Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 40

 

        Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

    Нэхэмжлэгч: Увс аймгийн Түргэн сумын 3-р багт оршин суух, иргэн Баруун засгууд овгийн Насанжаргалын Ганхөлөгийн нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Увс аймгийн Түргэн сумын Засаг даргад холбогдох,

     Увс аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн нэр дэвшүүлэх тухай тогтоолыг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дээрх актыг биелүүлж, Түргэн сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилохыг  сумын  Засаг даргад даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Ганхөлөг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, хариуцагч Увс аймгийн Түргэн сумын Засаг дарга Л.Буянжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Н.Ганхөлөг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Н.Ганхөлөг би 2016 оны 07 сарын 07-нд Увс аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс зохион байгуулсан Төрийн албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад оролцож онооны дэс дарааллаар 1-р байр эзэлсэн. Уг шалгаруулалтын дүнг баталгаажуулж Увс аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлийн тогтоол гарч, уг тогтоолд миний нэрийг Түргэн сумын Засаг даргын Тамгын газрын даргад нэр дэвшүүлэн томилох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн. Уг тогтоол нь 2016 оны 07 сарын 14-ний өдөр хүргэгдэж 20-ны өдөр томилох эрх бүхий албан тушаалтанд танилцуулагдсан байдаг. Энэ хугацаанаас хойш миний бие өөрийн биеэр сумын Засаг даргатай 2 удаа уулзаж өргөдөл өгсөн боловч чамайг томилох боломжгүй, учир нь тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй гэсэн хариуг өгсөн.Төрийн албаны салбар зөвлөлөөс гаргасан дээрх тогтоолыг одоо хүртэл надад гаргаж өгөхгүй байгаа бөгөөд уг тогтоол гарч Түргэн сумын Засаг даргад хүргэгдсэнийг Төрийн албаны салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Болор-Эрдэнэ, Ариунтуяа нар батлан хэлж байгаа болно.

      Сумын Засаг дарга Э.Бямбаа нь хувийн ашиг сонирхолтой төдийгүй, өөрөө Засаг даргын Тамгын газрын даргаар орохоор уг сонгон шалгаруулалтад орж онооны дарааллаар 2-р байр эзэлсэн. Иймд Түргэн сумын Засаг даргын томилохгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлж, Түргэн сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд томилохыг Түргэн сумын Засаг даргад даалгаж өгнө үү” гэжээ.

     Хариуцагч Увс аймгийн Түргэн сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Н.Ганхөлөгийн нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна.

      1.Н.Ганхөлөг нь төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд сонгон шалгаруулалтад оролцох тусгай шаардлага буюу төрийн албанд 3 жил ажилласан байх гэсэн шаардлагыг хангаагүй. Увс аймгийн Түргэн сумын Засаг даргаас 2016 оны 5 сарын 30-ны өдөр 1/71 дугаартай албан бичгээр Увс аймгийн Засаг даргын тамгын газар болон Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлд хандан Түргэн сумын Засаг даргын тамгын газрын даргын ажлын байранд УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолын дагуу Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд сонгон шалгаруулалтыг явуулахыг хүсэж ажлын байрны захиалга өгсөн. Тус албан бичгийн хавсралтаар ажлын байранд тавигдах шаардлагыг хүргүүлсэн. Ажлын байрны шаардлагын 10 дахь хэсэгт зааснаар шалгалтанд орох иргэн нь “Төрийн албанд 3-аас дээш жил ажилласан байх” гэсэн шаардлагыг хангасан байх ёстой. Гэтэл сонгон шалгаруулалтад орсон иргэн Н.Ганхөлөг нь төрийн албанд 2 жил 10 сар ажилласан байсан гэдгийг сонгон шалгаруулалт болсны дараа мэдсэн бөгөөд энэ талаар сонгон шалгаруулалтад орсон иргэд гомдол гаргасан.

     2.Салбар комисс болон Төрийн албаны салбар зөвлөл нь холбогдох журмын дагуу нэр дэвшүүлээгүй. Сонгон шалгаруулалт явуулсан салбар комисс болон Төрийн албаны салбар зөвлөл нь дараах хууль тогтоомж болон журмыг зөрчсөн.

        - Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ”,

       - УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын

          -22.6. Салбар комисс нь ...сонгон шалгаруулалт явуулсан тухай тайланг тэнцсэн иргэдийн нэрсийн жагсаалтын хамт Төрийн албаны зөвлөл буюу салбар зөвлөлд ирүүлэх,

          -33. Төрийн албаны зөвлөл, салбар зөвлөл нь удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтаас тухайн албан тушаалын шаардлагыг хамгийн сайн хангаж байгаа нэр дэвшигчээс эхлэн 3-5 иргэний нэрийг нэр дэвшүүлнэ.

        - Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 5 сарын 17-ны өдрийн 86 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам, заавар”-ын

          -5.7.5. Салбар комисс нь мэргэшлийн шалгалтыг хэрхэн зохион байгуулсан дүнг хуралдаанаараа хэлэлцэж, гарсан шийдвэр болон холбогдох бусад материалыг төв комисст хүргүүлэх үүрэгтэй.

          -8.1. Салбар комисс нь мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэдийг... өрсөлдсөн албан тушаалдаа хамгийн өндөр оноо авсан нэг иргэнийг тухайн ажлын байранд нэр дэвшүүлэх тухай шийдвэрийн төсөл, холбогдох бусад материалыг шалгалт дууссанаас хойш аймагт ажлын 5 хоногийн дотор Төв комисст ирүүлнэ.

          -8.3. Төв комисс мэргэшлийн шалгалтын дүнг хуралдаанаараа хэлэлцэж, ...өрсөлдсөн албан тушаалдаа хамгийн өндөр оноо авсан нэг иргэнийг тухайн ажлын байранд нэр дэвшүүлэх тухай саналыг Салбар комиссоос материал хүлээн авснаас хойш ажлын 7 хоногийн дотор Төрийн албаны зөвлөлд гаргана.

          -8.4. ...тухайн ажлын байранд нэр дэвшүүлэх тухай Төв комиссын саналыг Төрийн албаны зөвлөл хуралдаанаараа хэлэлцэж шийдвэрлэнэ.

     Өөрөөр хэлбэл, тус мэргэшлийн шалгалтын талаарх тайланг салбар комисс нь Төв комисст хүргүүлж, улмаар Төв комисс нь Төрийн албаны зөвлөлийн хуралдаанд оруулах ёстой байсан. Гэтэл энэ процесс явагдахгүйгээр 2016 оны 7 сарын 7-ны өдөр шалгалтыг явуулж, 2016 оны 7 сарын 8-ны өдрийн Салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн, холбогдох этгээдийг нэр дэвшүүлсэн нь процессийн алдаатай байна. Иймээс салбар зөвлөлийн 2016 оны 7 сарын 8-ны өдрийн 39 дугаартай тогтоол нь хууль тогтоомж зөрчсөн хууль бус захиргааны акт юм. Тус хууль бус захиргааны актыг биелүүлээгүй Түргэн сумын засаг даргын эс үйлдэхүй нь хууль тогтоомж зөрчсөн болохгүй.

         3.Ажилд томилох боломжгүй тухайгаа хууль тогтоомжийн дагуу мэдэгдсэн буюу Түргэн сумын Засаг дарга хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй. Иймд дээрхи нөхцөл байдлуудыг харгалзан миний бие Төрийн албаны салбар зөвлөлийн 39 дугаартай тогтоолыг 2016 оны 7 сарын 20-ны өдөр хүлээн авч танилцаад, УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 37 дугаар зүйлд “Томилох эрх бүхий этгээд Төрийн албаны зөвлөл буюу салбар зөвлөлийн санал болгосон нэр дэвшигчийг тухайн албан тушаалд томилохоос татгалзвал энэ тухайгаа зохих үндэслэлийн хамт нэр дэвшигчийн материалыг хүлээн авснаас хойш ажлын 7 өдрийн дотор Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлд албан бичгээр мэдэгдэнэ” гэснийг үндэслэн томилохоос татгалзсан тухайгаа 2016 оны 7 сарын 25-ны өдрийн 1/77 тоот албан бичгээр Төрийн албаны салбар зөвлөлд хариу хүргүүлсэн. Түүнчлэн Төрийн албаны салбар зөвлөлөөс 2016 оны 8 сарын 26-ны өдрийн албан бичгээр “ ...ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжил зөрүүтэй, төрд ажилласан жил хүрэхгүй байгаа зэрэг зөрчлүүд байсаар атал Н.Ганхөлөгийг шалгаруулжээ. ...Н.Ганхөлөгийг Түргэн сумын Засаг даргын Тамгын газрын даргад нэр дэвшүүлсэн тогтоолыг түдгэлзүүлснийг мэдэгдсэн билээ” гэсэн хариу ирснийг дурдах нь зүйтэй. Дээрхийг үндэслэвэл миний бие нэхэмжлэгч Н.Ганхөлөгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй бөгөөд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаагаа явуулсан болно. Тиймээс нэхэмжлэгч Н.Ганхөлөгийн нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Иймд нэхэмжлэгч Н.Ганхөлөгийн нэхэмжлэлийн шаардлагуудыг хангахгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

   Нэхэмжлэгч Н.Ганхөлөг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Түргэн сумын Засаг даргын Тамгын газрын даргын сонгон шалгаруулалт зарлагдахад би бүртгүүлж орсон. Онооны дэс дарааллаар нэгдүгээр байр эзэлсэн. Уг шалгаруулалтын дүнг баталгаажуулж Увс аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлийн тогтоол гарч, уг тогтоолд миний нэрийг Түргэн сумын Засаг даргын Тамгын газрын даргад нэр дэвшүүлэн, томилох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн. Уг тогтоолын хэрэгжилтийг хангуулах тал дээр би Түргэн сумын Засаг даргатай хоёр удаа биечлэн уулзаж, нэг удаа бичгээр хүсэлт гаргаж байсан боловч, чамайг томилох боломжгүй гэсэн хариу өгсөн. Намайг томилохгүй байгаа шалтгаан нь Э.Бямбаа нь өөрийгөө тус албан тушаалд томилуулах хувийн ашиг сонирхлоор хандаж байгаа нь Ариунтуяа шүүхэд өгсөн тайлбараар харагдаж байгаа. Иймд би нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Мөн тус сонгон шалгаруулалтай цуг Сагил, Давст сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн сонгон шалгаруулалт давхар явагдсан. Сагил сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр шалгалт өгсөн Чинзориг гэдэг хүн томилогдон ажиллаж байгаа. Нийт сонгон шалгаруулалтаар 8 хүн шалгалт өгснөөс нэг хүн бүх шаардлагыг хангаж байна гэсэн Ариунтуяагийн тайлбарт байгаа. Энэ нь Агиймаа гэдэг хүн бүх шаардлага хангаж байсан гэв. Хоёрдугаар байранд орсон Э.Бямбаа гэдэг хүн сонгон шалгаруулалтанд тавигдах шаардлагыг хангахгүй байна гэж хэлсэн” гэжээ.

        Хариуцагч Түргэн сумын Засаг дарга Л.Буянжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ажлын байранд тавигдах шаардлагад нийцээгүй учраас Н.Ганхөлөгийг томилох боломжгүй байсан. Манай өмнөх Засаг дарга адилхан бодолтой байсан, надад ямар нэгэн ашиг сонирхол байхгүй. Монгол Улсын Их Хурлын тогтоол болон төрийн албаны зөвлөлийн журамд заасан үндсэн зарчим, тавигдах шаардлага байдаг. Үүнийг тухайн үед нэхэмжлэгч Н.Ганхөлөг мэдсээр байж төрийн албаны шалгалтанд орсон нь өөрийнх нь буруутай үйлдэл гэж ойлгож байна” гэжээ.

       Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өнөөдрийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Ганхөлөгийн өмгөөлөгчөөр оролцож байна. 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр сонгон шалгаруулалт болсон. Уг сонгон шалгаруулалтыг Увс аймгийн Түргэн сумын Засаг даргын захиалгаар тухайн сонгон шалгаруулалтыг явуулсан. Энхүү сонгон шалгаруулалтанд Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоол баталсан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажлын сонгон шалгаруулалтын журмын дагуу явагдсан. Дээрх журмын 25 дугаар хэсэгт зааснаар шаардлага хангаж байгаа учраас Н.Ганхөлөгийг бүртгэсэн. Сонгон шалгаруулалт явуулах комисс нь мэдээлэлд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд тухай бүрт мэдэгдэж байдаг. Сонгон шалгаруулалт нь ажлын байрны захиалга өгсөн Түргэн сумын Засаг дарга нь сонгон шалгаруулалтанд тавигдах шаардлагыг өөрийнхөө нэрийг захиалгаар оруулсан байгаа нь хавтас хэргээс харагддаг. Аймгийн Засаг даргын дэргэдэх хүний нөөцөөр ажиллаж байсан Ариунтуяа тайлбартаа тодорхой хэлсэн байдаг. Тухайн сонгон шалгаруулалтын үед Н.Ганхөлөг 2 жил 10 сар ажилласан. Ажилласан жил нь хүрэхгүй байгаа шалтгаан нь Н.Ганхөлөгөөс шалтгаалаагүй. Бүтэц орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлсөн. Үүнийг сонгон шалгаруулалт явуулах комисс зөвшилцсөний үндсэн дээр Н.Ганхөлөгийг шалгалтанд оруулсан гэж тайлбарладаг. 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр явагдсан сонгон шалгаруулалт нь хууль журманд заасны дагуу явагдсан гэж үзэж үндэслэлтэй. Түргэн сумын Засаг дарга байсан Э.Бямбаагийн Н.Ганхөлөгийг ажилд авахгүй байгаа тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Н.Ганхөлөгийн буруутай үйлдэл гэж байхгүй. Хэрэв шаардлага хангаагүй байсан бол Төрийн албаны тухай хуулийн дагуу Н.Ганхөлөгийг бүртгэхгүй байсан. Дээрх хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-д бүртгэхгүй байх хориглосон заалт байдаг. Сонгон шалгаруулалтанд 8 хүн орсноос, Н.Ганхөлөг 75.76 оноо авч нэгдүгээр байр эзэлсэн. Гэтэл өөрсдийнх нь гаргаад байгаа хариу тайлбар нь хууль зүйн тайлбар гэж үзэж байна. Хэт нэг талыг барьж, Н.Ганхөлөгийг анхнаасаа ажилд оруулахгүй гэдэг нь хавтас хэрэгт харагдаж байна. Сонгон шалгаруулалтанд орсон шалгалтын материал нь аймгийн Засаг даргын хүний нөөцийн ажилтан ажлаас шилжүүлж өгөхдөө тухайн материалыг хүмүүст  тоогоор нь өгсөн, гэтэл Н.Ганхөлөгийн материал алга болсон байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

        Иргэн Н.Ганхөлөг нь тус шүүхэд хандан “Увс аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн нэр дэвшүүлэх тухай тогтоолыг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Түргэн сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилохыг сумын Засаг даргад даалгах”-ыг хүсэж нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

    Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

        Хариуцагч Увс аймгийн Түргэн сумын Засаг дарга Э.Бямбаа нь Түргэн сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажлын байрны захиалгыг, ажлын байрны тодорхойлолтын  хамт 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “Ажлын байрны захиалга өгөх тухай” 1/71 дугаар бүхий албан бичгээр аймгийн Засаг даргын тамгын газар, Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлжээ.

       Төрийн албаны салбар зөвлөл уг ажлын байрны захиалга, тодорхойлолтыг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 36 тоот албан бичгээр Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн ба тус зөвлөл нь Түргэн сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын зарыг Төрийн албаны зөвлөлийн цахим хаягт 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр тавьсан байна.

      2016 оны 07 дугаар сарын 07-ний өдөр Увс аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс томилогдсон комисс Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зохион байгуулж явуулжээ. 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Төрийн албаны салбар зөвлөлийн  38 дугаар тогтоолоор сонгон шалгаруулалтаар  Түргэн сумын Засаг даргын Тамгын газрын ажлын байранд өрсөлдөж тэнцсэн нэр бүхий 6 иргэнийг онооны дарааллаар жагсаан нөөцөд бүртгэж, хамгийн өндөр оноо авсан иргэн Н.Ганхөлөгийг Түргэн сумын Засаг даргын Тамгын газрын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн байгаа ба уг тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг томилох эрх бүхий албан тушаалтанд даалгасан байна. Ажлын байрны захиалга өгсөн томилох эрх бүхий албан тушаалтан Түргэн сумын Засаг дарга нь уг тогтоолыг хүлээн аваад Н.Ганхөлөг нь ажлын туршлага, мэргэшлийн ур чадвараараа ажлын байранд тавигдсан шаардлагыг хангаагүй гэж үзэн томилохоос татгалзсан хариу өгсөн байна. 

          Нэхэмжлэгч Н.Ганхөлөг Түргэн сумын Засаг даргын энэхүү татгалзал болон үйл ажиллагааг хууль бус гэж үзэн нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлдээ сонгон шалгаруулалтын дүнг баталгаажуулж гарсан Увс аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлийн 38 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийг Түргэн сумын Засаг даргад даалгаж өгөхийг хүссэн байна.

    Төрийн албан зөвлөл болон Увс аймаг дахь салбар зөвлөлөөс шүүхэд ирүүлсэн сонгон шалгаруулалтын материал болон зар мэдээллээс үзэхэд тус сонгон шалгаруулалттай холбоотой зар мэдээлэлд томилох эрх бүхий этгээдийн баталсан тухайн ажлын байрны  шаардлагууд тавигдсан ба эдгээр шаардлагууд дотор “Төрийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн байх”, “Төрийн албанд 3-аас дээш жил ажилласан байх”  зэрэг  ажлын байрны шаардлагууд багтсан байна.

      Нэхэмжлэгч Н.Ганхөлөг нь Хөдөө аж ахуйн их сургуулийг 2007-2011 онд суралцаж төгссөн байх бөгөөд Увс аймгийн Түргэн сум дахь Сум дундын Ойн ангийн даргын 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/8 дугаар тушаалаар Ойн асуудал хариуцсан инженерээр ажиллаж, Увс аймгийн Засаг даргын 2015 оны 01 сарын 23-ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/03 дугаар тушаалаар Түргэн сумын Сум дундын ойн ангийн даргаар томилогдож Увс аймгийн Засаг даргын 2016 оны 05 сарын 20-ны өдрийн Б/15 тоот захирамжаар чөлөөлөгджээ.

    Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан А.Ариунтуяа “ Н.Ганхөлөгийн хувьд ч гэсэн төрийн удирдлагаар мэргэшсэн байх шаардлагыг хангахгүй байсан. Н.Ганхөлөг төрийн албанд 2 жил 10 сар ажиллаад бүтэц орон тоогоор ажлаас чөлөөлөгдсөн нь өөрийнх нь буруутай үйл ажиллагаа биш гэж үзээд сонгон шалгаруулалтанд оруулсан” гэж мэдүүлжээ. Н.Ганхөлөг нь төрийн албанд 2 жил 10 сар ажилласан нь дээрх захирамж, тушаал, гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгч хариуцагчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд тэрээр сонгон шалгаруулалтанд орохоор бүртгүүлэхдээ Түргэн сумын Засаг даргын ажлын байранд тавигдсан  төрийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн байх, төрийн албанд 3-аас дээш жил ажилласан байх гэсэн  шаардлагуудыг хангаагүй байсан байна.

        Ажлын байрны шаардлагыг хангаагүй иргэнийг сонгон шалгаруулалтанд оруулсан нь УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан  Төрийн жинхэнэ удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 1.6-д “Төрийн албан тушаалд тавих ерөнхий болон тусгай шаардлага, ёс зүйн хэм хэмжээ, Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол шаардлага хангасан Монгол Улсын иргэн сонгон шалгаруулалтад орно” гэсэн заалтыг зөрчсөн байна. 

       Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дах хэсэгт зааснаар  “Энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй” гэжээ.  Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаал ньТөрийн албаны тухай хуулийн 7.1.11-д зааснаар захиргааны албан тушаалын ангилалд хамаардаг бөгөөд төрийн захиргааны жинхэнэ албан тушаал юм. Энэхүү зохицуулалтаас үзэхэд төрийн жинхэнэ албан тушаалд тавих ерөнхий болон тусгай шаардлага, болзолыг хангасан байж төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг эдлэхээр ойлгогдож байна. Сонгон шалгаруулалтын комисс нь “хууль дээдлэх” төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг хэрэгжүүлж ажиллаагүйгээс сонгон шалгаруулалтын бүртгэл буруу явагдаж, сонгон шалгаруулалтын үр дүнг баталгаажуулсан шийдвэр хууль бус болох үр дагаврыг бий болгожээ.

      Дээрх нөхцөп байдал, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдохгүй байх тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж үзлээ.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1.Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Ганхөлөгийн “Увс аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн нэр дэвшүүлэх тухай тогтоолыг биелүүлэхгүй байгаа Түргэн сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дээрх актыг биелүүлж, Түргэн сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилохыг Түргэн сумын Засаг даргад даалгаж өгөх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

       2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт  заасныг баримтлан хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор завж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ОЮУНГЭРЭЛ