Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2017/00642

 

С.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэнийхэргийнтухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2017/00071 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 654 дүгээр магадлалтай,

С.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй,

Д.Цэнгэгмаад холбогдох,

880.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Д.Цэнгэгмаагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, Ц.Алимаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбаатар, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч С.Оюунцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Оюунцэцэг миний бие 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Д.Цэнгэгмаатай “Зээлийн гэрээ” амаар байгуулан би тэтгэврийн зээл авч, нийт 2.600.000 төгрөгийг зээлүүлж, бэлнээр өгсөн. Ингэхдээ надад мөнгөний хэрэг гарсан учраас буцаад 240.000 төгрөгийг буцааж авсан бөгөөд ингээд нийт 2.360.000 төгрөгийг зээлүүлсэн юм. Тухайн үед миний бие түр амьдрах байр хайж байсан бөгөөд Д.Цэнгэгмаа бид 2 хамт нэг газар ажиллаж байсан, дотны найзууд байсан учраас намайг гэртээ түр байлгахыг зөвшөөрсөн. Ингээд надтай хамт амьдарч байхдаа надаас мөнгө зээлэхээр гуйсан бөгөөд намайг гэртээ байлгаж, тус хүргэж байгаа учраас би тэтгэврийн зээлээ авч мөнгө зээлүүлсэн юм. Бид зээлийн гэрээ амаар байгуулахдаа ямар нэг хугацаа тохироогүй, удахгүй өгнө гэсний үндсэн дээр мөнгөө зээлүүлсэн. Гэтэл удахгүй сарын дараагаас эхлээд мөнгөө асуухад өгөхгүй байсаар надад 2016 оны 6 дугаар сарын 1-нд 1.000.000 төгрөг өгөөд өөр ямар нэг тооцоо байхгүй гэж хэлсэн. Тухайн зээлсэн мөнгөнөөс Д.Цэнгэгмаа нь миний хууль зүйн асуудалд туслуулахаар өөрийн танил өмгөөлөгчГанхуягт нийт 700.000 төгрөг өгсөн бөгөөд үүнээс тэр үед Д.Цэнгэгмаагийн гэрт хамтран амьдарч байсан Батдулам гэх эмэгтэй 300.000 төгрөгийг авсан. Үлдсэн 300.000 төгрөгийг Д.Цэнгэгмаа өмгөөлөгч Ганхуягаас буцааж авсан бөгөөд үлдсэн 100.000 төгрөгийг би хууль зүйн зөвлөгөөний өгсний хөлс гэж тооцоолон тус өмгөөлөгчид үлдээсэн. Харин үлдсэн 600.000 төгрөгийг Батдулам болон Д.Цэнгэгмаа нараас буцаан авах ёстой байгаа. Үлдсэн бусад мөнгөний хувьд миний хувийн асуудалд зарцуулахаар нийт 80.000 төгрөгийг Д.Цэнгэгмаагаас эргүүлэн авсан. Түүнээс бусад үлдсэн мөнгөний хувьд Д.Цэнгэгмаа мөнгийг өөрөө дур мэдэн хэрэглэсэн. Би 2016 оны 6 дугаар сараас эхлээд түүнээс мөнгөө эргүүлэн өгөхийг гуйсан боловч тэр надтай өөр ямар нэгэн тооцоо байхгүй, мөнгө өгөхгүй гэсээр өнөөг хүртэл үлдсэн мөнгөө өгөлгүй өдийг хүрч байна. Тиймээс нийт үлдсэн 1.360.000 төгрөгөөс өмгөөлөгчид өгсөн мөнгө 100.000 төгрөг, миний эргүүлэн авсан мөнгийг 80.000 төгрөг болон Батдуламаас авах мөнгө 300.000 төгрөгий хасаад үлдсэн 880.000 төгрөгийг иргэн Д.Цэнгэгмаагаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Цэнгэгмаа шүүхэд гаргасан тайлбартаа: 2016 оны 3 дугаар сарын эхээр миний хөл хугарч, хөдөлж чадахгүй гипстэй байж байхад С.Оюунцэцэг хүүхэд болон бэртэйгээ байрны асуудлаас болж маргасан гэж уйлсаар орж ирсэн. Түүнийг өрөвдөөд гэртээ байхыг зөвшөөрсөн. Манай гэрт 3 сар амьдрахдаа өглөө гараад оройдоо орж ирдэг. Намайг гэртээ байлгасан гэж, мөнгө төгрөг зээлүүлэх талаар дурдсан нь огт худал зүйл юм. Өөрийн байрны асуудлаас болж, хуулийн байгууллагад хандаж, хууль зүйн туслалцаа авахад өмгөөлөгчийн хөлс шаардлагатай гэж  найз н.Батдуламтай хамт явж, тэтгэврийн зээл гэж 2.600.000 төгрөг авсан.Би С.Оюунцэцэг эгчээс 1.000.000 төгрөг зээлж  аваад 2016 оны 6 дугаар сарын 01-ны өдөр буцааж өгсөн. Мөн өмгөөлөгч н.Ганхуягт өмгөөллийн хөлс  700.000 төгрөг, н.Батдуламд 100.000 төгрөг өгсөн байдаг. С.Оюунцэцэг эгч надад уг мөнгийг хадгалж бай гээд 5.000, 10.000, 20.000 төгрөгийг цувуулан, хэрэгцээндээ зориулж авч байсан. Энэ талаар миний тэмдэглэлийн дэвтэрт маш тодорхой тэмдэглэсэн,  гарын үсэгтэй баримт байна. Энэхүү 2016 оны 06 сарын 01-ний өдрийн баримтад С.Оюунцэцэг эгч өмгөөлөгчид хөлс гэж 700.000 төгрөг, хэрэглэхээр 240.000 төгрөг, н.Батлуламд 100.000 төгрөг, баяр тэмдэглэж 80.000 төгрөг, нотариат, ундаа, ус авсан гэж нийт 70.000 төгрөг, н.Батдуламд мөн 30.000 төгрөг, 2016оны03 дугаар сарын 13-нд караокед орсон 60.000 төгрөг, урилга, найз нь нас барсан, Дорноговь аймаг явах замын зардал гэж нийт 115.000 төгрөг, өөрийн хэрэгцээндээ бусдад зээлдүүлсэн, хөлс нийлээд нийтдээ 1.395.000 төгрөгийг авсан. Үүнээс миний бие 1.000.000 төгрөг зээлсэн, мөн С.Хүрэлбаатарт тасалбарын үнэ 200.000 төгрөг өгсөн болно. Иймд С.Оюунцэцэгт ямар нэгэн өргүй, өгөх мөнгө, төгрөг байхгүй гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2017/00071 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 422.3.2-т зааснаар хариуцагч Д.Цэнгэгмаагаас 200.0000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Оюунцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 680.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Д.Цэнгэгмаагаас 6.650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Оюунцэцэгт олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25.670 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 654 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2017/00071 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 425 дугаар зүйлийн 425.1 дэх хэсэгт зааснаар Дэмбэрэлийн Наранцэцэгээс 880 000 /найман зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж Сэрээнэндоржийн Оюунцэцэгт олгосугай” гэж, 2 дахь заалтын “...6 650 төгрөгийг...” гэснийг “...25 670 төгрөгийг...” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25.670 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Цэнгэгмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд дор дурдсан үндэслэлээр гомдол гаргаж байна. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь уг магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан хамгийн чухал баримт болох нэхэмжлэгч С.Оюунцэцэгтэй тооцоо нийлсэн нотлох баримтыг дутуу үнэлж шийдвэрлэсэн. Давж заалдах шүүх хуулийг хэрэглэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1дэх заалтын дагуу "... хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн ...” гэж үзэж байна.

Тухайн үед миний бие нэхэмжлэгч С.Оюунцэцэгтэй ямар нэгэн байдлаар тэтгэврийн зээл гэх уг 2.600.000 төгрөгийг бүтнээр хүлээж аваагүй, албан ёсоор хадгалж байя гэж тохиролцоогүй, зөвхөн 1.000.000 төгрөгийг зээлж авсан. С.Оюунцэцэг эгч манай гэрт амьдрах хугацаандаа гэрийн шүүгээнд буюу толины доод талын хэсэгт мөнгөө хадгалж байсныг, дараа ямар нэгэн байдлаар өрт төлбөрт орохгүй, ийм үр дагавар гарч болзошгүй байдлаас урьдчилан сэргийлж, ямар ч тооцоогүй зарцуулж байсныг өөрийн тэмдэглэлийн дэвтэрт тэмдэглэсэн зүйлийг баримтжуулан С.Оюунцэцэг эгчтэй тооцоо нийлсэн 2 хувь баримт үйлдэж, өөрөөр нь гарын үсэг зуруулсан. Харин 10 ширхэг тоглолтын билетийн хувьд 200.000 төгрөгийг хараагүй буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэн С.Хүрэлбаатар өгсөн. Тухайн үед хэдийгээр С.Оюунцэцэг эгчид албан ёсоор 10 ширхэг билет зарж өгнө үү гэж баримт үйлдээгүй ч түүнээс гадна 25 ширхэг билетийг нь сэтгэл гаргаж зарж өгч байсан. Давж заалдах шатны шүүх хамгийн чухал баримт болох тооцоо нийлсэн баримтад дурдсан С.Оюунцэцэгийн зарлагыг буруу, дутуу тооцож 880.000 төгрөгийг надаас гаргуулсан үндэслэлгүй байна. Уг баримтаар бол 2.600.000 төгрөгнөөс:

-240.000 төгрөгийг С.Оюунаа эгч өөрөө авсан,

-Батдуламд 100.000 төгрөг зээлсэн,

-2 сарын 07-нд баяр тэмдэглэсэн 80.000 төгрөг зарцуулсан,

-Оюунаа эгч 60.000+10.000 төгрөг НД, наториатаар баталгаа хийлгүүлсэн,

-Батдуламд Оюунаа эгч 20.000+10.000 төгрөг өгсөн.

-3 сарын 13-нд караокед 60.000 төгрөг гаргасан.-

С.Оюунаа эгч /орой/ 10.000+урилга 20.000+хоол 20.000 төгрөг, Сайншанд явсан зардалд нь 60.000 төгрөгийг тус тус зарцуулж байсан. Үүнээс миний бие 1.000.000 төгрөгийг албан ёсоор гуйж зээлж авсан. Уг зээлийг 2016.06.01-д буцааж өгсөн. Өмгөөлөгчид 700.000 төгрөг өгсөн байдаг. Үүнийг Оюунаа эгч сайн мэднэ. Энэ мэтчлэн миний бие тэмдэглэл үйлдэж, дараа нь тооцоо нийлсэн баримт үйлдсэн. Ер нь бол тухайн үед миний бие 2.600.000 төгрөгийг С.Оюунэцэцэг эгчээс хүлээж аваагүй, тоолж хүлээлгэж өгөөгүй, манай гэрийн шүүгээ буюу бор толины хэсэгт хадгалж байсан. Иргэний хуулийн 425 дугаар зүйлийн 425.1 дэх хэсэгт заасанчлан хадгалалтын гэрээ байгуулаагүй, хадгалах үүрэг хүлээгээгүй, сэтгэл гаргаж гэртээ 3 сар байлгаж, зарцуулсан мөнгө, төгрөгийг баримтжуулсан нь буруутаж, 880.000 төгрөгийг төлөхөөр болж байгаад харамсаж байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн асуудлыг хууль зүйн талаас нягтлан үзэж, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                              ХЯНАВАЛ

Хариуцагчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч С.Оюунцэцэг нь хариуцагч  Д.Цэнгэгмаад холбогдуулан 880.000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч нь ХААН банкнаас зээл авч, 2.600.000 төгрөгийг хариуцагчид өгчээ. Д.Цэнгэгмаа уг мөнгөнөөс 1.000.000 төгрөгийг зээлж улмаар буцаан өгсөн нь тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна. 

Харин хариуцагч  үлдэх 1.600.000 төгрөгийг буцаан өгсөн эсэх нь маргааны зүйл болжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг зээл гэж тодорхойлж буй боловч үүнийгээ нотлох баримтаар нотолж чадаагүй байна. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...хадгалуулсан мөнгөө С.Оюунцэцэг буцаан авч, хэрэглэсэн...” гэжээ.

Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-т зааснаар хадгалалтын гэрээгээр хадгалагч нь хадгалуулагчаас шилжүүлэн өгсөн хөдлөх эд хөрөнгийг хадгалах үүрэг хүлээдэг.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд хадгалалтын гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв боловч хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй байна.

Хариуцагчид шилжүүлсэн мөнгөнөөс 240.000 төгрөг авснаа нэхэмжлэгч үгүйсгээгүй, түүнчлэн өмгөөлөгчид 400.000 төгрөг, баяр тэмдэглэхэд 80.000 төгрөг нийт 720.000 төгрөг зарцуулсныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрчээ.  

Хадгалагч нь хадгалж байгаа эд хөрөнгийг хадгалуулагчийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.3.2-т заасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч зөвшөөрөөгүй тохиолдолд  хариуцагч хадгалуулсан мөнгийг бусдад шилжүүлэх, зарцуулах эрхгүй бөгөөд 880.000 төгрөгийг С.Оюунцэцэгийн зөвшөөрлөөр зарцуулснаа хариуцагч нотолж чадаагүй байна.

Давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн 425 дугаар зүйлийн 425.1 дэх зохицуулалтад нийцсэн боловч магадлалд нэхэмжлэгчийн нэрийг буруу бичсэн алдаа гаргажээ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 654 дүгээр магадлалын тогтоох хэсгийн “...Наранцэцэгээс...” гэснийг “...Цэнгэгмаагаас...” гэж өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017оны 03 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 25.670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ