Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2022/01941

 

 

 

.........-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Мөнхзул, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2022/01351 дугаар шийдвэртэй, .........-ын нэхэмжлэлтэй, ..............-т /цаашид ...... гэх/ холбогдох, ажилд эгүүлэн эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Золбоо, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тэлмэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. .........- нь ......-т 2019 онд эмнэлгийн удирдлага эмнэлгийн бүтцийг шинэчлэн батлуулахад стратеги, төлөвлөлт эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан. Гэтэл дахиад 10 сарын дараа стратеги, эдийн засгийн албаны нэршлийг эдийн засаг, маркетингийн алба болгон өөрчилсөн гэх үндэслэлээр .........-ыг ажлаас чөлөөлж, сонгон шалгаруулалт явагдаж дуусах хүртэл хугацаанд эдийн засаг, маркетингийн албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон болохыг 2020 оны 10 дугаар сарын 28-ний өдөр танилцуулсан. Стратеги, эдийн засгийн алба татан буугдаагүй, орон тоо нь хасагдаагүй, ажилтны тоог нь цөөрүүлээгүй. Иймд ......-ийн стратеги эдийн засгийн албаны даргаар ажиллаж байсан намайг хууль зүйн үндэслэлгүй ажлаас чөлөөлж, сонгон шалгаруулалт явагдаж дуусах хүртэл хугацаанд эдийн засаг, маркетингийн албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, өөрчлөн томилсон ......-ийн захирлын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн б/585 тоот тушаал хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж хүчингүй болгож өгнө үү.

1.2. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа ...... сонгон шалгаруулалтыг 2020 оны 12 дугаар сарын 30-нд зохион байгуулахаар тогтоосон байсан. Гэтэл энэ хугацаанаас өмнө буюу 2020 оны 12 дугаар сарын 15-нд сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан. ......-ийн захирлын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдийн А/690 дугаар тушаалаар .........-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн ба уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасныг үндэслэсэн байх боловч мөн хуулийн 40 дүгээр зүйлийг үндэслээгүй. Шүүхэд хандсан маргаан шийдвэрлэгдээгүй байхад шүүхийг үл тоомсорлон, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчин хууль зүйн ямар ч үндэслэлгүй шийдвэрээр намайг ажлаас чөлөөлж хөдөлмөрлөх эрхийг зөрчлөө. Иймд ......-ийн захирлын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдийн А/690 дугаар тушаалыг хүчингүй болгож, .........-ыг ......-ийн эдийн засаг, маркетингийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ......-ийн ТУЗ-ийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 07 дугаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дүрэм, бүтэц, орон тоо стратеги төлөвлөгөө батлах тухай тогтоолоор Стратеги, эдийн засгийн алба нь эдийн засаг, маркетингийн албаны нэршил, чиг үүрэгт өөрчлөлт орсон тул 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн дагуу сонсгох ажиллагаа явуулж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дахь хэсэгт заасны дагуу .........-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлан, тус албан тушаалд ......-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 11 дүгээр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн удирдах ажилтан, ажилтан сонгон шалгаруулах журам батлах тухай тогтоолын дагуу сонгон шалгаруулалт явуулах болсныг мэдэгдэж, мэдэгдэх хуудас өгөхөд хүлээн авахаас татгалзсан тул мэдэгдэх хуудсыг .........-ын оршин суугаа хаягаар Монгол шуудан ХК-аар 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр явуулсан. Мэдэгдэл өгснөөс хойш 30 хоногийн дараа Стратеги, эдийн засгийн албаны дарга .........-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 47 дугаар зүйлийн 47.1, 49 дүгээр зүйлийн 49.1, 50 дугаар зүйл, ......-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 07 дугаар тогтоол, Байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам-ын 7.1.5-т заасныг тус тус үндэслэн ажлаас чөлөөлж, Эдийн засаг, маркетингийн албаны даргын албан тушаалд сонгон шалгаруулалт явагдаж дуусах хүртэл хугацаанд Эдийн засаг, маркетингийн албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс томилсон. Эдийн засаг, маркетингийн албаны даргын ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж, 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдрийг дуустал цахимаар сонгон шалгаруулалтад оролцох иргэдийн бүрдүүлэх материалыг [email protected] цахим шуудангийн хаягаар хүлээн авахад .........- нь материалаа ирүүлээгүй. Сонгон шалгаруулалтын хугацааг өөрчилсөн шалтгаан нь Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 209 дугаар тогтоолоор Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байсныг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн дэглэм буруулсан тул Эдийн засаг, маркетингийн албаны даргын албан тушаалын сонгон шалгаруулалтын хугацааг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр болгон өөрчлөн тухайн өдөр сонгон шалгаруулалтыг хууль болон холбогдох дүрмийн дагуу цахим хэлбэрээр явуулсан. Сонгон шалгаруулалтад Э.Пүрэвдорж шалгарсан. 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хүний нөөцийн менежер О.Лхагвасүрэн .........-д сонгон шалгаруулалтын хугацаанд өөрчлөлт орсон 12 дугаар сарын 15-ны өдрийг дуустал цахимаар сонгон шалгаруулалтад оролцох иргэдийн бүрдүүлэх материалыг хүлээн авах 12 дугаар сарын 17-ны өдөр сонгон шалгаруулалт явагдах талаар .........-ын утас руу зурвас илгээсэн. Иймд .........-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.8, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан ......-ийн захирлын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн б/858, 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/690 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгож, .........-ыг ......-ийн Эдийн засаг, маркетингийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 32,462,004 төгрөгийг Улсын нэгдүгээр төв эмнэлгээс гаргуулж, .........-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар .........-ын ажлаас халсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмын дагуу нөхөн төлж, түүний дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгож, Улсын нэгдүгээр төв эмнэлгээс улсын тэмдэгтийн хураамжид 320,260 төгрөг гаргуулж улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. .........-ыг эдийн засаг, маркетингийн албаны даргын албан тушаалд сонгон шалгаруулалт явагдаж дуусах хүртэл хугацаанд эдийн засаг, маркетингийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс томилсон. Эдийн засаг, маркетингийн албаны даргын ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдрийг дуустал цахимаар сонгон шалгаруулалтад оролцох иргэдийн бүрдүүлэх материалыг [email protected] цахим шуудангийн хаягаар хүлээн авахад .........- материалаа ирүүлээгүй.

2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хүний нөөцийн менежер О.Лхагвасүрэн .........-д сонгон шалгаруулалтын хугацаанд өөрчлөлт орсон 12 дугаар сарын 15-ны өдрийг дуустал цахимаар сонгон шалгаруулалтад оролцох иргэдийн бүрдүүлэх материалыг хүлээн авч 12 дугаар сарын 17-ны сонгон шалгаруулалт явагдах талаар түүний гар утас руу зурвас илгээж мэдэгдсэн. Мөн тухайн өдөр Захиргаа, хүний нөөцийн албаны дарга П.Анхтуяа сонгон шалгаруулалтын хугацаанд өөрчлөлт орсон талаар түүнд биечлэн мэдэгдэхэд .........- нь өөрөө сонгон шалгаруулалтад оролцоогүй байхад анхан шатны шүүхээс түүнийг ажилд эгүүлэн томилох шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

2020 оны 12 дугаар сарын сонгон шалгаруулалтыг анх хариуцагчаас мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зарласан. Тус хугацаанд өөрчлөлт орсон талаар мэдэгдээгүй. Хариуцагч энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн удирдах ажилтан, ажилтан сонгон шалгаруулах журам батлах тухай тогтоолд зааснаар сонгон шалгаруулалтын зарыг эмнэлгийн цахим хуудсанд байршуулах ёстой атал Zangia.mn сайтад байршуулж өөрчлөлт оруулсан. Иймд байршуулах ёстой цахим хуудсанд байршуулаагүй тул тус сонгон шалгаруулалтыг нэхэмжлэгч мэдэх боломжгүй байсан. Үүнээс нэхэмжлэгчийн тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох боломжоор хангаагүй байсан нь нотлогдоно. Хариуцагч цахим хаягаар хүргүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч тус шууданд зөвхөн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл материал хүлээж авсан. Иймд хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч шүүхийн шийдвэрийн тогтоох талуудын хооронд үүссэн маргаанд хамааралгүй хуулийг хэрэглэсэн, хуулийн нэр томьёог буруу тусгасан тул шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

1.    Хэргийн үйл баримт болон анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар

1.а. Нэхэмжлэгч .........- нь хариуцагч ......-т холбогдуулан тус эмнэлгийн эдийн засаг, маркетингийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөгч эс зөвшөөрч ... тус эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ......-ийн дүрэм, бүтэц, орон тоо стратеги төлөвлөгөө батлах тухай тогтоолоор стратеги, эдийн засгийн алба нь эдийн засаг, маркетингийн албаны нэршил, чиг үүрэгт өөрчлөлт орсон тул .........-ыг эдийн засаг, маркетингийн албаны даргын албан тушаалд түр томилсон боловч тэрээр сонгон шалгаруулалт оролцоогүй тул уг албан тушаалаас чөлөөлсөн... маргасан байна.

 

1.б. ......-ийн ерөнхий захирлын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/585 дугаар тушаалаар эмнэлгийн бүтэц, орон тоо, стратеги төлөвлөгөө шинэлэгдэн батлагдаж стратеги, эдийн засгийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан гэх үндэслэлээр .........-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж эдийн засаг, маркетингийн албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ. (1хав-10х)

 

Хариуцагч ......-ийн ерөнхий захирлын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/690 дугаар тушаалаар тус эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 07 дугаар эмнэлгийн дүрэм, бүтэц, орон тоо, стратеги төлөвлөгөө батлах тухай тогтоол, хөдөлмөрийн дотоод журмын 7.1.5-т заасныг баримтлан эдийн засаг, маркетингийн албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч .........-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. (1хав-72х)

 

1.в. ......-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 07 дугаар тогтоолоор стратеги эдийн засгийн албыг нэршлийн хувьд эдийн засаг, маркетингийн алба болгон өөрчилсөн байна. (хх-ийн-34-54)

 

Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 40 дүгээр зүйлийн 40.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар зохицуулсан. Гэвч нэхэмжлэгч .........-ын ажиллаж байсан стратеги, эдийн засгийн алба татан буугдаж орон тоо хасагдаагүй байх тул ажил олгогчийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/690 дугаар тушаал хууль зүйн үндэслэлгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

......-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 07 дугаар тогтоолын 7.4.1-д заасан Эдийн засаг, маркетингийн албаны чиг үүргийг өмнөх Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/368 дугаар тушаалын хавсралтын 6.10-т заасан Стратеги эдийн засгийн албаны чиг үүрэгтэй харьцуулан үзэхэд Эдийн засаг, маркетингийн албаны чиг үүрэгт 7.4.1.15, 7.4.1.16, 7.4.1.17-д заасан 3 ажил үүрэг нэмэгдсэн хэдий ч уг албаны хийж гүйцэтгэж байсан үндсэн 16 чиг үүрэг нь хэвээр байгаа тохиолдолд албаны нэршил өөрчлөгдсөнөөс чиг үүрэг нь бүхэлдээ өөрчлөгдөж, хариуцагч байгууллагын бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулалт орсон гэж үзэх үндэслэлгүй байна. (хх-ийн 54,189-190)

 

Иймд нэхэмжлэгч .........-ын ажиллаж байсан стратеги эдийн засгийн албаны нэрийг эдийн засаг, маркетингийн алба болгон өөрчилснийг үндэслэн түүнийг сонгон шалгаруулалтад оролцоогүй гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх үндэслэлгүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгч .........-ыг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эдийн засаг, маркетингийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

1.г. Мөн хариуцагч ..............- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс хойш ажилд эгүүлэн тогтоосон өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговрыг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж дэвтэрт бичилт хийх үүрэгтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

2. Хариуцагч ...... нь сонгон шалгаруулалт явуулахдаа ТУЗ-ийн 2020 оны 11 дүгээр тогтоолоор баталсан ......-ийн удирдах ажилтан, ажилтан сонгон шалгаруулалт явуулах журмын 2.1.1, 2.1.6-д тус тус заасныг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ............- нь өөрөө сонгон шалгаруулалтад оролцоогүй байхад анхан шатны шүүхээс түүнийг ажилд эгүүлэн томилох шийдвэр гаргасан.... гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт талуудын хооронд үүссэн маргаанд хамааралгүй Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 128 дугаар зүйлийн 128.1.8-т заасныг баримталсан, мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт дээрх хуульд заасан нэр томьёог буруу тусгасан, тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан байхад ... ажилгүй байсан хугацааны цалин олговор..., ... ажлаас халсан хугацааны... гэх зэргээр тусгасан нь буруу тул тогтоох хэсэгт найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2022/01351 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 128.1.8 гэснийг хасаж, цалин олговор гэснийг дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гэж,

2 дахь заалтын ажлаас халсан гэснийг ажилгүй байсан хугацааны гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч ..............- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Н.БАТЗОРИГ