Б  нь чи яаж байгаа юм бэ гэхээр нь би чамаас асууж байгаад тайлсан ш дээ гэхэд юу яриад байгаа юм бэ би зөвшөөрөхгүй гээд уурлаад эхэлсэн. Тэгэхээр нь би тэгвэл наад хувцсаа өмсөөд явахгүй юу гэхэд уурлаад өмдөө өмсөх зуураа над руу уурласан. Ингээд бид хоёрын дунд хэрүүл маргаан үүссэн. Ингээд хэрэлдэж байхдаа  Б  манай гал тогооны өрөөний ширээн дээр байсан саарал иштэй нарийхан хутгыг авч миний баруун хөхний дээд хэсэгт 1 удаа чичлэхэд миний баруун хөхний дээд хэсгээс цус гарсан. Тэгэхээр нь би уурлаад чи яахаараа намайг хутгалж байгаа юм гээд нэг удаа хацар луу нь алгадаж ахиад хутгалах гээд байх юм бол би ч бас чамайг адилхан заазуурдаж чадна шүү гээд гал тогооны өрөөний шургуулганд байсан хар иштэй заазуурыг гартаа барьсан. Гэхдээ тэр заазуурыг ашиглаж  Б гийн биед халдаагүй. Ингээд би  Б г гэрээсээ хөөхөд хаалга онгойлгож чадахгүй байна гэхээр нь би хаалга онгойлгож өгөөд хаасан. Тэгсэн  Б  хажуу айлын хаалгыг тогшиж байгаад ороод явчихсан...” гэх мэдүүлэг /хх-н 36-37 хуу/

Хохирогч Ч.Б хэрэг бүртгэлтэд өгсөн “...намайг унтаж байгаад сэрэхэд Г  миний доогуурх бүх хувцсыг тайлчихсан надтай бэлгийн харьцаанд орох гээд бэлэг эрхтэн нь босчихсон дээр гарчихсан байхаар нь эхлээд татгалзаж болиулах гэсэн боловч Г  нь намайг нүүр ам руу алгадаж, хүзүү хоолой багалзуурдаад хүчээр надтай бэлгийн харьцаанд орох гээд дайраад байхаар нь айсандаа өөрийгөө хамгаалах гэж л хутга гартаа бариад Г ийн мөр тус газар нь хатгасан. Уг нь би айлгах гээд л хатгасан. Тэрнээс санаатай хатгаагүй” гэх мэдүүлэг /хх-н 4-5 хуу/

Гэрч П.Д-ийн хэрэг бүртгэлтэд өгсөн “Өнөөдөр буюу 2018 оны 08 дугаар сарын 22-ны өглөө намайг хүүхдийнхээ хамт гэртээ байж байхад манай хаалгыг 09 цагийн үед хаалга хүчтэй нүдээд байхаар нь манай төрсөн дүү Х хаалга тайлж өгөхөд нэг эмэгтэй хүн намайг алах гээд байна гээд орилоод гэрт ороод ирсэн. Ингээд би хэн гэдгийг нь мэдэхээр үүд рүү очиход хар бараан өнгийн өмд цамцтай, доогуураа ягаан өнгийн тавчик, цагаан өнгийн оймстой баруун гартаа хүрэн шаргал өнгийн иштэй хутга барьсан махлагдуу эмэгтэй ороод ирсэн, тэр эмэгтэй нилээд согтуу байгаа бололтой амнаас нь архи нилээд үнэртэж байсан. Мөн тэр эмэгтэй манай гэрт орж ирээд хажуу айлын чинь хүн намайг алах гээд байна, цагдаа дуудаад өгөөч гэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Ингээд цагдаагийн байгууллагын албан хаагчид ирсэн...” гэх мэдүүлэг /хх-н 6-7 хуу/

Гэрч П.Д хэрэг бүртгэлтэд өгсөн “...тэр залуу бид гурвыг 48 дугаар байр луу байх найз Г ийнхээ гэрт очих санал тавихаар нь бид гурав зөвшөөрсөн. Би тэр залууг өмнө нь харж байгаагүй, танихгүй. Харин  Б  таньдаг юм шиг байсан. Ингээд бид Өлзий эгчийнхээс авсан пивоо аваад очсон. Бид нарыг очиход Г ийн гэрт 2.5 литрийн савалгаатай пиво 1 бүтэн, 1 талтай пиво байсан. Ингээд бид хэд хувааж ууж дуусгасан. Тэр үед  Б тай уулзсан залуутай танилцахад Болдоо гэж байсан. Ингээд пиво дуусах үед дахин пиво авчрахаар  Б  нэг залуутай нь явсан. Би тухайн үед нилээд согтсон байсан болохоор хэнтэй явсан эсэхийг нь санахгүй байна. Ингээд хамгийн сүүлд авчирсан пивыг уугаад  Б , Г ийн байрны үүдэнд гал тогооны өрөө болон үүдний өрөөний завсар тасраад уначихсан. Би өглөө 08 цагаас ажилтай байсан болохоор Н хамтаар  Б г авч гарах гэсэн боловч дийлээгүй, сэрээх гэхээр өөдөөс яах гээд байгаан гээд уурлаад байсан. Тэгэхээр нь Г  болон нөгөө залууд хандахад тэр хоёр өргөөд гал тогооны өрөөнд гудас дэвсээд хэвтүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 8-9 хуу/

Гэрч Г.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн “Би Г тэй найзууд. Бид хоёр 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл найзалж, нөхөрлөж байна. О.Г нь багаасаа спорт урлагаар явдаг, анги хамт олныхоо дунд нэр хүнд сайтай, идэвхи зүтгэлтэй хүүхэд байсан. Одоо ч энэ хэвээрээ байгаа. О.Г нь ажилсаг, бусдад тусархуу хэнтэй ч үг хэлээ ололцож чаддаг, нийтэч даруу төлөв зантай. О.Г ийн ээж, аав нь бага байхад нь нас барчихсан юм. Одоо ах эгч нарынхаа хамтаар амьдардаг. Г  нь 10 дугаар ангиа төгсөөд ШУТИС-д суралцаж төгсөж ирээд Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрт ажилд орж өнөөдрийг хүртэл ямар нэгэн асуудалгүй ажиллаж байна” гэх мэдүүлэг /хх-н 69 хуу/

Гэрч Ц.А-ын мөрдөн байцаалтад өгсөн “Би Г тэй нэг газар хамт ажиллдаг. Бид хоёр 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл Бор-Өндөр сумын уулын баяжуулах үйлдвэрийн Баргилт цехэд хамт ажиллаж байна. Г  ажил дээрээ хийж байгаа ажилдаа хариуцлагатай, ажлын хамт олны дунд нэр хүндтэй, ажилч хичээнгүй, хамт ярилцаж суухад алиа хошин зантай, хөгжилтэй, спорт урлагт идэвхтэй зүтгэлтэй залуу гэж би дотроо үнэлдэг” гэх мэдүүлэг /хх-н 70 хуу/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 60 дугаартай

  1. О.Г ийн биед цээжний баруун урд дээд хэсгийн гүн хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн суганы урд хажуу хэсгийн өнгөц зүсэгдсэн шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 15 хуу/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 57 дугаартай

  1. Ч.Б биед доод үүдэн баруун 2-р шүдний цөгц хэсгийн хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулаагүй тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй.
  4. Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна гэх дүгнэлт /хх-н 19 хуу/

Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн О.Г ийг “Баргилт цехэд өрмийн туслах машинчаар ажилладаг” талаарх тодорхойлолт /хх-н 45 хуу/, Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “эд хөрөнгийн талаарх” лавлагаа /хх-н 41 хуу/, Хохирогч Ч.Б “шүүгдэгч О.Г эд гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-н 64 хуу/, шүүгдэгч О.Г ийн “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-н 65 хуу/, Шүүгдэгч О.Г ийн оршин суугаа хаягийн тодорхойлсон Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багийн засаг дарга У.П-ийн тодорхойлолт /хх-н 73 хуу/, Шүүгдэгч О.Г ийн Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбооноос Эрдмийн од алтан медалиар шагнуулж байсан талаарх үнэмлэх, Иргэдийн спортын наадмаас хүрэл медалиар шагнуулж байсан талаарх өргөмжлөл /хх-н 71-72 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судлав.

 

Шүүхээс шүүгдэгч О.Г ийг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

          Шүүгдэгч О.Г нь 2018 оны 08 дугаар сарын 22-ны өглөө 8-9 цагийн үед өөрийн гэртээ хохирогч Ч.Б хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэхийг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

          Хохирогч Ч.Б “...намайг унтаж байгаад сэрэхэд Г  миний доогуурх бүх хувцсыг тайлчихсан надтай бэлгийн харьцаанд орох гээд бэлэг эрхтэн нь босчихсон дээр гарчихсан байхаар нь эхлээд татгалзаж болиулах гэсэн боловч Г  нь намайг нүүр ам руу алгадаж, хүзүү хоолой багалзуурдаад хүчээр надтай бэлгийн харьцаанд орох гээд дайраад байхаар нь айсандаа өөрийгөө хамгаалах гэж л хутга гартаа бариад Г ийн мөр тус газар нь хатгасан” гэх мэдүүлэг

          Гэрч П.Д-ийн “өнөөдөр буюу 2018 оны 08 дугаар сарын 22-ны өглөө намайг хүүхдийнхээ хамт гэртээ байж байхад манай хаалгыг 09 цагийн үед хаалга хүчтэй нүдээд байхаар нь манай төрсөн дүү Х хаалга тайлж өгөхөд нэг эмэгтэй хүн намайг алах гээд байна гээд орилоод гэрт ороод ирсэн. Ингээд би хэн гэдгийг нь мэдэхээр үүдрүү очиход хар бараан өнгийн өмд цамцтай, доогуураа ягаан өнгийн тавчик, цагаан өнгийн оймстой баруун гартаа хүрэн шаргал өнгийн иштэй хутга барьсан махлагдуу эмэгтэй ороод ирсэн” гэх мэдүүлэг

          Шүүгдэгч О.Г ийн мөрдөн байцаалтад өгсөн “...ингээд  Б г сэрээх гэсэн боловч сэрэхгүй байхаар нь  Б гийн хажуугаар орж хэвтсэн. Ингээд  Б гийн хажуугаар хэвтэхэд  Б  бага зэрэг зүүрмэглэж байгаа бололтой байхаар нь өөрийг нь хүсэж байгаагаа хэлж өмдийг нь тайлчих уу гэхэд зөвшөөрч байгаа нь мэдэгдэхгүй чимээгүй байгаад байсан. Тэгэхээр нь би өмдийг нь дотоожийнх нь хамт бүрэн тайлахад  Б  гэнэт сэрчихсэн. Тэгснээ  Б  нь чи яаж байгаа юм бэ гэхээр нь би чамаас асууж байгаад тайлсан ш дээ гэхэд юу яриад байгаа юм бэ би зөвшөөрөхгүй гээд уурлаад эхэлсэн. Тэгэхээр нь би тэгвэл наад хувцсаа өмсөөд явахгүй юу гэхэд уурлаад өмдөө өмсөх зуураа над руу уурласан. Ингээд бид хоёрын дунд хэрүүл маргаан үүссэн. Ингээд хэрэлдэж байхдаа  Б  манай гал тогооны өрөөний ширээн дээр байсан саарал иштэй нарийхан хутгыг авч миний баруун хөхний дээд хэсэгт 1 удаа чичлэхэд миний баруун хөхний дээд хэсгээс цус гарсан. Тэгэхээр нь би уурлаад чи яахаараа намайг хутгалж байгаа юм гээд нэг удаа хацар луу нь алгадаж ахиад хутгалах гээд байх юм бол би ч бас чамайг адилхан заазуурдаж чадна шүү гээд гал тогооны өрөөний шургуулганд байсан хар иштэй заазуурыг гартаа барьсан. Гэхдээ тэр заазуурыг ашиглаж  Б гийн биед халдаагүй...” гэх мэдүүлэг,

          Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

   Дээрх гэмт хэргийг О.Г нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн ба түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдал буюу хохирогчийн эсэргүүцлээр гэмт хэрэг туйлдаа хүрээгүй байна.      

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч О.Г эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч О.Г ийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

          Дээрх гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй байна. 

 

            Хохирол төлбөрийн талаар:

          Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд “...О.Г эд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтийг бичиж өгсөн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга, заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

          Шүүгдэгч О.Г цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд тус тус дурдсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч О.Г ийг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндэхийг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2, 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаа тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь оршин суух газар, ажлаа өөрчилбөл хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэр, хүлээлгэсэн үүргийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.
  5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар иштэй 29.8 см урттай заазуур нэг ширхэг, 26.6 см урттай, ажлын хэсгийн урт нь 15.5 см урт хутга нэг ширхэгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  6. Шүүгдэгч нь, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл О.Г эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

ДАРГАЛАГЧ                            Р.БАТБАЯР