Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 961

 

               Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,

Улсын яллагч Т.Отгонтөгс,

Шүүгдэгч Б...., түүний өмгөөлөгч Л.Батаа /ҮД:1824/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт ...гийн ...д холбогдох 201626010926 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

            Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй , ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 17-р хороо Дамбадаржаагийн ...тоотод оршин суух, урьд

Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 21 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Өмнөговь аймгийн Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 135 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийг ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, Боржигин овогт ...гийн ... /РД: .../.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга.

            Б.... нь бусадтай бүлэглэн ...улсын дугаартай соната 5 маркийн автомашин механизм ашиглан 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах “Эс кпасс” интернет тоглоомын газрын вакум цонхны төмөр хаалтыг төмрийн хөрөө ашиглан нэвтэрч 10 ширхэг компьютерийн дэлгэц, 10 ширхэг компьютерийн процессор, камерийн бичигч 1 ширхэг төхөөрөмж зэрэг эд зүйл хулгайлан авч хохирогч Э....ид нийт 4.205.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

Мөн ганцаараа 2017 оны 05 дугаар сарын 06-07-нд шилжин шөнө Сонгинохайрхан дүүргийн 14-р хороо 17-р байрны баруун хойд талд байрлуулж тавьсан Б....ийн эзэмшлийн ...улсын дугаартай субару импереза маркын суудлын авто машины 4 ширхэг дугуйг хулгайлж бусдад 440.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

 1.Хохирогч Б....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...маргааш өглөө нь 2017 оны 05 дугаар сарын 07-ны өглөө манай аав Бямбадорж гарч яваад машины 4 дугуй алдагдсаныг мэдсэн. ...4 дугуйны обуд нь 5 салаа хар саарал өнгөтэй гол таг дээрээ улаан өнгөтэй хээ маягийн зурагтай өөр сэвгүй, хаймар нь дөрвөн улирлын 225/45К/17 хэмжээтэй шинэ тод хээтэй байсан. ... миний төрсөн ах Билэгсайхан Хан-Уул дүүргийн үйлдвэр комбинатад ажлаар явж байгаад тэндхийн нэг байрны гадна зогсож байсан Тоёота приус маркийн машинд миний алдсан 4 ширхэг обудтай дугай байгааг хараад зургийг нь гар утсан дээрээ авч над руу явуулсан ... би зургийг нь харахад миний алдсан дугуй мөн байсан ... би дугуйныхаа обуд дээрх сэв, хэлбэр, хэмжээ, эдэлгээгээр нь хараад шууд танисан ...” гэх мэдүүлэг /хх 31-32, 33 х/,

 

2.Хохирогч Э....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... СБД-ийн 6 хороо, 42-1 тоот өөрийн объектод хувиараа комьпютер тоглоомын газар ажиллуулдаг бөгөөд 2016.01.28-ны шөнийн 00 цагт ажлаа хаагаад харьцгаасан. Манай байгууллагад хулгай орж эд зүйлүүд алдагдсан байсан. Тухайн үед би энэ хэрэгт өмнө нь манай дээр ажиллаж байсан Б....г сэжиглэж мөн дуудлагаар ирсэн бүрэлдэхүүнтэй цагдаа нартай уулзаж ярилцаж байгаад барьж авсан. Алдагдсан эд зүйлээ нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1 хх 41-42, 43, 2 хх 103, 159, 160 х/,

 

3.Иргэний нэхэмжлэгч Б....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... би 2017.08.01-ний өдөр ах ...аас 4 ширхэг обудтай дугуй 300,000 төгрөгөөр худалдаж авсан боловч хулгайн дугуй гэдгийг мэдээгүй эзэнд нь буцаан өглөө. Тиймээс би хохирсон 300,000 төгрөгөө нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хх 35 х/

 

4.Шүүгдэгч Б....гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “… Би 2017 оны 05 дугаар сарын үеэр санагдаж байна. Титаник гүүрний орчмоос өөрийн танил ... гэж залуугаас 4 ширхэг хол таван нүхтэй дугуйтай обудыг нийлүүлээд 150,000 төгрөгөөр худалдаж авсан. Учир нь тэр өдрийн орой миний ... дугаар руу ... залгаад /ямар дугаараас залгасныг нь санахгүй байна/ “хөгшөөн 4 ширхэг обудтай хямдхан дугуй байна” авах уу гэхээр нь би хаана юм бэ, юу ч гэсэн очиж үзье гээд Хархорин захын арын Титаник гүүрний зогсоол дээр уулзаж худалдаж авсан. Тухайн үед ... өөрөөсөө гадна үл таних 30 гаран насны 2 залуутай хамт байсан. Тэгээд би ...оос уг 4 ширхэг обудтай дугуйг худалдаж авсан юмаа. ... 2016 оны 01 дугаар сард би Эс класс гэдэг интернет тоглоомын газар орж тоглодог байхдаа тэр өдөр хоносон яг өдрийг нь санахгүй  байна. Нэг өдөр нь хоноод өглөө ажиллуулж байсан хүмүүс нь унтаж байхад гаднаас такси хөлслөөд 5 ширхэг процессорыг нь салгаад хулгайлаад аваад явсан. ... интернетээс зар харж байгаад зарсан болохоор ямар хүмүүс гэдгийг нь танихгүй, нэгийг нь 120,000 төгрөгөөр зарсан. ...  такси бариад гэрлүүгээ зөөсөн. ...” гэх мэдүүлэг /1 хх 81-82, 1 хх 64-68, 2 хх 109 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

                  5.Гэрч Ж....ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.. .дүү ... над руу утасдаж “би хүнд 2-3 хоног таксинд явсан, мөн надаас мөнгө зээлсэн эргүүлж мөнгөө авах гэсэн чинь обуд зарж байгаад өгнө гэнээ, та обуд авахгүй биз, гайгүй обуд байна гэж яриад 100 айлын Жоби дэлгүүрийн хажуу талд уулзсан. ... нь ...гэх жижиг бор царайтай, маажиг хөлтэй залуугийн хамт ирсэн байсан ба машинаасаа 4 ширхэг обуд 2 нь дугуйтай 2 нь дугуйгүй гаргаж ирсэн. Надад бэлэн 200,000 төгрөг байснаа өгөөд дараа нь үлдэгдэл 100,000 төгрөгийг нь өгөхөөр болоод дугуйг нь аваад явсан. ...” гэх мэдүүлэг /хх 36 х/,

 

6.Гэрч Д....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... очиход ... гэрээсээ 4 ширхэг обудтай дугуй гаргаж ирээд машинд ачиж энийг явж хүнд зарна гэсэн. Бид хоёр Өгөөмөр зах, шар хад орж хүмүүст үзүүлээд зарж чадаагүй буцаж ...гийн гэрт ирээд дугуйг нь тавьсан. ......гийн найз ...над дээр ирээд ... таслагдаад шоронд орсон чамд өртэй гэсэн, нөгөө обудтай дугуй гэрт нь байгаа тэрийг зараад мөнгөө ав, үлдсэн мөнгөөр ...д хувцас тамхи аваачиж өгнө гэхээр нь ...тай ...гийн гэрт нь очиж 4 обудтай дугуйг нь авсан. ...” гэх мэдүүлэг /хх 37 х/,

 

7.Гэрч Г....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... ... ял авахдаа надад хандаж гэртээ байгаа 4 ширхэг обудтай дугуйг зараад өг гэсэн болохоор би ...тай уулзаж дугуйг нь заруулсан. ...” гэх мэдүүлэг /хх 38 х/,

 

                8.Гэрч Д....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... би ...г л танина, 2015 оны 11 сарын дунд үеэс танилцсан, би өөрийн ...улсын дугаартай, Соната 5 маркийн машинаа түрээслүүлнэ гэж үнэгүй.мн сайтад сайтад зар тавьсан, энэ зарын дагуу ... гэх залуу надтай холбогдож 11 сарын дундуур миний машиныг түрээслэхээр болж өдрийн 25,000 төгрөгөөр түрээслэсэн. Тэгээд мөнгө төгрөгөө цувуулж өгч байгаад сүүлийн cap гаруйн хугацаанд алга болчихсон, би ...тэй утсаар яриад дансаар мөнгөө авдаг байсан. Тэгээд сүүлийн cap гаруйн хугацаанд утсаа ч авахгүй алга болсон. ...”  гэх мэдүүлэг /1 хх  44, 2 хх 62, 165 х /,

 

9.Гэрч Д....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2013 онд ...ийн цахим тоглоомын газарт ажиллаж байсан. ... Намайг ажиллуулж байхад 5 процессор алга болоогүй сүүлд намайг ажиллуулж байгаад цагаан сарын өмнө 2016 оны 01 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө 10 ширхэг дэлгэц, 10 процессор хулгайд алдсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 46 х, 2 хх 163 х /,

 

10.Хулгайд алдагдсан дугуйг хурааж авсан болон хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3 хх 26-27 х/

 

11.Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3 хх 55-56 х/

12.Хохирол төлсөн баримт /1 хх 35 х/

            13.Эд зүйлийн үнэлгээ  /2 хх 105-106 х/

            14.Хулгайн гэмт хэрэг ашигласан Автомашины үнэлгээ /2 хх 105 х/

15эрч Б....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Миний хүү ... нь айлын хамгийн том хүү юм. 1992 оны 08 дугаар сарын 09-нд төрсөн. Сэргэлэн цовоо, сурлага сайтай, илүү дутуу муу зан байхгүй, хүний үг хүлээн авдаг, маш их уучлалт гуйдаг, мөн маш их тусархуу хүүхэд байгаа юм. ...” гэх мэдүүлэг /1 хх 40-41, 46-47 х/,

16.Б....гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 100, 1 хх 72 х/

17.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх 108, 1 хх 73 х/

18.Шийтгэх тогтоолын хуулбарууд /1 хх 110-112, 2 хх 227-235, 1 хх 95-103 х/,

19.ШШГЕГ-ны харьяа 417 дугаар нээлттэй хорих ангиас гаргасан зан байдлын тодорхойлолт /3 хх 74-75 х/,

20. Ялын тооцооны тодорхойлолт /3 хх 85 х/

21.Иргэний нэхэмжлэгч Б....ын нэхэмжилсэн 300,000 төгрөгийг төлсөн тухай банкны гүйлгээний баримт /3 хх 224 х/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.... нь бусадтай бүлэглэн ...улсын дугаартай соната 5 маркийн автомашин ашиглан 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах “Эс класс” интернет тоглоомын газрын вакум цонхны төмөр хаалтыг төмрийн хөрөө ашиглан нэвтэрч 10 ширхэг компьютерийн дэлгэц, 10 ширхэг компьютерийн процессор, камерийн бичигч 1 ширхэг төхөөрөмж зэрэг эд зүйл хулгайлан авч Э....ид нийт 4,205,000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

Мөн 2017 оны 05 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14-р хороо 17-р байрны баруун хойд талд байрлуулж тавьсан Б....ийн эзэмшпийн ...улсын дугаартай “субару импереза” маркын суудлын авто машины 4 ширхэг дугуйг хулгайлж бусдад 440,000 төгрөгний хохирол учруулсан гэм буруутай болох нь:

 

- Хохирогч Б....ийн “... маргааш өглөө нь 2017 оны 05 дугаар сарын 07-ны өглөө манай аав Бямбадорж гарч яваад машины 4 дугуй алдагдсаныг мэдсэн. ... 4 дугуйны обуд нь 5 салаа хар саарал өнгөтэй гол таг дээрээ улаан өнгөтэй хээ маягийн зурагтай өөр сэвгүй, хаймар нь дөрвөн улирлын 225/45К/17 хэмжээтэй шинэ тод хээтэй байсан. ...” гэх мэдүүлэг /хх 31-32, 33 х/,

- Хохирогч Э....ийн “... Манай байгууллагад хулгай орж эд зүйлүүд алдагдсан байсан. Тухайн үед би энэ хэрэгт өмнө манай дээр ажиллаж байсан Б....г сэжиглэж мөн дуудлагаар ирсэн бүрэлдэхүүнтэй цагдаа нартай уулзаж ярилцаж байгаад барьж авсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 41-42, 43, 2 хх 103, 159, 160 х/,

- Иргэний нэхэмжлэгч Б....ын “...би 2017.08.01-ний өдөр ах ...аас 4 ширхэг обудтай дугуй 300.000 төгрөгөөр худалдаж авсан боловч хулгайн дугуй гэдгийг мэдээгүй эзэнд нь буцаан өглөө. ...” гэх мэдүүлэг /хх 35 х/,

- Шүүгдэгч Б....гийн “...2015 оны 6 дугаар сард би Эс класс гэдэг интернет тоглоомын газар орж тоглодог байхдаа тэр өдөр хоносон яг өдрийг нь санахгүй  байна. Нэг өдөр нь хоноод өглөө ажиллуулж байсан хүмүүс нь унтаж байхад таксигаар 5 ширхэг процессорыг нь салгаад хулгайлаад аваад явсан. Тэгээд зар харж байгаад процессор авна гэсэн хүмүүст зарсан. ... 4 дугуй хулгайлсан үйлдлээ хүлээж байна ...” гэх мэдүүлэг /1 хх 81-82, 1 хх 64-68, 2 хх 109 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

- Гэрч Д....ын “... очиход ... гэрээсээ 4 ширхэг обудтай дугуй гаргаж ирээд машинд ачиж энийг явж хүнд зарна гэсэн. Бид хоёр Өгөөмөр зах, шар хад орж хүмүүст үзүүлээд зарж чадаагүй буцаж ...гийн гэрт ирээд дугуйг нь тавьсан. ...” гэх мэдүүлэг /хх 37 х/,

- Гэрч Г....гийн “... ... ял авахдаа надад хандаж гэртээ байгаа 4 ширхэг обудтай дугуйг зараад өг гэсэн болохоор би ...тай уулзаж дугуйг нь заруулсан. ...” гэх мэдүүлэг /хх 38 х/

- Гэрч Д....ын “...2013 онд ...ийн цахим тоглоомын газарт ажиллаж байсан. ...Намайг ажиллуулж байхад 5 процессор алга болоогүй сүүлд намайг ажиллуулж байгаад цагаан сарын өмнө 2016 оны 01 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө 10 ширхэг дэлгэц, 10 процессор хулгайд алдсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 46 х, 2 хх 163 х /

- Хулгайд алдагдсан дугуйг хурааж авсан болон хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3 хх 26-27 х/

- Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3 хх 55-56 х/

- Хохирол төлсөн баримт /1 хх 35 х/

            - Эд зүйлийн үнэлгээ  /2 хх 105-106 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруу хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Улсын яллагчаас Б....г бүлэглэн, давтан үйлдлээр, агуулах саванд нэвтэрч, автомашин ашиглан, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал гаргасан.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цулуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.

 

Гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруутай үйлдэл, хор уршгийн хоорондын шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой. Үүнийг шалгуур болговол иргэн Э....ийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах “Эс класс” интернет тоглоомын газрын вакум цонхны төмөр хаалтыг төмрийн хөрөө ашиглан нэвтэрч 10 ширхэг компьютерийн дэлгэц, 10 ширхэг компьютерийн процессор, камерийн бичигч 1 ширхэг төхөөрөмж зэрэг эд зүйл, мөн Б....ийн эзэмшпийн ...улсын дугаартай “субару импереза” маркын суудлын авто машины 4 ширхэг дугуй алдагдсан нь шүүгдэгч Б.... хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлээс үүдэлтэй тул шүүгдэгчийн үйлдэл түүний улмаас учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон.

Шүүгдэгч Б.... нь иргэн Э...., Б.... нарын эд зүйлсийг  хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр нууцаар, бусдын амь бие эрүүл мэнд, эрх, эрх чөлөөнд халдаж хүч хэрэглэхгүйгээр, эрх бүхий хүмүүсийн зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангаж байгаа.

 

Шүүгдэгч Б....гийн үйлдлүүд нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс хулгай хийхдээ С.Гантулгатай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдсэн болох нь бүлэглэн үйлдсэн, 2016 оны 01 дүгээр сарын 29, 2017 оны 06 сарын 07-ны өдрүүдэд тус тус хулгай хийсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйл түүний нэг хэсэгт заасан гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн нь давтан гэмт хэргийн, хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ автомашин ашигласан, мөн хулгай хийсэн обьект нь хүний эд хөрөнгөө хадгалдаг байр байсан тул агуулах саванд хамаарч байгаа, уг обьект руу нэвтрэхдээ хөрөө ашигласан нь тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэсэн гэх 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжүүдийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг хулгайлах гэмт хэргийг дээр дурдсан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжтэй үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн талаар: Б....д холбогдох хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэхэд түүнд оногдуулах ял шийтгэл хүндрэхээр байгаа тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар уг хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11, 12 дугаар зүйлүүдээр хууль үйлчлэх цаг, хугацаа, хууль буцаан хэрэглэх үндэслэл журмыг зохицуулсан, уг гэмт хэрэг нь дээрх журмын дагуу гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэгдэж байгаа тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хууль буцаан хэрэглэхтэй холбоотой заалтуудыг журамлах шаардлагагүй.

 

Хохирогч Б....т автомашины 04 ширхэг дугуйг хүлээлгэн өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 27 х/, иргэний нэхэмжлэгч Б....ын нэхэмжилсэн 300,000 төгрөгийг төлсөн болох нь банкны гүйлгээний баримт /3 хх 224 х/ зэргээр тус тус тогтоогдсон. Харин хохирогч Э....ийн хохирлоос 1,360,000 төгрөгийг төлсөн болох нь хохирол төлсөн баримт /1 хх 35 х/-аар тогтоогдсон тул үлдэгдэл 1,422,500 төгрөгийг шүүгдэгч Б....гөөс гаргуулах, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хулгайн гэмт хэргийг үйлдэхэд ашигласан автомашин бусдын өмчлөлийнх бөгөөд 1,700,000 төгрөгөөр үнэлэгдсэн, уг гэмт хэргийг С.Гантулгатай хамтран үйлдсэн тул Сүхбаатар дүүргийн 2017 оны 176 дугаар шийтгэх тогтоолоор С.Гантулгаас уг автомашины үнийн 50 хувийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Б....гөөс 50 хувийг нь буюу 850,000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах хууль зүйн үндэслэлтэй.

 

            Б....д холбогдох хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55, 56 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд нь гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлж байсан зэргийг харгалзан үзээд шүүхээс түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 02 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

 

            Шүүгдэгч Б.... нь 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр /1 хх 67-68, 73-74, 198-199, 2 хх 37-38, 49-50 х/-ийг хүртэл 170 хоног, 2018 оны 03 сарын 23-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр /3 хх 71, 124, 137 х/-ийг хүртэл 541 хоног, нийт цагдан хоригдсон 711 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

                        Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Боржигин овогт ...гийн ...г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан Бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, давтан, агуулах саванд нэвтэрч, машин механизм ашиглаж, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б....г эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 02 жил 06 сарын хугацаагаар хорих  ялаар шийтгэсүгэй.

 

3.2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Б....гийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Б....гийн хувьд оногдох хөрөнгөнөөс 850,000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Б....гөөс 1,422,500 төгрөг гаргуулж Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Хасуугийн 68-12 тоотод оршин суух ЙФ89041117 регистрийн дугаартай Э....ид  олгосугай.

 

6.Б....гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Б....гийн цагдан хоригдсон 711 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б....д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДАШДОНДОВ