Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 991

 

                         Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

  нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

  улсын яллагч Н.Бадамцэцэг,

  шүүгдэгч Л.... түүний өмгөөлөгч С.Энхсайхан /ҮД:0690/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ...ын ...ад холбогдох 1802004280242 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1990 оны 4 сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын ...тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн ...тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ...ын ... /.../.   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

Л.... нь 2018 оны 9 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ НҮБ-ийн 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай зиплок түгжээ бүхий гялгар уутны хамт 0.54 грамм жинтэй мөс гэх нэршилтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            1.Шүүгдэгч Л....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “… Би өөрийн гартаа барьж байгаад цагдаагийн байгууллагад баригдах үедээ сууж явсан таксиныхаа арын суудлын урд шалавчны хэсэгт унагаасан зиплок түгжээтэй мөс гэх мансууруулах бодисыг одоогоос 4-5 хоногийн өмнө зүс царайг нь урьд харж байгаагүй ... гэх хочтой залуугаас авсан. Холбогдох үедээ танихгүй хүний дугаараас залгаж холбогдож байгаад л авчихсан ямар дугаараас холбогдож авснаа санахгүй байна. Мөс гэх бодисоо авахдаа 0.8 граммыг 800,000 төгрөгөөр авсан. Авах үедээ мөсөө хорооллын 1000 нэрийн барааны дэлгүүрийн ойролцоо байрны буланд авсан. Ингээд өөрт хадгалж байсан мөснөөсөө авсан өдрөөсөө хойш хэрэглээгүй байж байгаад 2016 оны 9 сарын 25 болон 26-ны өдрүүдэд гадуур явж байгаад орцонд орж тарианы шилэнд хийж хэрэглэсэн. Нэг хэрэглэчихээд л тарианы шилийг нь хаячихдаг болохоор биед хэрэглүүр гэх зүйл байхгүй. Ингээд үлдсэн мөсөө цамцныхаа халаасанд хийж явж байгаад таксинд сууж байх үедээ гартаа барьж байсан ч цагдаа нар барихаар ирэх үед нь сандарсандаа болоод шалавч руу шидчихсэн юмаа. ... гэм буруу дээр маргаан байхгүй, хөнгөн ял оноож өгнө үү?” гэх мэдүүлэг /хх 41 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

           

        2.Гэрч И....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 97-45 УБЗ улсын дугаартай тоёота приус-20 маркийн мөнгөлөг саарал өнгийн автомашинтайгаа 2018.9.26-ны шөнө халтуур хийхээр гэрээсээ гарсан. ...Цамбагаравын замын урд талын хэсгээс одоогийн цагдаагийн байгууллагад баригдсан байгаа залуу гар өргөхөөр нь ойрхон бол авъя гэж бодоод автал “Саппоро орно” гэсэн. Ингээд “Саппорогийн замын хойд талын автобусны буудал дээр эргээд зогсчих гэж хэлэхээр нь зогстол хэд гарсан талаар асуусан ба “1000 төгрөг гарсан” гэж хэлэхэд надад 1000 төгрөг өгөөд “түр хүлээж байгаарай цаашаа явж магадгүй” гэж хэлсэн. Ингээд машинд утсаа оролдоод суук байх үед цагдаа нар ирж барьж авсан. Харин машинд үзлэг хийх үед тухайн залуугийн сууж явсан суудлын урд шалавчны урд хэсгээс гялгар ууттай цагаан зүйл хураагдсан. Тухайн зүйлийг юу болох талаар нь мэдэхгүй байна. Миний машинд тийм зүйл огт байгаагүй. Үзлэг хийх үед тухайн залуу өөрөө түүнийгээ хар тамхи гэж зааж өгч хураалгасан болохоор тэр залуу мэдэж байгаа байх. Машинд суух үед ганцаараа байсан хэн нэгэн хүнтэй утсаар яриагүй. ...” гэх мэдүүлэг /хх 19-20 х/

 

        3.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл “... цагдаагийн байгууллагад баригдан ирсэн Л.... нь “би өөрийн биедээ авч явсан мөс гэх зиплок түгжээ бүхий ууттай мансууруулах бодис миний сууж явсан машины арын суудал дээр байгаа” гэж зааж өгсний дагуу машины зүүн хойд хаалгыг нээхэд зүүн талын урд суудлын шалавчны дээд хэсэгт зиплок түгжээ бүхий ууттай цагаан өнгийн мөс мэт зүйл байсныг жинлэхэд уутны хамт 0,54 гр болж байв.Ууттай мөс мэт зүйлийг “Trunarc” багаж ашиглан шалгахад Метамфетамины агууламжтай гэж заасныг тэмдэглэлд тусгав ...” /хх 5-6 х/

 

            4.Шинжээчийн 10112 дугаар дүгнэлт:

1.Л....ын  “09.27” гэсэн хаягтай шээснээс метамфетамин илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно. гэх дүгнэлт /хх 28 х/,

 

            5.Шинжээчийн 10114 дугаар дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай цагаан өнгийн мөс мэт зүйлд метамфетамин илэрсэн. Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно. /хх 24-25 х/,

 

6.Гэрч Э....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... ... нь зан байдлын хувьд төлөв даруу зантай, хүнд тусархаг, өрөвч зөөлөн сэтгэлтэй, уурлаж уцаарлаад байдаггүй тайван хүн байгаа юмаа. ...ын эцэг ... нь түүнийг бага байхад нас барсан гэж ярьдаг ямар хүн байсан талаар нь мэдэхгүй байна. Ээж Эрдэнэчимэг нь одоо Улаанбаатар хотод СХД-ийн 23 дугаар хороонд амьдардаг нас өндөр гарсан учраас хааяа ... нь ээжийндээ очиж хонодог. ...” гэсэн мэдүүлэг /хх 21-22 х/,

 

7.Шүүх сэтгэц эмгэг судлалын 829 тоот дүгнэлт

1.Л.... нь урьд өмнө сэтгэцийн ямар нэг эмгэгээр өвчилж байсан гэх баримт мэдээлэл байхгүй байна.

2.Л.... нь одоо сэтгэцийн ямар нэг эмгэггүй байна.

3.Л.... нь одоо сэтгэцийн ямар нэг эмгэггүй байна.

4.Л.... нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5.Л.... нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2018.09.26-наас 27-нд шилжих шөнө сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

6.Л.... нь одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

7.Л.... нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна.

8.Л.... нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлага үгүй байна.

9.Л.... мансуурах донтой эсхүл мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна. гэх дүгнэлт /хх 34-35 х/

                     

8.Л....ын төрсний бүртгэлийн лавлагаа /хх 56, 87 х/

9.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 57, 60, 86 х/

10.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 79 х/

11.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 85 х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

             

Шүүгдэгч Л.... нь 2018 оны 9 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Метамфетамины агууламжтай 0.54 грамм жинтэй “Мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ хадгалсан болох нь:

 

          - Шүүгдэгч Л....ын “… өөрт хадгалж байсан мөснөөсөө авсан өдрөөсөө хойш хэрэглээгүй байж байгаад 2016 оны 9 сарын 25 болон 26-ны өдрүүдэд гадуур явж байгаад орцонд орж тарианы шилэнд хийж хэрэглэсэн. Нэг хэрэглэчихээд л тарианы шилийг нь хаячихдаг болохоор биед хэрэглүүр гэх зүйл байхгүй. Ингээд үлдсэн мөсөө цамцныхаа халаасанд хийж явж байгаад таксинд сууж байх үедээ гартаа барьж байсан ч цагдаа нар барихаар ирэх үед нь сандарсандаа болоод дотор нь сууж явсан машиныхаа шалавч руу шидчихсэн юмаа. ...” гэх мэдүүлэг /хх 41 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,      

         - Гэрч И....ын “...машинд үзлэг хийх үед тухайн залуугийн сууж явсан суудлын урд шалавчны урд хэсгээс гялгар ууттай цагаан зүйл хураагдсан. Тухайн зүйлийг юу болох талаар нь мэдэхгүй байна. Миний машинд тийм зүйл огт байгаагүй. Үзлэг хийх үед тухайн залуу өөрөө түүнийгээ хар тамхи гэж зааж өгч хураалгасан ...” гэх мэдүүлэг /хх 19-20 х/

         - Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл “... цагдаагийн байгууллагад баригдан ирсэн Л.... нь “би өөрийн биедээ авч явсан мөс гэх зиплок түгжээтэй мансууруулах бодис миний сууж явсан машины арын суудал дээр байгаа” гэж сайн дураараа зааж өгсний дагуу машины зүүн хойд хаалгыг нээхэд зүүн талын урд суудлын шалавчны дээд хэсэгт зиплок түгжээ бүхий ууттай цагаан өнгийн мөс мэт зүйл байсныг жинлэхэд уутны хамт 0,54 гр болж байв.Ууттай мөс мэт зүйлийг “Trunarc” багаж ашиглан шалгахад Метамфетамины агууламжтай гэж заасныг тэмдэглэлд тусгав ...” /хх 5-6 х/,

- Шинжээчийн 10112 дугаар дүгнэлт:

1.Л....ын  “09.27” гэсэн хаягтай шээснээс метамфетамин илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно. гэх дүгнэлт /хх 28 х/,

- Шинжээчийн 10114 дугаар дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай цагаан өнгийн “Мөс” гэх зүйлд метамфетамин илэрсэн. Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно. /хх 24-25 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

         

Монгол улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөт бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон байдаг.

Сэтгэцэд  нөлөөт бодис гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 1, 2, 3, 4 дүгээр жагсаалтад орсон байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг зааж өгсөн.

 Метамфетамин /methamphetamine/ буюу “Мөс” нь дээрх конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан.

 Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой зарим үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн бүлэгт хуульчилсан.

 

Сэтгэцэд нөлөөт бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан”-д хамруулна.

                                                         

Л....ын хувьд Метамфетамины агууламжтай “Мөс” гэх бодисыг худалдах, арилжих, солилцох зорилгоор ямар нэгэн үүргийн гүйцэтгэлд тооцуулахаар бусдад шилжүүлсэн, хариу төлбөр авсан гэх үйлдлүүд тогтоогдоогүй.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

            Санаатай  гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг

  

            Энэ гэмт хэргийг нотлон тогтоож буй үйл баримтуудаар шүүгдэгч Л.... хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг олж аван биедээ авч явсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан нийгэмд хор аюул ихтэй болохыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.   

 

           Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Л....ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон Метамфетамин буюу “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруу, хэргийн зүйлчлэлээр маргаагүй, харин шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг хөнгөн ангилалд хамаарч байгаа, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдлын хувьд бага насны 2 хүүхэдтэй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оноохгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү? гэх асуудлын талаар:

 

Шүүгдэгч Л....ын үйлдсэн гэмт хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагуудыг бүрэн хангаагүй. Тухайлбал: Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах гэмт хэрэг нь нийгмийн хор аюулын хувьд их, уг гэмт хэрэг нь материаллаг хор, хохирол шаардахгүй тул шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ялыг тэнсэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн.

 

Шүүгдэгч Л....ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд уг гэмт хэргийг урьдчилан төлөвлөж, худалдан борлуулдаг эх сурвалжтай нь харилцаа холбоо тогтоосны үндсэн дээр өөртөө олж авсан тул шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй, Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалах гэмт хэрэг нь нийгмийн хор аюулаар их зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч анх удаа хорих ял шийтгүүлж байгаа тул уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2.“Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.

3.Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ. гэж заасны дагуу шүүгдэгч Л....ын гэмт хэрэг үйлдэж олсон Метамфетамины агууламжтай “Мөс” гэх бодисын үнэ 800,000 төгрөгийг түүний хувьд оногдох хөрөнгөнөөс хурааж улсын орлогод оруулах нь зүйтэй.

Сэтгэцэд нөлөөт бодис болох Метамфетамины агууламжтай “Мөс” гэх бодис нь иргэний гүйлгээнд хориглосон бараа бөгөөд үнэлгээг нь албан ёсоор тогтоох боломжгүй тул шүүгдэгчийн 800,000 төгрөгөөр худалдаж авсан гэх мэдүүлгийг үндэслэсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон ШШҮХ-ийн шинжээчийн 10114 дугаартай дүгнэлтээр метамфетамины агууламжтай, уутны хамт 0,49 грамм жинтэй “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, “чанартай асаагуур” гэсэн улаан өнгийн тамхины асаагуур зэрэг нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Л....ын хойшлуулшгүйгээр 24 цаг баривчлагдсан хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Боржигон овогт ...ын ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хориглосон сэтгэцэд нөлөөт бодис Метамфетаменийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм бутуутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Эрдэнбатыг 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Эрдэнбатад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдээд заасныг баримтлан Л....ын хувьд ноогдох хөрөнгөнөөс 800,000 төгрөг хурааж улсын орлогод оруулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Л....ын урьдчилан цагдан хоригдсон 01 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон ШШҮХ-ийн шинжээчийн 10114 дугаартай дүгнэлтээр метамфетамины агууламжтай гэх уутны хамт 0,49 грамм жинтэй мөс гэх нэршилтэй цагаан сэтгэцэд нөлөөт бодис, “чанартай асаагуур” гэсэн улаан өнгийн тамхины асаагуур зэргийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 7.Л....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л....ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ