Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 959

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

Улсын яллагч Д.Цолмон,

Хохирогч О....,

Шүүгдэгч Н....нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ...н ...т холбогдох 1708025711196 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, радио телеграфчин мэргэжилтэй, “...” ХХК-нд хамгаалагч, жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уул ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ...н .../.../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

            Н....нь 2017 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний ...тоот хашааны үүдэнд хохирогч О....той таксигаар үйлчлүүлсэн хөлсөө дутуу өглөө гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний толгойн тус газарт төмөр пүршээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

1. Хохирогч О....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 3 дугаар хорооллын эцэст байдаг Алтай караокены үүднээс такси бариад гэр лүүгээ явсан бөгөөд тухайн үед архи уучихсан байсан бөгөөд таксинд суугаад явж байхдаа замдаа машин дотор унтчихсан байсан. Таксины жолооч Жаргалант дэлгүүрээс хэтэрч яваад намайг сэрээгээд гэрээ заа гэж хэлсэн, сэрээд орчноо харахад манай гэрээс хэтрээд явсан байна буцаад яв гэж хэлээд машиныг эргүүлээд жолоочид зам заагаад гэрийнхээ үүдэнд ирээд хэд гарсан бэ гэж таксины жолоочоос асуухад 17 км гарсан гэхэд нь би таксины жолоочид 800 төгрөгөөр бодоод өгье гээд эхлээд 10000 төгрөгийг суудлын голын хайрцган дээр тавихад жолооч 1 км-ийг 1000 төгрөгөөр бодно 17.000 төгрөг өг гэсэн, би 20-иод км явж байхад 800 төгрөгөөр бодоод мөнгөө авчих гэхэд үгүй гээд бид маргалдаж эхэлсэн, жолооч хөлсөө 1000 төгрөгөөр бодож мөнгө авна би 800 төгрөгөөр бодож мөнгө өгнө гэж маргалдаж байхад жолооч залуу чамаас гуйж авдаг юм уу гэж хэлээд машинаас буугаад миний сууж байсан хойд хаалгыг гаднаас онгойлгож заамдаад арын суудал дээр дараад авахаар нь би өөдөөс адилхан заамдаад чамд дээрэлхүүлнэ гэж байхгүй шүү гэж арагш нь түлхсэн, гэтэл жолооч машиныхаа арын багаажны хайрцагнаас нарийхан урт хар юм гаргаж ирсэн, харанхуйд харагдахгүй байсан бөгөөд би машинаас нь буугаад чи одоо намайг дээрэмдэх гэж байгаа юм уу гэж хэлээд өөдөөс нь явж очоод нарийхан хар юм барьсан гарнаас нь бариад авах гэтэл толгой руу барьж байсан хар юмаараа нэг удаа цохиод авсан, цохиулсны дараа толгойноос халуу оргиод цус их гараад тогтохгүй байсан. ...толгойдоо 5-6 оёдол тавиулсан гэмтэл дээр байж багаад өглөө нь цагдаагийн хэлтэс дээр ирэх үед намайг зодсон жолооч залуу тохиръё гээд гуйгаад байхаар нь би түүнтэй тохиролцож 800,000 төгрөг авахаар болоод цагдаагаар шалгуулахгүй гэж хүсэлт гаргаад бичиж өгөөд, өргөдөл гаргаагүй болно. Тэгээд тэр залуу түүнээс хойш надтай ахин уулзалгүй зугатааж алга болоод сураггүй байна. ...” гэх мэдүүлэг /хх 26-27 х/,

 

2. Хохирогч О....ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Таксины мөнгөнөөс болж муудалцаад шүүгдэгч миний духан тус газарт төмрөөр нэг удаа цохисон.Би эмчилгээний зардалд 220,900 төгрөг зарцуулсны төлбөрөө авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

            3. Шүүгдэгч Н....ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... ... бид 2 машинаас буугаад маргалдаад барьцалдаж аваад боолцоод салсан. Би тэгэхээр нь машинд байсан дасгал хийдэг пүршин төмрийг аваад зогсож байсан чинь ... гэдэг залуу над дээр ирээд дахиад боолцсон. ...гартаа барьсан байсан төмрөөр толгой руу нь нэг удаа цохисон. ...ын духнаас нь цус гоожоод би уучлаарай гэж хэлээд байж байхад ... ээж рүүгээ залгаад би хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. ... би хохирлын 220,900 төгрөгийг төлсөн, гэм буруугаа хүлээж байна ...” гэх мэдүүлэг /хх 44 х/,

 

            4. Гэрч Б....ийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Манай хүү ... ээж та гараад ир би үүдэнд хүнд зодуулчихлаа гэхээр нь би босоод хашааны гадаа очсон чинь ...ын толгойноос цус гараад тонгойсон байсан. Би юу болж байна миний хүү чамайг зодсон юмуу гэж асуусан чинь таксины жолооч танай хүү 7000 төгрөг дутуу өгсөн тэгээд би зодсон юм гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 28-29 х /,

 

5. Шинжээчийн 117 тоот дүгнэлт

1.О....ын биед духанд шархны сорвитой гэмтэл тогтоогдпоо.

2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 31 х/,

 

6. Шинжээч С.Одончимэг: “... уг гэмтэл нь шарх учраас эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулдаг учир хөнгөн зэрэгт хамаарна. гэх мэдүүлэг /хх 31-32 х/,

 

7. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 45 х/

8. Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 65 х/

9. Хохирол төлсөн баримт /хх 109 х/ зэрэг болно.

Шүүгдэгч Н....нь 2017 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний ...тоот хашааны үүдэнд хохирогч О....той таксигаар үйлчлүүлсэн хөлсөө дутуу өглөө гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний толгойн тус газарт төмөр пүршээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

- Хохирогч О....ын “... би өөдөөс адилхан заамдаад чамд дээрэлхүүлнэ гэж байхгүй шүү гэж арагш нь түлхсэн, гэтэл жолооч машиныхаа арын багаажны хайрцагнаас нарийхан урт хар юм гаргаж ирсэн, харанхуйд харагдахгүй байсан бөгөөд би машинаас нь буугаад чи одоо намайг дээрэмдэх гэж байгаа юм уу гэж хэлээд өөдөөс нь явж очоод нарийхан хар юм барьсан гарнаас нь бариад авах гэтэл толгой руу барьж байсан хар юмаараа нэг удаа цохиод авсан, цохиулсны дараа толгойноос халуу оргиод цус их гараад тогтохгүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх 26-27 х/,

           -  Шүүгдэгч Н....ийн “... Би тэгэхээр нь машинд байсан дасгал хийдэг пүршин төмрийг аваад зогсож байсан чинь ... гэдэг залуу над дээр ирээд дахиад боолцсон. ... гартаа барьсан байсан төмрөөр толгой руу нь нэг удаа цохисон. ...ын духнаас нь цус гоожоод би уучлаарай гэж хэлээд байж байхад ... ээж рүүгээ залгаад би хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 44 х/,

            - Гэрч Б....ийн “...Би юу болж байна миний хүү чамайг зодсон юмуу гэж асуусан чинь таксины жолооч танай хүү 7000 төгрөг дутуу өгсөн тэгээд би зодсон юм гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 28-29 х /,

 -  Шинжээчийн 117 тоот дүгнэлт

1.О....ын биед духанд шархны сорвитой гэмтэл тогтоогдпоо.

2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 31 х/,

- Шинжээч С.Одончимэг: “... уг гэмтэл нь шарх учраас эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулдаг учир хөнгөн зэрэгт хамаарна. гэх мэдүүлэг /хх 31-32 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй бөгөөд Улсын яллагчаас Н....ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул уг гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, харин уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөр дуусгавар болсон тул хэргийг хэрэгсэхгүй болгож, ялаас чөлөөлүүлэх дүгнэлтийг гаргасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хууль бусаар халдаж хөнгөн хохирол учруулснаар төгс үйлдэгдсэнд тооцогдоно.

 

Шүүгдэгч Н....нь хохирогч О....той таксины мөнгөнөөс болж маргалдан толгойн тус газар нь төмөр пүршээр цохиж хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл /хх 31 х/ гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.     

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг.  

 

Шүүгдэгч Н....хүний толгойд төмөр пүршээр цохисон өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.  

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Н....ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

            Шүүгдэгч Н....т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1. .энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн; гэж зохицуулсан бөгөөд хорих, зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол гэснээс дүгнэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай тул Н....ийн үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нэг жил байхаар Эрүүгийн хуульд зохицуулагдсан гэж үзнэ, Н....2017 оны 11 сарын 01-02-нд шилжих шөнө гэмт хэрэг үйлдсэн бөгөөд уг хэргийн хөөн хэлэлцэх 01 жилийн хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дууссан байх тул Н....ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, ялаас чөлөөлүүлэх улсын яллагчийн гаргасан дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзсэн.

 

Хохирогч О.... эмчилгээний зардалд баримтаар 220,900 төгрөг нэхэмжилсэн бөгөөд уг төлбөрийг шүүгдэгч төлсөн болох нь хохирлын мөнгө төлсөн баримт /хх 109 х/-аар  тогтоогдсон, хохирогч цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул Н....бусдад төлөх төлбөргүй болно.

 

            Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохиролд 220,900 төгрөг төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Боржигон овогт ...н ...ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

  2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Н....т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг ялаас чөлөөлсүгэй.

 

  3.Н....ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохиролд 220,900 төгрөг төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

          4.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

           5.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н....т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ