Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 992

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч Д.Цолмон,

Шүүгдэгч Л. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт ...ийн д холбогдох 1808042801136  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

 Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1967 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, группт байдаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Баянбулагийн ...тоотод оршин суух, урьд

1987 онд ЭХ-ийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял,

1998 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял тус тус шийтгүүлж байсан, Бэсүд овогт ...ийн  /.../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

Л. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Баянбулаг гудамжны ...тоот хашаанд хохирогч Ш....ыг өрөө нэхлээ гэх шалтгаанаар түүний зүүн гарыг модоор цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

1. Хохирогч Ш....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 20 цагийн орчимд гэртээ ганцаараа 0,33 хэмжээтэй хараа гэдэг нэртэй архи уугаад гэрээс гараад 20 цагийн орчимд гийн гэрт нь очоод өрөө нэхтэл урдаас пизда минь гээд заамдаад авахаар нь гадаа гартал энэ мууг алаад хаячихъя гээд араас гарч ирээд мод бариад цохих шиг болсон тэгснээ гэрлүүгээ гүйгээд орчихсон. Тэгэхээр нь би хуруугаа хартал цус гарч байсан. Тэгээд шууд гэмтлийн эмнэлэг орсон. ... уг гэмтлийг  модоор цохиж учруулсан. ...” гэх мэдүүлэг /хх 13-14 х/,

 

            2. Шүүгдэгч Л.гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 20 цагийн орчимд гэртээ байж байтал гаднаас ... орж ирээд надаас хонь нэхсэн тэгэхээр нь боломжтой үедээ олж өгнөө гэтэл над руу дайраад агсам тавиад байсан юм. Хамт гэрээс гараад модоор гарлуу нь цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 36 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

3. Гэрч З....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “... 2018 оны 09 сарын 13-ны өдрийн 19 цаг 30 минутын үед манай төрсөн эцэг ... над руу залгаад аав нь унтлаа гэртээ байна гэж залгасан. Үүнээс хойш 20 цаг 29 минутад над руу залгаад хүн аавын чинь хурууг тасдаад хаячихлаа хурдан ир гээд утсаа тасалсан. Тэгээд би ойролцоогоор 21 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын ... тоотод байх гэртээ очиход гэрт аав ганцаараа цустайгаа холилдчихсон байдалтай, зүүн гарын ядам хурууны мах нь тасарчихсан байдалтай байсан. ... манай аав нилээн халамцуу согтуу байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг /хх 18 х/,

 

4. Гэрч Л....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “... би болиулах гэтэл  гэрийн хажууд босгоод тавьсан байсан мод аваад ...ыг цохих шиг болсон. ...” гэх мэдүүлэг /хх 24 х/,

 

5. Гэрч А....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “... модоор хүний гарын хуруу руу цохиход тасрах боломжтой. Учир нь пүрүүс мод 4 талдаа ирмэгтэй тул тасрах боломжтой. ...” гэх мэдүүлэг /хх 15-16 х/,

 

6. Шинжээчийн 11250 тоот дүгнэлт

1.Ш....-н биед зүүн сарвууны ядам хурууны 1-р шивнүүрийн тайрагдалт, үгүй бололт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.4. Дээрх гзмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

6.Амь насанд аюултай гэмтэлд хамаарагдахгүй.

7.Зүүн сарвууны ядам хурууны 1-р шивнүүрийн үгүй болох нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5% нөлөөлнө. ...” гэх дүгнэлт /хх 26 х/,

 

           7. Шинжээч эмч Ц.Бадралын “... дээрх гэмтэл нь эдгэрэлт бороололт нь 4 долоо хоногоос дээш болдог. Мөн яс хугарсан гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэх мэдүүлэг/хх 29-30 х/,

 

  1. Л.гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 42 х/
  2. Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 43 х/
  3.  Оршин суугаа газрын тодорхойлолт /хх 44 х/
  4.  Тэтгэвэрийн дэвтрийн хуулбар /хх 46 х/
  5.  Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 58 х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

 

Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтанд тооцсон.

Улсын яллагчаас шүүгдэгч Л.г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял оногдуулах санал гаргасан.

Шүүгдэгч гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Л. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Баянбулаг гудамжны ...тоот хашаанд Ш....тай  “өрийн” асуудлаас болж маргалдан гэрээс гарч хашаанд байсан пүрүүс модоор түүний зүүн гарын хурууг цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

 

- Хохирогч Ш....ын “... энэ мууг алаад хаячихъя гээд араас гарч ирээд мод бариад аваад цохих шиг болсон тэгснээ гэрлүүгээ гүйгээд орчихсон. Тэгэхээр нь би хуруугаа хартал цус гарч байсан. Тэгээд шууд гэмтлийн эмнэлэг орсон ... дээрх гэмтлийг  пүрүүс модоор цохиж учруулсан. ...” гэх мэдүүлэг /хх 13-14 х/,

            - Шүүгдэгч Л.гийн “...надаас хонь нэхсэн тэгэхээр нь боломжтой үедээ олж өгнөө гэтэл над руу дайраад агсам тавиад байсан юм. Хамт гэрээс гараад пүрүүс модоор гарлуу нь цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 36 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

- Гэрч З....гийн “... Баянголын ... тоотод байх гэртээ очиход гэрт аав ганцаараа цустайгаа холилдчихсон байдалтай, зүүн гарын ядам хурууны мах нь тасарчихсан байдалтай байсан ...” гэх мэдүүлэг /хх 18 х/,

- Гэрч Л....ийн “...тэгэхээр нь би болиулах гэтэл  гэрийн хажууд босгоод тавьсан байсан пүрүүс мод аваад ...ыг цохих шиг болсон. ...” гэх мэдүүлэг /хх 24 х/,

- Гэрч А....ын “... Пүрүүс модоор хүний гарын хуруу руу цохиход тасрах боломжтой. Учир нь пүрүзс мод 4 талдаа ирмэгтэй тул тасрах боломжтой. ...” гэх мэдүүлэг /хх 15-16 х/,

- Шинжээчийн 11250 тоот дүгнэлт

1.Ш....-н биед зүүн сарвууны ядам хурууны 1-р шивнүүрийн тайрагдалт, үгүй бололт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.4. Дээрх гзмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

6.Амь насанд аюултай гэмтэлд хамаарагдахгүй.

7.Зүүн сарвууны ядам хурууны 1-р шивнүүрийн үгүй болох нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5% нөлөөлнө. ...” гэх дүгнэлт /хх 26 х/,

           - Шинжээч эмч Ц.Бадралын “... дээрх гэмтэл нь эдгэрэлт бороололт нь 4 долоо хоногоос дээш болдог. Мөн яс хугарсан гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэх мэдүүлэг /хх 29-30 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Ш....ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шүүгдэгч Л. түүний зүүн гарыг модоор цохиж учруулсан гэх хэргийн  үйл баримтуудаар тогтоогтдсон тул шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой, уг гэмтлийг бусдын эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна /хх 26 х/ гэж дүгнэсэн зэрэг уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг.  

 

Шүүгдэгч Л. хүний гар луу пүрүүс модоор цохисон өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.   

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Л.гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хэргийн зүйлчлэл тохирсон тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

            Хохирогч Ш.... эрүүл мэндэд учирсан гэмтлийн улмаас гарсан зардлыг нэхэмжлээгүй, цаашид нэхэмжлэхгүй болох нь түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 59 х/-ээр тогтоогдсон тул Л.г энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

 

            Л.гийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд урьд 2 удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан, өвчний улмаас группт байдаг, шүүгдэгч гэм буруугаа ойлгож гэмшсэн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийг согтуугаар үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг 08 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.

 

            Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

            Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг пүрүүс модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах коммист даалгахаар шийдвэрлэв.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Бэсүд овогт ...ийн г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.г 500 нэгжтэй тэнцэх 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 08 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Л.д үүрэг болгосугай.

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Л.д мэдэгдсүгэй.

  5.Л.гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  6.Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг пүрүүс модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах коммист даалгасугай.

 

  7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ