Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/01961

 

 

...........- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 103/ШШ2022/00390 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ...........- ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ...........- нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 12,009,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Өсөхбөяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ...........- ХХК болон ...........- нартай 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 459 дугаар зээлийн гэрээ байгуулж 2,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж Chevrolet cruze маркийн,.......- БРА улсын дугаартай автомашиныг барьцаалсан. Мөн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр дээрх зээлд нэмж 500,000 төгрөг зээлж үндсэн зээл 2,500,000 төгрөг болсон. Зээлийн гэрээний хугацааг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 8 сараар сунгасан. Мөн Ковид-19 цар тахлаас шалтгаалан 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 12 сараар сунгасан. Зээлдэгч ......- болон...........- нар зээлийн төлбөрт 1,235,400 төгрөг төлсөн гэсэн боловч 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 80,000 төгрөг биш 13,400 төгрөг төлсөн байсан гэвч нэхэмжлэгч зөрүү 66,600 төгрөгийг нэхэмжлээгүй. ...........- нар үндсэн зээл 2,500,000 төгрөг, зээлийн хүү 1,324,600 төгрөг, нийт 3,824,600 төгрөг төлөөгүй.

Талууд зээлийн гэрээний 1.6-д хугацаа дууссан тохиолдолд биелүүлээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги хоног тутам төлөхөөр тохирсон. Гүйцэтгээгүй үүрэг 3,824,600 төгрөгийн 50 хувь 1,912,300 төгрөг, нийт 5,736,900 төгрөг төлөөгүй.

1.2. ...........- ХХК нь ......-...........- нартай 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 496 дугаар зээлийн гэрээ байгуулж Toyota prius маркийн .....- БРА улсын дугаартай автомашиныг барьцаалж 2,400,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. Талууд зээлийн гэрээний хугацаа дуусахад 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл 12 сараар сунгасан. Мөн Ковид-19 цар тахлаас шалтгаалан барааны борлуулалт муудсан гэх үндэслэлээр 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл сунгасан. Зээлийн гэрээний хүүд 2,880,000 төгрөг төлөхөөс 1,098,400 төгрөг төлсөн. Иймд үндсэн зээл 2,400,000 төгрөг, зээлийн хүү 1,781,600 төгрөг, нийт 4,181,600 төгрөг төлөөгүй.

Зээлийн гэрээний 1.6-д үндсэн зээл, хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд буцаан төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд нийт биелүүлээгүй үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөх, зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон тохиолдолд биелүүлээгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө гэж заасны дагуу дагуу алданги 4,181,600 төгрөгийн хувь 50 хувь 2,090,800 төгрөг, нийт 6,272,400 төгрөг гаргуулна. Дээрх 2 зээлийн гэрээний үүрэгт бүгд 12,009,300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээний харилцаанд...........- оролцоогүй. ......- ...........- ХХК-аас нийт 4,400,000 төгрөгийн зээлийг авсан. 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 2,000,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 2,400,000 төгрөгийг авсан. Харин ......- 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 500,000 төгрөгийн зээл аваагүй гэж тайлбарласан. ...........- ХХК-ийн гаргасан тооцоо нь зээлдэгч нар өгсөн тооцооллоос илүү байна. Зээлдэгч нар 2,400,000 төгрөгийн зээлээс 1,098,400 төгрөг төлж, үлдэгдэл 1,301,600 төгрөгийг төлнө.

2.2. 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өдрийн зээл 2,000,000 төгрөгөөс 1,235,400 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 764,600 төгрөг болно. Зээлдэгч нар зээлээ төлөх боломжгүй байсан. Зээлдэгч нар 2,066,200 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсгүүдэд тус тус заасныг баримтлан хариуцагч Боржигон овгийн Юндэнгийн Энхзаяа, Бага мэргэд овгийн Бадамсүрэнгийн Отгонбаяр нараас 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2,500,000 төгрөг, хүү 1,324,600 төгрөг, алданги 1,912,300 төгрөг нийт 5,736,900 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2,400,000 төгрөг, хүү 1,781,600 төгрөг, алданги 2,090,800 төгрөг нийт 6,272,400 төгрөг, бүгд 12,009,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ...........- ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,048 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...........- нараас 222,048 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ...........- ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. ...........- ХХК-аас авсан 2 удаагийн зээлийн гэрээнд...........- гарын үсэг зурсан боловч энэ мөнгөн хөрөнгийг аваагүй. Зээлийн хугацаа сунгасан нэмэлт гэрээнд гарын үсэг зураагүй байхад анхан шатны шүүх Гэрээний хугацаа сунгасан зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнд хамтран зээлдэгч...........- гарын үсэг зураагүй, үндсэн зээлдэгч ......- гарын үсэг зурсан байгаа хэдий ч хариуцагч нар нь гэр бүл бөгөөд зээлээ хугацаандаа төлөөгүй учраас зээлийн хугацаа сунгах хүсэл зоригийн илэрхийлэл байсан байна гэж үзэж гэрээний хугацааг тухай бүр сунгагдсан гэж дүгнэсэн үндэслэлгүй. ...........- нар тусдаа амьдарч байгаа, тэднийг гэр бүл гэх үндэслэлгүй. Зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүйг шууд зээлийн гэрээний хугацааг сунгах хүсэл зориг байсан гэж дүгнэх нь буруу. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт зээлийн гэрээний үүрэг буюу төлөх төлбөрийг багасгаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Б.Отгонбаяр 2 удаагийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсгээ зурсан. Хариуцагч нар барьцааны зүйл болох 2 ширхэг автомашиныг худалдан борлуулсан боловч зээлийн төлбөрийг төлөөгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

1. Нэхэмжлэгч ...........- ХХК нь хариуцагч...........-, ......- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, зээлийн хүү, алданги нийт 12,009,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч маргасныг анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

 

1.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт зохигчид байгуулсан гэрээндээ хүү, алданги төлөх талаар тусгасан, хариуцагч нарын зүгээс зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь төлөөгүй байх тул дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж... шийдвэрлэв гэж дүгнэснээс өөрөөр дээрх 2 зээлийн гэрээ, тэдгээрийг сунгасан байдал, төлбөр хийсэн огноо тус бүрийн дагуу төлөгдсөн төлбөр аль гэрээний үүрэгт хамаарах, улмаар зээл тус бүрийн үлдэгдэл, тэдгээрт тооцогдох хүү зэрэг хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн хэмжээ, тэдгээрт алданги тооцож эхлэх хугацаа зэрэг асуудлаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй орхигдуулжээ.

 

1.б. Тодруулбал, хариуцагч талын зүгээс зээл, хүүгийн тооцооллын талаар маргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгчийн гаргаж байгаа зээл, хүүгийн тооцоолол хууль болон гэрээнд хэрхэн нийцэж байгаа эсэхийг шүүх шалгаж, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийх учиртай ба ийнхүү дүгнэлт хийгээгүй шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий болоогүй гэж үзнэ.

 

1.в. Түүнчлэн, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр батлагдсан бөгөөд зохигчдын хоорондох зээлийн гэрээний маргааны үйл баримтад уг хуулийн холбогдох зохицуулалт хамаарч байгаа эсэхийг анхан шатны шүүх анхаараагүй нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болохоос гадна талууд энэ талаар мэтгэлцээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байна.

 

2. Зохигчдын хооронд хийгдсэн 2 зээлийн гэрээнд хариуцагч нар гарын үсэг зурсан, харин гэрээний хугацааг тус бүр 2 удаа сунгасан гэрээнд хариуцагч...........- гарын үсэг зураагүй гэж маргасан байхад анхан шатны шүүх ...хариуцагч нар гэр бүл бөгөөд зээлээ хугацаандаа төлөөгүй учраас зээлийн хугацаа сунгах хүсэл зоригийн илэрхийлэл зээлдэгч нарт байсан гэж үзэж гэрээний хугацааг тухай бүр сунгагдсан гэж ... гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэл муутай болсноос гадна хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдээгүй байна.

 

Хэрэгт гэрлэлтийн гэрчилгээ авагдаагүй, сунгасан зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчдийн нэг нь гарын үсэг зураагүй тохиолдолд тэдгээрийн үүрэг тэнцүү байх ямар үндэслэл байгааг шүүх эрх зүйн үүднээс үндэслэл бүхий дүгнэж чадаагүй байна.

 

3. Мөн хариуцагч нараас Д.Цолмонд олгосон итгэмжлэл хэрэгт авагдсан байх боловч хэргийн 11 дүгээр талд авагдсан итгэмжлэлд Д.Цолмон гэсэн нэрийн ард гарын үсэг байхгүй, ...........- гэсэн нэрний ард гарын үсэг зурагдсан бол хэргийн 32 дугаар талд авагдсан итгэмжлэлд ......- гэсэн нэрийн ард гарын үсэг байхгүй, Д.Цолмон гэсэн нэрийн ард Энхзаяа гэсэн гарын үсэг зурагдсан, итгэмжлэлд төлөөлөгч Д.Цолмон гарын үсэг зурсан эсэх нь эргэлзээтэй байх тул үүнийг тодруулах нь зүйтэй байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, үйл баримтад талуудыг хангалттай мэтгэлцээгүй, төлөөлөгчийн эрх зүйн байдал тодорхой бус байгаа тохиолдолд давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 103/ШШ2022/00390 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч...........-, ......- нарын төлсөн 207,100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Н.БАТЗОРИГ