Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 949

 

                 Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч Э.Энхбат,

Шүүгдэгч М...., түүний өмгөөлөгч Ж.Гантулга /ҮД:1163/

Шүүгдэгч Т...., түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн /ҮД:0234/

Шүүгдэгч Н...., түүний өмгөөлөгч Б.Чинбат /ҮД:0053/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт ...ийн ..., Буяндэлгэр овогт ...ын ..., Боржигон овогт ...гийн ... нарт холбогдох 2016260012840 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эхнэрийн хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Сартуул овогт ...ийн ... /РД:.../,

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эхнэрийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр баг, Вангийн овоо Сансрын 8-1 тоотод бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын ...тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Буяндэлгэр овогт ...ын ... /РД:.../,

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, салхивч, агааржуулалтын тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, “...” ХХК-д техникч ажилтай, ам бүл 3, эх, ахын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 5-р баг, ...тоотод бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын ...тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ...гийн ... /РД:.../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга.

М....,Т...., Н.... нар бүлэглэж, 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хорооллын арын төв зам дагуу байрлах Вьетнам авто засварын газарт БНСВУ-ын иргэн /.../ ..., /Nguyen ...нарын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж, Н.... нь хүн харах, “наад хэдэд чинь мөнгө байгаа юу” гэх зэрэг үг хэллэг хэлж, М...., Т.... нар нь дотогш нэвтэрч “мөнгө өг” гэж гар хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, ...ы 50,000 төгрөгийг авч, М.... нь ...толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан. Мөн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 15 цагийн үед тус газарт дахин очиж, ...ы эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж, “Ай фоне-5 Эс” /I phone-5S/ загварын 230.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг авсан,

           Мөн 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 19 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн ... тоотод үйл ажиллагаа явуулдаг Вьетнам авто засварын газарт БНСВУ-ын иргэн ... нарын эд хөрөнгийг авах зорилгоор Н.... нь үүдний авто засварын дотор талын хянах камерийг салгаж, М...., Т.... нар нь хохирогч нарыг хавсарч унагаах, гар хөлөөрөө цохих, өшиглөх зэргээр хүч хэрэглэн довтолж, ...” /Samsung grand-2/ загварын 90.000 төгрөгийн үнэ бүхий гар утас, ......“Эл Жи-Эл Ти И” /LG LTE/ загварын 100.000 төгрөгийн үнэ бүхий гар утас, бэлэн 130.000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ./прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

1.Хохирогч ... /.../ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажил дээрээ буюу Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хорооллын арын зам дагуу байрладаг Вьетнам засварын газар хамт ажилладаг Нгуен Нгок Тойны хамт ажлаа хийж байтал засварын газрын өрөөнд хүмүүс ярилцах чимээ гарсан. Би тухайн үед амралтын өрөөнд ганцаараа байсан. Ингээд амралтын өрөө рүү цайвар өнгийн костьюм өмссөн, хар сахалтай махлаг залуу орж ирээд намайг гараад ир гэхээр нь би өрөөнөөс гарахад хар өнгийн хувцастай туранхай өндөр залуу хаалганы хажууд зогсож байсан. Өөр нэг хар өнгийн хувцастай арай махлаг залуу нь Нгуен Нгок Тойны хажууд зогсож байсан. Цайвар өнгийн костьюм өмссөн, хар сахалтай махлаг залуу манай найз ...гараараа нүүрэн тус газар нь цохиж зодоод байсан. Ингээд зодохоо болиод бид хоёрыг өвдгөөр маань өвдөглүүлж хагас суулгаад цайвар өнгийн костьюм өмссөн хар сахалтай махлаг залуу нь “Мөнгө байна уу, гаргаад ир” гэхээр нь халаасанд байсан 50,000 төгрөгийг би тэр залууд өгсөн. Уг залуу ...дахиж цохиж зодоод “Мөнгө байна уу” гэхэд ...“мөнгө байхгүй” гэж хэлэхэд цайвар өнгийн костьюм өмссөн хар сахалтай махлаг залуу болон хар өнгийн хувцастай арай махлаг залуу хоёр бүлэглэн ...цохиж зодсон. Ингээд бид хоёрыг булан руу аваачаад хар өнгийн хувцастай арай махлаг залуу  намайг, цагаан өнгийн костюмтай хар сахалтай махлаг залуу ...дахиж зодож цохисон. Тэгээд цайвар өнгийн костюм өмссөн хар сахалтай махлаг залуу нь “Та нар сардаа 1,000,000 төгрөг өгөх ёстой шүү” гэж хэлээд явцгаасан. ...Маргааш нь буюу 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 15 цагийн үед би ганцаараа ажил дээрээ байхад өмнөх өдөр нь ирсэн гурван Монгол залуу дахиж ирсэн. Цайвар өнгийн костьюм өмссөн хар сахалтай залуу нь хувцсаа солиод хар өнгийн костьюм өмссөн байсан, харин нөгөө 2 залуу нь хар хувцастайгаа байсан. Хар өнгийн костьюм өмссөн хар сахалтай махлаг залуу  намайг зодоод “1,000,000 төгрөг байна уу? өг” гэхэд нь би “байхгүй” гэж хэлээд байж байтал миний гар утас дуугархад хар өнгийн костьюм өмссөн хар сахалтай махлаг залуу нь “чи утсаа өг, би маргааш ирнэ, мөнгөө өгвөл би утсыг чинь өгнө” гээд миний халаасыг ухаад өмсөж байсан куртикний гадна талын халаасанд байсан Ай фоне-5 эс маркын саарал өнгийн гар утсыг аваад явсан. ...цайвар өнгийн костьюм өмссөн залуу ...цохиж зодоод байсан. ...маргааш нь өмнөх өдрөө цайвар костьюм өмссөн байсан залуу миний нүүрэн тус газар хөлөөрөө өшиглөсөн. ...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 18, 35-36 х/

 

2.Хохирогч ...мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажил дээрээ байхад гаднаас гурван залуу орж ирсэн. Эхний залуу нь 175 см орчим өндөртэй, сахалтай, махлаг бие хаатай цайвар өнгийн костьюм, хар өнгийн өмд өмссөн. Хоёр дахь залуу нь 175 см орчим өндөртэй махлаг биетэй, хар өнгийн куртик, өмд, малгай өмссөн байсан. Харин гурав дахь залуу нь хаалганы хажууд зогсож байсан ба 170 орчим см өндөртэй хар өнгийн куртик, өмдтэй байсан. Нэг дэх залуу над дээр ирээд миний өмсөж байсан куртикнээс заамдаад “дарга чинь хэн бэ?” гэхээр нь би Монголоор ярьдаггүй тул “Мэдэхгүй” гэхэд шууд гараараа цээжин тус газар цохиж хөлөөрөө баруун бөөрөн тус газар өшиглөсөн. Ингээд цаашаагаа яваад ...ыг дуудаж гаргаж ирээд нэг дэх залуу нь намайг, хоёр дахь залуу нь ...ыг гар болон хөлөөрөө цохиж зодож байгаад өвдгөөр маань өвдөглүүлж суулгасан. Эхний залуу ... дээр очоод “Мөнгө гаргаад ир” гэхэд ... халааснаасаа 2 ширхэг 20,000-ын, 1 ширхэг 10,000-ын дэвсгэрт, нийт 50,000 төгрөг гаргаж өгсөн. Ингээд эхний залуу над дээр ирээд “Мөнгө байна уу” гэхээр нь би байхгүй гэхэд хоёр залуу намайг цохиж зодсон. Эхний залуу халааснаасаа гартаа хийдэг төмөр зодуурын хэрэгсэл гаргаж ирээд баруун гартаа хийж байгаад надад харуулаад шууд толгойн дагз хэсэг рүү цохисон. Тэгээд бид 2-ыг хаалганаас булан руу аваачиж дахин хөл гараараа цохиж зодсон. Эхний махлаг залуу “мөнгө байна уу” гэж асуугаад байсан. Зодож байгаад мөнгө өгөхгүй болохоор Монголоор ярьж байгаад яваад өгсөн. Би юу гэж хэлснийг мэдэхгүй байна. ...Уг дүгнэлтэн дээр миний биед учирсан дагзны шарх, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтлийг эхний залуу буюу цайвар өнгийн пиджак, хар өнгийн өмд өмссөн сахалтай махлаг залуу цохиж зодож учруулсан. ...Би Монгол хэл огт мэдэхгүй. Тэр залуучуудын Монголоор “мөнгө” гээд байсныг мэдэж байна. ...цайвар пиджак өмссөн залуу энгэртээ хас тэмдэг бүхий зүүлттэй байсан. Тэрийгээ надад үзүүлээд Монголоор юм яриад байсан. Би ойлгоогүй. ..” гэх мэдүүлэг /1 хх-ийн 19, 38-39, 3 хх 61 х/,

 

3.Хохирогч ...мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Сүхбаатар дүүрэг 09-р хороо Алтайн 14-... тоотод байрлах “Вьетнам” кузов засварын газарт 2016 оны 12 дугаар сард ажлаа хийж байтал гаднаас Монгол гурван залуу зэрэг орж ирээд намайг “машин засах уу” гэж асуугаад граш доторхи эд зүйлс болон булан руу шагайгаад нэг л эвгүй байдалтай байгаад байхаар нь намайг яаж ч магадгүй гэж бодоод грашны хаалгаар гарах гээд үүд рүү явтал надаас “машин засах уу” гэж асуусан залуу намайг өшиглөж унагаасан. Тэр мөчид миний гар утас газар уначихсан. Тэр утсыг хэн авсан ба хэн авсаныг мэдэхгүй. Тэгээд анх намайг өшиглөсөн залуу бас хөлөөрөө миний хавирга болон гуя руу, гараараа толгой руу тус тус цохисон...10 дугаартай зурган дээрх /М..../ хүн намайг өшиглөж зодсон залуу байна. Намайг хоёр залуу зодсон. Тэр хооронд манай грашийн дотор тал руу харсан бичлэг хийдэг камер байдгийг нөгөө үлдсэн нэг залуу нь салгачихсан. Уг нь анх машинаа засуулах гэж байна гэж бодож байсан. Тэгээд надад гар хүрч, эд зүйлс авахаар нь намайг дээрэмдэж байна гэж ойлгосон....... М.... гэх залууд 130.000 төгрөг болон гар утсаа, би бас нэг гар утас өгсөн юм. Надад одоо гомдол, санал байхгүй. Би ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй...Надад ямар нэгэн гэмтэл учраагүй” гэх мэдүүлэг /3 хх 89-92, 142-143, 165 х/

 

               4.Хохирогч ......мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тэр өдөр ...хамт Вьетнам засварын газраа ажлаа хийгээд байж байтал гаднаас /..., ..., .../ гэх гурван үл таних залуу ороод ирсэн. Тэгээд ... манай найз Нгуен Ба Тангийн ганц хоёр удаа гараараа цохиод хавираад унагаачихсан. Тэгээд над дээр ирээд бас ганц хоёр цохиж байгаад надад байгаа зүйлээ өг гээд нэхээд байх шиг байсан. Тэгэхээр нь би гар утсаа болон 130.000 төгрөг гаргаж өгсөн. Тэгтэл нөгөө ... гэх залуу буцаж манай найз дээр очоод хажууд нь унасан байсан гар утсыг аваад тэр гурав гадагшаа гараад явцгаасан. Би ... гэх залууг нь үзүүлсэн зурагнаас хараад шууд таньсан. Нөгөө хоёрыг нь сайн танихгүй байна. Миний таньсан ... гэх залуу бид хоёрыг хоёуланг нь зодсон, бас миний 130.000 төгрөг болон гар утас, Нгуен Ба Тангийн бас нэг ширхэг гар утсыг аваад явсан. Нэг залуу нь ...зодсон нөгөө залуу нь тэр хооронд манай засварын газарт байсан хяналтын камерыг нь салгаж байсан. Би өөрийн 130.000 төгрөг болон гар утсаа буцаагаад авсан. Бас надад тухайн үед ямар нэгэн гэмтэл үүсээгүй. Миний бие хөндүүргүй байсан. Одоо надад ямар нэгэн гомдол, санал байхгүй. ...” гэх мэдүүлэг /3 хх 160-161 х/,

 

5.Шүүгдэгч М....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би тэр залуугаас “машин авах уу?” гэхэд Вьетнам залуу “үгүй” гэж хэлээд цаашаагаа яваад өгсөн. Би араас нь Вьетнам засварын газар руу ороход хойд хана дагуу нохой, гөлөгнүүдийн хамт байсан. ...Би уурандаа өндөр Вьетнам залуу дээр очоод хувцаснаас нь зуурч байгаад элгэн тус газар нь 1 удаа гараараа цохиход засварын газар байсан машинуудыг тойроод жижиг өрөө рүү зугатаахаар нь би дотроо “цаад өрөөнөөсөө хутга, буу гаргаад ирэх байх гэж бодоод” гараад явсан. Намайг өндөр Вьетнам залууг цохих үед ... намхан Вьетнам залуутай хоорондоо зууралдсан байдалтай байсан. ...явах замд машин дотор ... “надад нөгөө Вьетнам залуу 25,000 төгрөг өгсөн ш дээ” гээд 25,000 төгрөг харуулахаар нь ......, ... 2 тус бүр 10,000 төгрөг, би 5,000 төгрөгийг хувааж авсан. ...2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ...Вьетнам засварын газар очиход өмнөх өдөр байсан намхан Вьетнам залуу ганцаараа байж байсан. Бид 3-ыг харчихаад утсаа оролдоод байхаар нь ... утсыг нь булааж авахаар нь би “өндөр Вьетнам чинь хаана байгаан” гэхэд “гадаа байгаа”  гэж хэлэхээр нь бид 3 хүн дуудчихаж магадгүй гэж бодоод айгаад Вьетнам засварын газраас гарцгаасан. ...Би элгэн тус газар нь 1 удаа, нүүрэн тус газар нь 1 удаа алгадсан. ...Гар утсаа гаргаж ирээд хүн рүү залгах гээд байхаар нь би гар утсыг нь булааж аваад гарсан. …” гэсэн мэдүүлэг /1 хх –ийн 161-162 х, 2 хх-ийн 155-157 х/

 

6.Шүүгдэгч М....ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр бид гурав машинаа засуулах гээд Сонгинохайрхан дүүргийн арын вьетнам засвар орж хүнийг нь зодож, мөнгийг дээрэмдсэн. Маргааш нь тухайн газар очиж гар утсыг дахин дээрэмдэж авсан. 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах вьетнам засвар орж зодож 2 гар утсыг мөнгөтэй нь хамт дээрэмдэж авсан. Ийм гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж, гэмшиж байна ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

7.Шүүгдэгч Т....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…... өндөр нуруутай Вьетнам залуу дээр очоод “машин авч байгаа юу” гэхэд Вьетнам залуу “авч байгаа. Машиныхаа сэвийг үзүүлчих” гэхэд ... гар дээрээ зурж харуулахад Вьетнам залуу “80,000 төгрөгөөр засна” гэхэд ... “доошоо ярьчихаач” гэж хэлсэн. Уг грашид нохой гөлөгтэйгээ байхыг ... харчихаад  “та нар манай Монголд ирчихээд даврах юмаа, жаахан мөнгө татаж болохгүй юу” гэхэд Вьетнам залуу “бид нар машин авахаа болилоо” гэхэд ... уурлаад өндөр Вьетнам залуугийн нуруун тус газар нь 2, 3 удаа цохиход цаад өрөөнөөс намхан биетэй  туранхай Вьетнам залуу гарч ирэхээр нь би тэр Вьетнам залуугийн нүүрэн тус газар нь нэг удаа алгадаад “наанаа зогс” гээд хажуу талд номхон зогсоосон. …өндөр Вьетнам залуу хаалга руу гүйхэд ... араас нь барьж аваад толгойн тус газар нь 2, 3 удаа цохисон. Вьетнам залуу 2 гараа урдаа бариад нүүрээ хамгаалсан байдалтай байхаар нь би хоёр гар руу нь гараараа хоёр удаа цохисон. ... үүдэн дээр зогсож байсан ба “наад хэдэд чинь мөнгө байгаа юу” гэхэд намхан Вьетнам залуу өмсөж явсан хувцасныхаа халааснаас 25,000 төгрөг гаргахад ... “чи мөнгийг нь авчих” гэхээр нь би мөнгийг нь аваад гарцгаасан. ...2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ...... намхан Вьетнам залуу дээр очоод “бид нарыг мартаагүй биз дээ” гэхэд намхан Вьетнам залуу “үгүй” гэсэн, ...”утсаа өгчих” гэхэд намхан Вьетнам залуу утсаа надад өгөхөөр нь би аваад тэндээсээ гурвуулаа гараад явсан. ...надад намхан Вьетнам иргэн 50,000 төгрөг өгөхөөр нь би ..., ... хоёрт хэлэлгүй 25,000 төгрөг авсан гэж хэлээд ... бид хоёр тус бүр 10,000 төгрөг, ... 5,000 төгрөгөөр нь хувааж авсан. Яг үнэндээ би 35,000 төгрөгийг авсан. ...Цохиход халааснаасаа 50,000 төгрөг гаргаж өгсөн. Надад дахиж цохиулахгүй гээд мөнгө өгсөн байх. ... ” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 147-153, 2 хх-ийн 140-142 х/

 

8.Шүүгдэгч Т....гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр бид гурав уулзаад ...ийн машиныг засуулах гээд Саппорогийн арын вьетнам засвар орсон. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

9.Шүүгдэгч Н....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…... “Вьетнам засварын газар орж хаалганы сэвний үнийг асууя” гээд Саппорогийн арын замаар явж байгаад замын хойд талд байрлах Вьетнам засварын газар очсон. Дотор нь өндөр, намхан хоёр Вьетнам ажиллаж байсан. ... өндөр Вьетнам дээр очоод юм ярьж байгаад “наад нохойгоо гарга” гэхэд өөдөөс нь өндөр Вьетнам их зан гаргаад тоосон шинжгүй байхаар нь ... өндөр залууг нь, ... намхан Вьетнам залууг толгой, нүүрэн тус газар нь цохиж зодоод эхэлсэн. ...Замдаа ... билүү ...гийн 1 нь халааснаасаа 25,000 төгрөг гаргаж ирээд ... бид хоёр 10,000 төгрөг, үлдсэн 5,000 төгрөгийг нь ... авсан. ...Маргааш нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ...... очоод “Утсаа аваад ир” гэхэд тэр Вьетнам залуу өөрийнхөө барьж байсан цагаан өнгийн Ай фоне-5 эс маркын гар утсыг өгөхөөр нь ... авсан. ...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 154-159, 2 хх-ийн 128-130 х/

 

10.Шүүгдэгч Н....ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ 12 дугаар сарын 18-ны өдөр ..., ... нар над руу залгаад машинаа засуулах гэсэн юм хамт явъя гэж хэлсэн. Бид Вьетнам засварын газар очсон. ... намхан Вьетнам залуутай уулзаж байсан. Би утсаар ярих гээд гараад явсан. Удалгүй ..., ... нар ардаас гараад ирсэн. Гэтэл ... 25000 төгрөг надад өгсөн гэж хэлсэн. Сонгинохайрхан дүүрэгт гарсан хэрэг дээр би үүдэнд хүн харж байсан, Сүхбаатар дүүрэгт гарсан хэрэг дээр камерийн бичлэгийг нь салгасан. Гэм буруугаа хүлээж байна, хөнгөн ял оноож өгнө үү? ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

11.Гэрч Б.Нарангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр цагдаагийн ахлах дэслэгч Гал-Эрдэнийн хамтаар Бүргэд-112 чиглэл дээр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн юм. 18 цаг 28 миунтад Бүргэд-10-аас Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр байрны арын ард зам дагуу байрлах Вьетнам засварын газар “Даяар Монголын хүмүүс ирээд автомашин засварын газрын хүмүүсийг зодоод нэг хүний толгойг хагалсан байна” гэсэн дуудлага мэдээллийн дагуу шалгахад уг зам дагуу байрлах Вьетнам засварын газар ажилладаг Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын хоёр иргэн цохиж зодуулсан байдалтай байсан. Арай намхан Вьетнам иргэн нь надад “миний халаасанд байсан 50,000 төгрөгийн аваад явсан” гэж хэлсэн. Ингээд утсаар нэг эмэгтэйтэй яриад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3-р хэлтэст өргөдөл гомдол гаргахыг зөвлөөд дараагийн дуудлагандаа явсан. Тухайн үед Вьетнам улсын иргэдийг цохиж зодсон хүмүүс байхгүй явчихсан байсан. ...Өндөр, намхан Вьтнам залуугийн уруулнаас бага зэргийн цус гарсан байсан. ...Намхан Вьетнам залуу бага зэрэг Монголоор ярьдаг юм байна лээ. Даяар Монголын залуучууд ирж зодоод 50,000 төгрөг аваад явсан гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 43 х/

 

12.Гэрч Ч.Одсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 18 цагийн үед намайг гадуур ажилтай явж байхад ... миний гар утас руу залгаад “Муу хүмүүс ирчихсэн байна, та хурдан хүрээд ир” гэхээр нь яваад очиход ямар нэгэн гадны хүн байхгүй Нгуен Нгок Тоан, ... хоёр байсан. Гаднах байдлыг нь харахад ам, хамарнаас нь цус гарчихсан нүүр гараа угааж байсан. Ингээд юу болсныг асуухад танихгүй гурван Монгол залуу орж ирээд 50,000 төгрөг аваад явчихлаа гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан. Маргааш нь буюу 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 17 цагийн үед ... миний гар утас руу залгаад “Дахиад муу хүмүүс ирчихсэн байна. хурдан хүрээд ир” гэхээр нь 10 орчим минутын дараа очиход ... ганцаараа байсан бөгөөд надад “Өчигдөр ирсэн хүмүүс ирээд миний гар утсыг авчихлаа” гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг /1 хх 45 х/

 

13.Шинжээчийн 576 дугаар дүгнэлт

1.NGUYEN NGOC TOAN-ны биед дагзны шарх, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар  сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.  гэсэн дүгнэлт / 1 хх 54 х/

 

14. Дээрэмдсэн эд зүйл болох “50,000 т, хохирогчийн Iphone 5S маркийн гар утас” хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 9 х/

15.Гар утасны үнэлгээ /1 хх 7 х/

16.Хохирлын мөнгө, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 9 х/

17.Гэрч Х.Бадамцэцэгийг байцаасан тэмдэглэл /1 хх 48-49 х/

18.Гэрч Ж.Эрдэнэчимэгийг гэрчээр байцаасан тэмдэглэл/1 хх 50 х/

19.М....ийн оршин суугаа хорооны тодорхойлолт /1 хх 129 х/

20.М....ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх 189 х/

21.М....ийн боловсролын талаарх Франц улсын Ницегийн их сургуулийн тодорхойлолт /2 хх 167 х/

22.М....ийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /1 хх 186 х/

23.М....ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 187 х/

24.Н....ийн гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /1 хх 167 х/

25.Н....ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 169 х/

26.Н....ийн ял шийтгэгдсэн эсхийг шалгах хуудас /1 хх 171 х/

27.Н....ийн хувийн байдлын тодорхойлолтууд /1 хх 172-177 х/

28.Т....гийн талаарх Монгол бизнес дээд сургуулийн тодорхойлолт /1 хх 72 х/

29.Т....гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 180, 2 хх 143 х/

30.Т....гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх 183 х/

31.Хохирогч Вьетнам улсын иргэдэд хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /1 хх 238-239 х/

32.Иргэний нэхэмжлэгчээр Ж.Эрдэнэчимэгийг тогтоосон Мөрдөгчийн тогтоол 2 хх 126 х/

33.Ж.Эрдэнэчимэгийн автомашиныг битүүмжилсэн тогтоол /1 хх 23 х/

34.М.... нарын унаж явсан тээврийн хэрэгсэл нь Ж.Эрдэнэчимэгийн нэр дээр бүртгэлтэй тухай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /1 хх 27 х/

35.Орчуулагч томилох тухай Мөрдөн байцаагчийн тогтоол /1 хх 31 х/

36.Орчуулагчийн бакалаврын диплом, иргэний үнэмлэхийн хуулбар /1 хх 32-34 х/

37.Хохирогч  Нгуен Нгок Тоан-д шинжээчийн дүгнэлт таницуулсан баримт  /1 хх 55 х/

38.Хохирогч Нгуен Нгок Тоан /NGUYEN NGOC TOAN/, ... /.../ нарын биед үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 14-17 х/ зэрэг болно.

 

М....,Т...., Н.... нар бүлэглэж, 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хорооллын арын төв зам дагуу байрлах Вьетнам авто засварын газарт БНСВУ-ын иргэн /.../ ..., /Nguyen ...нарын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж, Н.... нь хүн харах, “наад хэдэд чинь мөнгө байгаа юу” гэх зэрэг үг хэллэг хэлж, М...., Т.... нар нь дотогш нэвтэрч “мөнгө өг” гэж гар хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, ...ы 50,000 төгрөгийг авч, М.... нь ...толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан. Мөн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 15 цагийн үед тус газарт дахин очиж, ...ы эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж, “Ай фоне-5 Эс” /I phone-5S/ загварын 230,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг авсан,

           Мөн 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 19 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн ... тоотод үйл ажиллагаа явуулдаг Вьетнам авто засварын газарт БНСВУ-ын иргэн ... нарын эд хөрөнгийг авах зорилгоор Н.... нь үүдний авто засварын дотор талын хянах камерийг салгаж, М...., Т.... нар нь хохирогч нарыг хавсарч унагаах, гар хөлөөрөө цохих, өшиглөх зэргээр хүч хэрэглэн довтолж, /Nguen Ва Thang/ Нгүэн Ва Тангийн “Самсунг гранд-2” /Samsung grand-2/ загварын 90,000 төгрөгийн үнэ бүхий гар утас, ......“Эл Жи-Эл Ти И” /LG LTE/ загварын 100,000 төгрөгийн үнэ бүхий гар утас, бэлэн 130,000 төгрөгийг авсан болох нь:

 

- Хохирогч ... /.../ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажил дээрээ буюу Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хорооллын арын зам дагуу байрладаг Вьетнам засварын газар хамт ажилладаг Нгуен Нгок Тойны хамт ажлаа хийж байтал засварын газрын өрөөнд хүмүүс ярилцах чимээ гарсан. Би тухайн үед амралтын өрөөнд ганцаараа байсан. Ингээд амралтын өрөө рүү цайвар өнгийн костьюм өмссөн, хар сахалтай махлаг залуу /.../ орж ирээд намайг гараад ир гэхээр нь би өрөөнөөс гарахад хар өнгийн хувцастай туранхай өндөр залуу /.../ хаалганы хажууд зогсож байсан. Өөр нэг хар өнгийн хувцастай арай махлаг залуу /.../ нь Нгуен Нгок Тойны хажууд зогсож байсан. Цайвар өнгийн костьюм өмссөн, хар сахалтай махлаг залуу манай найз ...гараараа нүүрэн тус газар нь цохиж зодоод байсан. Ингээд зодохоо болиод бид хоёрыг өвдгөөр маань өвдөглүүлж хагас суулгаад цайвар өнгийн костьюм өмссөн хар сахалтай махлаг залуу нь “Мөнгө байна уу, гаргаад ир” гэхээр нь халаасанд байсан 50,000 төгрөгийг би тэр залууд өгсөн. ... Маргааш нь буюу 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 15 цагийн үед би ганцаараа ажил дээрээ байхад өмнөх өдөр нь ирсэн гурван Монгол залуу дахиж ирсэн. Цайвар өнгийн костьюм өмссөн хар сахалтай залуу нь хувцсаа солиод хар өнгийн костьюм өмссөн байсан, харин нөгөө 2 залуу нь хар хувцастайгаа байсан. Хар өнгийн костьюм өмссөн хар сахалтай махлаг залуу  намайг зодоод “1,000,000 төгрөг байна уу? өг” гэхэд нь би “байхгүй” гэж хэлээд байж байтал миний гар утас дуугархад хар өнгийн костьюм өмссөн хар сахалтай махлаг залуу нь “чи утсаа өг, би маргааш ирнэ, мөнгөө өгвөл би утсыг чинь өгнө” гээд миний халаасыг ухаад өмсөж байсан куртикний гадна талын халаасанд байсан Ай фоне-5 эс маркын саарал өнгийн гар утсыг аваад явсан. ...цайвар өнгийн костьюм өмссөн залуу ...цохиж зодоод байсан. ... маргааш нь өмнөх өдрөө цайвар костьюм өмссөн байсан залуу миний нүүрэн тус газар хөлөөрөө өшиглөсөн. ...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 18, 35-36 х/

 

- Хохирогч ...мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажил дээрээ байхад гаднаас гурван залуу орж ирсэн. ... Эхний залуу ... дээр очоод “Мөнгө гаргаад ир” гэхэд ... халааснаасаа 2 ширхэг 20,000-ын, 1 ширхэг 10,000-ын дэвсгэрт, нийт 50,000 төгрөг гаргаж өгсөн. Ингээд эхний залуу над дээр ирээд “Мөнгө байна уу” гэхээр нь би байхгүй гэхэд хоёр залуу намайг цохиж зодсон. Эхний залуу халааснаасаа гартаа хийдэг төмөр зодуурын хэрэгсэл гаргаж ирээд баруун гартаа хийж байгаад надад харуулаад шууд толгойн дагз хэсэг рүү цохисон. Тэгээд бид 2-ыг хаалганаас булан руу аваачиж дахин хөл гараараа цохиж зодсон. Эхний махлаг залуу “мөнгө байна уу” гэж асуугаад байсан. Зодож байгаад мөнгө өгөхгүй болохоор Монголоор ярьж байгаад яваад өгсөн. ... Тэр залуучуудын Монголоор “мөнгө” гээд байсныг мэдэж байна. ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 19, 38-39, 3 хх 61 х/,

 

- Хохирогч ...мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Сүхбаатар дүүрэг 09-р хороо Алтайн 14-... тоотод байрлах “Вьетнам” кузов засварын газарт 2016 оны 12 дугаар сард ажлаа хийж байтал гаднаас Монгол гурван залуу зэрэг орж ирээд намайг “машин засах уу” гэж асуугаад граш доторхи эд зүйлс болон булан руу шагайгаад нэг л эвгүй байдалтай байгаад байхаар нь намайг яаж ч магадгүй гэж бодоод грашны хаалгаар гарах гээд үүд рүү явтал надаас “машин засах уу” гэж асуусан залуу намайг өшиглөж унагаасан. Тэр мөчид миний гар утас газар уначихсан. Тэр утсыг хэн авсан ба хэн авсаныг мэдэхгүй. Тэгээд анх намайг өшиглөсөн залуу бас хөлөөрөө миний хавирга болон гуя руу, гараараа толгой руу тус тус цохисон...10 дугаартай зурган дээрх /М..../ хүн намайг өшиглөж зодсон залуу байна. Намайг хоёр залуу зодсон. Тэр хооронд манай грашийн дотор тал руу харсан бичлэг хийдэг камер байдгийг нөгөө үлдсэн нэг залуу нь салгачихсан. ... Нгуен Ван Дуонг М.... гэх залууд 130,000 төгрөг болон гар утсаа, би бас нэг гар утас өгсөн юм. ...” гэх мэдүүлэг /3 хх 89-92, 142-143, 165 х/,

 

               - Хохирогч ......мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тэр өдөр ...хамт Вьетнам засварын газраа ажлаа хийгээд байж байтал гаднаас /..., ..., .../ гэх гурван үл таних залуу ороод ирсэн. Тэгээд ... манай найз Нгуен Ба Тангийн ганц хоёр удаа гараараа цохиод хавираад унагаачихсан. Тэгээд над дээр ирээд бас ганц хоёр цохиж байгаад надад байгаа зүйлээ өг гээд нэхээд байх шиг байсан. Тэгэхээр нь би гар утсаа болон 130,000 төгрөг гаргаж өгсөн. ... Нгуен Ба Тангийн бас нэг ширхэг гар утсыг аваад явсан. Нэг залуу нь ...зодсон нөгөө залуу нь тэр хооронд манай засварын газарт байсан хяналтын камерыг нь салгаж байсан. ...” гэх мэдүүлэг /3 хх 160-161 х/,

 

- Шүүгдэгч М....ийн: “... явах замд машин дотор ... “надад нөгөө Вьетнам залуу 25,000 төгрөг өгсөн ш дээ” гээд 25,000 төгрөг харуулахаар нь ......, ... 2 тус бүр 10,000 төгрөг, би 5,000 төгрөгийг хувааж авсан. ...2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ... Вьетнам засварын газар очиход өмнөх өдөр байсан намхан Вьетнам залуу ганцаараа байж байсан. Бид 3-ыг харчихаад утсаа оролдоод байхаар нь ... утсыг нь булааж авахаар нь би “өндөр Вьетнам чинь хаана байгаан” гэхэд “гадаа байгаа”  гэж хэлэхээр нь бид 3 хүн дуудчихаж магадгүй гэж бодоод айгаад Вьетнам засварын газраас гарцгаасан. ...Би элгэн тус газар нь 1 удаа, нүүрэн тус газар нь 1 удаа алгадсан. ...Гар утсаа гаргаж ирээд хүн рүү залгах гээд байхаар нь би гар утсыг нь булааж аваад гарсан. …” гэсэн мэдүүлэг /1 хх –ийн 161-162 х, 2 хх-ийн 155-157 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

- Шүүгдэгч Т....гийн “… ... үүдэн дээр зогсож байсан ба “наад хэдэд чинь мөнгө байгаа юу” гэхэд намхан Вьетнам залуу өмсөж явсан хувцасныхаа халааснаас 25,000 төгрөг гаргахад ... “чи мөнгийг нь авчих” гэхээр нь би мөнгийг нь аваад гарцгаасан. ...2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ... ... намхан Вьетнам залуу дээр очоод “бид нарыг мартаагүй биз дээ” гэхэд намхан Вьетнам залуу “үгүй” гэсэн, ...”утсаа өгчих” гэхэд намхан Вьетнам залуу утсаа надад өгөхөөр нь би аваад тэндээсээ гурвуулаа гараад явсан. ... ” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 147-153, 2 хх-ийн 140-142 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

- Шүүгдэгч Н....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “… ... өндөр залууг нь, ... намхан Вьетнам залууг толгой, нүүрэн тус газар нь цохиж зодоод эхэлсэн. ... Замдаа ... билүү ...гийн 1 нь халааснаасаа 25,000 төгрөг гаргаж ирээд ... бид хоёр 10,000 төгрөг, үлдсэн 5,000 төгрөгийг нь ... авсан. ...Маргааш нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ...... очоод “Утсаа аваад ир” гэхэд тэр Вьетнам залуу өөрийнхөө барьж байсан цагаан өнгийн Ай фоне-5 эс маркын гар утсыг өгөхөөр нь ... авсан. ... Сонгинохайрхан дүүрэгт гарсан хэрэг дээр би үүдэнд хүн харж байсан, Сүхбаатар дүүрэгт гарсан хэрэг дээр камерийн бичлэгийг нь салгасан. ...”.” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 154-159, 2 хх-ийн 128-130 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

- Гэрч Б.Нарангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ... Вьетнам засварын газар ажилладаг Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын хоёр иргэн цохиж зодуулсан байдалтай байсан. Арай намхан Вьетнам иргэн нь надад “миний халаасанд байсан 50,000 төгрөгийн аваад явсан” гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 43 х/,

- Гэрч Ч.Одсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...намайг гадуур ажилтай явж байхад ...  миний гар утас руу залгаад “Муу хүмүүс ирчихсэн байна, та хурдан хүрээд ир” гэхээр нь яваад очиход ямар нэгэн гадны хүн байхгүй Нгуен Нгок Тоан, ... хоёр байсан. Гаднах байдлыг нь харахад ам, хамарнаас нь цус гарчихсан нүүр гараа угааж байсан. Ингээд юу болсныг асуухад танихгүй гурван Монгол залуу орж ирээд 50,000 төгрөг аваад явчихлаа гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан. Маргааш нь буюу 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 17 цагийн үед ... миний гар утас руу залгаад “Дахиад муу хүмүүс ирчихсэн байна. хурдан хүрээд ир” гэхээр нь 10 орчим минутын дараа очиход ... ганцаараа байсан бөгөөд надад “Өчигдөр ирсэн хүмүүс ирээд миний гар утсыг авчихлаа” гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг /1 хх 45 х/,

- Шинжээчийн 576 дугаар дүгнэлт

1.NGUYEN NGOC TOAN-ны биед дагзны шарх, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар  сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.  гэсэн дүгнэлт / 1 хх 54 х/,

 

- Дээрэмдсэн эд зүйл болох “50,000 т, хохирогчийн Iphone 5S маркийн гар утас” хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 9 х/

- Хохирлын мөнгө, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 9 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч нарыг Вьетнам улсын нэр бүхий 4 иргэний эд зүйлийг хүч хэрэглэн авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цулуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.

 

            Шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийн мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2016 оны 12 сарын 18, 19-ний өдрүүдэд үйлдэгдэж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдсэн.

 

Уг гэмт хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн боловч хууль буцаан хэрэглэсэн үндэслэлүүд тодорхойгүй, эрх зүйн байдлыг дээрүүлсэн хуулийн холбогдох зүйл заалтыг журамлаж ирүүлээгүй боловч энэ байдал нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд нөлөөлөхгүй, шүүхээс зөвтгөн дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147. 2 Энэ хэргийг давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, урьд энэ гэмт хэрэгт болон булаах, далайлган сүрдүүлэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, эсхүл зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэсэн, энэ хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2. Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. гэж зааснаас харьцуулалт хийхэд 2015 оны Эрүүгийн хуулийн “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, ... авахаар довтолсон” гэмт хэргийн хорих ялын доод, хэмжээ аль аль нь багассан болох нь харагдаж байгаа. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1. Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ. гэх заалтаар дээрх гэмт хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа тул прокуророос 2015 оны Эрүүгийн хуулиар хэргийг зүйлчилж ирүүлснийг зөв гэж үзсэн.

 

Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсоноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд уг гэмт хэргийн улмаас ямар нэгэн хохирол, хор уршиг шаардахгүй.

 

Шүүгдэгч нар нь хохирогч болох Вьетнам улсын 04 иргэний өмч хөрөнгө болох “бэлэн мөнгө, гар утас” зэргийг өөрийн болгохын тулд биеийн хүч хэрэглэж буюу цохиж, зодон довтолсон үйлдлүүдээр уг гэмт хэргийн обьектив талын шинж хангагдсан.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг.  

            Шүүгдэгч М...., Т...., Н.... нарын үйлдлүүд нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдын эд хөрөнгийг өөрийн болгон хүчээр авах гэсэн шууд санаатай гэж үзэх үндэслэлтэй.    

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч М...., Т...., Н.... нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул шүүгдэгч нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй.

Хохирлын мөнгө, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 9 х/-ээр шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас Вьетнам улсын иргэдэд учруулсан хохирлыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлсөн, зарим гар утаснуудыг буцаан өгсөн болох нь нотлогдож байгаа, хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /1 хх 238, 239 х/, хохирогч нарын мэдүүлгээр хохирогч нар гомдол, санал байхгүй болох нь тогтоогдсон тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн болно.

 

             Шүүгдэгч М...., Т...., Н.... нарт ял оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрсдийн сайн дураар нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг бүлэглэн үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, хувийн байдлын хувьд шүүгдэгч нар гэм буруугаа ойлгож гэмшсэн, анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, хэрэгт оролцсон оролцооны хувьд хийсэн үйлдлүүд нь өөр өөр боловч нэгдмэл нэг санаа зорилготой байсан зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэхийн зэрэгцээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон 1.3-т заасан нөхцлүүдийг шүүгдэгч нар бүрэн хангасан. Тухайлбал: Шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь оногдуулах ялын хувьд 2-8 жилийн хорих ялтай, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлөгдсөн, шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мөн шүүгдэгч нарт холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд уг хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзсэн тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгч нарт ижил хэмжээний буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс хөнгөрүүлэн 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

           

Шүүгдэгч нарын 2016.12.20-2017.01.06-ны өдрийг хүртэл урьдчилан цагдан хоригдсон 17, 2017.12.18-2018.03.22-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 94, нийт 111 хоногуудыг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцох,

 

М....ийн 2 ширхэг гадаад паспортыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгох, мөн шүүгдэгч нарт энэ тогтоолоор цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсантай холбогдуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэдгээрт урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ унаж явсан суудлын автомашин иргэн Ж.Эрдэнэчимэгийн өмчлөлийнх болох нь Тээврийн хэрэгслийн гэрчилгээ /1 хх 27 х/-р тогтоогдож байгаа, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан болохыг өмчлөгч мэдээгүй болох нь түүний гэрчээр өгсөн мэдүүлэг /1 хх 50 х/-ээр тогтоогдсон, мөн автомашиныг битүүмжилсэн тогтоол /1 хх 23 х/-оор уг автомашиныг өмчлөгч Ж.Эрдэнэчимэгийн мэдэлд үлдээж, бүрэн бүтэн байдлыг түүнд хариуцуулахаар шийдвэрлэсэн байх тул уг автомашиныг түүнд буцаан олгох шийдвэр гаргах шаардлагагүй харин тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгохоор тус тус шийдвэрлэсэн болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар хохирлоо бүрэн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, Улаанбаатар хотын банкин дахь Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2601038092 тоот данснаас барьцааны 4,500,000 төгрөгийг М.... буцаан авсан зэргийг шийтгэх тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8. 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

             1.Сартуул овогт ...ийн ..., Буяндэлгэр овогт ...ын ..., Боржигон овогт ...гийн ... нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 2, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг тус тус баримтлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М....ийг 01 жилийн хорих ялаар, Т....г 01 жилийн хорих ялаар, Н....ийг 01 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар М...., Т...., Н.... нарын эдлэх хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Т...., Н.... нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, Улаанбаатар банкин дахь Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2601038092 тоот данснаас барьцааны 4,500,000 төгрөгийг М.... буцаан авсан болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар М...., Т...., Н.... нарын тус бүр урьдчилан цагдан хоригдсон 111 хоногуудыг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6.М....ийн 2 ширхэг гадаад паспортыг түүнд буцаан олгож, Ж.Эрдэнэчимэгийн өмчлөлийн 8654 УБЭ улсын дугаартай “Toyota crown” маркийн суудлын автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М...., Т...., Н.... нарт урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, энэ тухай Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдэхийг шүүгчийн туслах Б....д даалгасугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М...., Т...., Н.... нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДАШДОНДОВ