Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 960

 

             Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

Улсын яллагч Ц.Гансүлд,

Шүүгдэгч П...., түүний өмгөөлөгч Ш.Маам /ҮД:1107/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зэвэгийнхэн овогт ...ын ...ид холбогдох 1808043561148 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн нүүр ам судлалын ангийн 2 курсийн оюутан, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Ховд аймгийн Дарви сумын ...оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар байрны ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Зэвэгийнхэн овогт ...ын ... /.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч П.... нь 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар байрны ... тоотод иргэн Б....ийн эзэмшлийн “Лж-Экс-Повер” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад нийт 384,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

1.Хохирогч Б....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018 оны 09 дүгээр сарын 18-ны орой би хамаатны хүүхэд ...гийн хамт 6 дугаар байрны үүдэнд саравчин дотор 0,5 литрийн архи уусан. ......г гэрт нь хүргэж өгөхөөр ... бид 2 гэрээс гараад явсан. Бид хоёр 10 дугаар хороололд байдаг Тэмүүлэл хотхонд хүргэж өгөөд гэртээ харьсан. ...Тэгээд гэртээ ирээд гар утсаараа сэрүүлэг 06 цаг 30 минутанд тавиад унтсан. Өглөө сэрүүлэг 06 цаг 30 минутанд дуугарсан би буцаж унтсан, 10 цаг 20 минутанд ... гаднаас орж ирээд цаг асуусан би хариуд нь 10 цаг 20 минут болж байна гэж хэлсэн. Би гар утсаа дэрнийхээ хажууд тавиад босоод цайгаа уусан. Тэрнээс хойш миний гар утас алга болсон. ... би гар утсаа хүлээн авсан ...” гэх мэдүүлэг /хх 7-8, 9-10 х/,

 

          2.Шүүгдэгч П....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ... гаднаас ... гэх найзтайгаа орж ирсэн. Тэр 2 нэлээн архи уусан байсан. Тэгээд ...гийн эгч нь дуудаад байна гээд хүргэж өгөхөөр болоод ... бид 2 хүргэж өгсөн. Тэгээд эргэж ирээд ... бид 2 манай өрөөнд амарсан. Өглөө гаднаас ... орж ирээд ... босч бид нар гал тогооруу орж цай уусан. Тэгээд би өрөөлүү түрүүлж ороод орны толгойн дээр байсан ...ийн “ЛЖ” маркийн гар утас байхаар нь аваад өмднийхөө халаасанд хийгээд гэрээс гараад сургууль руугаа явж байгаад гэрийн түлхүүрээ мартсан байсан учир буцаад орсон. ...Намайг гар утсыг нь хулгайлах үед гар утас нь унтарсан байсан. ...Би өөрийн сим картыг утсанд нь сольж хийгээд хэсэг ашиглаж байгаад өөрийн симээ буцааж аваад өөрийн гар утсанд хийсэн. Тэгээд орой гэртээ ирэх үедээ хулгайлсан гар утсаа 6 дугаар байрны зүүн талд байх 1 давхар байшингийн дээр үлдээсэн. ...Би гар утсыг нь ашиглах бодолтой байсан. ...” гэх мэдүүлэг /хх 31-34 х /,

 

            3.Шүүгдэгч П....ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 19-ний өглөө би өөрийнхөө утсыг алдчихсан байсан болохоор утасны хэрэг гараад ...ийн утсыг аваад ашиглачихаад буцааж өгөх зорилготой байсан. Тэгээд симийг нь хаячихсан болохоор айгаад буцаад өгч чадаагүй. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

4.Гэрч Ц....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би Сонгинохайрхан дүүргийн 12-р хороо 6-р байрны ... тоотод өөрийн хамаатны хүн болох ...эгч төрсөн дүү болох Б.... нарын хамт нэг өрөөг нь түрээслэн хамт амьдардаг. Мөн нөгөө өрөөг нь ..., дүү ..., хамаатны охин ... нар түрээсэлдэг. 2018 оны 09-р сарын 18-ний орой би 19 цагийн үед хамаатны хүүхэд болох ..., ... нарын хамт 6-р байрны гаднах сааданд нэг шил 0,5 литрийн Ерөөл архи хувааж уусан.Тэгээд бид гурав гэртээ орсон манай аав эгч хоёр маань хөдөөнөөс ирчихсэн байж байсан. Би санаа зовоод нөгөө хоёрыг дагуулаад хажуу талын ороо болох ... эгчийн өрөөнд оруулахад ... эгч дүү болох ... нар нь байж байсан. Тэгээд бид хэд юм ярьж байгаад ...г хүргэж өгөхөөр ..., ... хоёр явсан. Тэгээд удалгүй тэр хоёр ирсэн тэгтэл ... гэгч намайг нөгөө хоёрыг аваад ир гадаа ирсэн байна гэж байна гэсэн, би шатаар доошоо буухад өөдөөс өгсөөд ирж байсан. Тэгтэл ... согтуу нэлээн найгасан газар унаад байсан, би тэгэхээр нь ууж чадахгүй байсан юм бол яах гэж уудаг юм дахиж битгий уугаарай гэж хэлсэн. Тэгээд ... бид хоёр гэрт өргөж оруулаад унтуулсан. Тэгээд би гал тогооны өрөөнд ус уугаад сууж байтал ... ирээд энэ ...ийн утас гэж хэлээд утсыг нь өгсөн. Би уг утсыг авахад 14%  цэнэгтэй байсан. Би уг утсыг гал тогооны ширээн дээр тавиад өрөөндөө ороод унтсан. Өглөө би 08 цагаас хичээлтэй байсан болохоор 07 цагийн үед босоод гал тогоо ороход уг гар утас ширээн дээр байсан, уг утсаруу хүн залгаад байсан. Би уг утсыг аваад ...д хүн залгаад байна гэж хэлээд өгсөн. Тэгээд би гал тогоо орж цайгаа уугаад 07цаг 20 минутын үед хичээлдээ явсан. Тэгээд 09 цаг 40 минутын үед хичээл завсарлаад би гэртээ ирэхэд манай өрөөнд ...эгч унтаж байсан нөгөө өрөөнд ... орон дээр сэрүүн хэвтэж байсан. ... газар дээр хэвтэж байсан би ажилдаа яваач гэж хэлэхэд цаг хараад өгөөч гэж хэлсэн, тэр үед 10 цаг 20 минут болж байсан. Тэгэхэд ...ийн толгой хэсэгт гар утас нь байж байсан. Тэгээд би гал тогооны өрөөнд ороод цай уугаад байж байтал ... хичээлдээ явах гэж байсан, би хамт гарах уу гэхэд ... угаалгын өрөө рүү орсон. Би тэгэхээр нь явлаа шүү гэж хэлээд явах гэтэл гарч ирж байсан, би доошоо шатаар бууж байхад ... намайг дуудсан би түр зогссон, тэгээд юм хэлээгүй болохоор нь би  шууд хичээлдээ явсан. ...” гэх мэдүүлэг /хх 13-14 х/,

 

5.Гэрч П....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Бид эхээс дөрвүүлээ бөгөөд ... айлын дунд хүү байгаа юм. Доороо нэг дүүтэй. Манай том эгч тусдаа гарчихсан. ... бид 2 сургуульд сурч байгаа болохоор СХД-ийн 12-р хороо 6-... тоотод хажуу өрөө түрээслэн амьдарч байгаа. Манай дүү 1999 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн. Багадаа мал дээр аав ээжийн хамт байж байгаад 2006 онд сургуульд орж 2017 онд 10 жилээ төгсөөд АШУҮИС-ийн хуваарь аваад одоо нүүр ам судлалын ангид сурдаг. Найз нөхдийнх нь талаар сайн мэдэхгүй байна. Манай дүү дөлгөөн даруухан зантай, уур уцаар гэх зүйл байхгүй, архи тамхи хэрэглэдэггүй, хорт зуршил байхгүй, дуу цөөтэй өөрөөр сайн хэлж мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх 19-20 х/

         

          6. “LGX power маркийн гар утас нь 384,000 төгрөгийн үнэлгээтэй” гэсэн Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 21-22 х/

                        7. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 27 х/

                        8. П....ийн иргэний үнэмлэхийн лавлагаа / хх 39 х/

                        9. Төрсний бүртгэлийн лавлагаа /хх 38 х/

                        10. Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 42 х/

          11. Сургуулийн тодорхойлолт /хх 43 х/

          12. Сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх 46-51 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүгдэгч П.... нь 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар байрны ... тоотод Б.... нь өөрийн “Лж-Экс-Повер” маркийн гар утсаа дэрэн дээрээ тавиад цай ууж байх хойгуур нь хулгайлан авч 384,000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

 

- Хохирогч Б....ийн “... Би гар утсаа дэрнийхээ хажууд тавиад босоод цайгаа уусан. Тэрнээс хойш миний гар утас алга болсон. ...” гэх мэдүүлэг /хх 7-8, 9-10 х/,

          - Шүүгдэгч П....ийн “... ...ийн “ЛЖ” маркийн гар утас байхаар нь аваад өмднийхөө халаасанд хийгээд гэрээс гараад сургууль руугаа явж байгаад гэрийн түлхүүрээ мартсан байсан учир буцаад орсон. ... Намайг гар утсыг нь хулгайлах үед гар утас нь унтарсан байсан. ... Тэгээд орой гэртээ ирэх үедээ хулгайлсан гар утсаа 6 дугаар байрны зүүн талд байх 1 давхар байшингийн дээр үлдээсэн. ...” гэх мэдүүлэг /хх 31-34 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

         - “LGX power маркийн гар утас нь 384,000 төгрөгийн үнэлгээтэй” гэсэн Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 21-22 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

         

          Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, харин өмгөөлөгч ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү? гэсэн болно.

 

          Улсын яллагчаас шүүгдэгч П....ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах, эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтийг гаргасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруутай үйлдэл, хор уршгийн хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой бөгөөд П.... иргэн Б....ийн эзэмшлийн “Лж-Экс-Повер” маркийн гар утсыг түүнийг цайгаа ууж байх хойгуур нь буюу нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл, үүний улмаас үүдэн гарсан хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон.

 

П.... иргэн Б....ийн эзэмшлийн “Лж-Экс-Повер” маркийн гар утсыг хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр нууцаар, бусдын амь бие эрүүл мэнд, эрх, эрх чөлөөнд халдаж хүч хэрэглэхгүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авч, 384,000 төгрөгийн хохирол учруулсан нь хулгайлах гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Хууль тогтоогчийн тайлбараар “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. ...” гэж заасан.

бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс бага хэмжээг.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3.

 

        Шүүгдэгчийн хулгайлсан эд зүйлийн үнэлгээ /хх 21-22 х/ 384,000 төгрөгөөр тогтоогдсон нь Эрүүгийн хуульд заасан хохирлын хэмжээнд хүрч байгаа.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг  

 

Энэ гэмт хэргийг нотлон тогтоож буй үйл баримтуудаар шүүгдэгч П.... бусдын утсыг хулгайлан авсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.   

 

            Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, П....ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй.

            Шүүгдэгч П.... хулгайлсан утсаа бүрэн бүтэн буцаан өгсөн болох нь хохирогч Б....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 9-10 х/-ээр тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

 

Шүүгдэгч П....ийг хулгайн эд зүйлийг бүрэн бүтэн буцаан өгснийг хохирлоо өөрийн сайн дураан нөхөн төлсөн гэж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, мөн П....ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгч нь хувийн байдлын хувьд 18 настай, сурлага хөдөлмөрт сайн, суралцаж байгаа зэрэг нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нөхцөлийг бүрэн хангасан гэж шүүх үзсэн тул нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн долдугаар бүлэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, 384,000 төгрөгийн үнэ бүхий гар утас буцаан олгогдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол П....ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Зэвэгийнхэн овогт ...ын ...ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П....ид хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг П....ид мэдэгдсүгэй.

4.П....ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П....ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Б.ДАШДОНДОВ