Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 114/2018/0032/З |
Дугаар | 221/МА2019/0025 |
Огноо | 2019-01-10 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, Орон сууц хувьчлах, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2019/0025
Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн
17 дугаар хороолол, 16 дугаар байрны 2 дугаар орцны
оршин суугчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ч-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Х.Н, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А нарыг оролцуулан хийж, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 32 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А-ийн гаргасан давж заалдах гомдлоор, Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн 17 дугаар хороолол, 16 дугаар байрны 2 дугаар орцны оршин суугчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ч-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчоо, Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 32 дугаар шийдвэрээр: Орон сууц хувьчлах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1, 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн 17 дугаар хороолол 16 дугаар байрны 2 дугаар орцны оршин суугчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ч-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан сумын 8 дугаар багийн 16 дугаар байрны 2 дугаар орцонд байрлах 02 тоот цахилгааны ерөнхий шитний /техникийн/ өрөөг хувьчилсан нь хууль бус байсан болохыг тогтоож, Дархан-Уул аймгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2....... дугаар бүртгэл, Д.О-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ....... дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгож, Дархан сумын 8 дугаар багийн 16 дугаар байрны 2 дугаар орцонд байрлах 02 тоот цахилгааны ерөнхий шитний өрөөг дундын өмчлөлд буцаан шилжүүлэхийг Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлах товчоонд даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А давж заалдах гомдолдоо: “Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 32 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
1. Дархан сумын 8 дугаар баг, Микрийн 16 дугаар байрны 2-45 тоотод оршин суугч Ч.Ч уг байрны 02 тоот цахилгааны шитний өрөөг иргэн С.С-ийн өмчлөлд шилжүүлсэн Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны 2004 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 32 дугаар тогтоолын “Дархан сумын 8 дугаар баг 16 дугаар байрны 2 дугаар орцонд байрлах орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах цахилгааны шитний/ техникийн/ өрөөг хувьчилсан холбогдох заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн нэхэмжлэлийг гаргасан болно.
2. Монгол Улсын Их хурлын 2003 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар тогтоолын 2-т “Төрөөс хувьчлагдсан нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь техникийн өрөөг магадлан шинжлэх хэсгийн дүгнэлтээр хүн амьдрах шаардлага хангасан, орон сууцны зориулалтаар ашиглах боломжтой гэж тогтоогдсон тохиолдолд уг техникийн өрөөг зохих эрхийн бичгийн үндсэн дээр сууцны зориулалтаар ашиглаж байгаа эзэмшигчдэд нь өмчлүүлэх эсэх асуудлыг судалж шийдвэрлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасугай” гэсэн шийдвэр гарсан байна.
Энэ тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Үйлчилгээний өрөөг шилжүүлэх тухай” 140 дүгээр тогтоолоор төрөөс хувьчлагдсан нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь хүн амьдрах шаардлага хангасан үйлчилгээний өрөөг орон сууцны зориулалтаар эзэмших эрхийн бичигтэй иргэдийн өмчлөлд зохих журмын дагуу шилжүүлэх арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороонд даалгасан болно.
Засгийн газрын 2004 оны 140 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Төрийн өмчийн хорооны 2004 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2/928 дугаар албан бичгээр “Төрөөс хувьчлагдсан нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь үйлчилгээний өрөөг хувьчлахыг зөвшөөрсний дагуу оршин сууж байгаа иргэдэд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг олго” гэж шийдвэрлэсний дагуу Дархан-Уул аймгийн 2004 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 32 дугаар тогтоолоор Монгол Улсын Орон сууц хувьчлах тухай хууль, Монгол Улсын Их хурлын 2003 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар тогтоол, Засгийн газрын 2004 оны 140 дүгээр тогтоолыг үндэслэн Дархан сумын 8 дугаар баг, Микрийн 16 дугаар байрны 2 дугаар орцны 02 тоот өрөөг 2005 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 33500 дугаарын орон сууц эзэмших эрхийн гэрчилгээгээр С.С-ийн эзэмшиж байсан өрөөг Дархан сумын Засаг даргын шийдвэрээр хувьчлан 0107209 дугаарын орон сууц өмчлөх гэрчилгээг олгон улсын бүртгэлийн Ү-......... дугаарт бүртгэгдсэн байна.
З. С.С-с 2010 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн орон сууцны бэлэглэлийн гэрээгээр О.С-д, 2011 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн орон сууцны бэлэглэлийн гэрээгээр Б.Ж-д, 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр С.Б-д, 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр Д.О-т худалдагдан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ............ дугаар гэрчилгээ олгогдсон байна.
С.С-ийн өмчлөлд байсан Дархан сумын 8 дугаар баг, Микрийн 16 дугаар байрны 2 дугаар орцны 02 тоот өрөөг 2010 оноос хойш 4 удаа бэлэглэх, худалдах зэргээр бусдын өмчлөлд шилсэн байх тул Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана” гэж заасны дагуу 02 тоот өрөөг хувьчилж авсан Д.О-ийн эрх ашиг хөндөгдөж байгаа тул 02 тоот шитний өрөөг дундын өмчлөлд буцаан шилжүүлэхийг Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчоонд даалгасан Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 32 дугаар шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байна.
Мөн Дархан сумын 8 дугаар баг, Микрийн 16 дугаар байрны оршин суугчид нь 02 тоот шитний өрөөг хувьчлагдан иргэд амьдарч байгааг мэдсээр байж тухайн үед шүүхэд гомдол гаргаагүй 2018 оны 08 дугаар сард захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй”, 94 дүгээр зүйлийн 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гаргана гэж заасны дагуу гомдлоо гаргаагүй тул гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
Дээрх нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх харгалзан үзээгүй байх тул Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 32 дугаар шийдвэрийг хүчингүй болгон Ч.Чийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад шүүх шаардлагатай нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийсэн байх боловч хуулийн зүйл, заалтыг оновчтой зөв баримтлаагүй, тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу зөв гаргуулаагүй байх тул шүүхийн шийдвэрт зохих зохих өөрчлөлтийг оруулав.
Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны 2004 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 32 дугаар тогтоолыг үндэслэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн 17 дугаар хороолол, 16 дугаар байрны 2 дугаар орцны 02 тоот, 12 м.кв 1 өрөө сууцыг анх иргэн С.С-д 2005 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр өмчлүүлж, 0......Да гэрчилгээ олгож, улсын бүртгэлийн Ү-....... дугаарт бүртгэсэн байна. Улмаар уг орон сууцны өмчлөх эрх 2010 онд О.С-д, 2011 онд Б.Ж-д, 2012 онд С.Б-д, 2013 онд Д.О-т тус тус шилжсэн, сүүлийн өмчлөгч Д.О-с Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Өмчлөлийн байрнаас цахилгааны ерөнхий шитийг чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийг гаргасан, шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 968 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, улмаар шүүхийн албадан гүйцэтгэх захирамж гарч, гүйцэтгэх хуудас бичигдсэн, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “Д с ц т с” ХХК-д 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 03/1270 дугаар албан бичгээр шүүхийн шийдвэрийг биелүүлж хариу ирүүлэхийг мэдэгдсэн зэрэг үйл баримтууд тогтоогдсон байна.
Дархан сумын 8 дугаар багийн 17 дугаар хороолол, 16 дугаар байрны оршин суугч Л.Б, Х.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ч “...16 дугаар байрны 2 дугаар орцонд байрлах 02 тоот цахилгааны ерөнхий шитний /техникийн/ өрөөг хувьчилсан нь хууль бус болохыг тогтоож, Дархан-Уул аймгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-......... дүгээр бүртгэл, Д.О-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ......... дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгож, Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах цахилгааны ерөнхий шитний өрөөг дундын өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... тус шитний өрөө нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд зааснаар СӨХ-ны мэдэлд буюу оршин суугчдын дундын өмчлөлд байх ёстой, ... Дархан сумын Орон сууц хувьчлах асуудлыг хянан шийдвэрлэх комиссын 2005 оны 09 дүгээр хуралдаанаар С.С-д тус өрөөг хувьчлах талаар шийдвэрлээгүй, С.С нь байрыг хувьчлуулах тухай өргөдлийг 2005 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гаргасан байтал 2005 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн баримтуудыг хавсаргасан, ... орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээнд Орон сууц хувьчлах товчооны 2004 оны 32 дугаар тогтоолыг үндэслэн олгов гэсэн байх боловч тус 32 дугаар тогтоолд хавсралтад нэр нь ороогүй ... тул анх С.С-д оршин суугчдын дундын өмчлөлд байх өрөөг хувьчилсан нь үндэслэлгүй, ... ийнхүү хууль бусаар тус өрөөг хувьчилснаас цахилгаан түгээх сүлжээ компани манай байрны цахилгааныг таслах нөхцөл байдалд хүрсэн, ... 6000 ваттын цахилгаан хүчдэл бүхий цахилгааны ерөнхий шит байрлаж буй нийтийн зориулалтын өрөөг хувьчилсан нь хууль бус ... ” гэж тайлбарлан маргажээ.
Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “техникийн өрөө” гэж инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид зориулсан өрөөг”, 15 дугаар зүйлийн 15.3-д “Орон сууцны байшингийн техникийн өрөөний зориулалтыг өөрчлөхийг хориглоно”, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараахь эд хөрөнгө хамаарна”, 15.1.1-д “... сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, ... цахилгааны оролтын самбар, ... зэрэг эд хөрөнгө” гэж, Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4/-д ““орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө” гэж Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15.1-д заасан эд хөрөнгийг” ойлгохоор, 121 дүгээр зүйлийн 1/-д “эзэмшиж байгаа сууц /өрөө/-аа хувьчлан авах тухай өргөдлийг орон сууц хувьчлах товчоонд гаргах”, 14 дүгээр зүйлийн 1-д “Магадлан шинжлэх хэсэг тухайн орон сууц хүн амьдрах шаардлага хангасан эсэх талаар дүгнэлт гаргана”, 17 дугаар зүйлийн 1-д “Орон сууц хувьчлах товчоо сууц эзэмшигчийн өргөдлийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор тухайн сууцыг хувьчлах нөхцөл хангагдсан эсэхийг хянаж, сууц тус бүрээр хувьчлах тухай шийдвэр гаргана” гэж тус тус хуульчилжээ.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй 16 дугаар байрны 2 дугаар орцны 02 тоот /цахилгааны ерөнхий шитний/ өрөө нь тус байрны нийт оршин суугчдын цахилгааны шугам сүлжээний тоног төхөөрөмжид зориулагдсан “техникийн өрөө”-ний зориулалтын өрөө байтал хүн амьдрах шаардлага хангасан талаар орон сууц хувьчлах товчоо болон магадлан шинжлэх хэсгийн хамтарсан хурлаар хэлэлцэгдээгүй, дүгнэлт гараагүй буюу эрх бүхий этгээдээс хувьчлах тухай үндэслэл бүхий шийдвэр гараагүй байхад тус өрөөг орон сууц гэж үзэж хувьчилж, С.С-д өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь анхнаасаа хууль бус болсон байна.
Тодруулбал, хавтаст хэрэгт авагдсан Дархан сумын Орон сууц хувьчлах асуудлыг хянан шийдвэрлэх комиссын 2005 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 09 дүгээр хуралдааны тэмдэглэл[1]-д С.С-ын өргөдлийг хэлэлцсэн талаар, мөн түүний материал бүрэн талаар тэмдэглэгдсэн байх боловч шийдвэрлэсэн хэсэгт З.Л, Э.Т, Б.Д, Д.Э нарын орон сууцыг хувьчлах талаар тусгагдсан, харин С.С-д орон сууц хувьчлах талаар шийдвэрлээгүй, энэ талаар огт тусгагдаагүй байхаас гадна С.С- нь тухайн байрыг хувьчлах тухай өргөдлөө 2005 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гаргасан байтал тус өргөдөлд 2005 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “... Сууц өмчлөгчдийн “Ч-Ө” Холбооны тодорхойлолт[2], Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт[3] Голомт банкны орлогын мэдүүлэг[4] зэрэг баримтууд хавсаргагдсан, түүнчлэн орон сууц өмчлөх эрхийн 0107209 дугаартай гэрчилгээнд Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны 2004 оны 32 дугаар тогтоолыг үндэслэсэн талаар бичигдсэн байх боловч тус тогтоолын хавсралт[5]-д иргэн С.С-ын нэр бичигдээгүй болох нь тогтоогдсон байх тул Дархан сумын 16 дугаар байрны 2 дугаар орцны 02 тоот өрөөг хүн амьдрах боломжтой орон сууц гэж үзэж, иргэн С.С-д хувьчилж, гэрчилгээ олгосон хариуцагчийн шийдвэрийг үндэслэлгүй, хууль бус байсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдвэрийг буруу гэж үзэх үндэслэлгүй байна.
Орон сууц хувьчлах товчооны хуульд нийцээгүй шийдвэрийг үндэслэн 16 дугаар байрны 02 тоот өрөөг улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаа Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан “бүртгэл үнэн зөв байх” хуулийн зарчимд нийцээгүй, үндэслэл бүхий биш байх тул анхан шатны шүүх Ү-.......... дугаартай бүртгэл, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ........ дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна. Шүүхийн шийдвэрт Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс болон гуравдагч этгээд гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй байна.
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 968 дугаар шүүхийн шийдвэрээр “Д.О-ийн өмчлөлийн Дархан сумын 8 дугаар баг, 16 дугаар байрны 02 тоот орон сууцнаас цахилгааны ерөнхий шитийг чөлөөлөлсүгэй” гэж шийдвэрлэсэн байх боловч өрөөний одоогийн эзэмшигч гуравдагч этгээд Д.О хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “... 02 тоот орон сууцны хувьчлалыг хүчингүй болгож, өгнө үү. Миний бие нийтийн эрх ашгийг хамгаалж, энэ байрыг суллаж өгөөд буруутай газраас нь орон сууцны болон засварын мөнгөө гаргуулан авах хүсэлтэй байна” гэх тайлбарыг шүүхэд гаргасан байх бөгөөд тус өрөөнд 6000 ваттын цахилгааны шит байрладагтай хэргийн оролцогчид маргаагүй байна.
Нэхэмжлэгч нар “Д с ц т с” ХХК-ийн “цахилгаан таслах талаарх мэдэгдлийг аваад тус өрөөг хувьчилсан талаар мэдсэн” гэж тайлбарласан, мөн “02 тоот өрөөг хувьчлах ёсгүй техникийн өрөө” гэх агуулгаар маргасан байх тул шүүх тэднийг нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзсэн нь, түүнчлэн дээр дурдсан үндэслэлээр анх тус өрөөг хувьчлах талаар гаргасан хариуцагчийн шийдвэр хуульд нийцээгүй, үндэслэлгүй болсон нь тогтоогдож байх тул анхан шатны шүүх маргаан бүхий 02 тоот цахилгааны шитний өрөөг дундын өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагч Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчоонд даалгаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.
Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан “... нэхэмжлэгч нар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь, тухайн байрны оршин суугчид нь 02 тоот өрөөг хувьчилсан гэх Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны 2004 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 32 дугаар тогтоол, уг тогтоолыг үндэслэж олгосон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, бүртгэлийг тухайн үед мэдсэн гэж шууд дүгнэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн үе буюу анхан шатны шүүх “Д с ц т с” ХХК-аас шүүхийн шийдвэрийг биелүүлэхтэй холбоотой, 16 дугаар байрны оршин суугч нийт айл өрхийг эрчим хүчээр хангах боломжгүй болсныг мэдэгдсэн үеэс Захиргааны ерөнхий хуулийн 92, 94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах хугацааг тооцсоныг, мөн Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны дарга нь аймгийн Засаг дарга байх тул урьдчилан шийдвэрлэх журмаар хандах шаардлагатай гэж үзээгүйг буруутгах үндэслэлгүй байна.
Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх боловч шийдвэрийн “Үндэслэх” хэсэгт дурдсан зарим хуулийн зүйл, заалтыг “Тогтоох” хэсэгт баримтлаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасантай холбоотой хариуцагч нараас нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор заагаагүй байх тул шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 32 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Орон сууц хувьчлах тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 1/, 17 дугаар зүйлийн 1, 18 дугаар зүйлийн 1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн 17 дугаар хороолол 16 дугаар байрны 2 дугаар орцны оршин суугчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ч-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн 16 дугаар байрны 2 дугаар орцонд байрлах 02 тоот цахилгааны ерөнхий шитний /техникийн/ өрөөг хувьчилсан нь хууль бус байсан болохыг тогтоож, Дархан-Уул аймгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-........... дугаар бүртгэл, Д.О-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ............. дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгож, Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн 16 дугаар байрны 2 дугаар орцонд байрлах 02 тоот цахилгааны ерөнхий шитний өрөөг дундын өмчлөлд буцаан шилжүүлэхийг Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчоонд даалгасугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооноос 35100 төгрөг, хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 35100 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
[1] Хавтаст хэргийн 115 дугаар хуудас
[2] Хавтаст хэргийн 27 дугаар хуудас
[3] Хавтас хэргийн 27 дугаар хуудасны ар тал
[4] Хавтас хэргийн 27 дугаар хуудасны ар тал
[5] Хавтаст хэргийн 90-95 дугаар хуудас